Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1106

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    ХХХ-ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01587 дугаар шийдвэртэй,

                                   

Нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч "ХХХХ" ХХК-нд холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХ

 

ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХ байрны ХХ, ХХ тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           ХХХХ                                   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               ХХХХ 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   ХХХХ

                                                                                    ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга               Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч "ХХХХ" ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр "ХХХХХ" ХХК-ийн захирал ХХХ, ХХХнарын 2008 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №97 тоот гэрээ болон нэмэлтийг үндэслэн ХХХ-ээс ХХХХ тус орон сууцны ХХ,ХХ тоот автомашины зогсоолыг худалдан авсан болно. Хариуцагчийн зүгээс орон сууц болон автомашины зогсоолын төлбөрийг бүрэн барагдуулсан боловч гүйцэтгэгч "ХХХХ" ХХК нь гэрээнд заасан өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Иймд нэхэмжлэгч ХХХ-ын ХХХ хотхоны ХХ байрын ХХ тоот, нийт 145 м.кв талбай бүхий орон сууц болон ХХ байрны ХХ,ХХ тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. ХХХХ нь ХХХ-тэй 2013 оны 9 сарын 22-ны өдөр ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ тоотын 144.8 м.кв талбай бүхий орон сууцыг ХХ,ХХ тоотын автогараашийн хамт худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 388 000 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Үүний дагуу 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны гэрчилгээ гарсан ба өмчлөх эрхийн зөрчилгүй бөгөөд авто зогсоолыг 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ХХХХ тоот төлбөр тооцоо барагдуулсан тухай "ХХХХХ" ХХК-ийн баримт бичгийг үндэслэсэн худалдан авсан. Зоорийн давхарын ХХ,ХХ тоот бүртгэлтэй 18 м.кв авто зогсоолийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг "ХХХХ" ХХК-иас шаардсан боловч 90 хувийн гүйцэтгэлтэй гэсэн үндэслэлээр 70, 71 тоот авто зогсоол нь "ХХХХХ" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байсан. ХХХнь 2008 оны 1 сарын 14-нии өдөр 97 тоот дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр, 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 97 тоот гэрээний хавсралтаар уг авто зогсоолыг авсан байдаг. ХХХнь өмчлөх эрх үүссэн орон сууц аваагүй бөгөөд уг орон сууцыг дөнгөж баригдаж байхад хуульд заасан өмчлөгч нь болсон бөгөед "ХХХХ" ХХК нь 90 хувийн гүйцэтгэлтэй гэх үндэслэлээр орон сууц, автозогсоолыг өөрийн нэр дээр авсан байдаг. Уг үйлдэл нь ХХХХ, ХХХ нарын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс ХХХХыг ХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХ байрны ХХ,ХХ тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, гэрээний үүргийн биелэлтийг хангаж өгнө үү. Мөнгөө бүрэн төлсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг нь өгөхгүй иргэн хүнийг хохироож байгаад гомдолтой байна гэв.

 

Хариуцагч "ХХХХХ" ХХК-ийн захирал ХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХХ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд ХХХХыг ХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны ХХХХ байрны зоорийн давхрын ХХ,ХХ тоот зогсоолын тус бүрийн хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх хурлыг манай компанийн оролцоогүйгээр явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Манай компанид уг маргаан бүхий ХХ,ХХ тоот авто зогсоолын үнийг бүрэн төлсөн. Тиймээс ч уг авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа. Тиймээс бид худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсан тул уг гэрээний үүргзэ гүйцэтгэж, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд "ХХХХ" банкны гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгч ХХХХ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ХХХХ нь "ХХХХ" ХХК-д холбогдуулан ХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХ байрны ХХ тоот орон сууц болон ХХ,ХХ тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байх дараах нөхцөл тогтоогдож байна. Тус банк нь "ХХХХ" ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Т07/141 тоот "Зээлийн гэрээ" болон "Зээлийн барьцааны гэрээ"-г, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн №Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр ХХХХ дүүргийн ХХХ хороо, Зайсангийн гудамж ХХХХХ байрны зоорийн давхрын ХХ,ХХ тоот автомашины зогсоолуудыг барьцаанд авсан.Тус банкны барьцааны эрх нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээнээс өмнө үүссэн байх бөгөөд "ХХХХ" ХХК нь тус банкны барьцаанд байгаа авто зогсоолуудыг бусдад худалдах тохиолдолд банкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байсан боловч зөвшөөрөл авалгүйгээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр тооцоог бүрэн төлсөн тул өмчлөх эрх надад үүссэн гэж үзжээ. Үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байдаг, бүртгэлд тусгагдсны дагуу өмчлөгчийг тодорхойлдог. Үүний учир үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр олж авна. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хөрөнгүүдийн хувьд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ийнхүү бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж байгаагүй гэдэг нь тодорхой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. "ХХХХ" ХХК болон Капитал банк нь 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 141 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд ХХХХ нь "ХХХХ" ХХК-нд 1 400 000 ам.долларыг 24 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд 100 айлын орон сууц болон дэд бүтцийн хамт, 205 ширхэг авто зогсоол, бараа материалын үлдэгдлийг барьцаалсан. 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан, 205 авто зогсоол нь 90 хувийн гүйцэтгэлтэй болсон тул улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон. Иймээс тус банк нь 2007 онд барьцааны эрх үүссэн тул өмчлөх эрх үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар ХХХболон "ХХХХХ" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Барьцаалагч нь банкнаас зөвшөөрөл авч хэлцэл хийх ёстой байсан боловч ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр өөр этгээдтэй гэрээ байгуулсан. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бдйна. Барьцааны эрх нь түрүүлж үүссэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын эрх нь сүүлд үүссэн учраас нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: 1.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэххэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХыг ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХ байрны ХХ,ХХ тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Гуравдагч этгээд "ХХХХ" банкны гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгч ХХХ давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу тайлбарлаж дүгнэсэн зэрэг зөрчлүүдийг гаргасны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тус банкны зүгээс "ХХХХ" ХХК-г маргаан бүхий хөрөнгө болох ХХ,ХХ тоот авто зогсоолуудын өмчлөгч биш гэж огт маргаагүй бөгөөд харин ч тус хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь "ХХХХ" ХХК гэж маргасан болно. Мөн тус банк болон "ХХХХХ" ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ нь "ХХХХ" ХХК болон иргэн ХХХХ нарын хооронд байгуулагдсан гэрээнээс түрүүлж байгуулагдсан буюу банкны барьцааны эрх нэхэмжлэгчийн шаардаж буй эрхээс өмнө үүссэн гэж үзэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх нь гуравдагч этгээдийн тайлбар татгалзал, байр суурийг буруугаар ойлгож үндэслэлгүй дүгнэлт өгсний улмаас шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан байна. "ХХХХ" ХХК болон ХХХХ нар нь дээр дурдсан гэрээг байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна" гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, мөн 255 дугаар зүйлээр худалдан авагч нь аливаа хөрөнгийг хүлээн авахдаа бие байдлын болон эрхийн зөрчилтэй эсэхийг шалгах ёстой байхаар тус тус хуульчилсан байна. Анхан шатны шүүх нь "Гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй" гэж дүгнэсэн байдаг. Тус банк хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй ч гэсэн энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар тодорхой нотлогддог бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нь энэхүү гэрээг байгуулахдаа банкнаас зөвшөөрөл авсан талаар ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй атал шүүх энэхүү нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн үйлдэл болсон юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дүгээр заалтанд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрчлөлт орсон бөгөөд өмнөх зохицуулалт нь "Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баргштлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй" болно. "ХХХ'" ХХК болон ХХХХ нарын хооронд байгуулагдсан гэрээ нь өмнөх зохицуулалтанд хамаарч байгаа юм. Хэргийн оролцогч нь өөрийн байр суурь, эрх ашгаа шүүхэд илэрхийлж хамгаалахдаа заавал нэхэмжлэл, шаардлага гаргах шаардлагагүй бөгөөд хуульд заасны дагуу тайлбараар татгалзлаа илэрхийлж, нотлох баримтаар тайлбараа батлаж оролцох боломжтой юм. Тус банкны зүгээс тайлбар татгалзлаа хангалттай тодорхой илэрхийлж, нотлох баримтаар нотолсон байхад шүүгч тус банкийг шаардлага гаргаагүй учраас эрхийг хамгаалах боломжгүй мэтээр явцуу дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №102/ШШ2016/01587 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь “ХХХХ” ХХК-д холбгдуулан ХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХ байрны 4 өрөө 144.88 м.кв талбай бүхий орон сууц болон зоорийн давхарын ХХ,ХХ тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллага зөвшөөрсөн тайлбар гаргасан, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХХХХ ” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “…ХХХХ нь "ХХХХ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулж 70,71 тоот авто зогсоолыг барьцаалсан байхад зохигчид барьцаалагчаас зөвшөөрөл авалгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл” гэсэн үндэслэл зааж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “ХХХХ” ХХК нь иргэн ХХХ-тэй 2008 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” тухай ХХ тоот гэрээ байгуулж ХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХ байрны ХХ-р орц, ХХХХ ХХ тоот 4 өрөө ХХ тоот, 144.88 м.кв талбайтай орон сууцыг, 2 ширхэг авто зогсоолын хамт 211 701 ам.доллараар худалдах гэрээ байгуулсан байна.

 

Дээрх гэрээндээ 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан ¹97/01 тоот гэрээгээр 2 авто зогсоол үнэгүй олгож, гэрээний үнийг 203 701 ам.доллар болгон өөрчилжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ иргэн ХХХ-тэй 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХ байрны ХХ тоот, 144.88 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ХХ,ХХ тоот авто зогсоолыг ХХХХд худалдаж, худалдан авагч үнийг төлсөн үйл баримтууд нь ХХХХыг дээрх орон сууцны өмчлөгч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулга, мөнгө хүлээлцсэн баримт, кассын орлогын ордер зэрэг баримтуудаар тогтогдсон байна. /хх 77-81/

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч ХХХХыг ХХХХ дүүрэг, ХХ Дүгээр хороо, ХХХХ байрны ХХ,ХХ тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийн заалттай нийцжээ. Учир нь худалдах, худалдан авах гэрээний дагуу барьцааны зүйлийг шилжүүлэхийг хуулиар хориглоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ХХХХ нь барьцааны зүйл болох 2 ширхэг авто зогсоолын өмчлөгч болж байгаа нь эд хөрөнгийн барьцааны эрх зүйн байдалд нөлөөлөхгүй юм.

 

            Харин шүүхийн шийдвэрт барьцааны зүйлийн өмчлөгч солигдсон явдал нь эд хөрөнгийн барьцааны эрхэд нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

            Энэ үндэслэлээр давж заалдсан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд ХХХХ ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд ХХХХ наас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

                                                                                          Ц.ИЧИНХОРЛОО