Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00259

 

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр магадлалтай,

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Д.А, Л.Өнарт  холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 31.441.417 төгрөг 28 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, М.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч нар Капитал банктай ЗГ-242 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,0 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 16-р байрны 2 тоот хаягт орших 43,2 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлөх ёстой төлөлтөө 2017 оны 4-р дүгээр сарын 10-наас хойш зөрчиж одоо нийт 4 сарын зээл төлөлт болж 6.164.489,80 төгрөг төлөх байсан боловч нэг ч төлөлт хийхгүй байна. Иймд Л.Өтой хийсэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож үндсэн зээл 26.774.366 төгрөг хүү 3.872.542,74 төгрөг нэмэгдүүлсэн хүү 774.508.55 төгрөг нотариатын зардал 20.000 төгрөг нийт 31.441.417,28 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ө, Д.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дархан зах дээр 1999 оноос эхлэн торго бөс барааны лангуу ажиллуулж худалдаа эрхэлж байна. Энэ хугацаанд маш олон банкнаас эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлээ гэрээний хугацаанд тогтмол төлдөг. Сүүлийн жилүүдэд буюу 2015 оны сүүлчээс эхлээд манайхаар үйлчлүүлдэг иргэдийн тоо эрс буурснаас худалдаа эрхэлдэг лангууны байршлыг захын захиргаа 2016 онд өөрчилж сольсон түрээсийн гэрээний төлбөр 360.000 байсан бөгөөд 810.000 болтол өссөн зэргээс шалтгаалан миний барааны борлуулалт муудсан. Сард лангууныхаа түрээсийн төлбөрийн мөнгийг мөн өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн учраас би Капитал банк-аас зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн. Мөн Төрийн банк-ны зээлийг төлөх шүүхийн шийдвэр гарсан учир би Капитал банк-ны зээлийн төлбөрийг хойшлуулж орлогоосоо шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн банк-д төлөх ёстой байсан 15.000.000 төгрөгийг төлсөн. Капитал банкнаас авсан зээлээ сүүлийн 4-н сар төлж чадаагүй, банкнаас авсан зээлээ гэрээний хугацаанд төлж дуусгана. Нийт 50.000.000 төгрөг зээлсэн үүнээс 42.335.272 төгрөг хүү алданги нийлүүлээд орон байрыг чинь авна гэж байнга айлгадаг байраа заруулахгүй гэрээний хугацаан дотор буюу 2018 оны 4-р сараас өмнө боломжоороо төлж дуусгана үндсэн зээлээ хуваарийн дагуу төлнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ-242 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Ө, Д.А нараас зээлийн төлбөр 29.515.972,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.925.444,88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Уянгын хүү ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох тавьсан улсын бүртгэлийн Ү-2203009288 дугаартай Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 16 дугаар байрны 2 тоот 43,2 мкв талбайтай орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.158 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ө, Д.А нараас улсын тэмдэгтийн хураамж 305.529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэрийн УДИРТГАЛ хэсгийн 115 дугаар зүйлийн 115.2.1 гэснийг 115 дугаар зүйлийн 115.2.2 гэж Шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ-242 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Ө, Д.А нараас 29.515.972,4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1.925.444,88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Ө, Д.А нараас 29.201.908 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, үлдэх 2.239.509 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын хариуцагч Л.Ө, Д.А нараас улсын тэмдэгтийн хураамж 305.529 төгрөг гэснийг 303.960 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.758 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд хяналтын гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр магадлалыг зарим хэсгүүдийг эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөнх хуулийн 172.1-д заасныг удирдлага болгож 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 10 дугаар догол мөрд мөн шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-ийг баримталсан нь хэргийн шийдэлтэй нийцээгүй байх тул түүнийг 115 дугаар зүйлийн 115.2.2 болгож зөвтгөх нь зөв, мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шийдвэрийн Удиртгал хэсгийн 115 дугаар зүйлийн 115.2.1 гэснийг 115 дугаар зүйлийн 115.2.2...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсгийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д хэсэгт зааснаар хэргийг анхан шатны журмаар үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзвэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бага хэмжээний засвар оруулж болохоор хуульчилсан байдаг. Тиймээс давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлж шийдвэрийн удиртгал хэсэгт өөрчлөлт оруулсан байна. 2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 11 дүгээр догол мөрд “Давж заалдах шатны шүүхээс зээлдэгчийн эргэн төлөх тооцооллыг дараах байдлаар хийсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 26,774,366 төгрөг, гэрээгээр тохиролцсон 1 сарын хүү 535,487 төгрөг, нэг хоногийн хүү 17,849 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцоход хугацаа хэтэрсэн 130хоног, нийт төлөх хүү 2,320,445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэрээгээр тохиролцсоноор үндсэн хүүгийн 20 хувь буюу 107,097 төгрөг, нийт гүйцэтгэх ёстой үүрэг 29,201,908 төгрөг байна” гэж тайлбарласан байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэгт болох нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хассаныг эс зөвшөөрч байгаа болно. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэхь хэсэгт дурдсан 2,239,509 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, хариуцагч Л.Ө, Д.А нараас үндсэн зээл 26,774,366 төгрөг, хүү 3,573,256.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,210.29 төгрөг болох нийт 30,421,832.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “К Б”ХХК нь Д.А, Л.Өнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 441 417.28 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нараас 29 515 972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 29 201 908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид дараах нөхцлөөр эвлэрсэн байна.

Үүнд: “...Л.Ө, Д.А нар 30 421 832.96 төгрөгийн зээлийн өрийг төлөхдөө 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр 31-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 421 832.96 төгрөгийг тус тус төлөхөөр, зээлдэгч нь графикыг нэг удаа зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 16 дугаар байрны 2 тоот 43.2 м.кв 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” гэсэн нөхцлөөр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “эвлэрлийн гэрээ” байгуулжээ.

Талууд эвлэрсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр болон хариуцагч Л.Ө, Д.А нарын байгуулсан эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 978 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Л.Ө, Д.А нар зээлийн үүрэгт 30 421 832.96 төгрөгийг төлөхдөө 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр 31-ний өдрийн дотор 1 500 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 421 832.96 төгрөгийг Капитал банкинд төлөх, зээлдэгч нь графикыг нэг удаа зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 16 дугаар байрны 2 тоот 43.2 м.кв 2 өрөө орон сууц /Ү-2203009288/-аас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, “К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй, Л.Ө, Д.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР 

                             ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА