Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0264/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Э.Мичидмаа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                       Я.Ө   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ө-д холбогдох 193900..........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Я.Ө

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 22-23 нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн төвд иргэн Б.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгой, зүүн шилбэнд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.Ө  нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн төвд иргэн Б.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгой, зүүн шилбэнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн төвд байрлах өөрийн гэр рүү явсан. Гэртээ ирэхэд манай дүү Саруул, манай Саруул дүүгийн хоёр хүүхэд, манай аав байсан. Тэгээд удалгүй манай найз Маагаа ирээд бид хоёр манай гэрийн үүдний таамбарт нэг 0.75 л, нэг 0.5 литрийн хэмжээтэй 2 шил Хараа гэх нэртэй архи хувааж уусан. Тэгээд Маагаа гэр рүүгээ яваад би болохоор манай гэрийн хойд талд байдаг Ядамсүрэн гэх айл гэрэлтэй байхаар нь орсон. Гэрт нь ортол дөрвүүлээ байсан. Миний танихгүй хоёр хүн байсан. Тэр хоёр надтай зөрөөд гэрээс нь гарч байсан. Тэгээд Ядам ах, Ядамын хүү Ө бид гурав үлдсэн. Ер нь тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Би ч бас ялгаагүй байсан. Ерөнхийдөө бид гурав гурвуулаа биеэ хянах чадваргүй байсан. Гэтэл гэнэт миний дээр Ө гарчихсан миний толгой руу үзүүртэй зүйлээр хатгаад байсан. “Хөөе Ө чи яагаад намайг ингээд байгаа юм бэ?” гэж асуутал Ө ойлгомжгүй зүйл  өөдөөс яриад байсан. Тэгээд би тэдний гэрээс гараад гэртээ орсноо санаж байна. Тэгээд л би ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн... Би ойролцоогоор 23 цагийн үед гэрт нь мэнд мэдэх гэж орсон. Хотоос ирсэн талаараа ярьсан. Тухайн үед би өөрөө яг юу ярьсан талаараа сайн мэдэхгүй байна. Уг нь хэрүүл, уруул хийж байгаагүй. Өмнө нь муудалцаж ч байгаагүй. Тэгсэн гэнэт л Ө миний дээр гарчихсан намайг хутгаар толгой хэсэг рүү хатгаад, зүүн шилбэ рүү хатгасан. Бас нилээн удаан ноцолдсон. Бид хоёрыг ноцолдох үед Ядам орон дээрээ хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/

2. Я.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ 17 цагийн үед хоёр лааз пиво, нэг том пиво уусан. Тэгээд 23-нд шилжих шөнө манай гэрт нэг хүн орж ирээд намайг цохиод байхаар нь босоод хартал хажуу талын айлын А ах байсан. Тэгээд намайг толгой хэсэг рүү цохиод байсан. Би А ахтай ноцолдож байгаад ширээн дээр байсан хутга авсан. Ноцолдох үед хөл хэсэг рүү нь дүрсэн юм шиг байсан. Би тухайн үед согтуу байсан. Тэр А ах бас согтуу орж ирсэн. Тэгээд А ахын хөлний шилбэ хэсгээс цус гарч байсан. Тэгээд А ах гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

3. Гэрч Х.Я-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг хөдөө хэсэгт багийн төвийн хойд талд амьдардаг юм. Миний хүү Я.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргээс намайг асрахаар ирсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны орой хүү маань гаднаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тэгэхдээ нэг их согтуу биш орж ирээд унтсан. Удалгүй манай урд айлын А гэх залуу манай гэрт согтуу орж ирээд надтай юм ярьж сууж байснаа учиргүй нөгөө орон дээр унтаж байсан манай хүүг бос гээд загнаад байсан. Тэгээд манай хүү босохгүй болохоор нь А хөнжлийг нь сөхөж байгаад толгойруу нь цохих шиг болсон. Тэгсэн удалгүй манай хүү босож ирээд уурлаад А-тэй маргалдаж ноцолдож, зодолдсон. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй. Тухайн үед манай гэр харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 тал/

4. Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтэд:

-Б.А-ийн биед зулай, зүүн шилбэнд хутгалагдсан шарх, дух, хүзүүнд зүсэгдсэн шарх, дух, дагз, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Я.Ө-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 14, 44 тал/ гэсэн тул шүүгдэгч Я.Ө-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Я.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ө-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Я.Ө-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 8 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Я.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ