Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 0030

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Бугат сумын ЗДТГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ө.Энхтайванынэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэлд холбогдох

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн "Төлбөр хариуцуулах тухай" 20/02/59 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/0027/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Энхтайванаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Энхтайван би Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй болно.

Гэвч нэхэмжлэгч Ө.Энхтайван надад төлбөр хариуцуулах тухай Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20-02/59 тоот актыг ирүүлсэн болно. Энэхүү актаар дутуу олгосон 865181 төгрөгийг нөхөн олгож, илүү олгосон 1749205 төгрөгийг надаар төлүүлэхээр тогтоосныг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь дээрх актыг гаргах үндэслэлд Бугат сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 тоот захирамж нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилтны хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, бусад баримтуудыг үндэслээгүй гаргасан байна гэжээ.

Гэвч миний бие өөрийн хүсэлтээр олон жилийн нэмэгдэл авах талаар ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Засаг даргын захирамжийн дагуу олон жилийн нэмэгдэл авч байсан. Гэтэл уг актад миний нэрийг дурдаж ёс журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан миний эрх ашгийг хөндөж дээрх хэмжээний төлбөрийг төлүүлэхээр гаргасан байна. Дээрх акт гарсантай холбогдуулан 2017 оны 6-8 дугаарсар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсийг авч чадахгүй төрийн ажлыг хийсээр байна.

Иймд дээрх Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн тогтоосон 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн "Төлбөр хариуцуулах тухай" 20/02/59 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулж миний эрх ашгийг хамгаалж өгнө үү.

Мөн 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж байгаад, 1994 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт сумын Мал эмнэлэг үржлийн тасагт их эмч, 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Сайхан сумын Мал эмнэлгийн үржил хүнс худалдааны улсын байцаагчаар, 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлээд тус албаны тасгийн даргаар, мөн улсын байцаагчийн эрхтэйгээр мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, энэ өдрөөс Булган аймгийн Бугат сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс маргаан бүхий зэрэг дэвийн нэмэгдлийг авч эхлэх хүртэл нийт төрийн албанд 11 жил 24 хоног ажилласан бөгөөд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10 хувиар авахаар байгаа юм.

Бадарч даргын үед буюу 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс мал зүйчийн ажлыг давхархариуцаж эхэлсэн. Давхар ажил хариуцсаны нэмэгдэл цалин мөн авч байгаагүй. Тэгээд 2015 оны 04 дүгээр сараас Бугат сумын Засаг даргын захирамжаар удаан жилийн 20 хувийн нэмэгдэл авч эхэлсэн. Энэ нь тухайн үед Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, хариуцсан мэргэжилтний ажлыг давхар хариуцаж байсан болохоор ийм нэмэгдэл авч байгаа юм байна гэж ойлгож, одоо хүртэл энэ чигээрээ ажиллаж байгаа.

2015 оны цалин нэмэгдлүүдийг тооцоолж үзэхэд 2015 онд 287122 төгрөгийн цалин дутуу олгогдсон, нэмэгдлийг 10 хувиар тооцоолоход 564131 төгрөгийн нэмэгдэл илүү олгогдсон байна. Эндээс зөрүү нь 277010 төгрөг төлөхөөр, 2016 онд цалингийн дутуу 418192 төгрөг, нэмэгдлийн илүү 495342 төгрөг олгогдсон байна. 2016 онд олгогдсон цалин нэмэгдлийн зөрүү 77150 төгрөг төлөхөөр гарч байна. 2017 онд дутуу олгосон нэмэгдлийн зөрүү 232285 төгрөг гарч байна. Ингээд нийт 2015, 2016, 2017 оны дутуу олгосон зөрүү 937599 төгрөг, илүү олгосон зөрүү 1059473 төгрөг, нийт илүү олгосон зөрүү нь 121874 төгрөг, албан тушаалтан хариуцах төлбөр нь 212924 төгрөг гарч байна.

Мөн улсын байцаагч Д.Сарангэрэл нь байгууллагын албан хаагчдын цалингийн баримтанд хяналт, шалгалт хийхдээ цалингийн тооцооллыг буруу гаргасан, өөрийн үзэмжээр нийт дүнд төлбөр хариуцуулсан, зөрүүг тооцоогүй, хариуцсан албан тушаалтны буруутай үйл ажиллагааг зохих хууль журмын хүрээнд шийдвэрлээгүй, төлбөр хариуцагчид танилцуулаагүй, төлбөр хариуцагчаар зөвшөөрсөн гарын үсэг зуруулж, баталгаажуулаагүй хуулийн хүчин төгөлдөр бус акт гаргасан байна.

Байгууллагын албан хаагчийн ажилласан жилийг тогтоож, баталгаажуулахдаа ажилтны ажил хөдөлмөр эрхэлснийг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрийг хянаагүй, ажилдаа маш хайнга, хариуцлагагүй хандаж миний ажилласан хугацааг буруу тооцсон. Мөн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Миний төрийн албанд ажилласан жил одоогийн байдлаар 15 жил 01 сар болж байна.

Байцаагч Д.Сарангэрэл нь Ө.Энхтайван миний цалингийн тооцоололд шалгалт хийхдээ 2015 оны 4 дүгээр сард илүү олгосон 125816 төгрөг, 2017 оны 1-3-р сард олгосон 87108 төгрөг нийт 212924 төгрөгийн асуудлыг тодруулаагүй орхигдуулсан, хариуцах албан тушаалтанд ямар нэг хариуцлага тооцоогүй. Төрийн албан хаагчийн буюу хариуцах албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж гарсан 212924 төгрөгийн асуудлыг зохих албан тушаалтан хариуцна. Нэмэгдлийн зөрүү өглөг 121 874 төгрөгийн төлбөрийн асуудлыг зохих албан тушаалтнууд давхар хариуцах ёстой бөгөөд төлбөрийг тэгшитгэн хувааж хариуцлага тооцно гэж үзэж байна

Хэргийн материалд хариуцагчийн өгсөн тайлбартай танилцаад улсын байцаагчийн энэ акт хүчингүй болж, дахин шинэ акт гаргах юм байна гэж ойлголоо. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Бугат сумын Засаг даргын Тамгын газраас /Ө.Энхтайванд цалин олгосон байдлыг шалгуулах/ ирсэн албан бичгийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01/16 дугаар удирдамж боловсруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ба тус сумын нягтлан бодогчоос 2015, 2016 оны үдэж архивласан санхүүгийн баримтууд, 2017 оны эхний 5 дугаар сарын санхүүгийн үдэж архивлаагүй задгай баримт, аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс авсан лавлагаа зэрэгт тулгуурлан Ө.Энхтайванд цалин, нэмэгдлүүдийг хэрхэн олгосон талаар шалгасан.

Ө.Энхтайванд төрийн албанд ажилласан хугацааг харгалзахгүйгээр сумын Засаг даргын захирамжаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас бодож олгох заалтыг зөрчин ашиг сонирхлын улмаас шийдвэр гаргуулсан байна. Төрийн албанд тангараг өргөн улсын байцаагчаар ажиллаж байгаа албан тушаалтан цалин хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдсээр байж шийдвэр гаргасан Засаг дарга, Тамгын газрын дарга, нягтлан бодогчид мэдэгдээгүй байсан ба хяналт шалгалтаар илүү авсан нь тогтоогдохоор зөвшөөрөхгүй байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Мөн Бугат сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн ариун цэврийн лабораторын их эмчээр 1995 оны 01 дүгээр сараас 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сайхан сумын Засаг даргын Тамгын газарт МЭҮХХХ-ын улсын байцаагчаар 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шалгалтанд хамрагдах хугацаа хүртэл нийт төрийн албанд 10 жил 7 сар ажиллаж шимтгэл төлсөн нь Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар нотлогдож байгаа.

Улсын байцаагчийн тогтоосон актыг аймгийн Аудитын хороогоор хэлэлцүүлэхэд хэвээр батлагдсан болно.

Иймд Ө.Энхтайваны илүү авсан 174905 төгрөгийн нэмэгдлийг төлж байгууллаыг хохиролгүй болгох ба дутуу авсан 865181 төгрөгийг нөхөж олгуулах акт нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хэрэг шалгагдах явцад цугларсан баримтуудаас харахад Ө.Энхтайван нь хүнсний үйлдвэрт 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 тоот тушаалаар түр ажилтнаар ажиллаж байгаад 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 81 тоот тушаалаар ХААДС-д суралцах болсон тул чөлөөлсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хавсаргасан байна. 5 хувиар тооцсон нэмэгдлийг 10 хувиар тооцож олгох саналтай байна.

Шалгалт хийх үед Энтайваны ажилласан жилийн талаар төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар тооцож болохоор хэмжээний материал ирсэн байсан. Засаг даргын 2015 оны Б/16 тоот захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон материал байгаагүй, би акт үйлдэхдээ зөвхөн цалингийн сүлжээ, нэмэгдлийг нь шалгаж тооцсон, амралтын мөнгө, хоног зэргийг тооцож үзээгүй. Харин одоо Бугат суманд очиж дахин шалгаж актаа нягталж, актаа шинэчилж гаргамаар байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэлд холбогдуулан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн "Төлбөр хариуцуулах тухай" 20/02/59 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл нь албаны даргын баталсан 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 2015-2017 оны 5 сарын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20-02/59 дугаарын актаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг үндэслэн дутуу олгосон 865181 төгрөгийг Ө.Энхтайванд нөхөн олгох, илүү олгосон 1749205 төгрөгийг Ө.Энхтайванаар төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох, данс бүртгэлдээ 1749205 төгрөгийг авлагаар, 865181 төгрөгийг өглөгөөр бүртгэх, төлбөрийн 1749205 төгрөгийг актын дагуу барагдуулж, 2017 оны 7 дугаар сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагважаргал, нягтлан бодогч П.Мөнхтогтоо нарт хариуцуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, улсын ахлах байцаагчийн 2017 оны 20-02/59 дугаарын акт[1] зэргээр нотлогдож байна.

Бугат сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 дугаарын захирамжаар Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ө.Энхтайванд төрийн албанд 23 жил ажилласан гэж төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар, албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6-2 шатлалаар бодож 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсний дагуу Бугат сумын Засаг даргын Тамгын газар нь Ө.Энхтайванд 2016 он дуусталх хугацаанд 20 хувийн нэмэгдэл олгосон, харин үндсэн цалинг 2015 оны 2 дугаар сараас 2016 он дуустал ТЗ-6-1 шатлалаар бодож олгож байсан, мөн сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Ө.Энхтайваныг төрийн албанд 9,6 жил ажилласан гэж ТЗ-6-2 шатлалаар 580710 төгрөгийн үндсэн цалин, төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар тооцож мөн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн болох нь 2015-2017 оны цалингийн карт[2], төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээ[3], хариуцагчийн тайлбар[4], Засаг даргын Б/05 дугаарын захирамж[5] зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг Бугат сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 захирамжаар[6] Бугат сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасагт мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч, тасгийн даргаар түр томилж цалинг ТЗ-6-2 шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн цалин нэмэгдлийг тогтоох тухай Б/04 захирамжаар[7] Ө.Энхтайваныг улсад 23 жил, төрд 12 жил ажилласан гэж ТЗ-6-1 шатлалаар үндсэн цалинг 547759 төгрөгөөр тогтоосон хирнээ дээрх 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/16 захирамжаар Ө.Энхтайваныг төрд 23 жил ажилласан гэж ТЗ-6-2 шатлалаар цалинжуулж төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувь олгохоор, мөн сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар[8] 2015 оны Б/16 дугаарын захирамжийн Ө.Энхтайванд холбогдох хэсгийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч нь акт үйлдэхдээ Ө.Энхтайваны төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар тооцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад нэмэгдлийг 10 хувиар тооцож олгох саналтай байна гэсэн тайлбар[9], акт үйлдэхдээ зөвхөн цалингийн сүлжээ, нэмэгдлийг шалгаж тооцсон, ээлжийн амралтын хоног, цалинг зэргийг тооцож үзээгүй, одоо Бугат суманд очиж дахин шалгаж, актаа нягталж, актаа дахин шинэчилж гаргамаар байна гэсэн тайлбар[10] зэргээс харахад улсын байцаагч өөрийн явуулсан шалгалтад хамрагдсан материалын хүрээнд Ө.Энхтайваны үндсэн цалинг дутуу, нэмэгдлийг илүү олгосон зөрчил илрүүлж түүгээр төлүүлэхээр акт үйлдсэн боловч, уг актаа төлбөр хариуцагчид танилцуулаагүй, зөрчлийн тэмдэглэл үйлдээгүй, Засаг даргын 2015 оны Б/16 дугаарын захирамжид нэмэгдлийн хувь хэмжээний талаар өөрчлөлт ороогүй байхад нэмэгдлийг 5, 10 хувиар тооцсон, хэний буруутай үйлдэл үйл ажиллагаанаас болж хохирол учирсаныг тогтоогоогүй, нэхэмжлэгч нь өөрөө өөртөө цалингийн нэмэгдэл гаргаж аваагүй, авах боломжгүй, Засаг даргын захирамжийн дагуу нэмэгдэл авсан байхад шууд түүнийг гэм буруутайд тооцож төлбөр хариуцуулсан зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:

5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал;

5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт;

5.9.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт,

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-т Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана. гэснийг тус тус зөрчсөн,

Засаг дарга нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар тооцож олгосон нь нотлох баримтад үндэслээгүй буруу тогтоосон байна гэсэн зөрчил илрүүлсэн хирнээ улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; үүргээ биелүүлээгүй, Засаг даргад үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулаагүй,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг дарга өөрчлөх буюу хүчингүй болгоно, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих,... төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, ...хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;, гэсэн заалтуудыг улсын байцаагч акт үйлдэхдээ зөрчиж, Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулаагүй байхад шууд өөрөө 5 хувь нэмэгдэл олгох байсан гэж тооцоолсон, ажилтны цалингийн карт, цагийн бүртгэл, цалин нэмэгдүүлсэн, бууруулсан тухай эрх бүхий этгээдийн шийдвэрүүд зэргийг тулгаж бүрэн гүйцэд нягтлан шалгаагүй байх бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бугат суманд очиж актаа дахин нягталж, шинэчилж гаргахыг хүссэн тайлбар гаргасныг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай өөрөөр хэлбэл Бугат сумын Засаг даргын Ө.Энхтайванд төрийн албаны нэмэгдэл 20 хувиар олгосон нь үндэслэлтэй эсэх, үндэслэлгүй бол бодит нөхцөлийг шалгуулж хэдэн хувиар нэмэгдэл олгох боломжтойг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлсний дараа түүний цалин хөлс, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцоолж, илүү, дутуу олгосон зөрчил илэрвэл хэний буруутай үйл ажиллагаанаас иргэнд болон төрд хэдий хэмжээний хохирол учирсан зэргийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Улсын байцаагчаас дахин шинэ акт гартал Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн "Төлбөр хариуцуулах тухай" 20/02/59 тоот актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэснийг баримтлан хариуцагч улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20-02/59 дугаарын актыг хүчингүй болгохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны байгууллага албан тушаалтнаас дахин шинэ акт гартал уг актыг түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж байгаа тул нэхэмжлэл хангагдсантай адилтган үзэж улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж гэж 2000 төгрөг илүү төлснийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11, 106.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.10, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээрзүйлийн 29.3-д заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсаны үндсэн дээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас дахин шинэ акт гарах хүртэл Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн "Төлбөр хариуцуулах тухай" 20/02/59 тоот актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныгбаримтлан хариуцагч улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20-02/59 дугаарын актыг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Энхтайванаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72200 /далан хоёр мянга хоёр зуун/ төгрөгийн 70200-г Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг, төрийн сангаас 2000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэр бүрэн эхээр бичигдэж шүүгчийн гарын үсэг зурагдсанаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГАНТУЯА

 


[1] Хэргийн материалын 20-21-р хуудас

[2] Хэргийн материалын 25-27-р хуудас

[3] Хэргийн материалын 28-р хуудас

[4] Хэргийн материалын 20-21-р хуудас

[5] Хэргийн материалын 44-р хуудасны ар, өвөр тал

[6] Хэргийн материалын 43-р хуудас

[7] Хэргийн материалын 75-р хуудас

[8] Хэргийн материалын 56-р хуудас

[9] Хэргийн материалын 96-р хуудас

[10] Хэргийн материалын 98-р хуудас