Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 179

 

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Л.Г-т холбогдох 1935002460199 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Дунд хорооллын 425 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Л.Г /РД: ............/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:  Шүүхийн хэлэлцүүлгээр 1935002460199 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Д.Ц-гийн “ ... Манай төрсөн эгч Ч /О/ нь манай 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ирэхэд манай нөхөр О-тай хамт Г гэгч байсан. Манай төрсөн хүү Д, Ш нар хувцсаа солиод хичээл рүүгээ явах гэж байсан ба О эгч чи хэний хүүхэд юм бэ? юу хийж яваа талаар асуухад манай гэрт надаар багшлуулж дадлага хийж байгаа талаар хэлсэн гэж төрсөн эгч О хэлсэн. ...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр миний гар утасны дугаар луу залгаж танайд нэг охин байхаар нь хөөгөөд явууллаа, танай гэрт дадлага хийж байна гээд худал яриад байхаар нь хөөгөөд явуулчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 52-54 дүгээр хуудас/                                                                     

2. Насанд хүрээгүй гэрч О.Д-гийн “...Тухайн хүний манай төрсөн аав О таньдаг байсан бөгөөд тэр эгч манай гэрт ирсний дараагаар аав О, тэр эгч, дүү О.Ш бид нар хөзөр тоглосон юм. Мөн дүү бид хоёр гэрээс гараад тоглож байхад төрсөн аав О үл таних эгчтэй хамт гэрт байсан. Гэрт юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

3. Гэрч М.Б-ын “...2019 оны 3 дугаар сард Л.Г нь манай хүргэн ах С-ын гэрт байсан юм. Манай төрсөн эгч Д намайг Тэс суманд байхад гар утсаар ярихдаа Л.Г нь манай гэрт амьдарч байгаад 3 дугаар сард гэрээс гараад алга болчихлоо гэртээ ирэхгүй байна, хаана байгаа болохыг мэдэхгүй байна гэж хэлсэн. ... Манай төрсөн дүү Л.Г нь бусдад хүчиндүүлсэн талаараа хэлээгүй, мөн О гэгчийн гэрт очсон, түүнтэй бэлгийн харилцаанд орсон, Оыг цагдаагийн байгууллагад өөрийг нь хүчиндсэн гэж гомдол гаргаж шалгуулж байгаа талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Л.Г-ийн “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр О намайг гэрт хүрээд ир эхнэр байхгүй байна гэхээр нь би утсаар гэрийн заалгуулж гэрт нь очсон. Би урьд нь тэднийд очиж байгаагүй. Тэгээд гэрт нь очиход тэдний 2 хүүхэд байсан бөгөөд тэр хоёр хүүхдийг О гарч тогло гэж хэлээд гэрээсээ гаргасан тэгээд бид хоёр 13 гээд хөзрийн тоглоом тоглож би хожигдсон тэгээд О надаас би мөрийгөө авъя гэсэн тэгээд би ямар мөрий авах юм бэ? гэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ямар ажил хийдэг билээ гэсэн тэгээд би зөвшөөрч бид хоёр бэлгийн харьцаанд орохоор болж О хаалгаа цоожлоод бид хоёр тэдний гэрт бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсны дараа нэг эмэгтэй хүн гаднаас орж ирээд чи энэ айлд юу хийж байгаа юм бэ гээд намайг Отай бэлгийн харьцаанд орсныг гадарлачих шиг болсон тэгэхээр нь би айгаад тэр айлаас гарч гэртээ очсон. Тэгээд би тэр асуудлыг түүний эхнэр  мэдчих шиг болохоор нь түүнээс өмнө О намайг хүчиндсэн гээд цагдаад мэдэгдчихвэл намайг О-ын эхнэр буруугаар ойлгохгүй байх хэрэв О-тай бэлгийн харьцаанд орсныг мэдвэл намайг загинах байх гэж бодоод би 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн газарт өргөдөл бичиж танихгүй хүнд хүчиндүүлсэн гэж худал мэдүүлсэн юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Г-ээс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд хохирогчоор хууль сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгүүд нь худал болох нь гэрч Д.Ц, М.Б, насанд хүрээгүй гэрч О.Д нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч Л.Г-ийн хохирогчоор худал мэдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.Г нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 73 дугаар хуудас/-аар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч М овогт Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Г-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

     3. Шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

      4. Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗАЯА