| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0249/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0249/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа
Улсын яллагч М.Гэрэлбадрах
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б холбогдох 1939006............дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-05 тоотод хамтран амьдрагч Д.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Д өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой нөхөр Б хамт Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-05 тоотод өөрийн гэртээ байж байтал гаднаас манай нөхөр Б-ийн найз Тоогоо, Бааска гэдэг хүнийг дагуулж орж ирээд 1 шил 0.75 литрийн архи гаргаж ирээд бид нар тэр архинаас уусан. Би тухайн үед 3 удаа бага зэрэг уусан. Ингээд бид нар архи уугаад дуусгасан чинь Тоогоо, Бааска хоёр явах болсон. Би нөхрийгөө архи ууж байх үед мөнгөтэй түрийвчийг нь цааш нь далд хийсэн юм. Гэтэл манай нөхөр надаас түрийвчтэй мөнгөө нэхэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ архи дарс авч мөнгөө үрэх нь үү гээд түрийвчтэй мөнгийг нь өгөхгүй байсан юм. Тэгтэл Бааска гэдэг залуу гэрээс гарахдаа тоглоом шоглоомоор танай эхнэр чинь түрийвчтэй мөнгийг аваад гараад өөрөө архи уух гэж байгаа юм биш үү гэж хэлээд гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би нөхрийн хамт гэртээ үлдээд байх үед манай нөхөр Баасандорж чи түрийвчтэй мөнгийг маань аваад гарах гээд байна гэж уурласан тэгэхээр нь би урдаас нь чи тэгээд яах гээд байгаа юм хүний үгээр үг хийгээд би хэзээ чиний мөнгөөр архи авч ууж байсан гээд загнасан чинь уурлаад миний нүүрэнд гараараа 2 удаа цохьсон...Би Б-той гэр бүл болоод хоёр жил болж байна. Бид 2 албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй...гомдол санал байхгүй...Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/
Гэрч Б.Чинтогтохын өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цаг үед найз Баасанхүүгийн хамт Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-05 тоотод найз Б-нд очиход Баасандорж эхнэр Д-гийн хамт гэртэй хоёулханаа байсан. Би тэдний гэрт очоод хоёр 0.75 литрийн Стандарт архитай очоод гэрт нь бид дөрөв архи хувааж уусан. Ингээд архи ууж дуусаад явах гэж байхад Баасандорж миний түрийвчтэй мөнгө хаана байна гээд байсан. Эхнэрээсээ чи түрийвчтэй мөнгө авсан уу орны гудсан дор хийсэн алга байна гээд тэр хоёр түрүүвчтэй мөнгөнөөс болж маргах гээд байсан. Тэгээд би Баасанхүүгийн хамт гэрээс гарах гэж байхад Баасанхүү Д-гийн дээлний энгэрээс түрийвч гаргаж ирээд май гээд Б-д өгөөд танай эхнэр чиний мөнгөөр ганцаараа архи уух гээд байгаа юм байна л даа гэж хэлээд гэрээс гарсан. Тэгэхэд 01 цаг өнгөрч байсан. Ингээд маргааш нь Б-той уулзахад би эхнэрээ зодоод цагдаа дээр очоод байгаа гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 13 хуу/
Гэрч Г.Баасанхүүгийн өгсөн:...Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой найз Чинтогтохын хамт Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-05 тоотод найз Б-нд очиж 2 шил 0.75 литрийн архи уусан. Бүгдээрээ л адилхан уусан. Ингээд архи маань дуусаад шөнө 01 цагийн үед явах гэж байхад Б миний түрийвчтэй мөнгө хаана байна, гудсан дор байсан алга боллоо гээд эхнэрээсээ асуусан чинь эхнэр нь мэдэхгүй гээд байсан. Тэгээд тэр хоёр маргах гээд байхаар гараад явсны дараа түрийвчтэй мөнгө, төгрөг хулгай хийсэн гэж ярих вий гэж бодоод гэрээс нь гаралгүй жоохон зогсож байтал эхнэр нь дээлийн энгэрээс түрийвч гаргаад ирэхээр нь би булааж аваад нөхөрт нь энэ түрийвчтэй мөнгө чинь юм биш үү гэж хэлж өгөөд л Чинтогтохын хамт гэрээс гараад явсан. Ингээд дараа нь Чинтогтох Б эхнэр Д-гээ бид хоёртой архи уусан шөнө зодсон байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн14 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №463 дугаартай дүгнэлт
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 17 хуу/
Д.Б-ийн яллагдагчаар өгсөн:...Би эхнэр Д-тэй гэр бүл болоод 3 жил шахуу болж байна. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр гэр бүл болсноос хойш айлын малыг гэр бүлээрээ хариулж амьжиргаагаа залгуулдаг юм. Бид хоёртой хамт хүүхэд байдаггүй юм. Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой эхнэр Дуламсүрэнгийн хамт гэртээ байж байтал манай найз Чинтогтох, Бааскагийн хамт 22 цаг өнгөрч байхад 2 шил архитай орж ирсэн. Ингээд манай эхнэр Д, Чинтогтох, Бааска бид дөрөв 2 шил /0,75 литрийн нэг шил, 0,5 литрийн нэг шил архи/ архиа хувааж уусан. Би архи ууж байх үедээ өөрийнхөө хар өнгийн мөнгөтэй түрийвчийг зүүн орны гудсан доор хийсэн. Тэгээд архи ууж дуусах үер би түрийвчээ авах гэсэн чинь байхгүй болохоор нь эхнэрээсээ асуусан чинь надад байхгүй. Би чиний түрийвчээр яах юм бэ гэсэн. Тэгтэл Бааска Чинтогтох хоёр явлаа гээд гэрээс гарах үер Бааска надад танай эхнэр чинь чиний мөнгөөр ганцаараа архи авч уух гээд байгаа юм биш үү гэж хэлээд Д-гийн дээлний энгэрээс надад түрийвчтэй мөнгийг авч өгөөд гараад явсан. Ингээд гараад явснаас хойш бид хоёр мөнгөтэй түрийвчнээс болж маргалдсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрийнхээ нүүрэн тус газарт 2, 3 удаа гараараа цохисон. Тэгтэл эхнэр маань гэрээс гараад хашаан дотор шөнийн 2 цаг өнгөрч байх үед агсараад “чи муу зовлогыг минь зодохоос биш зоригийг минь барахгүй” гээд л хашаагаар дүүрэн бахираад байхаар нь би гэр рүү чирч оруулаад зүүн орон дээр дараад хэвтүүлж байгаад тайвшруулж унтуулсан. Намайг Д-г гэрт чирч оруулах үед баруун гарын бугалга болон бусад газарт шалбарсан байх, Д гэрт орохгүй гээд өөдөөс маань самардаад, зууралдаад урдаас ноцолдоод байхаар нь хүчээр чирч гэрт оруулж унтуулсан. Д бид нартай адилхан архи уусан байсан болохоор нэлээн согтсон байсан. Би эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28 хуу/
Д.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32 хуу/
Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 хуу/
Д.Б-ийн гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 31 хуу/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 36-37 хуу/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт / хх-ийн 38-46 хуу
Хохирогч Д.Д-гийн гаргасан Д.Б-оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй тухай хүсэлт / хх-ийн 51, 87 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-05 тоотод байх гэртээ согтуугаар хамтран амьдрагч Д.Д-тэй маргалдан зодож, баруун, зүүн чамархайн хуйхан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чих, хацарт шарх, зүүн хацар эрүүнд цус хуралт, баруун, зүүн суганд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Д, гэрч Г.Баасанхүү, Б.Чинтогтох нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Д-г зодсоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Б нь 1992 онд Ц.Эрдэнэцэцэг гэх хүнтэй гэрлэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 31 хуу/ тогтоогдсон боловч шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө эхнэрээсээ салаад 12 жил болж байгаа бөгөөд Д.Д хамтран амьдраад 3 жил болж байгаа гэж, хохирогч Д.Д нь мөн Д.Б-той хамтран амьдраад 3 жил болж гэж тус тус мэдүүлэг өгчээ. Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно гэж заасан байх тул Д.Д, Д.Б нарыг хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Аймгийн Прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 52, 86 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 89 хуу/ гарган 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Б нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 93 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Д нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай мэдүүлэг өгсөн, хүсэлт / хх-ийн 51, 87 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ