Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 174/2019/0236/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Э.Мичидмаа

Улсын яллагч                                               Д.Энхжаргал

Иргэдийн төлөөлөгч                                      Д.Нарантуяа

Хохирогч, иргэний нэхэмжлэгч                    О.У

Насанд хүрээгүй хохирогч                            Ц.Я

Насанд хүрээгүй

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч            О.У

Хохирогчийн өмгөөлөгч                               Р.Булгамаа, Т.Сайнбаяр  

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               П.Амаржаргал 

Шүүгдэгч                                                       Ц.Ц  нарыг оролцуулан

 

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Долгионоос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-т холбогдох 183900..........дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Ц

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ц нь өөрийн дагавар охин болох эрхшээлдээ байгаа О.У-ыг 14 настай байхад буюу 2007 оны 08 дугаар сард, 17 настай байхад нь  буюу 2011 оны 05 дугаар сард, 2013 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, давтан  үйлдлээр хүчиндэхийг завдсан,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн охин Ц.Я-ыг 2017 оны 07 дугаар сард “чи яасан их ээжийнхээ хэрэгт оролцдог юм бэ” гэж төмөр шанага шидэж, шургуулганаас хутга авч хоолойд нь тулган айлгасан, 2017 оны 10 дугаар сард “ээжийнхээ хэрэгт дандаа оролцох юм” гээд өлгөөтэй байсан төмөр шанагаар шидэж, нуруу хэсэгт нь цохиж зодсон, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.О-г аягаар толгой руу нь шидээд “2 эгчдээ хэлвэл чамайг хутгаар гарыг чинь зүснэ шүү” гэж айлгасан, 2018 оны 04 дүгээр сард “Чимгээ эгчдээ ээжийгээ намайг зодсон гэж хэлж болохгүй, цааш нь ярина шүү, ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй, “Чимгээ эгчдээ намайг зодсон гэж хэлэх юм бол чамайг ална шүү” гэж хэлээд гутлынхаа түрийнээс хутга гаргаж айлгаж тус тус харгис хэрцгий харьцан догшин авирлаж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ханангийн энгэр” гэх газарт оршин суух И.Батхуягийн гэрийн гадна 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.О-г зодож алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ханангийн энгэр” гэх газарт оршин суух И.Батхуягийн гэрийн гадна 2018 оны 04 дүгээр сарын 04-ний орой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.О-г зодож алсан,

Өөрийн эрхшээлдээ байгаа дагавар охин болох О.У-ыг 14 настай байхад буюу 2007 оны 08 дугаар сард, 17 настай байхад нь  буюу 2011 оны 05 дугаар сард, 2013 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, давтан  үйлдлээр хүчиндэхийг завдсан,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн охин Ц.Яыг 2017 оны 07 дугаар сард “чи яасан их ээжийнхээ хэрэгт оролцдог юм бэ” гэж төмөр шанага шидэж, шургуулганаас хутга авч хоолойд нь тулган айлгасан, 2017 оны 10 дугаар сард “ээжийнхээ хэрэгт дандаа оролцох юм” гээд өлгөөтэй байсан төмөр шанагаар шидэж, нуруу хэсэгт нь цохиж зодсон, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.О-г аягаар толгой руу нь шидээд “2 эгчдээ хэлвэл чамайг хутгаар гарыг чинь зүснэ шүү” гэж айлгасан, 2018 оны 04 дүгээр сард “Чимгээ эгчдээ ээжийгээ намайг зодсон гэж хэлж болохгүй, цааш нь ярина шүү, ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй, ...Чимгээ эгчдээ намайг зодсон гэж хэлэх юм бол чамайг ална шүү” гэж хэлээд гутлынхаа түрийнээс хутга гаргаж айлгаж тус тус харгис хэрцгий харьцан догшин авирлаж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

1. Хохирогч О.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2007 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн ......... тоотод төрсөн ээж О, өвөө Дондогжав, эмээ Надмид, төрсөн дүү У нарын хамт амьдардаг байсан. Тухайн үед би Хэнтий аймгийн Хэрлэн сумын ....... дүгээр сургуульд сурдаг байсан. Тэгээд манай өвөө Дондогжав 2007 оны хавар 5 дугаар сард нас бараад ажил явдал нь болж байх үед манай ээжийн найз гээд Ц гэх ах ирж байсан. Тэрнээс хойш Ц гэх хүн манай ээжтэй сууна гээд манайд амьдрах болсон. Тэгээд манайд амьдарч байгаад 2007 оны 07 дугаар сарын дундуур яг наадмын үеэр би гэртээ эмээтэйгээ хамт байж байтал гаднаас Ц ах согтуу орж ирээд гэртээ хоол унд идэхээр нь би аяга тавгаа угаагаад гал тогооны шүүгээний хажууд арагшаа хараад зогсож байтал гэнэт миний бөгсийг хоёр гараараа хүн базахаар нь би гайхаад эргээд хартал Ц ах миний ард зогсож байсан. Тэгэхээр нь би Ц ахыг түлхээд айсандаа эмээгийн хажууд очиж суусан. Тэгээд би эмээгийн хажуунаас холдохгүй хоол цай хийж өгөөд сууж байтал ээж найзынхаасаа ирээд оройны хоол бэлдээд тухайн өдөр өнгөрсөн. Тэр өдөр болсон зүйлийн талаар би хэнд ч хэлээгүй. Дараа нь 2007 оны 08 дугаар сарын сүүлчээр би эмээтэйгээ хамт мөн гэртээ байж байтал үдээс хойш 16-17 цагийн үед Ц ах гаднаас согтуу орж ирээд шанагаар ус утгаж уугаад над руу эвгүй эвгүй хараад байсан. Тэгээд би гал дээр хоол хийгээд зуухны хажууд сууж байтал Ц ах миний араар өнгөрөхдөө миний өмсөж байсан футболкийг дээшлүүлээд миний нуруу, гэдэс хавиар илээд байхаар нь би босоод эмээгийнхээ хажууд сууж байгаад удалгүй нойлын цаас аваад гэрээс гараад нойл руу гүйтэл Ц ах араас гарч ирээд намайг нойл руу орох гэж байтал миний гараас татаад намайг нойлын ар луу чирж оруулаад хашаа руу шахаж байгаад миний өмдийг тайлах гэхээр нь би эсэргүүцээд хоёр гараараа өмдөө зуураад байж байтал миний дээгүүрээ өмссөн байсан футболкийг татаж байгаад тайлсан. Дээгүүрээ нүцгэн болчихоор нь хоёр гараараа цээжээ хаатал миний өмдийг тайлах гэж оролдохоор нь би өмдөө тайлуулахгүй гээд өмдөө зууртал миний хоёр хөхийг базаад үнсэж таалаад над руу дайраад байсан. Тухайн үед би болиоч ээ гэж орилоод уйлаад хашгирсан. Тэгсэн чинь над руу улам ойртоод намайг илж таалаад биеэ над руу  наагаад байсан. Тэр үед Ц ахын бэлэг эрхтэн боссон нь миний гэдэс болон гуя хавиар мэдэгдээд байж байтал хашааны хаалга гэнэт дуугарсан чинь Ц  ах зүв зүгээр шээж байгаа юм шиг дүр үзүүлээд “миний хөгшин ирээ юу” гээд гэрийн тийшээ явсан. Тэгэхээр нь би уйлаад өмдөө дээшлүүлээд футболкоо өмсөөд байж байтал ээж ирээд “миний охин яасан бэ” гэж асуухаар нь би ямар нэгэн хариулт өгөлгүйгээр уйлаад л байсан. Тэгсэн чинь манай ээж намайг “маргааш ажилтай юу? ямар нэгэн ажилтай бол ээж нь хүргэж өгье” гэж хэлээд  бид хоёр гэр рүүгээ орсон. Гэртээ ороод ямар нэгэн онц зүйл бололгүйгээр унтаж амраад маргааш өглөө нь ээж намайг сургууль руу хүргэж өгсөн. Тэгээд намар манай ээж ангийн багштай уулзаж байгаад манай дүү бид хоёрыг сургуулийн дотуур байранд оруулсан. Тэгээд 2007 оны намар намайг дотуур байранд амьдардаг байх үед би гэрээрээ ганц нэг очиход Ц манай ээжийг доошоо цус алдтал нь зодож байсан. 2008 оны 03 дугаар сарын 09-ний өдөр амралтын өдөр байсан болохоор дүү бид хоёр гэртээ очсон чинь манай ээж орон дээр буруу хараад хэвтсэн байдалтай, Ц  ах ээж чинь унтаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би угаах хувцаснуудаа бэлдэж байсан чинь орны хөндийгөөс ээжийн өмсдөг хувцас нь цус болсон байдалтай олдохоор нь би “энэ яагаад цус болсон юм бэ” гэж асуусан чинь Ц ах “ойрд ээжийн чинь хамарнаас  цус гараад болохгүй байгаа” гэж хэлэхээр нь би нэг их тоохгүй хувцсаа угаагаад байж байтал үдээс хойш ээж сэрээд босч ирэхээр нь би хартал манай ээжийн бие нь битүү хөх няц болсон байсан. Тэр асуудлаас болж Ц ах цагдаад шалгагдаж эхлээд 2008 оны зун ял аваад шоронд явсан. Тэгээд дүү бид хоёр байрнаасаа гараад гэртээ очиж ээжтэйгээ гурвуулаа амьдарч эхлээд байж байтал 2010 онд Ц шоронгоос суллагдаад манайд ирж дахин бид нартай амьдрах болсон. Тэгээд амьдарч байх хугацаандаа намайг хоол цай аягалж өгөхөөр миний гарнаас барьж илэх, хааяа ард ирж зогсоод миний гуяыг илж, барих асуудал байнга гаргадаг байсан. Хамт амьдарч байх хугацаанд надад үнэхээр хэцүү байсан. Тэгээд байж байтал 2011 оны 05 дугаар сард би хичээлээ тараад гэртээ иртэл гэрт Ц ах ганцаараа архи уусан байдалтай согтуу байсан. Тэгэхээр нь би айгаад хурдан гарах санаатай хуурай идэх юм идээд байж байтал Ц ах босч ирээд миний хажууд суугаад миний хөлийг илээд эхлэхээр нь айгаад гэрээс гарах гэтэл миний гарнаас татаж газар унагаагаад миний дээр гарч суугаад цамц тайлах гэж оролдохоор нь би болиоч ээ гээд уйлаад орилсон чинь тоохгүй миний өмдийг тайлах гэж оролдоод өмд тайлж чадахгүй миний дээгүүрх хувцсыг бүгдийг нь тайлаад намайг цээж нүцгэн болгоод миний өмдийг тайлах гээд товчийг нь тайлахаар нь би өмдөө зуураад тайлуулахгүй ноцолдсон чинь миний хөхөн дээр үнсээд цээжийг минь илж таалаад үнсэж бариад байсан. Тэгэх үед миний гэдэс, гуя орчмоор Ц ахын бэлэг эрхтэн боссон байсан нь мэдэгдэж байсан. Тэгээд байж байтал гаднаас манай найз Туяа орж ирсэн чинь Ц ах баруун ор луу үсэрч гараад нүүрээ дараад дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би хувцсаа аваад найзтайгаа гэрээс гараад хувцсаа өмсөөд сургууль руугаа явсан. Тэгээд би сургууль дээр давтлагатай байсан тэрэндээ очилгүйгээр найзтайгаа сааданд сууж байгаад орой ээжийг харих үед нь гэртээ харьсан. Ц надтай яг бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Гэхдээ миний ээж болон найз тухайн үед ирээгүй бол намайг хүчиндэж надтай бэлгийн харьцаанд орох байсан болов уу гэж би бодож байна. Ц намайг хүчиндэхийг завдах үед би болиоч ээ гэж хашгираад болж өгвөл хувцсаа тайлуулахгүй гэж татаж чангаагаад цааш нь түлхээд зөндөө үзсэн боловч дийлэхгүй байсан. Би тухайн үед ээжийгээ бүр их зовох болов уу, мөн хүнээс их ичдэг байсан болохоор хүнд хэлээгүй. ...Би 2011 онд сургууль төгссөнөөс хойш Хэнтий аймагт очоогүй байж байгаад 2013 оны зун оюутны амралтаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд ээж рүүгээ очсон. 2013 оны 06 дугаар сарын сүүлээр байх манай ээжийн эгч Оюунтуяа Улаанбаатар хотоос ирчихээд байсан. Тэгээд бүгдээрээ аймгийн төвөөс урагшаа манай ээжийн төрсөн ах Энхжаргал гэх айлынд очсон. Тэнд очоод Ц, Оюунтуяа эгч гээд хүмүүс архи ууцгаасан. Тэр өдөртөө Хэрлэн суманд гэртээ ирцгээгээд Оюунтуяа эгч буцаад Улаанбаатар хот руу явна гээд ээж юм бэлдэнэ гээд дэлгүүр рүү явсан. Би тухайн үед Ц-тай цуг гэртээ хоёулаа үлдсэн. Намайг гэр орноо янзалж байх үед Ц миний гарнаас татаж унагаагаад миний футболк, дотуур левчикийг тайлаад дээр гараад өмд тайлахыг оролдоод байсан. Би бахираад өөдөөс нь зодолдож байх үед Оюунтуяа эгч орж ирсэн. Ц шууд гэрээс гараад явсан.

...2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 07 цаг 30 минутын орчим ээжийн ажлын газрын Гантуяа эгч над руу залгаад юм ярилгүй шууд уйлахаар нь “яав эгчээ” гэхэд “ээжийн чинь бие муу, нүүр ам нь аймар болчихсон сэхээн амьдруулахад хэвтэж байна. Та хоёр ирэх үү? У мэдэж байгаа юу? Та хоёр ирсэн нь дээр” гэж хэлсэн. Би тэгээд утсаа тасдаад дүү У руу залгаж хэлсэн. ...Ц-той утсаар холбогдоод “ээжийн бие муу сэхээнд байгаа юм уу” гэхэд “ээж чинь зүгээр, жаахан даралт нь хэлбэлзээд түр эмнэлэгт ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би одоо гарлаа” гэхэд “ирээд яахав, ажил төрлөө алдахын нэмэр, ээж чинь ерөөсөө зүгээр байна” гэхээр нь утсаа таслаад 10 минутын дараа хүүгээ аваад шууд Хэнтий аймаг руу гарч 14 цаг 30 минутад аймагт ирсэн. Гарахдаа Ц-г тосож аваарай гэж хэлсэн бөгөөд намайг ирэхэд Ц тосож уулзаад “ээж чинь ямаанд мөргүүлсэн, сэхээнд байгаа. Хараад цочирдов, хажууд нь уйлж майлаад байв” гэж хэлсэн. Сүхбаатар аймгаас цагийн өмнө ярихад зүв зүгээр байгаа, даралт нь хэлбэлзээд байгаа ирээд яахав ажлаа алдахын нэмэр гэж хэлж байсан хүн ийм юм хэлэхээр нь би шууд зодчихсон юм байна гэж бодсон. Ээж рүүгээ ороход ээж маань хүн харахын эцэсгүй болчихсон байсан. Ээжийгээ ийм байдалтай болсон байгааг хараад зүрх маань зүсэгдэх шиг болсон. Ээжийгээ арай ч ийм болсон гэж бодоогүй байсан. Толгойных нь нэг тал өндөр овойчихсон, овойсон хэсэгт ангайсан нүхтэй, нүх нь тавласан, тэрэн дээр нь дарахад дотор нь шингэн зүйл бамбалзаад, хагарах гэж байгаа юм шиг зөөлөн байсан. 2 нүдний доод зовхи нь хөх ногоон, хоёр нүд нь ув улаан цус хурсан, хамарныхаа хоёр талыг дагаад улаан хөх холилдсон, дух нь улаан,  хөх, 2 гарын бугалга хүрэн улаан болсон байсан. 2 гарынх нь бугалганы улаан хүрэн няцарсан хөхөрсөн гэмтэл нь тэгш хэмтэй зүйлээр цохисон юм шиг гэмтлүүд байсан. Хүзүүний урд талын хэсэг нь хөхөрчихсөн байсан. Багалзуурдсан байх. Гэдэсний хэвлий хэсгээр чирсэн бололтой гэмтлүүд үүссэн байсан. Баруун хөхний доод хэсгээр хөхөрсөн байсан. Баруун талын дал нь байсан байх овойчихсон байсан. Хөл, гуя шагай нь хөхөрсөн, улаарсан, ногоорсон, алагласан байсан. Шагай нь хавантай  байсан. Баруун тохойны хэсэгт нь юмаар түлсэн болов уу гэмээр 2-3 газар шарх байсан. Ээжийн толгой нь битүү бамбалзсан зөөлөн, дагзны 2 хэсэг газар хавдсан бамбайсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Ц-той эмнэлгийн хүлээн авахын үүдэнд таараад “ганц ямаа мөргөхөд хүн ийм болох уу? хичнээн тооны ямаа мөргөөд ийм болгочихвоо?, та зодсон юм биш үү?” гэхэд “та нар намайг зодсон гэж бодоод байна уу” гээд тавласан байдалтай жуумалзаад, шүдээ зуугаад байсан. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ц-оо ээжийг сахиж хоносон. Ээжийн хажуунаас Ц-оо ерөөсөө холдохгүй, намайг ойртуулахгүй байсан тул би ээжтэйгээ ярьж чадаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ц-той зөрж байгаад ээжийгээ сахиж хоносон. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө ээжийн биеийг бүлээн усанд алчуур дүрж арчсан. Тэгээд ээжид чихэртэй хар цай гуурсаар өгөөд “Ээжээ сайхан амарсан биздээ, өнөөдөр их гоё өглөө байна, миний ээжийн бие сайжирч байгаа шүү ” гээд охин нь юм асууя гэсэн. Тэгэхэд  ээжийн нүд сүүмийсэн, хагас аниастай байсан. Ээжийн орны толгойн хэсгийг жаахан өндөрсгөж өгсөн. Тэгээд “охиндоо одоо л үнэнийг хэлэхгүй бол болохгүй шүү, ямаанд мөргүүлсэн юм уу Ц-д зодуулсан юм уу” гэж асуухад ээж гараа удаан өргөөд духны овойсон хэсэг рүүгээ хуруугаа  заагаад үгээ зөөж удаанаар “Ц, Ц,” гэж нэрийг нь 2 удаа хэлээд зодсон гэж хэлсэн. Эмч орж ирээд Осгоо яаж байна, хаана өвдөж байна гэхэд “толгой өвдөж байна, нүд өвдөж байна” гэж  бүдэг бадаг амьсгаадаж хэлж байсан. Бид нар толгойных нь овойсон хэсэгт хүйтэн жин тавьж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө хаван нь буугаад тавалсан хэсэг нь нялцайгаад тэр хэсгээс нь цус гараад байсан. Овойсон хэсэгт нилээн их цус хуримтлагдсан байсан юм шиг байна лээ. Цус гараад л байсан. Тэгээд харахад баруун нүдний хөмсөгний яг дээд талд хар онгойсон нүх байсан. Миний ээж 2018 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө зүрх нь зогсох гээд пульс нь унаад, амь тавих гээд бид сандралдаад яахаа ч мэдэхгүй байхад ээжийн сахиурын орон дээр Ц юу ч болсон шинжгүй унтаад байсан. ...Би энэ хүнийг хараад үнэхээр ой гутаж байсан. Миний ээж энэ хүний гарын шүүсийг олон жил тэвчиж, нууж, дарж амьдарсан. Эцэст нь энэ хүний гарт амиа алдлаа. ...Манай бага дүү Я маань ээжийг эмнэлэгт байх хугацаанд У бид хоёрт “Хэрлэнчимэг гэх эмэгтэй манайд ирж нилээд хоног байсан юм. Дараа нь ээж, дүү, Ц нь Хэрлэнчимэг эгчийн хөдөө гэр рүү очоод Ц архи ууж ээжийн толгой руу цохиж унагаад хромон гутлаараа толгой руу нь дэвсэж өшиглөж, гэдэс рүү нь мөн өшиглөсөн, ээж айгаад гэрээс гарч зугтахаар араас нь гэрт байсан банзыг аваад гарсан. Би айгаад гэрээс гараагүй. Мөн ээж гадаа “яая л даа, болиоч дээ, амь авраарай, туслаарай” гэж орилоход нь Гүрээ ах гарч салгаад Ц-г гэрт оруулаад, дараа нь ээжийг оруулж ирсэн гэсэн. Ээжийн толгой, нүүр, хувцасны урд хэсэг, гуя нь нил цусанд будагдсан байсан. Ээж орж ирээд орон дээр хэвтээд “чи намайг ийм айхтар зодоод байхдаа яадаг юм бэ” гээд уйлсан гэсэн. Тэгэхэд Ц “хохь чинь, маргааш босож ирэхийг чинь харна, түй “ гээд цохиж зодох гээд дайраад байхаар нь гэрт байсан хүмүүс болиулсан. Тэр айлд байсан настай хүн ээжийг толгой, нүүрний цусаа угаахад нь угаалцаж өгсөн гэсэн. Маргааш нь ээж “бие муу байна” гээд орноосоо ерөөсөө босоогүй. Нөгөөдөр нь босоод цай уугаад толгой өвдөөд байна. 2 гар нил хөндүүр байна гэж байсан” гэж дүү маань бидэнд хэлсэн. ...Би маш их гомдолтой байна. Би өөрийн бага дүү Я-ыг өөр дээрээ авч өсгөх болно. Мөн манай дүү У одоо оюутан. Талийгаач ээж, Ц нар банк болон бусад газруудад их өртэй юм билээ. Энэ бүх ачаалал над дээр ирж байна. Ц Заг капиталд машин тавьсан байсныг би 2 сая төгрөг болон торгуулийн 500.000 орчим төгрөгийг нь төлөөд авсан. Манай гэр, газар хашаа бүх хөрөнгийг маань Ц зээлийн барьцаанд тавьсан байсан. Эхлээд Ц-ыг цагдаад өгөхөөр Цагдаагийн байгууллага нэг хонуулаад л гаргадаг байсан. Цагдаагаас гарч ирэхээрээ Ц ээжийг “дахин цагдаад хэлэхгүй болтол чинь зодно” гээд зоддог байсан. Сүүлдээ цагдаад хэлэх юм бол ээж бид нар  алуулах юм байна гэж бодоод цагдаад хэлэхээ больсон. Ц-тай суухаасаа өмнө манай ээж наймаа хийж, хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байсан. Харин Ц-тай сууснаас хойш бидний амьдрал шал өөр болсон. Ц манай ээжийн ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг бүгдийг нь зарж дууссан. Ц намайг сургуульд байхад ээжээс гадуур хоёр ч эмэгтэй хүнтэй явалдаж байгаад баригдсан. Ц өөрөө ийм завхай явдалтай учраас ээжийг байнга хардаж зоддог байсан байх гэж бодож байна. Одоо би 2 дүүтэйгээ юу ч үгүй хоосон үлдсэн. Хашаа, гэр, газар гээд бүгдийг нь барьцаанд тавьсан байна. Бүх зээлүүдийг Ц-аар төлүүлж, оршуулганд гаргасан зардал болон машиныг ломбарднаас авсан гээд бүх зардлыг Ц гэдэг хүнээс нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-25, 29, 81-83 тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.У-ын шүүх хуралдаанд өгсөн: "...Би оршуулгын зардалд 9.000.000 сая төгрөг, 02-00 ХЭҮ улсын дугаартай автомашины зээлийн барьцаанд 2.500.000 төгрөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан торгуулийн хуудас маш их гарсан байсан. Тэдгээрийг бүгдийг төлсөн. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 3.000.000 төгрөг зарцуулсан. Нийт 14.500.000 төгрөг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг

2. Насанд хүрээгүй хохирогч Ц.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өөрийн аав Ц.Ц гэдэг хүнээс маш их айдаг. Яагаад гэвэл Ц ээжийг байнга зоддог байсан бөгөөд намайг хүртэл зодож, айлган сүрдүүлдэг байсан юм. Сая 2018 оны 04 дүгээр сард аав манай ээжийг зодсоныхоо дараа Хэнтий аймагт очсон. Тэгээд ээжийг эмнэлэгт хэвтсэний дараа намайг Чимгээ эгчийн гэрт хүргэж өгөхдөө “Чимгээ эгчдээ ээжийгээ намайг зодсон гэж хэлж болохгүй шүү, цааш нь ярина шүү, ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй, Чимгээ эгчдээ намайг зодсон гэж хэлэх юм бол чамайг ална шүү” гэж маш ууртайгаар хэлээд гутлынхаа түрийнээс хутга гаргаж айлгасан. Тэгээд Чимгээ эгчийн гэр лүү оруулж өгсөн. Маргааш нь аав намайг сургуулиас авахдаа машин дотор “яагаад эгчдээ хэлж байгаа юм бэ? дахин хэлвэл ална шүү” гээд гутлынхаа түрийнд байсан хутгаа гаргах гэж байсан. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр /мартын 8-ны маргааш нь/ Сувдаа эгчийн гэрт Ц согтуу ээжийг аягаар толгой руу нь чулуудсан, бас шанагатай усаар чулуудсан. Тэгээд намайг “2 эгчдээ энэ тухай хэлэх юм бол чамайг хутгаар гарыг чинь зүснэ шүү” гэж айлгасан. Тухайн үед намайг аав Ц.Ц тэгж айлгах үед өөр хүн байгаагүй. 2018 оны 04 дүгээр сард ээжийг аавд зодуулаад эмнэлэгт хэвтэхийн өмнө би Аюуш эгчийнд тоглохоор явлаа гэсэн чинь аав намайг “Аюуш эгчдээ ээжийгээ ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй, тэгж хэлэхгүй бол ална шүү” гэж загнасан. Түрүү жилийн зун буюу 2017 оны 08 дугаар сард би Сүхбаатар аймагт хөдөө У эгчийн гэрт ирээд 10 билүү 11 хоносон. Гэтэл удалгүй Хэнтий аймгаас ээж, Ц хоёр ирээд хөдөөнөөс мал худалдаж авсан. Тэгээд Хэнтий аймаг руу би тэр хоёртой цуг явсан юм. Тэгээд Хэнтий аймагт очиж Ц малаа зараад архи уугаад гэртээ гэрээ түгжиж байгаад ээжийг төмөр шанагаар нуруу руу нь цохиж зодоод байхаар нь би болиоч гэж хашгирсан чинь Ц намайг “чи яасан их ээжийнхээ хэрэгт оролцдог юм бэ гээд над руу төмөр шанага шидсэн. Бас шургуулганаас хутга авч миний хоолойд тулгаж намайг айлгаж байсан. 2017 оны 10 дугаар сард аниа, дүү хоёрыг Сүхбаатар аймгаас ирэхийн өмнөх өдөр Ц архи уугаад ээжийг ажилд нь явуулахгүй гэрээ цоожлоод ээжийг дахиад гараараа зодоод байхаар нь би “болиоч” гэхэд  Ц “ядаргаатай юм бэ, ээжийнхээ хэрэгт дандаа оролцох юм” гээд өлгөөтэй байсан төмөр шанагаар намайг шидээд миний нуруу руу олон удаа цохиж зодсон. Энэ жилийн цагаан сараар буюу 2018 оны 02 дугаар сард би аав ээжтэйгээ Туул эгчийн гэрт очиход гэрийнх нь гадаа аав, ээж хоёр муудаад аав, ээж рүү чулуу шидсэн чинь намайг оносон. Би аавд “та намайг оночихлоо” гэсэн чинь “яадаг юм, дахиад оносон ч хамаагүй” гэж загнасан. Бас намайг 1 дүгээр анги байхад /2016 он/ аав ээжийг зодоод би очоод аавын араас өшиглөсөн чинь намайг ална гээд хутга бариад туусан. Чимгээ эгчийн ах нь нас бараад ажил явдалтай байхад /2016 оны 05 дугаар сард/ аав согтуу гэрт ирээд Б-эй /О.У/ аниаг үсдэж галын пийшин тойруулж чирээд, намайг бас 2, 3 удаа алгадсан. Аав гэртээ байхдаа архи уухаараа байнга дуулж, хашгираад “янхан, пизда, гичий мичий” гээд бахираад намайг загнаад, ойртохоор нүд рүү муухай хараад айлгаад байдаг. Би тэгээд ааваас айдаг болсон. Гэрээс ганцаараа гарахаар нэг мэдэхэд Ц араас хутга бариад дайрч байна гэж бодоод айгаад гадагш гарахдаа аниатайгаа гардаг болсон. Бас хаалга дуугарахаар Ц-г ороод ирж байна гэж бодож айдаг. Манай аав Цогтбаяр нь архи уух болгондоо ээжийг зоддог байсан. Зодох болгондоо л намайг айлгаж, заримдаа зоддог байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48 тал/

3. Гэрч Б.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2011 онд У бид хоёр Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн Ганцэцэг багштай 11в ангид хамт сурч байсан юм. У-тай 4 дүгээр  ангиасаа хамт нэг ангид сурсан. У-ын гэр нь манай гудамжнаас хоёр эгнээний цаана буюу 10 дугаар гудамжинд байдаг байсан юм. Тэднийх тухайн үед их айхтар нохойтой байсныг санаж байна. 2011 онд сургуулиа төгсөх жил байсан болохоор хавар нь өдөр болгон давтлагатай байдаг байсан. Би сургууль руугаа явахдаа У-ын гэрээр дамжаад бид хоёр байнга хамт явдаг байсан юм. Нэг өдөр цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч гэсэн манай анги өглөө хичээл ордог байсан гэхээр давтлага үдийн хойно хийдэг байсан болж таарч байна. Тэгээд давтлагандаа явахаар У-ын гэр рүү очсон чинь нөгөө айхтар нохой нь байхгүй байхаар нь шууд хашаа руу нь яваад ортол У-ын гэрт нь хүн “авраарай” гэж бахирсан. Би яваад ортол У-ын хойд аав нь гэрийнхээ зуухны хойно У-ыг газар хэвтүүлчихсэн дээрээс нь дараад хэвтэж байсан. Тэр үед намайг гэр рүү орж ирэх үед хойд аав нь шууд босоод ор луугаа гараад хэвтчихсэн. Харин У дээгүүрээ ямар ч хувцасгүй, уйлаад босоод ирсэн. Тэгээд шууд хувцсаа газраас шүүрч аваад гэрээс гарцгаасан. Гэрийн гадаа хашаандаа хувцсаа өмсөөд бид хоёр шууд сургууль руу явцгаасан. Харин У сургууль руу явах замдаа юу ч ярихгүй, уйлаад яваад байсан. Тэгээд бид хоёр тэр өдөр давтлагаа таслаад сургуулийн зүүн талын сааданд суугаад би У-ыг тайвшруулаад юу болсон талаар нь асуухад тэр үед надад “Амьдрал ямар хэцүү юм бэ” гээд дахин давтаж хэлээд байсан нь одоо санагдаж байна. Яг болсон асуудлын талаар бол надад тэгсэн, ингэсэн гэж яриагүй .Тэгээд бид хоёр орой болтол сургуулийн сааданд сууж байгаад гэр рүүгээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11-13 тал/

4. Гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2013 онд Хэнтий аймагт 6 дугаар сарын 20-д гаргаад дүү О-даа амралтаараа очоод аймгаас урагш талийгаач ахынхаа гэр рүү Ц, О, У, У нарын хамт явсан. Тэндээ очоод 0.75 литрийн архийг Ц, О, Чимгээ бид нар хувааж уучихаад тэндээ байж байгаад үдийн хойно аймаг руу буцаж дүүгийндээ ирсэн. Тэгээд гадуур явж байгаад буцаад ирэхэд гэр дотор хүн орилох шиг болохоор нь гэр рүү орох гэхэд Ц надтай зөрөөд гүйгээд гарсан. Тэгээд гэрт ороход У нь гэрийнхээ хойморт дээшээ харчихсан уйлаад хэвтэж байсан. Тухайн үед У-ийн өмд нь доошоо өвдөг хүртлээ тайлагдсан, шалдан уйлаад байхаар нь ээж О-г нь утсаар дуудаад танай охиныг чинь Ц оролдоод байгаа юм биш үү гэсэн чинь “Та муу нэртэйгээр нь манай нөхөр рүү дайрлаа, тийм юм байхгүй” гээд надтай бөөн хэрүүл болсон. Манай дүү О нь “хүүхдийн болон манай нөхрийн нэр хүндийг унагаах гэж худлаа яриад байна” гээд хэрүүл хийгээд байхаар нь юм хэлэлгүй гараад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/

5. Гэрч Б.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажиллаж байх үед дотуур байр нь сумдын хүүхэд болон аймагт сургуульдаа явахад хол байдаг хүүхдүүдийг авдаг байсан. Миний санаж байгаагаар У нь дүү У-оо дотуур байранд 2007 онд орж байсан. Орсон шалтгаан нь гэр хол хоёулаа явдаг гээд орсон байх...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 тал/

6. Гэрч Ц.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2007 оны намар хүүхдийн хичээл орчихсон байхад О нь над руу утсаар яриад 2 охиноо Хэнтий аймгийн 4 дүгээр сургуулийн дотуур байранд өгсөн гэхээр нь “яаж байгаа юм бэ” гэхэд “Ц нь охин У-ыг маань оролдсон байна. Тэгэхээр нь дүүтэй нь ханиндаа байг гээд дотуур байранд өгчихлөө” гэж байсан. О нь надад ойлгуулахдаа манай охин У-ыг хүчиндэхийг завдсан гэсэн утгаар хэлж байсан. ...Хоёр охиноо хамт дотуур байранд оруулчихвал санаа амар баймаар байна гэж байсан. Тэгэхээр нь хэзээ хаана оролдсон талаар нь асуугаагүй өнгөрч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 153 тал/

7. Гэрч О.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц.Ц бол манай талийгаач ээжтэй болон эгч, дүү нартай 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Гэхдээ би Ц.Ц-ыг ааваа гэж бодож байгаагүй. Ц.Ц нь манай эгч У бид хоёрыг мөн манай ээжийг байнга зодож дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан талаар би урьд нь мэдүүлэг өгсөн байгаа. Манай дүү Я нь ээжийг нас барсны дараа гэрээсээ ганцаараа гарч чадахгүй айгаад байдаг болсон. Ээжийг нас барсны дараа би сургуулиасаа Хэнтий аймагт ирсний дараа манай дүү Я нь гадагшаа гарах болгондоо эгч бид хоёрын аль нэгнийг заавал дагуулж гардаг болсон. Я дүү маань өдөр ч байсан заавал хүн дагуулж гарна гээд байгаа юм. Түүнээс “яагаад ганцаараа гарч чадахгүй байгаа юм бэ?” гэж асуухад “Ц хүрээд ирвэл яах юм бэ, би айгаад байна” гэдэг. Тиймээс эгч бид хоёрыг байхгүй үед Ц манай талийгаач ээжийг болон манай дүү Я-ыг маш их зодож дарамталж айлгадаг байсан юм шиг байгаа юм. Миний санаж байгаагаар 2016 оны хавар би 12 дугаар анги төгсөх жил аав архи уучихсан согтуу орж ирсэн. Ээж маань ганцаараа ажил хийдэг. Эгч оюутан. Эгчийн оюутны төлбөр гээд ээжийн маань цалин хаанаа ч хүрдэггүй байсан ба би найзынхаа пүүзийг өмссөн байхад аав “хүний юм өмслөө” гээд намайг зодож байсан. Ц нь тухайн үед манай дүү Я-ыг алгадаж, хөл, гар руу нь цохиж зодсон. Мөн 2017 оны 12 дугаар сарын 31-нд намайг гэртээ ирэхэд Ц согтуу, ээж гэртээ байгаагүй. У эгч Сүхбаатар аймгаас ирчихсэн байсан. Ээждээ санаа зовж хайж байгаад түүнийг ажлын газрынхаа Т-д зодуулсан хэвтэж байсныг олсон. Тэгээд ээжийг тэндээ хонуулчихаад гэр рүүгээ харьсан. Ц согтуу машинаа барьж яваад цагдаад баригдсан байсан. Аав гэртээ орж ирээд “янхан ээжийгээ олж ир, янхандаад явж байгаа биз“ гээд эгч болон манай бага дүү Я-ыг хэл амаар доромжилж ална, хядна гээд загнаад байсан. 2015 оны намар Ц нь архи уучихаад бас ээж, Я бид гурвыг зодож байсан. Би 2016 онд оюутан болоод Улаанбаатар хот явсан болохоор гэртээ байнга байж чадаагүй. Тиймээс түүнээс хойш Я-ыг Ц зодож, айлгаж байсан эсэхийг харж байгаагүй. Гэхдээ манай дүүгийн ярьж байгаагаар түүнийг Ц нь зодож айлгадаг байсан гэсэн. 2018 оны 04 дүгээр сард ээжийг нас барахаас өмнө Ц ээжийг эмнэлэгт хэвтүүлснийхээ дараа дүү Я-д “ээжийгээ ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй, үгүй бол ална” гэж хэд хэдэн удаа айлгаж байсан гэсэн. Тэгэхдээ хутга гаргах гэж байсан гэж Я нь эгч бид хоёрт хэлж байсан. Тиймээс Ц нь Я-ыг айлган сүрдүүлж, зодож байсан гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49 тал/

...Миний ээж Д.О нь байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Манай аав Ц.Ц нь байнга манай ээж Д.О-г зоддог байсан. Эрүүл согтуу хамаарахгүй гартаа байсан зүйлээрээ цохидог байсан. Манай гэрт ямар ч хамаагүй эрэгтэй хүн орж ирэхэд хардаж ээжийг зоддог байсан. Урьд манай аав Ц нь ээж О-г зодож 1 удаа ял эдэлж байсан. Ээж элэгний В вирустай байсан. Өөр өвчин байгаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ээжтэй утсаар ярьсан чинь дуу муутай байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярих гээд ээжийнхээ 99......... дугаартай утас руу залгасан чинь Ц утсыг нь аваад “ээжийн чинь даралт ихсээд байна” гээд утсаар яриулаагүй. Хэсэг хугацааны дараа дахиж залгахад “ээж чинь дусал хийлгэж байна, утсаар ярих боломжгүй байна” гэж Ц хэлсэн. Би тэгэхээр нь эгч У руу утсаар залгаж ярьсан. Манай эгч У Сүхбаатар аймагт байдаг юм. Би эгчийг “та ээж рүү утсаараа залга, бие нь муу байх шиг байна” гэж хэлсэн. Эгч удалгүй надруу залгаад ээжийн найз Гантуяатай утсаар ярьсан чинь “ээж эмнэлэгт сэхээнд байна, толгой нь хавдаж, нүд нь хөхөрсөн байна” гэж хэллээ гэж надад хэлсэн. Би тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчим Улаанбаатар хотоос гараад Хэнтий аймагт ирсэн. Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадаа буусан. Талийгаач ээж минь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан. Намайг ирэхэд талийгаач ээж ухаангүй байсан. Хоёр нүд нь хөхөрсөн, толгой, дух хэсэгтээ хавдсан байсан. Би ээжийг хараад уйлсан чинь манай аав Ц “юундаа сүр бадруулж уйлаад байгаа юм, намайг зодсон гэж бодоод байгаа юм уу” гээд загнаад байсан. Ц “ээж чинь ямаанд мөрүүлсэн” гэж надад хэлсэн. Манай ээж 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 11 цаг 05 минутад нас барсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 тал/

8. Гэрч С.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Анх талийгаачийг эмнэлэгт хэвтсэний дараа 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Ц нь Я-ыг дагуулж ирээд “Я-г танайд орхие, О-ийн даралт нь унаад эмнэлэгт хэвтсэн, намайг сахиж хоно гэнэ ээ, хүүхэд байлгахгүй гэнэ” гэсэн. Тэгээд Я-оос асуухад “ээж хөдөө очоод ямаанд мөргүүлсэн” гэж хэлсэн. Дараа нь Я надад “Ц  намайг Чимгээ эгчдээ олон юм яривал ална шүү, ээжийгээ ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй” гэсэн гэж ярьсан. Би Ц, О нартай нэг хашаанд 2 жил орчим цуг амьдарсан. Ц ер нь архи уухаараа маш хэрцгий араатан шиг зантай. О-г зодож дарамталдаг байсан. Талийгаач О нь Ц-ыг архи уусан үед түүнээс хоёр хүүхдээ дагуулаад зугтаагаад айлаар болон ажил дээрээ хонож явдаг байсан. Сүүлдээ хоёр охиноо сургуулийн дотуур байранд оруулж байсан. Ц-ыг би Я ч гэхгүй хоёр том охиноо хүртэл айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/

9. Гэрч О.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...”Намайг Хэнтий аймагт цуг амьдарч байхад Ц нь заримдаа чанга дуугаар манай дүү Я-ыг загнаж байсан тохиолдол байгаа. Сүүлд Я-оос өөрөөс нь сонсоход Ц түүнийг архи уусан үедээ загнаж, зодож байсан гэсэн. 2018 оны 04 дүгээр  сард манай ээжийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь Ц манай дүү Я-ыг “ээжийгээ ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй, үгүй бол ална шүү” гэж загнаж, хутга гаргаж айлгадаг байсан гэж ярьж байсан. Мөн ээжийг нас барсны дараа  манай дүү өдөр ч байсан гэрээсээ ганцаараа гарч чадахгүй, заавал хүнтэй цуг гардаг болсон. Яагаад ганцаараа гарч чадахгүй байгаа талаар нь асуухад “Ц хүрээд ирвэл яах юм бэ, би айгаад байна” гэдэг болсон. Мөн хаалга хүчтэй савахад хүртэл айдаг болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52 тал/

10. Насанд хүрээгүй гэрч Ц.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэрлэнчимэг гэдэг хүн Баян-Овоо сумаас хоёр хүүхдийн хамт манайд ирээд 4 хоносон. Манай аав ээжтэй хамт 3 хоног архи уусан... Хэрлэнчимэг гэдэг хүн манай аав, ээжийг Мөнххаан гэдэг газар очиж ямаа самнуулахаар болсон. Манай машинтай аав, ээж, Хэрлэнчимэг эгч хоёр хүүхэдтэйгээ хөдөө явсан. Би бас аав, ээжийгээ дагаад явсан. Өдөр 12 цагийн орчим гэрээс гарсан. Хэрлэнчимэг эгчийн аавынх нь гэрт үдээс хойш ирсэн. ...Батхуяг ахын гэрт очоод архи ууцгааж байгаад гэр дотор аав, ээж хоёр зодолдоод аав Ц ээжийг түлхэж унагаагаад элэг рүү нь бакалтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Гэтэл Гүрээ ах болиулаад аавыг орон дээр суулгаад ээж гэрээс гараад явсан. Аав араас нь хадаастай банз аваад гарсан. Гэтэл ээж “аллаа, авраарай” гээд бахираад байсан. Гүрээ ах гаднаас орж ирээд асуухад Амгаа эгч “нөгөө хоёр чинь гадаа зодолдож байгаа” гэсэн. Гэтэл Гүрээ ах гарч аавыг дагуулж орж ирсэн. Амгаа эгч “Осгоо яасан бэ” гэхэд Гүрээ ах ээжийг баруун гэрт нил цус болоод л байж байна гэсэн. Гүрээ ах аавтай цуг орж ирээд “Ц ах О эгчийн толгой руу банзаар цохиод, бакалтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн” гэж ярьсан. Ээж араас нь нүүр, ам, хувцас нь битүү цус болчихсон, гар нь хөхөрсөн орж ирэхэд Амгаа эгч ээжийн цусыг цэвэрлэж өгсөн. Хэрлэнчимэг эгч “чи яагаад Осгоо эгчийг зодож байгаа юм бэ” гэсэн чинь аав “чи нөхөртөө зодуулж байхдаа таарсан хулгайч байна ш дээ” гээд нүүр рүү нь өшиглөсөн. Гэтэл ээж болиоч гэсэн чинь аав гараа зангидаж байгаад хацар руу нь цохисон. Хэнтий аймагт ирээд ээж эмнэлэг явах гэсэн чинь аав “ажлынхан чинь таарчихна, нүд нь хөхөрсөн байгааг харчихна” гээд Хэрлэнчимэг эгчийг эмнэлэг рүү явуулсан. Бас ээжийн ажил дээр ээжтэй, би, Хэрлэнчимэг эгч 2 хүүхэдтэйгээ очоод юм угаагаад тэндээ хоносон. Эмнэлэг дээр ээжийгээ үзүүлсний дараа эмч нар жоохон хүүхэд байлгахгүй гээд байсан. Тэгээд аав “Чимгээ аниадаа ээжийгээ ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй. Бас том аниагаа асуувал ямаанд мөргүүлсэн гэж хэлээрэй.   Тэгж хэлэхгүй бол чамайг ална шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 157-159, 160 тал/

11. Гэрч Б.Гүрдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Ханангийн Энгэр” гэх газарт манайх нутагладаг юм. 2018 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Орой малаасаа 17 цагийн орчимд ирэхэд гэрийн гадаа цагаан өнгийн пробокс маркын машин ирсэн байхаар нь аав Батхуягийн гэрт ороход Хэнтий аймгаас манай эгч Хэрлэнчимэг 2 хүүхэдтэйгээ, зүс таних Ц, О нар хүүхэдтэйгээ ирсэн байсан. Манай аав Батхуяг, ээж Амарсанаа нартай хамт архи уугаад дуулалдаад байж байсан. Би орж ирээд чихэр боов идчихээд буцаад малдаа яваад орой 20 цаг өнгөрөөж ирээд хоол идчихээд согтуу хүмүүстэй юу хийхэв орж унтъя гээд гарах гээд байж байхад манай аав Батхуяг нь нилээн согтсон байдалтай “аавыгаа гаргаад бие засуулчих” гэхээр нь гаргаж бие засуулчихаад буцаж оруулаад хойморт газраар зассан оронд унтуулсан. Тэгээд би зүүн гэрт ороод унтаж байтал шөнө гадаа эмэгтэй хүмүүс болиоч гээд бахираад байхаар нь гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд Ц нь “зүгээрээ зүгээр” гэхээр нь буцаж ороод унтсан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө босоход шуураад байхаар нь малдаа явж байгаад үдийн алдад ирээд цай уухад Ц ахын эхнэр О нь зүүн орон дээр толгойгоо боочихсон сууж байсан....Ц ах О эгч нар хоорондоо муудах нь муудсан. О эгчийн толгой руу юугаар цохисныг мэдэхгүй ямарч байсан боосон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-108 тал/

...Намайг гэрийн үүд орчмоос баруун тал руу алхаж явахад Ц ах тааралдсан юм. Би юу болов гэсэн чинь зүгээр зүгээр гэсэн шиг санагдаж байна. Ц ахын хажуугаар зөрөөд алхтал эмэгтэй хүн ёолсон, гингэнэсэн чимээ гарсан. Тэр зүгт харахад Д.О эгч гэр налж явган суусан, хоёр гараараа толгойгоо дарж доошоо харсан байдалтай сууж байсан. Яасан бэ, та яав гээд би Д.О эгчийг дээшээ босгоод Ербиш эгчийн гэр рүү аваад явсан. Ороход үс нь аймар арзайгаад сэгсийчихсэн, хүн аймаар, цус нь гоожоод үс нь нүүрэн дээрээ наалдчихсан нилээн их цус гоожсон байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 22-23 тал/

12. Гэрч И.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар баг Ханангийн энгэр“ гэх газар нутагладаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед манай гэрт Ц эхнэр О, охинтойгоо мөн манай охин Хэрлэнчимэг, хоёр хүүхэдтэйгээ ирсэн байсан. О манай Хэрлэнчимэг хоёр анх ирэхдээ архи уусан байсан. Тэгээд Ц нь маргааш буцна гэж байсан. Тэгээд 2 шил 0.75 л “Ерөөл” архи уусан. Би өдөр малд явсан болохоор ядраад унтаад өгсөн. Тэгээд өглөө босоход О нь толгойгоо юмаар боочихсон байхаар нь яасан юм бэ гэхэд Ц намайг зодоод гэхээр нь “Чи яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ” гэхэд “Би санахгүй байна. Би зодсон л байна” гэхээр нь “чи ирэхдээ эрүүл ирчихээд яагаад согтдог юм бэ“ гэхэд “дүү нь архи их уугаад байдаггүй юм” гэж байсан. Охин нь аав, ээжийг модоор цохисон гэж байсан. Мөн О нь 2 гараа болон хөлийнхөө шилбийг харуулахад хөхөрчихсөн байхаар нь яагаад ийм болчихвоо гэхэд намайг модоор цохиод ийм болгочихлоо гэж байсан. Би бодохдоо модоор зодсон гэхээр нь толгой руу нь ч гэсэн модоор цохичихсон байна гэж бодсон. Ц нь би мэдэхгүй байна гээд байсан. Тэр өдөр О толгой өвдөөд байна тэнгэр гайгүй бол явмаар байна, очиж үзүүлмээр байна гээд байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 109-111 тал/

13. Гэрч Г.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд манай гэрт манай охин Хэрлэнчимэг нь Хэнтий аймгаас Ц, О нарыг дагуулаад ямаа самнана гэж ирсэн. Тэгээд 2 шил архийг Хэрлэнчимэг, Ц, О, мөн нөхөр Батхуяг нарын хамт хувааж уусан. Анх манай гэрт ирэхдээ О, Хэрлэнчимэг хоёр архи уусан байдалтай ирсэн. Ц жолооч гээд уугаагүй байсан. Тэгээд архи ууж дууссаны дараа унтах гээд ороо засаад хэвтэж байхад О, Ц нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Манай гэр дотор байхдаа О, Ц нар хоорондоо маргалдаад бие биенийхээ гарын бугалга болон цээж хэсэг рүү цохилцож байгаад зууралдаад гэрээс гарцгаасан. Тэр хоёрын араас Хэрлэнчимэг гарсан. Тэгээд гадаа бахиралдаад удахгүй орж ирцгээсэн. Орж ирэхдээ О-ийн нүүр нь цус болчихсон Хэрлэнчимэг, Гүрдорж, Ц нар цуг орж ирсэн. Би та хоёр яагаад муудаад байгаа юм бэ гэхэд О “энэ муу намайг цохисон” гээд нөхөр Ц-тайгаа муудаж байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь О “бүх бие янгинаж өвдлөө” гээд өдөржингөө хэвтсэн. Духан дээрээ үзүүртэй юмаар цохиулсан байдалтай гүнзгий шархтай, нүд нь хөхөрч хавдсан байсан. Түүний охин Я маргааш нь аав ээжийг модоор цохисон гэж ярьж байсан. Манай гэрт тэр хоёр маргалдаж байхдаа бие биенийхээ цээж, гар руу нь гараараа цохилцоод байсан. ...Тэр хэдийг гэрийн гадаа бахиралдахаар манай хүү сэрж тэднийг гэрт оруулж ирсэн юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 тал/

14. Гэрч М.Ербишийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 04-ний эсхүл 05-ны үед манай хөрш айл Батхуягийн гэрт орой 18 цагийн орчим найзууд бололтой цагаан машинтай хүмүүс ирсэн. Орой цагийг нь сайн санахгүй байна. Би боорцог хайраад Батхуягийн гэр рүү ороход 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн, 3 хүүхэд цай ууцгаагаад сууж байсан. Тэгээд би гэртээ орж ирсэн. Орой 21 цагийн орчим байх Батхуягийн хүү Гүрдорж ирээд “манайд хүмүүс ирсэн байна” танайд хоноё гээд унтсан. Тэгээд би ч унтаад өгсөн байна лээ. Орой 23 цагийн орчим байх нэг сэрэхэд Гүрдорж нь нэг хүүхэн дагуулж орж ирээд “Энэ хүүхэн нөхөртэйгөө муудаад нөхөр нь толгойг нь язалчихсан байна. Цусыг нь угаачихъя” гэсэн. Тэгээд цусыг нь угаагаад Гүрдорж тэр хүүхнийг дагуулаад гарсан. Тэгээд удалгүй орж ирээд унтсан...“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 114-115 тал/

15. Гэрч Б.Хэрлэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирж танил ах Ц, эгч О нарын гэрт очсон. ...Ингээд би маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шуудангаар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумруу явна гэж байтал Ц ах, О эгч хоёр ажлаасаа чөлөө авчихлаа хамт явъя, очиж ямаа самная гээд цуг явж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн хойш 30 гаран километрийн зайтай байдаг манай аав Батхуягийн гэрт очсон. Замдаа О эгч Ц-т архи өгөхгүй хол замд машин бариад явж байна гээд архи ч өгөөгүй. ...Ингээд манай аавынд очоод би авч явсан 1 шил архиа аавдаа өгсөн. Манай аав тэр архийг задалж Ц, О, би, манай аав Батхуяг, ээж Амарсанаа бид нар хувааж уусан. Ингээд Ц 1 шил архи гаргаж аавд өгсөн. Би аавын задалсан 2 дахь шил архинаас ууж байгаад зарим зүйлийг одоо санахгүй байна. Тэгтэл О эгч, Ц  ах хоёр хоорондоо маргалдсан. Юунаас болсон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд О эгч бие засахаар гарахад Ц ах араас нь гарсан. Тэгээд тун удахгүй О эгч гэрийн баруун талд яая аа гээд муухай бахирахаар нь манай дүү Гүрдорж гарч очоод О эгчийг гэрт дагуулж орж ирэхэд хамарнаас нь цус гарсан байхыг би харсан. Орж ирээд хувинд нүүрээ угаасан. Тэгэхэд духных нь баруун талд үс, духны уулзвар хэсэгт дугуй хэлбэртэй бөөрөнхий дүрс үүсээд хавдаад овойчихсон байсан. Харин маргааш өглөө нь О эгч аавын гэрт байхдаа аав, ээж, надад баруун зүүн гарын бугалга нь алгын чинээ хөхөрчихсөн байсныг харуулаад “Ц намайг зодоод ийм болгочихсон байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 тал/

16. Гэрч Д.Энхсаруулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач маань манай хашаанд нөхөр Ц.Ц болон хүүхдийн хамт гэртэйгээ амьдардаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр талийгаач, Ц нар хөдөө явсан юм билээ. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талийгаачийн бага охин Я манай гэрт ороод ирэхээр нь би “хаашаа явсан бэ” гэж асуухад “аав, ээжтэй цуг Мөнххаан яваад ирлээ, ээж ямаанд мөргүүлсэн” ч гэх шиг сонин юм яриад байсан. Тэгэхээр нь 2 цаг орчмын дараа би тэдний гэрлүү ороход Ц гэрийнхээ гадаа машинаа янзлаад зогсож байсан. Би гэрлүү нь ороход талийгаач зуухныхаа зүүн талд хойшоо хараад сууж байгаад надтай зөрөөд гарсан. Одоо бодоод байхад тухайн үед талийгаач маань өөрийнхөө зодуулсан байдал, нүүр амаа надаас нуугаад л байсан юм шиг байгаа юм. Маргааш өглөө нь талийгаач ажилдаа гараад явсан байх өдөржин гэртээ байгаагүй юм. 1 дэх өдрийн өглөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө Я орж ирээд ээж эмнэлэгт үзүүлж байгаа гэсэн. Тухайн өдөр би талийгаачтай уулзаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд Ц орж ирээд “манай эхнэр Д.О-ийн даралт нь буучихсан байна, үзээд өгөөч“ гэсэн. Манай эхнэр миний даралтыг байнга үздэг учраас даралт хэмжих багажтай байсан юм. Тэгээд манай эхнэр тэдний гэр рүү орчихоод буцаж орж ирэхдээ “ямаанд мөргүүлсэн гэхэд гар мар нь хөхөрчихсөн байна гэж байдаг юм байхдаа, даралт нь бүр буучихсан байна, түргэн дуудчихлаа” гэсэн. Тэгээд удалгүй түргэн ирж талийгаачийг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт хэвтэж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан...Талийгаач зээл авч мал авч зарлаа гэдэг мөртлөө манай гэр рүү орж ирээд сонгино авах гэсэн юм, усны мөнгө байна уу гэж их орж ирдэг байсан. Тиймээс талийгаачид мөнгөний ямар нэгэн эрх мэдэл байхгүй, бүх эрх мэдлийг Ц.Ц л мэддэг байсан юм шиг байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр байх /хугацааг нь сайн санахгүй байна/ талийгаач манай гэрт халамцуу орж ирээд Ц-тай муудахдаа “толгой өвөөд байна, чи муу миний толгой руу цохисон биз дээ” гээд Ц-ыг загнаж байсан. ...Ц нь архи уухаараа маш агсам, гэр орныхоо эд зүйлийг эвддэг, согтохоор нь талийгаач хүүхдүүдээ дагуулаад яваад өгдөг байсан. Тэгээд эрүүл болохоор нь ирдэг байсан. Тэгэхээр Ц согтохоороо их овилгогүй эхнэр хүүхдээ зодож дарамталдаг байсан байх гэж бодож байна...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117-119 тал/

17. Гэрч Д.Юрагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр миний дүү Энхнаран утсаар яриад “О нь эмнэлэгт хэвтсэн бие нь муу байна. Ямаанд мөргүүлсэн гэнэ. Та яриарай” гэсэн. Тэгээд би тэр дор нь О-ийн нөхөр Ц-тай утсаар яриад “О яасан бэ?” гэсэн чинь Ц “ямаанд мөргүүлчихсэн юм” гэхээр нь “ямаанд мөргүүлсэн хүн яагаад эмнэлэгт хэвтдэг юм” гэсэн чинь Ц утсаа тасалсан. Тэгээд би О-ийн том охин У-тай утсаар яриад “ээж чинь яасан бэ?” гэсэн чинь “Ээжийг маань аймар болгосон байна. Ямаанд мөргүүлсэн биш байхаа, хөл гар нь хөхөрч хавдсан, 2 нүд нь хөхөрсөн, дух нь хавдсан байна” гэж ярьсан. Тэгээд би Ц-ын 98....... дугаарын утсаар залгаж “...ямаанд мөргүүлсэн хүн ийм байдаг юм уу, тэр ямаа чинь эзэнтэй юм байгаа биз дээ” гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Тэгэхээр нь би дахин залгаад “Би ар гэрээс нь ярьж байна. Чи амь насыг нь хариуцаарай” гэж хэлсэн чинь “Би О-г зодоогүй. Та өөрөөс нь асуухгүй юу” гэж хэлсэн. Ц нь манай дүү О-г зодсон асуудлаар 2 жилийн ял эдлэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 92 тал/

18. Гэрч Д.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаачийг нөхөр Ц нь байнга зодож, дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг байсныг нь манай ажлын бараг бүх хүн мэднэ. Би ч сайн мэднэ. Хугацааг нь сайн санахгүй байна. 2008 оны үед байх гудамжинд Ц нь талийгаачийг зодож нүүрэн дээр нь  дэвсэж байсныг би харж байсан. Тэр өдрийнх нь орой би санаа зовоод 2 багштайгаа талийгаачийн гэрт очиход хаалгаа тавьж өгөхгүй маш удаан болж тайлж өгсөн. Тэгээд бид гэрт нь ороход талийгаач орон дээрээ хэвтчихсэн, Ц наагуур нь суучихсан байсан. Тэгээд анх харахад гайгүй юм шиг байхаар нь гарах гэтэл талийгаач биднийг гарч болохгүй гээд ирмээд байхаар нь орон доогуур харахад төмпөнтэй ус нь улаан өнгөтэй, цус угаасан юм шиг болчихсон байсан. Дараа нь талийгаачтай уулзаад асуухад та нарыг ирээгүй байсан бол би Ц-д алуулах байсан байх, та нарыг хаалга нүдэж эхлэхэд миний нүүрний цусыг угаасан байсан гэж ярьж байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдэж Ц шоронд явсан. Шоронгоос гарч ирснийх нь дараа талийгаач Ц-тай нийлсэн юм билээ. Шоронгоос гарсны дараа ч гэсэн талийгаачийг Ц байнга дарамталж зоддог байсан тухай талийгаач байнга ярьдаг байсан. Ер нь Ц-ын талийгаачтай харьцаж байгаа харьцаа муухай, дээрэнгүй, дарамталж харьцдаг байсан. Би талийгаачийг байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зодуулж, дарамтлуулж байсан гэж бодож байна. 2018 оны өвөл цагаан сарын дараа талийгаач хөмсөг нь язарчихсан, дух нь хавдчихсан явж байна гэж ажилчдаас сонсож байсан. 2018 оны 04 дүгээр сарын эхээр намайг жижүүр багш хийж байхад талийгаач над руу байн байн утасдаад хот руу явж эмчилгээ хийлгэх гэж байгаа гэж ярьсан. Түүнээс хойш талийгаачийг ухаангүй эмнэлэгт байхад нь орж харахад нүүр, гарын бугалга, хөлний шагай, гуя хэсгүүд нь тэр чигтээ хөхөрч хавдсан байсан. Талийгаачийг нөхөр Ц нь зодсон гэдэг нь ойлгомжтой болсон. Ямаанд мөргүүлсэн хүн тийм байхгүй. Угаасаа Ц аймаар зэрлэг талийгаачийг байнга зодож дарамталдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 тал /

19. Гэрч Ө.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач Д.О хувь хүний хувьд хүнд тусархуу, хөгжилтэй, яриа хөөрөө сайн, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, хамт олондоо нэр хүнд сайтай хүн байсан. Талийгаачийг Ц гэдэг хүнтэй суухаас өмнө нь таньж найзалдаг байсан. 2007 оноос хойш талийгаач бид хоёр цуг ажилладаг болсноос хойш талийгаач байнгын биедээ гэмтэлтэй, биеийнх нь энд тэнд хөхөрчихсөн, нүүр нүд хавдчихсан байдалтай маш их явдаг байсан. Тэгээд талийгаачтай уулзахаар заримдаа ямар нэгэн эд зүйл мөргөсөн, мөн нөхөр Ц зодлоо гэж хэлж байсан. Гэхдээ талийгаачийн нүүр, нүд, биеийн хэсгүүд нь бэртсэн болгонд нь Ц зоддог байсан байх. Тэр ямар нэгэн эд зүйл мөргөсөн гэж хэлж байсан нь бүгд худал хэлж байсан. Дараа нь талийгаачтай уулзаад асуухад Ц л зодсон гэж хэлдэг байсан. Ц.Цнь өөрөө талийгаачийг маш их харддаг, гэрээсээ гаргадаггүй, гар утас бариулдагггүй, байнга дарамталж байсан. Талийгаач утсаар ярих хэрэг гарах үедээ бид нараас гуйж ярьдаг байсан. Мөн талийгаачид ямар нэгэн мөнгөний эрх мэдэл байдаггүй байсан. Ажил дээр мөнгө хураах шаардлага гарах үед Ц-с авч өгнө гэж хэлдэг байсан. Мөн талийгаачийн нөхөр Ц хувцас авч өгдөггүй. Бид нар хуучин хувцсаа хүртэл өгдөг байсан. Ажил тарах цаг болохоор ажлын гадаа ирээд аваад л явдаг байсан. Сууснаасаа хойш байнгын гэр бүлийн дарамтад байдаг байсан. Зодуулж дарамтлуулж байдаг тухайгаа надад ярьдаг байсан. Мөн зодож дарамталснаас болж манайд болон өөр айлуудаар явж хонодог тохиолдол маш олон. Тэгж манайд хонохоор ирэх болгондоо нүүр нүд, биеийн гар хэсэгтээ хөхөрч хавдсан, зодуулсан байдалтай ирдэг байсан. Тэр болгонд асуухад Ц л зодсон байдаг. Мөн Ц-аас зугтаагаад ажил дээрээ их хонодог байсан. Харин 2013 онд талийгаач надаас Ц-ыг ажилд оруулаад өгөөч гээд гуйхаар нь цэцэрлэгт жижүүрээр оруулсан. Ц архи уухаараа их агсан, дандаа асуудал тариад байдаг байсан. Тэгээд бид 2016 онд хамт олноороо Ц-ыг архины эмчилгээнд явуулсан. Түүнээс хойш Ц арай гайгүй болж, эхнэр хүүхдээ дарамтлах нь гайгүй болсон байх гэж бодож байсан юм. Талийгаач ч зодлоо, дарамталлаа гэж ярихаа больсон. Тиймээс Ц талийгаач нарын хоорондын харилцааг гайгүй болчихлоо гэж бодоод яваад байсан. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талийгаач гараатай байсан юм. Гэтэл тэр өдөр Ц-ын ах ажил дээр ирээд “Ц, О хоёр ахынх нь бие нь муу байна гээд Улаанбаатар хот руу явлаа, намайг гараад өгөөч гэнэ ээ” гэсэн. Би тухайн үед ямар ах юм бол гэж бодоод О, Ц руу утсаар нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хэд хоног ажилдаа ирэхгүй болохоор нь гайхаад талийгаачийн утас руу хамт ажилладаг Т-тэй байх үед залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Хэд хэд залгасны дараа Ц  утсаа аваад “Д.О-ийн даралт хэлбэлзээд, эмнэлэгт сэхээнд байна, та хоёр ирээд хэрэггүй, одоо ярьж чадахгүй байгаа” гэхээр нь Төмөрчөдөр бид хоёр эмнэлэг рүү очиход талийгаач сэхээнд хэвтчихсэн 2 нүд нь хөхөрч нүүр нь битүү хавантай, ухаангүй шинжтэй нүд нь гөлийчихсөн дух хэсэг дээр нь хавдчихсан байсан. Тэгээд бид хоёр “юу болсон бэ найзаа” гээд уйлсан чинь талийгаачийн хоёр нүднээс нь нулимс гараад ярьж чадахгүй байсан. Тэгээд удалгүй Ц орж ирэх үед талийгаач У гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц-с У-д хэлээгүй юм уу гэхэд тэр дуугарахгүй гараад явсан. Талийгаачаас У-ийн дугаар хэд вэ гэхэд миний чихэнд дуулдах төдий л хэлсэн. Удалгүй сувилагч орж ирээд талийгаачийн памперсийг солих гээд хөнжлийг нь сөхөхөд түүний хөл, гуя нь тэр чигээрээ хавдчихсан, энд тэнд нь маш их газар хөхөрч няцарсан байдалтай байсан. Тэгээд сэхээний өрөөнөөс гараад угаалгын өрөөнд Ц-тай уулзаад юу болсон талаар асуухад “бид хоёр хөдөө яваад ямаа самнаж байтал О-г ямаа ирээд мөргөсөн” гэж хэлэхэд “ямаа мөргөхөд ийм болдог юм уу”” гэж хэлээд гараад явсан. Гарсныхаа дараа талийгаачийн охин У-д утсаар нь ээжийн чинь биеийн байдал муу байна, чи хурдан ир” гэж хэлсэн. Маргааш өглөө нь би У-ай цуг эмнэлэг дээр ирж талийгаачийн хувцсыг солиход түүний хоёр гар мөн энд тэндээ хөхөрч няцарсан байдалтай байсан. Тэгээд анх талийгаачийн биеийн байдлыг харахад л ямаанд мөргүүлсэн биш хэн нэгэнд зодуулсан байна гэдэг нь харагдаж байсан. Тухайн үед талийгаачийг Ц л зодсон гэж бодсон. Угаасаа Ц урьд талийгаачийг байнга зодож дарамталдаг байсан. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талийгаач манай гэрт ирэхэд түүний дух нь хавдаад түүнийгээ үсээрээ далдалсан, нүд нь хөхөрсөн байдалтай орж ирэхээр нь учрыг нь асуухад талийгаач надад “Ц аягаар шидчихсэн, сүүлийн үед Ц архи уугаад байгаа” гэж хэлсэн. Талийгаач сүүлийн үед дуу муутай болчихсон, ангид орж ирээд цай ууж байх үедээ хүртэл дуугүй болчихсон байсан. Мөн ажлын хүмүүст “Ц-с салмаар байна, салъя гэхэд бид хоёр аягүй их өртэй” гээд ярьсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122-124 тал/

20. Гэрч С.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...5-6 жилийн өмнө байх хугацааг нь сайн санахгүй байна. Талийгаач нэг өдөр гутлаа өмсөж чадахгүй нөхөр Ц намайг зодоод хавирга хугалчихсан гээд ярьж байсан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр талийгаач нөхөр Ц-гаа хамт манай гэрт ирээд жаахан архи уучихаад талийгаач Ц-т хандаж “би чамайг үр хүүхэдтэй, машин тэрэгтэй болголоо” гэхэд нөхөр Ц нь талийгаачийг цохих гэж далайхаар нь  нөхөр бид хоёр болиулсан. Гэтэл Ц манай гэрээс гарахдаа талийгаачийг түлхээд унагаагаад явж байсан тохиолдол байгаа. Тэр орой охин нь ирж ээжийгээ харчихаад битгий гэр рүү нь явуулаарай гэж хэлчихээд гараад явсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын дундуур талийгаачийн толгой нь овойгоод хавдчихсан, нүд нь хөхөрсөн байдалтай ажил дээгүүрээ явж байсан. Учрыг нь асуухад ширээ мөргөчихсөн л гэж өөрөө ярьсан. Би дотроо бодохдоо нөхөр нь л зодсон биз гэж бодож байсан болохоор түүнээс дахиж асуугаагүй. Ер нь сүүлийн үед их дуу цөөтэй болоод гэр рүүгээ их яардаг болсон. Хурдан явахгүй бол Ц ирж байгаа гээд яараад сандраад байдаг болсон. 2018 оны 04 дүгээр сарын эхээр байх хугацааг нь сайн санахгүй байна. 2 дахь өдөр байсан. Талийгаач ажилдаа ирэхгүй болохоор нь цуг ажилладаг Гантуяа бид хоёр түүний нөхөр Ц нь зодчихсон юм болов уу, яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бол гэж бодоод Ц руу би утсаар залгасан. Эхлээд гурван удаа залгахад Ц утсаа аваагүй. Дахин залгахад утсаа авахаар нь талийгаачийг асуухад “даралт нь хэлбэлзээд эмнэлэгт сэхээнд байгаа та хоёр очоод хэрэггүй” гэсэн. Гэтэл Гантуяа эмнэлэг дээр очиж үзье гээд очиход талийгаач дээшээ хараад хэвтчихсэн, нүүр ам нь битүү хавантай, дуу нь цаашаа орчихсон байсан. Тэгээд л би дотроо нөхөртөө зодуулсан байна гэж бодсон. Бид хоёроос охин У-гаа асуугаад байсан. Ц-ыг ирэнгүүт нь Гантуяа бид хоёр ажил руугаа явсан. Ажил дээр ирсний дараа Гантуяа талийгаачийн охин У руу залгаад “миний дүү хурдан ирээрэй, ээжийн чинь бие их муу байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 131-133 тал/

21. Гэрч Х.Ганбямбын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д.О-г нас барсны дараа ажилчдын дунд түүнийг нөхөр нь айхтар зодож дарамталдаг байсан гэж ярьж байсан. ...Талийгаач элэгний циррозтой гэдэг байсан. Үйлчлэгч байх үедээ саван, угаалгын нунтагтай харьцах нь элгэнд муугаар нөлөөлдөг, тиймээс жижүүр болмоор байна гэсээр байгаад жижүүр болсон. Мөн хөл муутай хүн байсан. Хамт олноороо нийлсэн үедээ архи хааяа хэрэглэдэг байсан...“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 тал/

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 695 дугаартай:

1. Д.О-ийн биед духанд няцарсан шарх, баруун, зүүн шуунд зулгаралт, дух, хоёр нүд, хоёр хацрын төвгөр, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, тохой, чигчий хуруу, баруун гуя, шагай, зүүн тавхай, шагайнд цус хуралт, дух хоёр хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүсгэгдсэн байна.

4. Талийгаач Д.О нь элэгний холимог зангилаат хатуурал, элэгний В вирусийн шалтгаант архаг үрэвсэл, дэлүү томрол, улаан хоолойн доод 1/3 хэсгийн венийн судасны өргөсөл, цусны даралт ихсэх өвчин зэрэг архаг хууч өвчтэй байсан байна.

5. Талийгаач Д.О нь элэгний холимог зангилаат хатуурал, элэгний В вирусийн шалтгаант архаг үрэвсэл өвчний улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

6. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь үхэлд хүргээгүй бөгөөд үхэлд хүргэсэн өвчнийг сэдрээх шалтгаан болохгүй.

7. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн бөгөөд амь нас аврах боломж муутай байжээ.

8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Бямбатуяагийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 57 тал/

23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 360 дугаартай:

1. Талийгаач Д.О-ийн биед духанд няцарсан шарх, дух, хоёр нүд, хоёр хацрын төвгөр, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, тохой, чигчий хуруу, баруун гуя, шагай, зүүн тавхай, шагайнд цус хуралт, дух, хоёр хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Талийгаач нь элэгний В вирусийн шалтгаант архаг үрэвсэл, элэгний хатуурал, өвчний улмаас элэгний дутагдалд орж нас баржээ.

5. Талийгаачийг үхэлд хүргэсэн өвчин нь ...гадны хүчний үйлчлэлээр уг өвчин сэдрэх боломжтой болно...” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 225 тал/

24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 360 дугаартай дүгнэлтэд хавсаргасан шинжээч Д.Даваадоржийн:

1. Талийгаач Д.О-ийн гавал тархины битүү гэмтэл, нүдний ухархайн ясны гэмтэл гэж тогтоосон гэмтэл судлал болон шүүх эмнэлгийн эмч нарын дүгнэлттэй санал нэг байна.

2. 2018  оны 06 дугаар сарын 695 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гар, шуу, бугалга, тавхайнд том том хөхөлбөр ягаан тууралттай гэж бичигдсэн нь цусны бүлэгнэлтийн  алдагдалтай байхыг зааж байна. Энэ цусны ерөнхий шинжилгээгээр ялтаст эс 34 болж буурснаар зааж байна.

3/4. Д.О-г нас барахад хүргэсэн шалтгаан нь элэгний архаг суурь өвчтэй байхад хүнд гэмтэл учруулахад сэдэрсэн байх үндэслэлтэй.

5/6. 26 дугаар дүгнэлтээр элэгний дутагдалд орж нас барсан гэсэн бөгөөд уг өвчнүүд нь гадны хүчин зүйлийн нөлөөллөөр буюу бусдад зодуулсны улмаас сэдэрч үхэлд хүргэх ...шалтгаан болсон гэж үзэж байна.

7. Гадны нөлөөгүй бол талийгаачийн элэгний хатуурлын зэрэг 4 үе шат бөгөөд эмчилгээ хийлгээд явбал дорж хаяж 2 жил, хийлгэхгүй явбал 1 жилээс доошгүй амьдрах боломжтой байсан. Хэрэв өвчтөн элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн бол илүү олон жил /5-10/ амьдрах боломжтой байсан.

8. Өмнө хийгдсэн шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй ч гэсэн элэгний хатуурал түүний хүндрэл дутагдал үүсэх шалтаг нь гадны гэмтэл байсан гэж үзэж болно.

9. ...Цусны тромбоцит 54-өөс 34 болж буурсан, билирубин 74-өөс 210 болж ихэссэн нь элэгний дутагдал хурц явсныг илтгэж байна...” гэсэн санал /3-р хх-ийн 226 тал/

25. Шинжээч эмч Д.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач Д.О элэгний дутагдлаар нас барсан боловч элэгний хатуурал өвчин нь хүндрээд элэгний дутагдал хүртлээ 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэл ийм хурдан хугацаанд явагдах ёсгүй. Ийм хурдан хугацаанд элэгний дутагдалд хүрэх хэмжээнд очно гэдэг бол яах аргагүй талийгаач бусдад зодуулсны улмаас өвчин сэдэрч хүндрэн элэгний дутагдал болсон гэсэн үг юм. ...Дээрх үзүүлэлтээс үзэхэд л Д.О анх эмнэлэгт ирж хэвтсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу нас барах үедээ тромбоцит 20-иор буурсан, цагаан эс 19 саяас 34 сая болж 15 саяар өссөн, билирубин 210 болж буюу байх ёстой хэмжээнээсээ 12 дахин өссөн, асат 2333 буюу байх ёстой хэмжээнээсээ 80 дахин өссөн, алат 725 буюу байх ёстой хэмжээнээсээ 20 дахин ихэссэн нь элэгний архаг эмгэгийн суурин дээр хурц дутагдал үүссэнийг илтгэж байгаа юм. Жирийн нөхцөл байдалд дээрх үзүүлэлтүүд яагаад ч ингэж хурдан хүндрэхгүй. Харин хэргийн нөхцөлөөс харахад Д.О нь элэгний хатуурал өвчтэй байх үед зодуулж биед авсан доргилт, сэтгэл санааны дарамт, тархины доргилтоос үүссэн дотор эрхтний зохицуулгын алдагдлаас болж элэгний хатуурал өвчин нь хүндэрч элэгний дутагдал болж нас барсан гэж үзэж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 59-60 тал/

26. Шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Гадны хүчний үйлчлэл гэдэгт хүчтэй цохилт, доргилт, мөн ямар нэгэн элгэнд нөлөөлөх хордлого зэрэг зүйлүүд хамаарна... Д.О-ийн биед үүссэн олон тооны гэмтлүүдтэй холбоотой цохилт, доргилтын улмаас элэгний хатуурал өвчин сэдэрч хүндэрсээр элэгний дутагдалд орж нас барсан байх боломжтой... Д.О-ийн 2018 оны 04 дүгээр сарын 10-нд өгсөн цусны шинжилгээний үйл явцаас харахад элэгний үйл ажиллагааны алдагдал ихтэй, элэгний үзүүлэлтүүд хэт өндөр болсон нь элэгний дутагдал богино хугацаанд явагдсаныг гэрчилж байгаа тул Д.О-д гэмтэл учирсантай холбоотойгоор элэгний өвчин сэдэрсэн байх боломжтой гэж үзсэн юм...” гэсэн мэдүүлэг / 4-р хх-ийн 61-62 тал/

27. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Биеийн дархлаа муудах болон... цохилт, доргилтын улмаас уг өвчин сэдрэх боломжтой... Энэ архаг хууч өвчин нь хүний дархлаа муудах, хямрах, цохилт, доргилт, хоол ундны байдал, аль алинаас нь болж сэдрэх боломжтой өвчин юм...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 63-64 тал/

28. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Гадны нөлөө буюу үйлчлэл болон хордлого зэргийн үед уг өвчин сэдэрсэн байх боломжтой... Амь хохирогч Д.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсны улмаас түүний элэгний хатуурал өвчин хүндэрч элэгний дутагдалд орж нас барсан гэж ойлгож болно... Тус хүний өвчний үе шат, ээнэгшил, эмчилгээний байдал, хүн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна... Д.О-г эмнэлэгт ирэхэд нь хүлээж авч оношилж, үнэлж, авах ёстой эмчилгээг хийсэн байна. Гэвч эмчилгээ үр дүнд хүрээгүй бөгөөд тухайн үед амь нас аврагдах боломжгүй байсан байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 65-66 тал/

29. Шинжээч эмч Б.Ганзоригийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Д.О-ийн биед духанд няцарсан шарх, дух, хоёр нүд, хоёр хацрын товгор, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, тохой, чигчий хуруу ,баруун гуя, шагай, зүүн тавхай, шагайнд цус хуралт, дух, хоёр хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсны улмаас элэгний хатуурал өвчин хүндэрч элэгний дутагдалд орж нас барсан байх боломжтой. ...Дүгнэлтээс болон өвчний түүх зэрэг баримтаас харахад шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн байгаа юм. Гэвч эмчилгээ үр дүнд хүрээгүй учир тухайн үед амь нас аврагдах боломжгүй байсан гэж үзэж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-р хх-ийн 67 тал/

30. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 77-79 тал/ ,

31. Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт /2-р хх-ийн 148 тал/, 

32. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт  /2-р хх-ийн 149-150 тал /,

33. Хүүхдийн эрсдлийн  нөхцөл байдлын үнэлгээ /2-р хх-ийн 151-152 тал/,

34. Ярилцлагын тэмдэглэл /2-р хх-ийн 153 тал/,

35. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /2-р хх-ийн 154-155 тал/,

36. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт /2-р хх-ийн 156-157 тал/

37. Шүүх сэтгэц, гэм судлалын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 92-93 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ц.Ц-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.О-г зодож алсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан, өөрийн эрхшээлд байгаа насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндэхийг завдсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт заасан, гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэдтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч шинэ Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн “гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан” үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа бөгөөд оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль буруу хэрэглэсэн... Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, ойлгомжгүй байгаа тул дахин шинжээч томилуулж өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна...гэжээ.

Шүүгдэгч Ц.Ц-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.О-г зодсоны улмаас элэгний хатуурал өвчин нь хүндрээд элэгний дутагдалд орж амь насыг нь хохирооход хүргэсэн буюу алсан үйлдэл нь хохирогч О.У-ын “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө... “охиндоо одоо л үнэнийг хэлэхгүй бол болохгүй шүү, ямаанд мөргүүлсэн юм уу Ц-д зодуулсан юм уу” гэж асуухад ээж гараа удаан өргөөд духны овойсон хэсэг рүүгээ хуруугаа  заагаад үгээ зөөж удаанаар “Ц, Ц” гэж нэрийг нь 2 удаа хэлээд зодсон гэж хэлсэн. Миний ээж энэ хүний гарын шүүсийг олон жил тэвчиж, нууж, дарж амьдарсан. Эцэст нь энэ хүний гарт амиа алдлаа. Эхлээд Ц-ыг цагдаад өгөхөөр Цагдаагийн байгууллага нэг хонуулаад л гаргадаг байсан. Цагдаагаас гарч ирэхээрээ Ц ээжийг “дахин цагдаад хэлэхгүй болтол чинь зодно” гээд зоддог байсан. Сүүлдээ цагдаад хэлэх юм бол ээж бид нар  алуулах юм байна гэж бодоод цагдаад хэлэхээ больсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гүрдоржийн “...Ц ахын хажуугаар зөрөөд алхтал эмэгтэй хүн ёолсон, гингэнэсэн чимээ гарсан. Тэр зүгт харахад Д.О эгч гэр налж явган суусан, хоёр гараараа толгойгоо дарж доошоо харсан байдалтай сууж байсан. Яасан бэ, та яав гээд би Д.О эгчийг дээшээ босгоод Ербиш эгчийн гэр рүү аваад явсан. Ороход үс нь аймар арзайгаад сэгсийчихсэн, хүн аймаар, цус нь гоожоод үс нь нүүрэн дээрээ наалдчихсан нилээн их цус гоожсон байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Амарсанаагийн “...Тэгээд гадаа бахиралдаад удахгүй орж ирцгээсэн. Орж ирэхдээ О-ийн нүүр нь цус болчихсон Хэрлэнчимэг, Гүрдорж, Ц нар цуг орж ирсэн. Би та хоёр яагаад муудаад байгаа юм бэ гэхэд О “энэ муу намайг цохисон” гээд нөхөр Ц-тайгаа муудаж байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь О “бүх бие янгинаж өвдлөө” гээд өдөржингөө хэвтсэн. Духан дээрээ үзүүртэй юмаар цохиулсан байдалтай гүнзгий шархтай, нүд нь хөхөрч хавдсан байсан. Түүний охин Я маргааш нь аав ээжийг модоор цохисон гэж ярьж байсан. Манай гэрт тэр хоёр маргалдаж байхдаа бие биенийхээ цээж, гар руу нь гараараа цохилцоод байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Ербишийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 04-ний эсхүл 05-ны... орой 23 цагийн орчим байх нэг сэрэхэд Гүрдорж нь нэг хүүхэн дагуулж орж ирээд “Энэ хүүхэн нөхөртэйгөө муудаад нөхөр нь толгойг нь язалчихсан байна. Цусыг нь угаачихъя” гэсэн. Тэгээд цусыг нь угаагаад Гүрдорж тэр хүүхнийг дагуулаад гарсан...“ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Хэрлэнчимэгийн “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ц ах, О эгч хоёр ажлаасаа чөлөө авчихлаа хамт явъя, очиж ямаа самная гээд... манай аав Батхуягийн гэрт очсон... Аавынд очоод би авч явсан 1 шил архиа аавдаа өгсөн. Манай аав тэр архийг задалж Ц, О, би, манай аав Батхуяг, ээж Амарсанаа бид нар хувааж уусан. Ингээд Ц 1 шил архи гаргаж аавд өгсөн... Тэгтэл О эгч, Ц ах хоёр хоорондоо маргалдсан. О эгч бие засахаар гарахад Ц ах араас нь гарсан. Тэгээд тун удахгүй О эгч гэрийн баруун талд яая аа гээд муухай бахирахаар нь манай дүү Гүрдорж гарч очоод О эгчийг гэрт дагуулж орж ирэхэд хамарнаас нь цус гарсан байхыг би харсан. Орж ирээд хувинд нүүрээ угаасан. Тэгэхэд духных нь баруун талд үс, духны уулзвар хэсэгт дугуй хэлбэртэй бөөрөнхий дүрс үүсээд хавдаад овойчихсон байсан. Харин маргааш өглөө нь О эгч аавын гэрт байхдаа аав, ээж, надад баруун зүүн гарын бугалга нь алгын чинээ хөхөрчихсөн байсныг харуулаад “Ц намайг зодоод ийм болгочихсон байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Я-ын “...Батхуяг ахын гэрт очоод архи ууцгааж байгаад гэр дотор аав, ээж хоёр зодолдоод аав Ц ээжийг түлхэж унагаагаад элэг рүү нь бакалтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Гэтэл Гүрээ ах болиулаад аавыг орон дээр суулгаад ээж гэрээс гараад явсан. Аав араас нь хадаастай банз аваад гарсан. Гэтэл ээж “аллаа, авраарай” гээд бахираад байсан. Гүрээ ах гаднаас орж ирээд асуухад Амгаа эгч “нөгөө хоёр чинь гадаа зодолдож байгаа” гэсэн. Гэтэл Гүрээ ах гарч аавыг дагуулж орж ирсэн. Амгаа эгч “Осгоо яасан бэ” гэхэд Гүрээ ах ээжийг баруун гэрт нил цус болоод л байж байна гэсэн. Гүрээ ах аавтай цуг орж ирээд “Ц ах О эгчийн толгой руу нь банзаар цохиод, бакалтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн” гэж ярьсан. Ээж араас нь нүүр, ам, хувцас нь битүү цус болчихсон, гар нь хөхөрсөн орж ирэхэд Амгаа эгч ээжийн цусыг цэвэрлэж өгсөн. Хэрлэнчимэг эгч “чи яагаад О эгчийг зодож байгаа юм бэ” гэсэн чинь аав “чи нөхөртөө зодуулж байхдаа таарсан хулгайч байна ш дээ” гээд нүүр рүү нь өшиглөсөн. Гэтэл ээж болиоч гэсэн чинь аав гараа зангидаж байгаад хацар руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 360 дугаартай: “...Талийгаач Д.О-ийн биед духанд няцарсан шарх, дух, хоёр нүд, хоёр хацрын төвгөр, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу, тохой, чигчий хуруу, баруун гуя, шагай, зүүн тавхай, шагайнд цус хуралт, дух, хоёр хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Талийгаач нь элэгний В вирусийн шалтгаант архаг үрэвсэл, элэгний хатуурал, өвчний улмаас элэгний дутагдалд орж нас баржээ.

5. Талийгаачийг үхэлд хүргэсэн өвчин нь ...гадны хүчний үйлчлэлээр уг өвчин сэдрэх боломжтой болно...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Д.Даваадоржийн “...Талийгаач Д.О элэгний дутагдлаар нас барсан боловч элэгний хатуурал өвчин нь хүндрээд элэгний дутагдал хүртлээ 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэл ийм хурдан хугацаанд явагдах ёсгүй. Ийм хурдан хугацаанд элэгний дутагдалд хүрэх хэмжээнд очно гэдэг бол яах аргагүй талийгаач бусдад зодуулсны улмаас өвчин сэдэрч хүндрэн элэгний дутагдал болсон гэсэн үг юм. ...Дээрх үзүүлэлтээс үзэхэд л Д.О анх эмнэлэгт ирж хэвтсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу нас барах үедээ тромбоцит 20-иор буурсан, цагаан эс 19 саяас 34 сая болж 15 саяар өссөн, билирубин 210 болж буюу байх ёстой хэмжээнээсээ 12 дахин өссөн, асат 2333 буюу байх ёстой хэмжээнээсээ 80 дахин өссөн, алат 725 буюу байх ёстой хэмжээнээсээ 20 дахин ихэссэн нь элэгний архаг эмгэгийн суурин дээр хурц дутагдал үүссэнийг илтгэж байгаа юм. Жирийн нөхцөл байдалд дээрх үзүүлэлтүүд яагаад ч ингэж хурдан хүндрэхгүй. Харин хэргийн нөхцөлөөс харахад Д.О нь элэгний хатуурал өвчтэй байх үед зодуулж биед авсан доргилт, сэтгэл санааны дарамт, тархины доргилтоос үүссэн дотор эрхтний зохицуулгын алдагдлаас болж элэгний хатуурал өвчин нь хүндэрч элэгний дутагдал болж нас барсан гэж үзэж байгаа юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд яллагдагчаар татаж, ял сонсгосон хуулийн зүйл хэсэг тохирсон,  дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ийн амь нас хохирсон бөгөөд хохирогч О.У нь шүүгдэгч Ц.Ц-аас оршуулгын болон бусад зардалд 14.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгаж үзэхэд 5.496.650 төгрөгийн эмчилгээний болон оршуулгын зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц-аас гаргуулж хохирогч О.У-д олгож, бусад нэхэмжлэлтэй холбогдох баримтууд бүрэн бүрдээгүй, хэрэгт байгаа баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Харин хохирогч О.У нь өмгөөлөгчид төлсөн зардал 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байгаа боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д ...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр... тооцохоор заасан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч О.У-ыг уг журмын 2.6.6 дахь хэсэгт заасан этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгчид төлсөн гэх зардлыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид  ял оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 /харгис хэрцгий аргаар/, 1.2 /Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн/, 1.6 /эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн/ дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан  байгаа тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна. Харин түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ц-г өөрийн эрхшээлд байгаа насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндэхийг завдсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэдтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 1, 3, 60 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Ц.Ц-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ял  дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 16 жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 16 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ын цагдан хоригдсон 321 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэрийн цагаан бүрээсний хэсэг, банз модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Д.О-ийн өвчний картыг /25 хуудас/ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-аас 5.496.650 төгрөгийг гаргуулж хохирогч О.У-д олгож, өмгөөлөгчид төлсөн хөлс 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь бусад хохирол, зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ                          Ц.МӨНХТУЛГА

                               ШҮҮГЧИД                              Э.ОДХҮҮ

                                                                               Д.ГАНЗОРИГ