| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0136/э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 176
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Г, Б овогт Б.Б нарт холбогдох 1935002170135 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Увс аймгийн дулааны 2 дугаар станц ТӨХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 600 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Г, РД:....
Монгол Улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б, РД:.....
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Г, Б.Б нар бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар баг “Хоо толгойн цол” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг, 4.6884 метр куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж, 56-76 УВА улсын дугаартай “Киа рино” /Kia Rhino/ загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 866.416 /найман зуун жаран зургаан мянга дөрвөн арван зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935002170135 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн “...2018 оны 8 дугаар сард байгаль хамгаалагч Н нь хөдөө Хайстын шил рүү явах гэж байхад Г гэх залуу гудамжинд таараад Хайстын шил рүү явах гэж байна, та миний цагаан өнгийн автомашин дээр мотоциклио ачаад хамт явъя гэж хэлээд явсан. түүний дараагаар байгаль хамгаалагч Н тус аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт Минсэл гэгчийн хашаанд очиход цагаан өнгийн автомашинаас мод буулгаж байсан. Тэгээд тэр Г гэгч зохих зөвшөөрөл, мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж, буулгасан байна гэж Х.Н надад сүүлд хэлсэн. ...Тус аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хоо толгойн цол” гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. “Хоо толгойн цол” гэх нэртэй газраас талбайн тусгаарлалт хийгдэж мод бэлтгэх эрх олгосон. Талбайн тусгаарлалт хийгдсэн тохиолдолд түлш, хэрэгцээ аль алиныг нь бэлтгэж болно. Гэхдээ Доржийн Г гэгч нь мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваагүй. ...Мод бэлтгэх эрхийн бичгийг Наранбулаг сумын байгаль хамгаалагч Х.Н олгодог. ...2018 оны 8 дугаар сард Наранбулаг сумын иргэн Д.Г, Д.Б нар мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваагүй гэж Х.Н байгаль хамгаалагч надад хэлсэн. ...үнэлгээний байгууллагаас гаргасан экологи эдийн засагт 800.000 гаруй төгрөгийн хохирол учирсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 дугаар хуудас/,
2. Гэрч Х.Н-ын “...2018 оны 8 дугар сарын сүүлээр /цаг хугацааг нь тодорхой санахгүй байна/ би Хайстын шил рүү ажлын газар луугаа явах гэж байхад миний гар утасны 88457716 дугаар луу Доржийн Г гэх залуу залгаад та хаашаа явах гэж байгаа юм бэ? гэж асуухаар нь би Хайстын шил рүү явах гэж байна гэхэд та надтай хамт яв, би автомашинтай Хайстын шил рүү явна манай ээж Минсэлийн хашаанд хүрээд ир гэж хэлсэн. ...пронтер загварын цагаан өнгийн автомашин байсан ба түүний тэвшний хэсэг дээр мод ачсан, түүнийг нэг хүүхэд хашааны урд талын хэсэгт буулгаж байсан. ...2018 оны 8 дугаар сард Наранбулаг сумын иргэн Д.Г, Б.Б нар мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл аваагүй, мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл би олгодог юм, өөр хүн олгодоггүй. ... Би “Хоо толгойн цол” гэх газраас мод тайрагдсаны улмаас хэчнээн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
3. Гэрч Д.Г-ын “...2018 оны 8 дугаар сард манай төрсөн дүү Д.Г манай төрсөн ээж Минсэлийн түлшний модыг бэлтгэж өгсөн байсан. Тэгэхдээ мод мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авсан эсэх талаар мэдэхгүй байна. ...Б.Б надтай уулзаад Минсэл эгчийн хашаанд байгаа мод Бакугийн мод, бид хоёр хамт явж тус аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хоо толгойн цол” гэх нэртэй газраас бэлтгэсэн гэж хэлсэн. Би хэчнээн ширхэг мод бэлтгэсэн талаар мэдэхгүй, тэд нарын бэлтгэсэн мод Наранбулаг сумын төвд манай төрсөн ээж Минсэлийн хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,
4. Гэрч Д.М-ын “...2018 оны 8 дугаар сард би Улаанбаатар хотод оршин сууж амьдарч байсан бөгөөд би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 56-76 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус аймгийн Улаангом сумын нутагт өөрийн төрсөн дүү болох Д.М-гийн хашаанд эвдэрсэн болохоор үлдээчихсэн байсан. ...Гэтэл тухайн автомашиныг засварлаад манай хадам дүү Д.Г гэгч нь 2018 оны 8 дугаар сард Тус аймгийн Наранбулаг сум руу унаж яваад тухайн автомашинаар мод ачсан байсан. Би 2018 оны 9-10 дугаар сард Улаанбаатар хотоос Улаангом сум руу очоод автомашинаа харахад ашиглаж болохооргүй, эвдэрчихсэн явахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
5. Гэрч Ж.М-ийн “...Би Д.Г-ийг ирэхээр нь Наранбулаг сумын байгаль хамгаалагч Х.Н-тай ярьсан. Х.Н мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгнө гэсэн чи мод бэлдээд, бичиг хийлгээд ир гэж хэлсэн. Би төрсөн хүү Д.Г-ийг ирсний маргааш нь Улаангом сум руу явсан бөгөөд тухайн үед ямар ажлаар явсан талаараа мэдэхгүй байна. Би Улаангом сум руу явахдаа өөрийн төрсөн охин тус аймгийн Наранбулаг сумын ЭМТ-д сувилагч ажилтай Д.Д руу яриад модны гоожингийн мөнгө тушаачих, би завгүй Улаангом руу явж байна гэж хэлсэн. Сүүлд асуухад Д мод бэлтгэсний дараагаар бага хэмжээний мөнгө тушаасан байсан, хэдэн төгрөг тушаасан талаар тодорхой санахгүй байна. Би Улаангом явсны дараагаар Д.Г нь манай нөхрийн төрсөн дүү Б.Б гэгчийг гуйгаад хамт модонд явсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/
6. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн “Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хоо толгойн цол” гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газарт хамаарахгүй. Иргэн Д.Г, Б.Б нарын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 29 ширхэг мод нь Шинэс мод байна. Дээрх мод нь хэрэгцээний хуурай мод байна. Уг модны экологи-эдийн засгийн үнэлгээ 866.416.32 төгрөг байна” гэх 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 39 дугаартай хуудас/,
2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн “..2019 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд 4.6448 метр куб хуурай шинэс мод 295.369 төгрөг” гэх 254 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 95 дугаар хуудас/,
2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн “...Солонгос улсад 1997 онд үйлдвэрлэсэн, 2008 оны 2 дугаар сард Монгол улсад орж ирсэн, Kia Rhino загварын ачааны автомашин 1.200.000 төгрөг” 259 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 1, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 254, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 259 дугаартай дүгнэлтүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хоо толгойн цол” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй, уг газар мод бэлтгэх талбай тусгаарлалт хийж, зохих зөвшөөрлөөр мод бэлтгэх боломжтой газар байх боловч шүүгдэгч Д.Г, Б.Б нар нь бэлтгэх зөвшөөрөл аваагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц, гэрч Х.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус тодорхойлжээ. Иймд шүүгдэгч Д.Г, Б.Б нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г, Б.Б нарын 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хоо толгойн цол” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг буюу 4.6448 метр куб хуурай шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт 866’416.32 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Г, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 866’416 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /866’416х3/ 2’599’248 төгрөг бөгөөд үүнээс 866’416 төгрөгийг хохиролд тооцож, үлдэх 1’732’832 төгрөгийг хор уршигт тооцно. Шүүгдэгч нар нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 866’614 төгрөгийг Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аварга хөрөө 1 ширхэг, төмөр шаантагтай сүх 1 ширхэг, битүүмжлэгдсэн 295’369 төгрөгийн үнэ бүхий 29 ширхэг буюу 4.6884 метр куб шинэс модыг болон шүүгдэгч Д.Гоос гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1’200’000 төгрөгийг албадан гаргуулж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэргийн хор уршгаас үлдсэн 236’630 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Д.Г-оос 118’315 төгрөг, шүүгдэгч Б.Б-өөс 118’315 төгрөгийг тус тус гаргуулж Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 866’614 төгрөг төлсөн, хор уршигт 2’599’248 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт тус бүр 15 ширхэг шинэс мод тарих, түүнийг арчлан хамгаалах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аварга хөрөө 1 ширхэг, шаантагтай төмөр сүх 1 ширхэг, битүүмжлэгдсэн 29 ширхэг буюу 4.6448 метр куб хуурай шинэс модыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б, Б овогт Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б, Д.Г тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд тус бүр 15 ширхэг шинэс мод тарих, түүнийг арчлан хамгаалах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б, Д.Г нарт хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
4. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 118’315 төгрөгийг, шүүгдэгч Д.Г-оос 118’315 төгрөгийг тус тус гаргуулан Увс аймгийн Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аварга хөрөө 1 ширхэг, төмөр шаантагтай сүх 1 ширхэг, битүүмжлэгдсэн 295’369 төгрөгийн үнэ бүхий 29 ширхэг буюу 4.6884 метр куб шинэс модыг болон шүүгдэгч Д.Г-оос гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1’200’000 төгрөгийг албадан гаргуулж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б, Д.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА