Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0261/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Э.Мичидмаа

Улсын яллагч                                                 Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         С.Ц нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ц холбогдох 1939004....... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Ц нь  2019 оны 06 дугаар сарын 24-ний   өдөр  Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багийн “Барх дов” гэх газарт өөрийн гэртээ эхнэр Э.М-ыг  хүүхдүүд загналаа гэх шалтгаанаар гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж, түүнийг морины чөдрөөр ороолгох зэргээр  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Ц нь:...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Э.Мөнх-Од нь хойд эх нь учраас миний хүүхдүүдийг дээрэлхэж, доромжилдог байсан, зарим үед өмөөрөх шаардлага надад гардаг...гэжээ

 

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч М өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн дагавар хоёр охин болох Ариундолгион, Азжаргал нарын хамт үнээгээ  саасан юм, тэгээд байж байтал Азжаргал нь би гэр лүү орж цай чаналаа гээд  гэр лүү орсон, тэгээд би үнээгээ   сааж байгаад  гэр лүү орж цай ууя гэж бодоод гэр лүү  ортол Азжаргал нь  цайгаа чанаагүй, гэр дотор зүгээр сууж байсан, тэгэхээр нь би Азжаргалд  уурлаад чи цай чанана  гээд гэр лүү  ороо биз дээ, цайгаа чанахгүй яасан юм гэхэд Азжаргалын эгч Ариундолгион нь  хажуунаас орж ирээд надад хандан  цай чанахгүй ч байсан яадаг юм, чи манай гэрийн зарц биз дээ гэж хэлсэн,  тэгэхээр нь миний уур хүрээд Ариундолгионтой маргалдаж  муудалцсан юм, тэгээд Ариундолгион над руу  аягатай цай цацчихаад  гэрээсээ гараад яваад өгсөн, тэгээд  хэсэг хугацааны дараа буцаад гэрт орж  ирэхээр нь би Ариундолгионыг  загнатал манай нөхөр Цэвээнцэрэн  нь хэвтэж байснаа  босож ирээд  надад хандан  чи яагаад  хүүхдүүд ад үзээд  байна аа  гээд гэр дотор байсан морины  чөдөр  аваад  уг чөдрөөрөө  миний бүх  бие рүү маань  цохиж зодсон, би яг хичнээн удаа цохиулсанаа бол сайн санахгүй байна, ямар ч л байсан би нилээн олон удаа цохиулсан...бид хоёр гэр бүлийн баталгаагүй, гэхдээ бид хоёр хамт амьдраад 12 жил болж байна, бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй... би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл бол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Гэрч М.Ариундолгионы өгсөн...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр  үдийн өмнө  яг хэдэн цагийн үе  болохыг нь тодорхой  бол  хэлж мэдэхгүй байна, өөрийн хойд  ээж Мөнх-Од, өөрийн  төрсөн дүү болох  Азжаргал  нарын хамт  үнээгээ саасан  юм, тэгээд үнээгээ саачихаад  бид гурав  гэр лүүгээ  орсон  бөгөөд гэр лүүгээ  ороход манай хойд ээж  М нь дүү бид  хоёрт хандан  та хоёр  усанд яв, гэр орноо цэвэрлэ гээд  хараалын үг хэлээд  дүү бид хоёрыг  загнаад тайван байлгахгүй  байгаад  байсан, тэгэхээр нь би  за яахав гэж бодоод  гэр орноо цэвэрлээд  усанд явчихаад ирэхэд  Мөнх-Од нь  мөн л үглээд дүү бид хоёрыг  тайван байлгахгүй  байгаад  байсан,  тэгэхэд манай  аав  Ц нь уурлаад  хэвтэж байснаа босож ирээд Мөнх-Од  эгчийг  морины чөдөр  мэт зүйлээр  зодсон  юм...би тухайн үед Мөнх-Од эгч рүү цай цацсан эсэхээ санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны  өдрийн 314 дугаартай дүгнэлт

  1. Э.Мөнх-Одын биед зүүн мөр, бугалга, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулахгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 34 хуудас/

С.Ц-гийн яллагдагчаар өгсөн:...Би нэг их сүртэй зүйл болохгүй байх  гэж бодсон. Эхнэр М мяндасан уяагаар  ороолгосон. Чөдрөөр ороолгоогүй. М манай охидыг загнасан үнээ сааж чадахгүй байна гээд  сандалыг нь булааж авсан. Хашаатай тугалыг хашаанаас  нь бүгдийг нь гаргаад  эхтэй нь нийлүүлсэн. Манай охидууд үнээ сааж байсан юм.  Бид үнээгээ саагаад сүүгээ зарж мөнгө олдог юм. Би хүүхдүүд  мөнгө олох гээд үнээгээ сааж байхад  тугалуудыг хашаанаас  нь гаргаж  нийлүүлэхээр нь  М уурласан юм... М надад  мяндсан уяагаар  ороолгуулаад  гэр лүү гүйгээд яваад хутга  барьж ирээд  намайг ална гэсэн...Би М дал, мөр хэсэгт нэг удаа мяндасан уяагаар  ороолгосон...Би М-той гэр бүл болоод 11 жил болж байгаа  байх. Гэр бүлийн батлах байхгүй...М бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

С.Ц иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46хуу/

С.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/

Яллагдагч С.Цэвээнцэрэнгээс гаргасан “гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 71 хуу/

Хохирогч Э.М гаргасан “С.Ц-тэй сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 72 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  С.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Ц нь  2019 оны 06 дугаар сарын 24-ний   өдөр 09 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багийн “Барх дов гэх газарт байх гэртээ хамтран амьдрагч Э.М-ыг хүүхдүүд загналаа гэх шалтгаанаар чөдрөөр ороолгож зүүн мөр, бугалга, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.М, гэрч М.Ариундолгион нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байгаа,  шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч С.Цэвээнцэрэн нь хохирогч Э.Мөнх-Одыг чөдрөөр ороолгосны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас С.Ц үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч С.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 71 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 74 хуу/ гарган 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч С.Ц хүлээн зөвшөөрч /хх-ийн 78 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Э.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тодорхойлолт гаргасан /хх-ийн 72 хуу/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун  тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ