| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0172/э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М.С-т холбогдох 1935003840194 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 45 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт М.С, регистрийн дугаар:.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.С нь согтуугаар 2019 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт тус аймгийн Цагдаагийн газрын Наранбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Эыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935003840194 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч М.Э-ын “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр сумын төвд явж байхад Д.Ц гэдэг хүн надад хандаж С гэдэг хүн энд согтуу хүн дайрч алах шахсан явж байна гэж хэлсэн. Тэгээд би гудамжаар хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн хэсгийн байранд орж ирээд, буцаад гараад явж байтал худгийн дэргэд мотоцикл дээрээ жолоогоо барьчихсан гэхдээ хөдөлгүүрээ унтраачихсан зогсож байхаар нь би явж очиход архи уусан согтуу болох нь илт мэдэгдэж байсан. ...Манайд согтуурал шалгах багаж байдаггүй бөгөөд аймгийн төв манай сум хооронд 90 километр засмал замтай болохоор би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг аймгийн төв оруулж ирж шалгадаг тэгээд сумын төвөөс гараад аймгийн төв рүү явж байх замд М.С нь машинд орилоод байхаар нь би зогсоход С нь машинаас буухад би зэрэгцээд буусан тэгтэл машин тойрч ирээд миний албаны хар ноосон цамцны баруун талын мөрдсийг татаад тасалсан. Тэгээд та яаж байна гэхэд миний хэвлий хэсэг тус газар луу нэг удаа өшиглөсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
2. Гэрч Д.Ц-ийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би Наранбулаг сумын төв 1 дүгээр багт Ж, Я /Г/ нарын хамт зогсож байтал С нь ганцаараа улаан өнгийн мотоцикл уначихсан согтуу хүн дайрах шахам 2 машины дундуур орж ирээд гудамж тойроод өндөр хаазтай явж байсан тэгэхээр нь хэсгийн цагдаа М.Э-ын утас руу залгаж С согтуу гудамжинд хүн амьтан дайрах шахам явж байна олж авахгүй бол осол аваар гаргах бий гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
3. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Баттулга “Шинжилгээнд хүргүүлсэн хувцсанд урагдалт, цооролт, зүсэгдэлт зэрэг гэмтэл байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн ноосон цамцны баруун мөрдөсний товчийг шинээр оёж тогтоосон байна...” гэх 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/78 дугаар дүгнэлт /хх-ийн 32 дүгээр хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /№19/78/ нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Э албан үүргээ биелүүлж явсан нь “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч М.Эын мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.С нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Э-ыг албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч М.Эын мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19/78 дугаар дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа ...ойлгоно” гэж заасан байх тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Э нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.
Шүүгдэгч М.С-ын Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Э-ыг албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч М.С-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулагчийн халдашгүй байдал зөрчигдсөн байна. Хохирогч М.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.С нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 56 дугаар хуудас/-аар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээг зургаан сараас гурван жил хүртэл тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.С энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА