| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0161/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Р.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ргийн Мд холбогдох 1935001840148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 04-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, оператор мэргэжилтэй, “Батцогт өргөө” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, охины хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 7-27 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй С овогт Ргийн М /РД:...................../.
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Р.М нь “Магнай трейд” группын “МТ Чингэлтэй” ХХК-ий Увс аймгийн төвд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын шатахууны няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 6-12 сар, 2019 оны 1 дүгээр саруудад итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө буюу газрын тос, тосолгооны материалын үнэ болох 12.362.800 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Р.Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Р.М нь “Магнай трейд” группын “МТ Чингэлтэй” ХХК-ий Увс аймгийн төвд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын шатахууны няраваар ажиллаж байхдаа 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын хооронд өөрийн тос, тосолгооны материалын үнэ болох 12.362.800 төгрөгийг хувьдаа завшсан болох нь баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 60-66-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөч С.Угийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би Магнай трейд группын МТ Чингэлтэй ХХК-ний Увс аймаг дахь салбарт 2013 оноос хойш одоог болтол 6 дахь жилдээ даргаар ажиллаж байна. Би 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл жирэмсэний амралт эдлээд ажилд орсон. Тэр хугацаанд манай Увс аймаг дахь Магнай трейд группын няраваар ажиллаж байсан Р.М нь албаны шатах тос, материалаас өөртөө хувьдаа авч завшсан байсан. 2019 оны 2 дугаар сарын дундуур манай менежер А надруу залгаад төв агуулахаас их хэмжээнии тос масло яагаад ийм их хэмжээгээр зээл өгсөн бэ гэхэд нь би Р.Мгээс асуучих гэсэн тэгтэл А Мгээс асуухад Ховд сумын гэрээт рүү зээлээр өгсөн гэж анхан шатны баримт бүрдүүлсэн байсан бөгөөд Ховд сум руу залгаж асуухад эхлээд тийм гэж хэлж байгаад сүүлдээ би аваагүй Р.М авсан гээд хэлчих гэж хэлэхээр нь авсан гэж хэлсэн юм гэж хэлсэн. Тэгээд Ховд суманд мониторнг Б шалгалтаар очиж шалгахад ямар ч тос масло зээл аваагүй байсныг илрүүлж Р.Мг 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажлаас нь чөлөөлж яаралтай төлөх шаардлага тавьсан боловч огт төлөлт хийгээгүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Р.М өөрөө хоосон хөндий падаан бичсэн байсан. Түүнийг хоосон падаан гаргасан мөн тухайн цаг хугацаанд их хэмжээний тос масло гараагүй гэдгийг тухайн үед харуулаар ажиллаж байсан Ц.Ц гэрчилдэг. Р.М нь 12.362.800 /арван хоёр сая гурван зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөгний тос масло авч ашигласан байсан. 2019 оны 1 дүгээр сарын 04, 07-ны өдрүүдэд огт тос масло гаргаагүй байсан хуурамч падаан бичихдээ 2019 оны 1 дүгээр сарын 04, 07-ны өдөр гэж 2 өдөрт бичсэн байсан. Би 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт авсан тэгхээр намайг амарснаас хойш борлогдсон тос маслын мөнгийг өөртөө авч ашиглаж байсан байх 2 өдрийн дотор хэзээ ч ийм их хэмжээний тос масло зарагдаж борлогдох боломжгүй байдаг. Их хэмжээний зээл бол менежер Аээс зөвшөөрөл авч гаргадаг. Сар бүрийн 1-нд тооллого хийж 3-ний өдөр тайланг Улаанбаатар хот руу явуулдаг. Тэгэхээр нь тооллогоор илрээгүй гэдэг нь Р.М нь хуурамч баримт хийж тоолуулж байсан байх магадлалтай юм. Би бодохдоо намайг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр амарснаас хойших хугацаанд болсон гэж үзэж байгаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тооллого хийхэд бүх зүйл тоо ёсоор байсан тул ажлаа Г.Ад хүлээлгэж өгөөд явсан. 12.362.800 /арван хоёр сая гурван зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөгний хохирол учруулсан огт хохирол барагдуулаагүй, тийм болохоор 12.362.800 төгрөгний хохирол нэхэмжилнэ. 2019 оны 01 дүгээр сарын 04, 07-нь өдрүүдэд их хэмжээний тос зарлагын падаан бичигдсэн боловч бодитоор гарсан тос масло байхгүй байсан тул тэр цаг хугацаанд гэж бодсон. Гэхдээ магадгүй түүнээс өмнөх саруудад бага багаар дутагдуулж байгаад 01 сарын 04, 07-ны өдрүүдэд бөөнөөр нь падаан бичсэн байхыг ч үгүйсгэхгүй. Манайд бол туршилтын 3 сарын хугацаа дууссан л бол цааш нь жинхэнэ ажилтан гэх тушаал гарахгүй туршилтын хугацаа дууссан цагаас эхлэн жинхэнэ ажилтан гэж тооцогдож явдаг. Тийм болохоор Р.М нь манай жинхэнэ ажилтан байсан. Р.М нь манай байгууллагад учирсан хохирлоос 5.418.573 төгрөгний хохирол төлсөн. Одоо үлдэгдэл 6.944.227 төгрөгний хохирол төлөгдөөгүй байна. Би Р.Мг 2015 онд ажилд орохоос нь эхлэн мэднэ. Зан байдлын хувьд ажилчид дотроо нэр хүндтэй, хамт олондоо тодорхой хэмжээнд үнэлэгдсэн, бусадтай найрсаг, эвсэг харьцаатай ямар ч хүнтэй зөв боловсон харилцаатай.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 80-81, 82-83-р тал/,
гэрч А.Мын хэрэг бүртэлтийн шатанд өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 20-ны үед Р.М над руу гар утсаар залгаж би таны нэр дээр 2 сая төгрөгийн масло тосны падаан бичсэн. Би удахгүй мөнгийг нь хийчихнэ гэж хэлэхэд нь түүнд би чамаас тийм их хэмжээний масло тос авч байгаагүй юм чинь болох юм уу? Янз бүрийн асуудал гарахын биш биз гэж хэлэхэд, тэр “Та санаа зоволтгүй 4-5 хоногийн дотор мөнгийг нь хийчихнэ” гэж хэлэхэд нь би түүнд “би айж байна. Чи наад төлбөр тооцоог нь яаралгай хийж дуусгаарай” гэж хэлээд утсаа тасалсан. М надтай гар утсаар ярьснаас хойш 2 цагийн дараа У над руу залгаж, “Та Мгээс их хэмжээний масло тос авсан уу? төлбөрөө хийдэггүй юмуу” гэж асуухад би түүнд тухайн үед Мг асуудалд орж байна гэж мэдэлгүй Уад бага хэмжээгээр масло тос авчихсан байгаа гэж хэлэхэд У “та үнэнээ хэлээрэй. Би бүгдийг мэдэж байгаа шүү” гэж хэлэхээр нь би түүнд М над руу сая гар утсаараа залгаж би таны нэр дээр 2 сая төгрөгний масло тосны падаан бичсэн. Би удахгүй мөнгийг нь хийчихнэ. Та санаа зоволтгүй 4-5 хоногийн дотор мөнгийг нь хийчихнэ гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхэд У, М 2 сая төгрөгний асуудал биш их хэмжээний мөнгө төгрөгийн асуудалд орж байгаа гэж хэлэхээр нь би Уд Мгээс зээлээр авсан масло тос байхгүй гэж үнэнээ хэлсэн. Би 2019 он гараад ямар ч масло тос зээлээр аваагүй. М бид хоёрын хооронд тооцоо байхгүй байсан талаар Уд үнэнээ хэлсэн. Мөн МТ ХХК-ний төвөөс над руу залгаж энэ талаар асууж тодруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 84-85-р тал/,
гэрч Э.Цийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би МТ ХХК-ний тоног төхөөрөмжийн засварчнаар ажилладаг. Манайх босоо удирдлагатай тул сар бүр тайлан мэдээг Улаанбаатар хотод байх төв рүү явуулдаг. Сар бүр нярав Р.Мгийн тухайн сарын шатахуун болон тос тосолгооны борлуулалтын үлдэгдлийг инженер А, ачигч Б бид нар тоолдог байсан. Бид нар үлдэгдэлийг тоолоход таардаг байсан. Нярав Мгийн зарсан тос бэлэн мөнгө тушаасан эсэхэд бидний зүгээс хяналт тавих боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 86-р тал/,
гэрч Г.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нярав М бага хэмжээгээр олон удаагийн үйлдлээр мосло тос зарж мөнгийг нь хувьдаа завшсан нь шалгалтаар тогтоогдсон. Шалгалтаар масло тос зарж мөнгийг нь өөртөө зарцуулсанаа хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 87-р тал/,
гэрч М.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 3 дугаар сард төвөөс шалгалтын хүмүүс ирж шалгаж үзэхэд нярав М нь 12 сая төгрөгний масло тосны мөнгийг завшсан болох нь тогтоогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 88-р тал/,
гэрч З.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие "Магнай трейд" ХХК-ний дотоод аудитын газарт ахлах аудитороор ажилладаг юм. 2019 оны 02 сарын 19-ны өдөр "Магнай трейд" ХХК-ний худалдаа борлуулалтын газрын борлуулалтын менежер буюу гэрээт борлуулагч нараа хариуцдаг манай ажилтан Аээс бидэнд Увс аймгийн Газрын тос борлуулах агуулахаас 12.362.800 төг-ний тос тосолгооны материалыг 2019 оны 01 дүгээр сард их хэмжээгээр борлуулсан талаар мэдэгдсэн. Увс аймгийн Газрын тос борлуулах агуулахын нярав Р.М нь Увс аймгийн Ховд сумын иргэн манайхаас шатахуун зээлээр авдаг А.М гэдэг хүнд дээрх тос тосолгооны материалыг зээлээр өгсөн талаар 2019 оны 1-р сарын тайландаа тайлагнасан байхаар нь Атухайн үед А.Мтай утсаар холбогдож асуухад А.М нэг болохоор авсан, нэг болохоор аваагүй гээд эргэлзээтэй байсан тул Аээс амаар энэ асуудлыг шалгуулах хүсэл манайд тавьсан юм. Тэгээд би борлуулалтын газрын үйлчилгээний менежер Бтой хамт Увс аймгийн Ховд суманд очиж шууд иргэн А.Мтай уулзсан. Иргэн А.М бидэнд: " би танайхаас 12,0 сая төгрөгний тос, тосолгооны материал аваагүй, 2019 оны 01 сарын 04-ны орчим Р.М над руу утсаар яриад 9,0 сая орчим төгрөгний тос тосолгооны материал таныг зээлээр авсан гээд биччихэе, тэгээд би удалгүй өөрөө хариуцаад төлнө гэж хэлсэн, энэ 12,0 сая орчим төгрөгний тос тосолгооны материалын тооцоо надтай ямарч хамааралгүй гэдгээ хэлсэн. Ингээд бид 2019 оны 03 сарын 01-ний өглөө Увс аймгийн Улаангом суманд очоод Р.Мтэй биечлэн уулзаад улмаар Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад тооллого хийсэн. Тухайн үед би М болон бусад ажилчдаас тайлбар авсан. М надад "би 12.362.800 төг-ний тос тосолгооны материалыг гэрээт борлуулагч А. Мын нэр дээр бичиж гаргасан, мөнгийг нь би хувьдаа ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Р.М байгуллагад учруулсан хохирлоосоо 2019 оны 02-р сард 5.150.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл хохирлоос 2019 оны 03 сарын 04-ны дотор 7.212.800 төгрөгийг төлнө гэж баталгаа бичгээр гаргаж өгсөн. Р.М энэ хугацаанд няравын ажлаа хийж байгаад 2019 оны 03 сарын 02-ны өглөө би нярав Р.Мгийн ажлыг хүлээлцүүлж улмаар удирдлагад танилцуулж захиргааны шийдвэрийн дагуу Мг ажлаас нь халсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 89-90-р тал/,
гэрч Ж.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие "Магнай трейд" ХХК-ний тос гэрээт борлуулалтын газрын гэрээт шатахуун хариуцсан халамж авлагын менежэрээр ажиллаж байгаа бөгөөд Увс аймгийн Ховд сумын шатахуун түгээх станцын эзэн А.М нь миний хариуцсан гэрээт шатахуун түгээх станцын эзэн нь юм. А.М нь манайхаас шатахуун зээлээр аваад төлбөрийг нь 30 хоногийн хугацаанд барагдуулах журмаар явдаг байсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын тайлан орж ирээд би тайлангаа харж байтал Увс аймгийн Газрын тос борлуулах агуулахаас 12.362.800 төг-ний тос тосолгооны материалыг их хэмжээгээр борлуулсан мэдээ байсан ба Увс аймгийн Газрын тос борлуулах агуулахын нярав Р.М нь манай гэрээт ажилтан А.М-д дээрх 12.362.800 төг-ний тос тосолгооны материалыг зээлээр өгсөн талаар тайлагнасан байхаар нь би А.Мтай утсаар холбогдож энэ талаар асуусан. А.М тухайн үед Р.Мгээс тийм хэмжээний тос авсан гэхээр нь би тэр их хэмжээний тос борлуулсан талаарх зургийг нь авч баримтжуулаад над руу явуулаач гэхэд А.М над руу зураг явуулаагүй, мөн маргааш нь надад наад тосыг чинь би аваагүй гэж хэлэхээр нь би энэ тухай төвийн дотоод аудитын газарт мэдэгдсэн. Үүний дагуу манай дотоод аудитын газраас ахлах аудитор Б, менежер Бын хамт Увс аймагт газар дээр нь очиж газрын тосны агуулахад тооллого хийж шалгасан бөгөөд шалгалтаар дээрх 12.362.800 төг-ний дутагдал тогтоогдсон байсан. А.Мын барьцааны гэрээний лимит буюу сард манайхаас авч борлуулдаг шатахуун нь тослох материалтайгаа нийлээд сард 23,0 сая орчим төгрөгний лимиттэй байдаг, өөрөөр хэлбэл үүнээс илүү их хэмжээгээр борлуулах зөвшөөрөл өгөхгүй гэсэн үг. Гэтэл Р.М нь нэг дор тос тосолгооны материал их хэмжээгээр борлуулалт хийснээр тайланд тусгасан байсан нь миний анхаарлыг татсан юм. Учир нь манай 1-2 жилийн борлуулалтын байдлаас харьцуулалт хийж үзэхэд 1-2 хоногтбуюу нэгдор 12.362.800 орчим төгрөгний тос тосолгооны материал борлуулалт хийгдэнэ гэж бараг байдаггүй болно. А.Мын өөрийнх нь яриагаар бол: Агуулахын нярав Р.М руу яриад таны нэр дээр тос тосолгооны материал зээлээр өгснөөр гаргачихая, удалгүй би өөрөө хариуцаад төлчихнө гээд байхаар нь А.М эхлээд зөвшөөрсөн бололтой байна лээ. Дараа нь би А.Маас зургийг нь үзэе гэж шаардсан, мөн манай дотоод аудитын газраас энэ асуудлыг шалгахаар болоход А.М манай шалгагчид үнэнээ хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 91-92-р тал/,
гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие харьяа хэлтэсийн захирал Г.Цгаас өгсөн үүргийн дагуу Ховд аймгийн Дарви сум, Улаангом сумын Шатахуун түгээх станц, нефть агуулахын үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг тоолж баталгаажуулах ажлаар 2019 оны 02 сарын 27-ноос эхлэн 7 орчим хоногийн хугацаатай томилолтоор явж ажилласан бөгөөд надтай хамт манай "Магнай трейд" ХХК-ний дотоод аудитын газрын ахлах аудитор З.Б хамт шалгалтаар явсан юм. Бид хоёр 2019 оны 02 сарын 28-ны орчим Увс аймгийн Ховд сум орж З.Б ах манай гэрээт борлуулагч иргэн А.Мтай биечлэн уулзаж ажил төрлийн талаар буюу Р.Мтэй холбоотой асуудлын талаар асууж ярилцаж байсан. Тэндээсээ би 2019 оны 03 дугаар сарын 01-ний орчим аудитор З.Бтэй хамт Увс аймгийн Улаангом сум орж З.Б ах Улаангом сумын Газрын тосны агуулахын нярав Р.М гэдэгхүний ажлыг шалгасан. Би болохоор зөвхөн Улаангом сумын Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын шатахууны болон тос, тосолгооны материалыг тоолж, тос тосолгооны материалын тооцоо бодсон акт буюу тос тосолгооны матераилын зөрүүг нь гаргаж өгсөн асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл тус агуулахын нярав Р.Мгийн гаргажөгч байсан тайланг миний тооцоо бодсон акттай тулгаж зөрүүг нь аудитор З.Б ах шалгаж дутагдал байгаа эсэхийг шалгасан болохоор З.Б ах агуулахын нярав Р.Мтэй холбоотой тооцоо, гарсан гэх дутагдлын талаар тодорхой мэднэ. Аудитор З.Б ахын яриагаар бол агуулахын нярав Р.М нь тос тосолгооны материал дутаасан, мөнгийг нь завшсан гэх асуудал яригдсан, гэхдээ Р.М хэзээнээс эхлэн ямар хугацаанд ямар журмаар хэрхэн яаж дутаасан талаар надад тодорхой мэдэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 93-94-р тал/,
Увс Финанс Аудит ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар шинжээчийн “2018 оны 6,7,8,9,10,11,12, 2019 оны 1-р сардуудыг түүвэрлэн шалгахад дутагдал гаргасныг хавсралтаар харуулав. Нийт 12,362,800 төгрөгийн дутагдал гаргасан. Хувь хүний сахилга бат, ажлын онцлог, ажил үүргээ ухамсарлаагүй, /аль ч сард дутааасан байх магадлалтай, тухайн саруудад тоолллого хийж гарын үсэг зурсан нэр бүхий ажилтнууд үлдэгдлийг тоолж шалгасан эсэх аль эвсэл шууд гарын үсэг зурсан эсэх/ өдөр өдрийн орлогоо цаг тухайд нь тушаагаагүй дутуу тушааж байсан байна гэж үзлээ.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 100-р тал/,
шүүгдэгч Р.Мгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 1982 оны 11 дүгээр сарны 04-ний өдөр Дорноговь аймгийн Говьсүмбэр суманд төрсөн эхээс 5-уулаа айлын том хүүхэд доороо 3 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй бага насаа Увс аймгийн Малчин суманд эцэг эхийн дэргэд өсөж хүмүүжсэн. 1990-1999 онд Увс аймгийн Улаангом сумын 2-р 10-н жилийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд, 2003-2007 онд Улаангом политехник коллежид Компьютер, гадаад хэлний ангийг төгсөж дээд боловсрол эзэмшсэн. 2007 оноос хойшоо хувиараа худалдагч, барилгын туслах ажил хийж байгаад 2008 онд Б гэдэг залуутай гэр бүл болж цуг амьдарч байгаад 2011 оны 05 дугаар сард Б Улаанбаатар хот руу явж түүнээс хойш сураггүй болсон. Би 2015 оны 02 дугаар сард Магнай Трейд группийн МТ Чингэлтэй ХХК-ний Увс аймгийн төвд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад колонкийн түгээгчээр ажилд ороод 2016 оноос няраваар ажиллаж, 2019 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Одоогоор хувиараа барилгын туслах ажил, тогоочоор ажиллаж байна. Би 2002 онд хүү Быг төрүүлж ээж, аавдаа үрчлүүлсэн миний том хүүхэд Р гэдэг овогоор овоглож явдаг. Сүүлд Бтай гэр бүл болж 2009 оны 5 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Бг төрүүлсэн. Том хүү маань одоо ээжийнд байдаг охин маань надтай цуг байдаг. Миний охин байнга татаж унадаг байнгын хараа хяналтанд байдаг. Одоогоор сургуульд сурдаггүй гэртээ байдаг миний байнгын асрамж хараа хяналтанд байдаг юм. Би одоогоор охин Б.Бгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р баг 7-27 тоотод оршин суудаг. Миний охин групп-д орж чадаагүй, өвчнийх нь оношийг нь би сайн мэдэхгүй орчиндоо харьцах харьцаа, хүний хэлсэн үгийг хүлээн авах чадвар муутай, гэрээсээ хол явчихвал гэрээ олохгүй төөрчихдөг, өнгө ялгадаггүй болохоор сурдаггүй. Би Магнай Трейд группийн МТ Чингэлтэй ХХК-ний Увс аймгийн төвд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын няраваар 2016 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас эхлэн тос тосолгооны материалын мөнгийг хувьдаа хэрэглэж эхэлсэн. Учир нь миний том хүү Б нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулж бие эрүүл мэндийн хувьд муу байсан тул би эмчилгээ хийлгэж Улаанбаатар хот руу зайлшгүй явах шаардлагатай болсон. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан тул би тос тосолгооны материалын мөнгийг хувьдаа авч хэрэглэж эхэлсэн. Би 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл ерөнхийдөө тос тосолгооны мөнгийг бага багаар хувьдаа завшсан. Миний аав 2007 онд нас барсан. Одоо ээж маань Увс аймгийн Улаангом сумын 12-р багт оршин сууж байгаа ээж маань одоогоор өндөр настны тэтгэвэрт байдаг. Ээж маань дүү Р, Б нарын хамт амьдардаг. Миний дүү Р Увс аймгийн хүүхэд гэр бүл залуучуудын хэлтэст ажилладаг, дараагийн дүү М маань хувиараа барилгын ажил хийдэг хөдөө суманд ажиллаж байгаад одоогоор Улаанбаатар хотод байгаа. 3 дахь дүү маань нас барсан. 4 дэх дүү Н барилгын ажил хийдэг одоогоор Увс аймгийн Өмнөговь суманд барилгын ажил хийж байгаа. Миний нөхөр 2011 оноос хойш сураггүй болсон би холбогдож түүнээс гэрлэлтээ цуцлуулах гэж хайсан боловч олдоогүй. Би 2017, 2018 онд ээжээс нь асуухад огт хэлээгүй. Хамаатныхан хүмүүсээс сураглахад Хятад улсын Хөх хотод ажиллаж байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Р.М нь өөрийн хариуцсан тос, тосолгооны материалыг худалдан борлуулсны үнийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5800753708 дугаартай харилцах дансандаа шилжүүлэн авч хувьд завшиж байсан нь тогтоогдож байна.
“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.М нь “Магнай трейд” группын “МТ Чингэлтэй” ХХК-ий Увс аймгийн төвд байрлах Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын шатахууны няраваар ажиллаж байхдаа газрын тос, тосолгооны материалыг гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцаж байжээ.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Р.М нь өөрийн хариуцсан тос, тосолгооны материалыг худалдан борлуулсны үнийг өөрийн харилцах дансаараа шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Р.М нь зөвхөн няравын хувьд дээрх тос, тосолгооны материалыг итгэмжлэн хариуцаж, агуулахаас худалдан борлуулах эрхтэй байснаа ашиглан худалдан борлуулсан тос, тосолгооны материалын үнийг завшсан байгаа тул түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Р.Мг бусдын хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Р.М, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Р.М нь бусдын хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч “Магнай трейд” группын “МТ Чингэлтэй” ХХК-ий Увс аймаг дах салбарт 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын хооронд 12.362.800 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Р.М төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгө шилжүүлгийн хоёр ширхэг баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уын шүүхэд ирүүлсэн хохирол төлж барагдуулсан талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Бын өгсөн: “Р.М нь миний том охин байгаа юм. Р.М нь 1982 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн эхээс 5-уулаа аилын том охин доороо 3 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Р.М нь зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай нийтэч, гэр бүл үр хүүхдээ хайр халамжтай, хүүхдийнхээ төлөө бол юуг ч хийхээс буцахгүй. Үнэнч шудрага зантай охин байгаа юм. Р.Мгийн энэ өр бол түүнээс төрсөн хүү Ргийн Б нь 2018 оны хавар бусдад зодуулж маш хүнд байдалтай байхад нь Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явж тэр бүх мөнгийг хүүгийнхээ төлөө эмчилгээнд нь зарцуулж өрөнд орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 95-96-р тал/, гэрч Р.Ры өгсөн: “Эгч маань ер нь огт зүгээр байдаггүй, өөрт олдсон ажлыг гол.ж шилэлгүй сайн хийдэг, одоо ч гэсэн яг зүгээр байхгүй байгаа нэг хувийн барилгын компанид туслах ажилтангаар ажиллаж байгаа. Цалин мөнгө авч байгууллагад учирсан хохирлыг төлнө гэж байгаа. Мөн ах дүү нараас нь туслаж дэмжиж байгаад хохирлыг нь барагдуулна гэж ярилцаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 97-98-р тал/, улсын бүртгэлийн хэлтсийн болон автотээврийн төвийн албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.М нь Улаангом сумын 3 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй бага насны охины хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.М нь ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарлан ойлгосон байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор шүүгдэгчийн 1.000.000 төгрөгийн үнэтэй, 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн байх бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн тул гэр бимүүмжилсэн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5/38 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С овогт Ргийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Р.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Р.Мгийн 6 ханатай монгол гэр битүүмжилсэн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 5/38 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ