| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0263/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0263/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар М.Мичидмаа
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1939.... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэнд гараараа цохиж эрүүд мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэнд гараараа цохиж эрүүд мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орой 00 цаг болж байх үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудлын 2 давхарт 203 тоот өрөөнд найз Ганзориг, Түвшинбат, Б.А, Даймаа нарын хамт тавуулаа орж үйлчлүүлсэн. Ингээд дөнгөж орж ирээд сууж байхад нэг ах танихгүй ах орж ирээд тамхи өгчих гэхээр нь тамхи өгсөн. Тухайн үед тэр ахыг харахад 40 гаруй насны ах харагдсан. Тэр дээгүүрээ цэнхэр өнгийн дээл сугалдрагалаад шар өнгийн бүстэй, доогуураа орос хромон гутал өмсчихсөн байсан. Ингээд би хамт явсан найз нарын хамтаар 2 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд би нарыг архи ууж байхад байн байн хаалга тогшоод орж ирээд байхаар нь сүүлдээ би нар хаалгаа дотроос нь түгжээд яах гээд байгаа юм бэ гээд оруулахгүй байсан юм. Ингэж байгаад бид нар үүр цайлгасан. Ингээд шөнийн 04 цаг 57 минутад манай өрөөнд цэнхэр дээлтэй ах орж ирээд манай найз Ганзоригтой маргаж, сүүлдээ намайг гары гээд байхаар нь коридорт гартал намайг гараараа нүүрэн тус газар зүүн нүд орчимд 1 удаа цохисон. Тэгэхэд нүд хавдсан намайг өмсөж явсан фудволкоор боож байснаа хажуу тийш нь намайг хавирч унагаагаад шалан дээр унахаар гараараа хоолойг маань боохоор нь би доороос нь намайг босгочих гадаа гары гээд тавиулсан. Тэгээд гарахаар болж шатаар буух үед миний толгойг сугандаа хавчуулаад шахаад дараад шатаар бууж байх үед Даймаа намайг салгах гэсэн тэр хүн намайг тавихгүй доороо хийгээд гурвуулаа 4, 5 гишгүүр дутуу байхад шатны уруу унасан. Тэгэхэд миний духны зүүн дээд хэсэг шатанд цохигдож хагарч цус гарсан. Тэр үед Ганзориг дээрээс бууж ирээд намайг тэр хүнээс салгаж авсан. Тэгээд би дээшээ хоёр давхарт гарч өрөөндөө орж унтсан. Намайг унтаж байхад удалгүй нөгөө залуу орж ирээд миний толгой руу өшиглөөд гараад явсан. Тэр үед өрөөнд Ганзориг, Б.А хоёр надтай унтаж байсан. Намайг зодсон ахыг Даймаа танидаг юм билээ. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Б.А гэдэг хүн юм байна лээ. Тэр хүн сүүлд явахдаа найз Түвшинбатдаа наад залуу чинь цагдаад хэлэхвий дээ найздаа хэлээрээ гээд явсан байсан. Б.А нь манай найз Даймаатай нэг нутаг юм билээ. Даймаа сайн таньж байсан. Би Б.А гэх хүнд зодуулсны дараа зүүн нүд маань хөхөрч хавдсан духны зүүн талд хагарч ус гарсан. Би тэр Б.А гэх хүнийг зодож цохисон асуудал байхгүй, ингээд буудлын цаг дуусах үеэр буудлаас гарч гэртээ харьж гэртээ хэвтээд маргааш нь цагдаад өргөдөл гаргасан. Ингээд цагдаа тус буудлын телекамерыг шалгахад телекамер нь ажиллахгүй байгаа гэж байсан. Телекамер нь ажиллаж байсан бол намайг зодсон асуудал тодорхой харагдах байсан. Би зодуулсандаа гомдолтой байна. Би зодуулснаас болж гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор 600-аад мянган төгрөгийг өөрөөсөө гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
Гэрч Ц.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны орой 23 цаг өнгөрч байхад найз С.Ц, Түвшинбат, Дамдиндорж /Даймаа/ Амараа нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудлын 2 давхарт 203 тоот өрөөнд үйлчилгээ авч орсон. Ингээд бид нарыг юм яриад сууж байтал гаднаас хоёр залуу орж ирээд тун удалгүй арай залуу нь яваад өгсөн. Харин хамт орж ирсэн цэнхэр өнгийн дээл шар бүстэй хромон гуталтай залуу нь явахгүй тамхи гуйж татаад хэрэгтэй хэрэггүй юм яриад өрөөнөөс гарч өгөхгүй, хэг ёог хийгээд байсан. Тэгэхээр нь би залуучуудаа муудаад хэрэггүй шүүдээ гээд маргах гээд байсан асуудлыг болиулж байсан. Тэгж байгаад гарахдаа Дамдиндоржийг дагуулж гарсан. Дамдиндорж тэр хоёр бие биенийгээ таниад байсан. Манай нутгийн ах гээд байсан. Ингээд нэг цаг гарны дараа Дамдиндорж орж ирсэн чинь нөгөө цэнхэр дээлтэй ах орж ирээд байсан. Ингээд бид нарыг унтах гэж байтал С.Ц орноосоо өндийгөөд байтал С.Ц-ийг өдөөгөөд байсан. Тэр хоёр буудлын өрөөнөөс гарсан мөн Дамдиндорж цуг гарсан. Тэгээд би араас нь хувцсаа өмсөөд гартал үүдний шатны баруун талд С.Ц-ийг цэнхэр дээлтэй залуу доороо хийгээд гараараа багалзуурдсан байдалтай байсан. Дамдиндорж салгах гэж байсан би очоод цэнхэр дээлтэй залууг С.Ц-ийн дээрээс татаж босгосон. Тэгтэл цэнхэр дээлтэй залуу С.Цийг бааварлаад толгойг нь сугандаа хавчуулаад гадагшаа гарна гээд хоёр давхраас шатаар бууж байхад нь Дамдиндорж араас нь татаад салгах гэж байгаад доороосоо 3, 4 шат дутуу байхад тэр 3 давхралдаад унасан. Тэгтэл цэнхэр дээлтэй залуу нь таварцаглаад арай шатан дээр уначихаагүй, цаашаа шалан дээр буусан. С.Ц ойчоод манараад хэсэгхэн зуур ухаан алдсан байж магадгүй. Дамдиндорж бас хэсэг хэвтэж байгаад боссон. Тэгээд С.Ц-ийг яав гээд эргүүлээд харсан чинь толгойноос нь цус гарчихсан ухаан алдсан юм шиг над руу харахгүй, бие нь сул байсан. Тэгтэл тэр цэнхэр дээлтэй залуу сэргээж байгаа нь гээд гараараа алгадахаар нь би “чи боль яаж байгаа юм” гээд болиулсан. Тэгтэл С.Ц ч ухаан орсон. Цагдаа дуудах уу гэсэн чинь цагдаа дуудаад яахав дээ дээшээ орье гээд С.Ц өрөөндөө орсон. Тэгээд бид нар өрөөндөө ороод унтаад өгсөн. Тухайн үед С.Ц шалан дээрээс унахдаа пилтан шал руу толгойгоороо мөргөж унасан. С.Ц-ийн зүүн нүд духны хэсгийн цэнхэр дээлтэй залуу гэмтээсэн. Шатнаас унаж байхыг нь буудлын ресепшин бололтой 40 гаруй насны махлах бор хүүхэн байсан. Дамдиндорж хэлэхдээ цэнхэр дээлтэй залууг Галшар сумын Б.А гэж байсан. Би урьд нь тэр хүнийг харж байгаагүй. С.Цийг хүртэл танихгүй мөртлөө хэрүүл үүсгэж, зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/
Гэрч Д.Гэлэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны 10 цагаас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг хүртэл “Маргад” зочид буудалдаа ээлжтэй гарч байсан. Тэр үед үүрээр хүмүүс хоёр давхрын шатаар бууж байсан. Тэгээд яг шатаар бууж дуудах үеэр нэг өндөр залуу бас нэг залуу хоёр давхраараа оочиж, нэг цэнхэр дээлтэй залуу нь хөл алдаад буусан. Тэгээд өндөр залуугийн духны хэсгээс цус гараад язарсан байсан. Тэр гурав хоорондоо янзтай зууралдаад муудсан хэрэлдээд явж байсан. Намайг харахад цохиж зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед манай зочид буудлын камер ажиллахгүй байсан. Одоо ч гэсэн телекамер ажиллахгүй байгаа юм. Духны хэсэгт язарсан шархтай байсан, айхтар ангайсан юм харагдаагүй, Газар унахад язарчихдаг тэрэн шиг харагдаж байсан. Манай захирал гайгүй найдвартай хүмүүст вип өрөөнд байдаг архинаас өгч болно гэсэн. Вип өрөөнд Улаанбаатар, Сархад гэдэг хоёр архи л байдаг. Би хоёр давхарт маргаж муудсан асуудлыг нь мэдээгүй. Тухайн үед би унтсан байсан. Тэр хүмүүс харахад тийм их согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг......./хх-ийн 16 тал/
Гэрч Д.Дамдинжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 27-28 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудалд найз Түвшинбат, Амгаланболор, С.Ц, Ганзориг нарын хамт өрөө авч архи уусан. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө үүрээр Түк манай найз С.Ц-тэй маргалдсан гэсэн.... Би Түктэй хоёулахнаа 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Ингээд архи гарснаас хойш Түвшинбаттай утсаар яриахад С.Цийг чамтай уулзаад байсан Түк гэдэг хүн зодоод нүүр амыг нь будаа болгосон байна лээ гэж хэлсэн. Би нутгийн хүнээс Түкийг асууж сураглахад Б.А байх гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг......./хх-ийн 17-18 тал/
Гэрчээр Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ингээд шатаар бид замдалцаад бууж байгаад нэг гишгүүр шат дутуу байхад тэр өндөр залуу унасан. Дамдинжав тухайн үед бид хоёрыг зууралдаад байхад салгах гээд араас барьж явж байгаад өндөр залууг унахад нь Дамдинжав цуг унасан. Тэгээд өндөр залуу духаараа шал мөргөөд хэсэг зуур ухаан алдсан. Тэгээд зүрхийг нь чагнаад, гарнаас нь сэгсэрсэн, тэгэхэд толгойноос нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг....../хх-ийн 19 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №415 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...С.Ц-н биед тархи доргилт, духанд язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 23 тал/
Б.Агийн ял шалгах хуудас /хх-ийн 43 тал/
Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч С.Ц нь “гомдол саналгүй, бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд эмчилгээний төлбөр 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 56, 66 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150.000, 150.000, 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА