| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0262/Э |
| Дугаар | 244 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0262/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох 193900........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Г.О
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандал хангай наран” ХХК-ны “Элит мандал” зочид буудлын угтагчаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буудлын орлого болох 510.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Мандал хангай наран” ХХК-ны “Элит мандал” зочид буудлын угтагчаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буудлын орлого болох 510.000 төгрөгийг завшсан болох нь:
1. Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай “Мандал хангай наран” ХХК-ны буудалд ажиллаж байсан юм. Тэгээд буудалд ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орлого болох 510.000 төгрөгийг үйлчлүүлэгчээс өөрийнхөө хувийн данс руу шилжүүлж аваад өглөө нь ээлжнээсээ буугаад тэр чигтээ алга болсон. Тэгээд энэ байдлыг шийдвэрлэх зорилгоор өөрийг нь олж очиж уулзсан. Г.О тухайн үед хэлэхдээ “Мөнгийг нь кассын няравт өгөх гэсэн бие өвдөөд өгч чадаагүй юм. Мөнгийг нь үрчихсэн. Мөнгийг нь би төлнө” гээд өөрийнхөө гараар надад тал цаасан дээр бичиг хийж өгсөн. Тэгээд ахиад холбогдохгүй, залгахаар утсаа авахгүй болсон. Тэгсэн харин “Номин” дэлгүүрт ажилд орчихсон байхаар нь ажил дээр нь 2-3 удаа очиж уулзаж учир байдлыг нь хэлсэн боловч байгууллагад учирсан хохирлыг барагдуулаагүй учир Цагдаагийн байгууллагад хандсан юм... Гомдол санал алга аа, байгууллагад учирсан 510.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/
2. Гэрч Г.Саруултуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.О нь манай компанид 2018 оны намраас хойш ажилласан. Эхлээд бол дэлгүүрт худалдагч хийж байгаад тэр үед ажиллаж байхдаа хэд хэдэн удаа цалингийн урьдчилгаа авсан юм. Тэр багцаагаар 700.000 орчим төгрөг болсон. Тэгээд түүнийгээ төлөхгүй ажлаа хаяад явчихаар нь захирал О-тэй уулзаж байгууллагад учруулсан өр төлбөрөө яаж барагдуулах талаар асуухад ажил хийгээд цалингаасаа суутгуулъя гэж тохиролцсон байсан. Миний мэдэж байгаагаар 2-3 удаа 250.000 орчим төгрөгийн суутгал цалингаасаа хийлгэж өр төлбөр нь дууссан юм. Харин энэ цагдаагийн байгууллагад өгсөн өргөдлийн талаар гэвэл манай “Элит мандал” зочид буудлын 5 дугаарын өрөөнд 2019 оны 06 дугаар сарын 10-наас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 хоног барилгачид гэх хүмүүс буудалсан юм. Энэ өрөө нь хоногийн 85000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Тэгээд энэ хүмүүсийг гарснаас нь хойш төлбөр нь байгууллагын дансанд ороогүй юм. О маргаашнаас нь ажилдаа ирэхгүй алга болохоор нь буудалд буусан хүмүүстэй утсаар нь холбогдож тооцоогоо нэхсэн чинь гарсан өдрөө манай байгууллагын данс руу хийсэн гэж надад хэлсэн. Би мөнгө хийсэн дансыг нь асууж шалгахад тэр данс Г.О-ийн өөрийнх нь данс байсан. Тэгээд энэ асуудлын талаар захиралд би мэдэгдсэн. Тэгээд О-тэй утсаар нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа холбогдож ярьсан. Тэр үед “ээжийн зээлийг миний данснаас татаад авчихсан байна, удахгүй шилжүүлнэ” гээд байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагын пабд хоол идээд явж байхад нь тааралдаад захиралтай уулзуулсан. Тэгээд тэр өдрөө О өөрийнхөө гараар 500.000 төгрөг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулна гэсэн бичиг хийж өгөөд явсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/
3. Гэрч С.Урантунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өглөө болгон салбаруудынхаа орлого, зарлагыг хүлээн авч нэгтгэдэг юм. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 09 цагт ээлж хүлээлцэх гээд ирэхэд буудалд тухайн шөнө нь ажилласан О түрүүлээд буугаад явчихсан байсан. Би ээлж авсан Золжаргалаас О-ийг орлогын мөнгө төгрөгөө үлдээсэн эсэхийг тодруулахад тухайн үед манай буудалд 6 хоног буудалласан иргэний төлсөн төлбөрийг өөрийнхөө данс руу авчихсан байна лээ гэж хэлсэн. Би ингээд О-ийн утас руу залгаж орлого авч ирээд өг гэхэд О “Би өөрийнхөө данс руу авчихсан чинь манай ээжийн зээл рүү татчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш удаа дараа шаардсан боловч таг чиг алга болсон. Уг нь буудлын ресепшин дээр бэлэн бусаар тооцоо хийх тохиолдолд байгууллагын буюу миний нэрийн 50...........тоот данс руу хийлгэдэг юм. Тэгээд би яагаад миний данс руу мөнгийг нь хийлгээгүй болохыг тэр өдрөө асуухад О “Данс бичсэн цаас нь олдохгүй байсан. Тэгээд өөрийнхөө данс руу хийлгэсэн” гэж байсан. Уг нь бол үнэхээр данс бичсэн А4-ийн хэмжээтэй цаас олдоогүй юм бол над руу утсаар яриад ч юм уу, эсвэл доор ресторан, цайны газраас асуугаад мэдэх боломжтой байсан шүү дээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
4. Гэрчээр Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ 510.000 төгрөг хаан банкны миний 59......... дугаарын данс руу орсон нь үнэн. Би өөрөө цалингийн зээлтэй байсан юм. Тэгсэн өглөө нь миний данснаас байгууллагын мөнгийг татаад авчихсан...Тэр бол ямар ч шалтгаан байгаагүй юм аа. Буудлын тооцоо хийх хүмүүс явах гээд байсан. Тэгээд буудлынх нь данс нь олдохгүй болохоор нь өөрийнхөө данс руу хийлгэчихсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
5. Гэрч Б.Төрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх байрнаасаа гарах гээд түрээслэх зар тавьсан юм. Тэгээд зарын дагуу О гэдэг хүүхэнд сарын 300.000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ байгуулсан. Түрээсийн мөнгөө сарын эхэнд авахаар тохиролцоод тэр эмэгтэй 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хавьцаа манай байранд орсон. Тэгээд анх тохиролцсон ёсоороо мөнгөө өгөлгүй 14-15 хоног нэхүүлсэн. Тэгээд 400.000 төгрөг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө шилжүүлсэн байсан. Энэ болохоор 300.000 төгрөг нь 2019 оны 06 дугаар сарын түрээс, 100.000 төгрөгийг нь дараа сарын түрээснээс урьдчилгаа гэж өгсөн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын сүүлээр байрнаас гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
6. Гэрч Г.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн үед Хэнтий аймагт барилгын ажлаар очоод ”Элит мандал” гэдэг буудалд 5-6 хоног буудаллаад 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гарсан юм. Тэгээд өдөр нь гарахдаа буудлын төлбөрөө өөрийнхөө данснаас тэр үед гарч байсан нэг хүүхний хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Харин хэд хоногийн дараа нь тухайн буудлаас нэг эмэгтэй над руу яриад төлбөрийн талаар асууж байсан. Би ч болсон асуудлын талаар хэлсэн...Одоо санахгүй байна аа. Үдийн хойно байсан юм аа. Унаа тэрэг ирчихээд яаруулаад, тэгээд тооцоогоо хийх гэсэн чинь тэр өдөр гарч байсан ресепшин нь тэр хавиар данс бичсэн цаас гээд хайгаад яваад байсан. Тэгээд 5-10 минут хэртэй болоод “данс бичсэн цаасаа олдоггүй ээ, та энэ данс руу хийчих” гэсэн. Тэгээд л би тэр хүүхний хэлсэн данс руу буудлын төлбөрийн мөнгөө хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
7. Яллагдагчаар Г.О-ийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 06 дугаар сард “Элит мандал” буудалд угтагчаар ресепшинээр ажиллаж байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 дугаартай өрөөний үйлчлүүлэгчийн төлсөн төлбөр болох 510.000 төгрөгийг хувийн дансаараа авч түрээсийн байрныхаа төлбөрт өгсөн. Өөр ярих юм алга аа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.О-ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-д 510.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “шүүгдэгч Г.О нь байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.О-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.О-т анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Г.О-ийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ