| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0252/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0252/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Өсвөр насны шүүгдэгчийн
хууль ёсны төлөөлөгч Б.Гантөгс,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Өсвөр насны шүүгдэгч Г.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 1939... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Г.А нь 11 настай дүү Г.Б бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт худалдааны төвийн 2 давхрын гар утасны 18 дугаартай лангуунаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Самсунг Эс-8 плас маркийн гар утас 1 ширхгийг, Самсунг Вай-1 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг Ноте-5 маркийн гар утас 1 ширхгийг тус тус хулгайлж 1 020 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Г.А нь 11 настай дүү Г.Б-тэй бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт худалдааны төвийн 2 давхрын гар утасны 18 дугаартай лангуунаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Самсунг Эс-8 плас маркийн гар утас 1 ширхгийг, Самсунг Вай-1 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг Ноте-5 маркийн гар утас 1 ширхгийг тус тус хулгайлж 1 020 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-5 тал/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 37 тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 38 тал/
Хохирогч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төвийн 2 дугаар давхрын 18 дугаартай лангууг гар утас, дагалдах хэрэгсэл зарах зорилгоор түрээслүүлэн ажиллуулдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед ажил дээрээ ирсэн. Ингээд лангууруугаа хартал 3 ширхэг утас байхгүй болохоор нь урд өдөр дэлгүүр сууж худалдаа хийсэн найз Мягмарсүрэнгээс утастаад чи 3 ширхэг гар утас зарсан юм уу гэсэн? Гэж асуухад зараагүй гэж хэлсэн. Ингээд Эвт худалдааны төвийн камерын бичлэгийг үзээд манай дэлгүүрээс 2 хүүхэд утас хулгай хийсэн болохыг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Самсунг Эс-8 плас маркийн гар утсаа 550.000 төгрөгөөр, Самсунг Ноте-5 маркийн гар утсаа 260.000 төгрөг, Самсунг Вайд-1 маркийн гар утсаа 220.000 төгөргөөр тус тус үнэлнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Гэрчээр М.Э-ын өгсөн: “... Би өөрийн найз Мягмарсүрэнгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төвийн 2 дугаар давхрын 18 дугаартай лангууг гар утас, дагалдах хэрэгсэл зарах зорилгоор түрээслүүлэн ажиллуулдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 18 цаг 40 минутын үед лангуугаа хаагаад манай найз Мягмарсүрэн гэртээ харьсан байсан. Тэгээд өнөө өглөө 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Эвт худалдааны төвийн лангуун дээрээ ирээд хөшиг хаалтыг нь онгойлгон орсон. Намайг ороход лангуун дотор байсан 4 ширхэг утас байхгүй байхаар нь би бараа зарсан дэвтрээ гарган ирээд зарсан юм болов уу гээд үзтэл дэвтэр дээр бичигдээгүй байсан. Ингээд найз Мягмарсүрэн рүү утасдаад асуутал зарагдаагүй лангуун дотроо байх ёстой талаар хэлсэн. Тэгээд найзыгаа хүрээд ир гээд дуудсан найз Мягмарсүрэнг ирэхээр нь хамт Эвт худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл 10-н жилийн сургуулийн 2 хүүхэд манай лангуу руу очоод жижигхэн биетэй хүүхэд нь лангууны урдуур татсан хаалт, хөшигний доогуур ороод гарч байгаа бичлэг байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч Э.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн найз М.Эын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт худалдааны төвийн 2 дугаар давхрын 18 дугаартай лангууг гар утас, дагалдах хэрэгсэл зарах зорилгоор түрээслүүлэн ажиллуулдаг юм. Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед лангуугаа хаагаад гэртээ харьсан байсан. Харин өглөө нь манай найз М.Э лангуу очиж нээсэн. Харин би тэр өдөр үдээс өмнөдөө амрахаар болсон байсан. Тэгсэн манай найз М.Э 11 цагийн үед над руу утасдаад 3 утас зарчихсан юм уу? Гэж надаас асуухаар нь зараагүй байх ёстой гэж хэлсэн. Ингээд гэрээсээ гараад ажил дээрээ очиход 3 ширхэг утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Өсвөр насны яллагдагч Г.А-н гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед би өөрийн төрсөн дүү Г.Болор-Эрдэнийн хамт Эвт худалдааны төв рүү ороод 2 давхарт гарч гар утас зардаг лангууны дэргэд очоод би хүн харж үлдээд төрсөн дүү Гантөгсийн Болор-Эрдэнэ нь лангууны урдуур татсан хөшигний доогуур мөлхөж ороод 3 ширхэг гар утас авч гарч ирсэн.Ингээд гар утаснуудаа гэртээ аваачаад байж байтал өдөр цагдаа ирээд биднийг цагдаагийн газарт авчирсан. Самсунг Ноте-5, Самсунг Эс-8 плас, Самсунг Вай-1 маркийн 3 ширхэг гар утас хулгай хийсэн. Дүү бид хоёр дээрх дээрх 3 ширхэг гар утаснаас өөр гар утас хулгай хийж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 6 дугаар ангид сурдаг, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хичээлдээ явлаа гэж хэлээд гарсан. Ингээд 2 давхар руу гарч яваад онгойгоогүй лангууны хажууд ирсэн. Тэгсэн ах Г.А нь доогуур нь ороод лангуун дотроос нь 3 ширхэг гар утас аваад гарч ирсэн. Ингээд гар утсаа ах Г.А-д өгсөн. Ингээд хамтдаа гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал 1 цаг гаруйгийн дараа цагдаа ах ирээд бид хоёрыг утас хулгайлсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь гэрийнхээ хойд өрөөнд тавьчихсан байсан нөгөө 3 ширхэг утсаа цагдаад хүлээлгэн өгсөн. Самсунг Ноте-5, Самсунг Эс-8 плас, Самсунг Вай-1 маркийн гар утас нэг ширхгийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Г.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би дахиж муу зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 115 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.А-н “Эвт худалдааны төвийн 2 давхрын гар утасны 18 дугаартай лангуунаас Самсунг Эс-8 плас маркийн гар утас 1 ширхгийг, Самсунг Вай-1 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг Ноте-5 маркийн гар утас 1 ширхгийг тус тус хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.А-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн өсвөр насны шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруу, хэргийн оролцооны хувьд маргаагүй, хохирогч М.Э нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, /хх-ийн 8 тал/, түүний хүсэлт /хх-ийн 7 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.А нь 16 насанд хүрээгүй болох нь хэрэгт авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 39 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, тэдгээрийн гэм бурууг нь ухамсарлуулах, зан үйлээ засах зэргийг сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргүүдээс хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-д ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 8.1 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-д 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.А нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг эцэг Г.Г, эх З.О нарт үүрэг болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Ань бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА