| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0268/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0268/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох 193900........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Ч
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг Баянмөнхийн 02-26 тоотод иргэн Д.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний төмсөгийг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг Баянмөнхийн 02-26 тоотод иргэн Д.Г-тэй маргалдаж түүний төмсөгийг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би анх мэдүүлэг өгөхдөө Ч-ыг буруугүй гэж өмөөрч өөрөө хашаа давж байгаад төмсөгөө гэмтээсэн гэж хэлж мэдүүлэг өгсөн. Ер нь бол би нилээн согтуу байсан. Би Ч-ын гэрт нь унтах гэж байхад Ч миний бэлэг эрхтний төмсөгийг баруун гараараа базаад мушгисан. Тэгэхэд нэг юмаар төмсөгийг маань урчих шиг болсон. Гарт нь бол ямар нэгэн юм байгаагүй. Тэгээд төмсөгнөөс цус гараад бандааш маань цус болчихоор нь бандаашаа гэр дотор нь тайлаад шалан дээр хаясан. Ингээд би гэрт газраар зассан гудсан дээр унтаад өглөө болохоор нь эгчийгээ утсаар дуудаж, эгчийгээ ирэхээр нь би хашаа давж байгаад төмсөгөө гэмтээсэн гэж худал ярьсан юм аа. Энэ удаа өгч байгаа миний мэдүүлэг үнэн зөв. ...Намайг гэрийн баруун талд унт гээд газраар эхнэр Баасанжаргал нь гудас тавиад ор засаж өгсөн юм. Тэгээд тэр хоёр бас ор дэрээ засах гэж байтал Ч “карманд байсан 30.000 /гучин мянга/ төгрөг алга болсон байна. Хэн авсан гэснээ та авсан уу?” гэхээр нь би “яалаа гэж авдаг юм бэ?” гээд бид хоёр маргалдсан чинь намайг гэрийн баруун урд талд сандал дээр сууж байсан чинь л гэнэтхэн төмсөгийг маань базаад авсан. Тэгээд аймар өвдөхөөр нь төмсөгөө харсан чинь цус гарч байсан. Тэгтэл Ч гэрээсээ шууд гараад явсан. Тэрнээс хойш эхнэр Баасанжаргал нь надад өвчин намдаах эм өгсөн. Төмсөгнөөс цус гараад байсан. Тэр асуудал орой 22 цагийн үед болсон. Тэрнээс биш шөнө дундад болоогүй. Ч миний төмсөгийг базахаас өмнө Баасанжаргал, Ч, бид гурав 1 шил 0.75 литрийн архи уусан. Тэрнээс өмнө үдээс өмнө бид гурав бас архи уусан байсан. Хэрэг болох үед Баасанжаргал халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/
Хохирогч Д.Г-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эмчилгээний болон бусад зардалд Ч-оос 670.000 /зургаан зуун далан мянга/ төгрөг авсан. Намайг Ч-д бичиг хийж өгсний дараа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн надад 100.000 төгрөг нэмж өгсөн...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/
2. Гэрч Г.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг суманд мал маллаж амьдардаг юм. Хэнтий аймагт ирээд хоёр хонож байна. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд миний төрсөн дүү Г утсаар яриад “Эгчээ хүрээд ир. Би цус нөжөөрөө холилдоод байна” гэсэн. ...Г гэрийн баруун талд газар дээшээ хараад хэвтэж байсан. ...Би дүү Г-ээс яасан талаар асуухад хашаа давж байгаад бэлэг эрхтэнээ урчихлаа гэсэн. Маш их цус гарч хатсан байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн. ...Дүү Г-ийн бэлэг эрхтэн нь зүсэгдсэн шархтай байсан. ...Миний бодлоор Г хашаа давж байгаад биедээ гэмтэл аваагүй байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/
3. Гэрч Ц.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-26 тоотод оршин суудаг юм. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шиг санаж байна. Г гэдэг ах манайд ирсэн. Г ах манай нөхрийн ээж Бадамын малыг малладаг. Тэгээд Хэнтий аймаг ирэхээрээ манайд ирдэг юм. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Ч, Г нар архи уусан. Бид гурав архи уусан. Хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Би цуйван хийсэн. Бид нар хоолоо идчихээд архиа уусан. Г ах согтоод хоёр гартаа хутга бариад байсан. Би согтсон байсан. Яагаад хутга барьсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед өглөө байсан уу? орой байсан уу? мэдэхгүй байна. Г ах архи уугаад согтчихоороо хутга бариад байдаг юм. Урд нь манай гэрт Г ах бас архи ууж байхдаа хутга барьж байсан. Манай нөхөр уурлаад Г ахын гарыг барьж байгаад хутгийг нь булааж авсан. Би хутгийг аваад тогооны шүүгээн доогуур хийсэн. Г ах унтах гээд өмдгүй дотуур өмдтэйгөө байсан. Г ах зүүн орон дээр сууж байсан. Тэгээд Г ахын төмсөгийг нь манай нөхөр гараараа базаад татсан. Г ах уйлсан. Г ахын бэлэг эрхтэнээс нь цус гойжсон. Манай нөхөр гэрээс гарч явсан. Дахиж ирээгүй. Г ах дотуур хувцасаа тайлсан. Би гэрээс гарч гүйгээд өвчин намдаах эм аваад буцаж гэртээ харьсан. Г ахад эм уулгасан. Би Г ахыг эмнэлэг явъя гэсэн чинь яах юм гэсэн. Тэгээд би унтаж амарсан. Маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад сэрсэн. Г ах сэрүүн хэвтэж байсан. Өвдөөд байна гээд ёолж байсан. Г ахын төмсөг нь гарчихсан байсан. Би Г ахад нөхрийнхөө хар өнгийн дотуур өмдийг өмсгөсөн. Би яг дотуур өмдийг нь бүтэн өмсгөөгүй. Өвдөг хүртэл нь өмсгөөд орхисон. Г ах эгчийгээ утсаар дуудсан. Би гэрээсээ ойрхон гараад иртэл Г ахыг аваад явсан байсан. Манай нөхөр хутгаар зүсээгүй. Манай нөхөр гараараа базаад татсан чинь төмсөгнийх нь уут нь урагдсан. Манай нөхөр их хүч чадалтай тэнэг юм байдаг юм. Би боль гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/
4. Гэрчээр Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Г, эхнэр Баасанжаргал бид гурав 2 шил 0.5, 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи уусан. Ингээд үдээс хойш 17 цагийн орчимд би гэрээсээ гараад ах, дүү нарынхаараа хэсэж яваад шөнө 00 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр Баасанжаргал, Г ах хоёр хашааны баруун талд байдаг Г байрладаг амбаарт 1 шил 0.75 литрийн Стандарт архи уугаад дунд нь оруулсан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь эхнэр Баасанжаргалыг гэртээ орж унтъя гээд дагуулаад гэртээ ороод бид хоёр гэрийн баруун талаар ор гудас тавиад унтсан. Тэгээд шөнө дунд 02 цагийн үед гэрт хүн орж ирээд алнаа гээд байхаар нь харсан чинь Г ах байсан. Тэгэхээр нь гайхаад гэрлээ асаагаад яаж байгаа юм бэ? гэсэн чинь алнаа гээд Г ах хоёр гартаа хутга барьчихсан далайчихсан хаалганы дотор талд зогсож байсан. Тэгээд би цаашаа яв, гар гэсэн чинь гарахгүй байхаар нь ойртож очоод хоёр хутгыг нь булааж аваад шүүгээн дээр тавиад Г ахын бэлэг эрхтнийг төмсөгнөөс нь баруун гараараа базаад мушгиад тавьсан. Гэтэл Г ах бахираад гэрээс гараад хашаан дотор бахирч байснаа удалгүй гэрт орж ирсэн. Тэгээд би Г ах салтаагаа бариад байхаар нь харсан чинь цус гарчихсан байсан. Тэгэхлээр нь би цагдаа болох байх гэж бодоод яваад өгсөн юм. Гэрт Г хоёр гартаа хутга бариад орж ирэхдээ дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа бандааштай байсан. Г ах өөрийн гэсэн гэр орон байхгүй. Ах дүү нарындаа очихгүй байхаар нь би өрөвдөөд өөрийнхөө хашаанд байдаг амбаарт зусуулсан юм. Г ах манайд орж ирж хоол унд идээд орж гараад байдаг юм. Тухайн үед миний баруун гарын дунд хуруунд байсан амсар нь задгай бөгжинд төмсөг нь урагдсан байх гэж бодож байна. Би Г ахын төмсөгийг нь гэмтээсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс хойш би хүний төмсөг гэмтээсэн учраас айгаад гэртээ очихгүй хөдөө явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/
Гэрчээр Б.Ч-ын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цэнхэр бариултай хутгаараа талх зүсэж байгаад зүүн гарынхаа долоовор хурууг зүссэн юм. Тэрнээс өөрөөр надаас ямар нэгэн байдлаар цус гараагүй. Би бодохдоо цэнхэр өнгийн бариултай хутган дээрх цус миний цус байх гэж бодож байна. Эсхүл гараа зүсэхээс хоёр хоногийн өмнө хонины толгой хуйхалсан. Тэгэхэд хонины цус болсон байж магадгүй. Өөр бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаартай:
1. Д.Г-ийн биед хуухнагт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Ч-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 23, 106 тал/ гэсэн тул шүүгдэгч Б.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 8 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр бариултай 1 ширхэг, төмөр бариултай 1 ширхэг нийт хоёр хутга, улаан өнгийн гудасны өнгө 1 ширхэг, шар өнгийн задгай амтай 6.4 гр металь бөгж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ