| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0173/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Орчуулагч: О.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: Б М Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б М Нид холбогдох 1935004000184 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
ОХУ-ын Тува улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ОХУ-ын Тува улсын Улуг-Хем райны Шагонар хотод Пушкины 11 дүгээр байрны 27 тоотод оршин суух, Б М Н /паспортын дугаар ............................/.
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Оросын Холбооны улсын Тува улсын иргэн Б М Н нь Увс аймгийн Давст сумын нэгдүгээр багийн нутагт байрлах Монгол Улсын хилийн 130 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын талаас Монгол улсын тал руу морин уналагатай зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б М Нийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б М Н нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Давст сумын нэгдүгээр багийн нутагт байрлах Монгол Улсын хилийн 130 дугаар тэмдэгтийн чиглэлээр боомт бус газраар Оросын Холбооны улсын талаас Монгол улсын тал руу морин уналгатай зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирсэн болох нь хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, хилийн зөрчлийн тухай бүртгэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хх-ийн 11-15-р тал/, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23-р тал/, адуу малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26-р тал/, хил зөрчлийн хил нэвтэрч орсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал /хх-ийн 35-36-р тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40-р тал/,
гэрч М В Сийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Энэ хүүхдийн аав ээж хоёр нь нас барсан тэрээр асрамжийн газар эцэг эхгүй өссөн. Би түүний эмээгийнх нь нөхрийн дүү юм. Эмээ нь өндөр настай хүн байсан учир энэ хүнийг явуулсан. Өмнө нь Шагонар хотод амьдарч байсан тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай хадлангийн ажилд туслахаар ирсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цагт хониндоо явсан түүний араар Б М Н 11 цагт адуунд явсан адуугаа хайж яваад Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байна. Манай адуу Монголын хилр үү өнгөрсөн оны 1 дүгээр сард нэг удаа орж байсан.” гэх мэдүүлэг /хх-50-51-р тал/,
гэрч Б.Цийн хэрэг бүртэлтийн шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянах манаанд үүрэг гүйцэтгэх даалгаврыг дэд ахлагч Таас авсан. Өгсөн үүргийн дагуу өглөөний 10 цагаас гарсан тэгээд хяналтаа зохиогоод сууж байтал Оросын Холбооны улсын талаас тор дагаад бараан зүсмийн морьтой нэг хун ирж байсан. Энэ талаар харуулдаа илтгэхэд үргэлжлүүлэн хяналтаа зохиогоод байж бай гэсэн чиглэл өгсөн. Тэгээд удалгүй нөгөө морьтой хүн хилийн 130 дугаар тэмдэгтийн чиглэлээр мод руу орж хяналтаас гарсан учир харуулд мэдэгдэхэд “сайн харж бай” гэсэн тэгээд нэг их удаагүй Монгол улсын талд ороод ирсэн, тэгээд хонио хариулж байсан нэг морьтой хүнтэй уулзаад нутгийн гүн тал руу явж байгаад буцаад хил тал руу явж байхад манай харуулын дарга, дэд ахлагч Т очиж саатуулсан. Ямарч адуу тууж яваагүй, ганцаараа морьтойгоо ирсэн. Өдөр 13 цагийн үед үзэгдэх орчин маш сайн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р тал/,
гэрч Б.Тын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 130-132 дугаар тэмдэггэд хилийн манааны үүрэг гүйцэтгэж байгаад хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд хилийн зөрчил гарсан тул манаанаасаа буухгүйгээр үргэлжлүүлэн хилээ манаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагт бууж ирсэн. Тэгээд өрдийн 13 цагийн үед харуулын байранд ирээд цай ууж байтал хянах манаанаас хилийн 130 дугаар тэмдэгтийн чиглэлд Оросын холбооны улсын талаас нэг морьтой хүн ирж байна гэсэн. Тэгээд удалгүй мод руу ороод гэнэт алга боллоо гэхээр нь ахлах байлдагч Пын хамтаар харуулаас хөдөлгөөн үйлдээд явж байхад хяналт манаа нөгөө хүн улсын хил зөрчөөд ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд П бид хоёр хилийн 130 дугаар тэмдэгтийн чиглэлд очиж ул мөр үзэхэд гол дээгүүр татсан хилийн торон саад доогуур шургаж орж ирсэн нэг морины мөр илэрсэн. Тэгээд мөрийн мөрдөөд нутгийн гүн рүү явахад хонь хариулж явсан нэг хүнтэй уулзаад цаашаа явж байсан. Тэгээд яваад очиход бид хоёрыг харчихаад хүрээд ирсэн. Тэгээд ирчихээд Тува хэлээр юм яриад байсан. Би бага зэрэг Тува хэл гадарладаг юм. Тэр хэлэхдээ би наян тооны адуу хариулдаг, аав, дүү нартайгаа хамт байдаг гэх шиг болсон. Тэгээд бид хоёр гар хөл хоёрыг нь боогоод буулгаад биед нь үзлэг хийхэд баруун талдаа хуйтай хутгатай байсан, бас тамхи, шүдэнз, асаагуур дуран, ташуур зэрэг эд зүйл байсан. Бид нарыг очиход ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, тэгээд застав руу мэдэгдээд анги руу мэдэгдсэн. 13 цагийн үед үзэгдэх орчин нартай байсан. Мал хар харсан хүн явдаггүй. Би энэ хил зөрчигчийг зорьж ирсэн гэж бодож байна. Яагаад гэхээр Улсын хилийн 130 дугаар тэмдэгтээр адуу мал ерөөсөө ирдэггүй, хэзээ ч хилд тулж ирдэггүй. Хааяа адуу харагддаг ч дандаа хариулгатай явдаг. Төөрсөн шинж тэмдэг байхгүй. Оросын холбооны улсын хил Монгол улсын хил хоёр хилийн 129 дүгээр тэмдэгт буюу хил зөрчигч иргэний ирсэн газар нь ямарч модгүй усгүй цагаан газар энэ газарт хилийн тор хаана байгааг Монголын тал Оросын холбооны улсын тал хаана байгаа нь ямарч хүн харсан тодорхой харагдаж байгаа. Тийм учраас би энэ хил зөрчигчийг санаатайгаар улсын хил нэвтэрсэн гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-55-57-р тал/,
гэрч Э.Гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манайх Торхилогийн гол, Хандгаит гэх зэрэг газраар нутагладаг. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний Хэлэнцэгийн нуга буюу хилийн харуулын ойролцоо өөрийнхөө хонио хариулж байтал өдрийн 13 цагийн үед ОХУ-ын талаас. Төөлтэй хөх морьтой нэг хүн хил дагаад мод руу явж байсан тэгээд би хонио хариулаад байж байтал цаанаас хил даваад гараад ирсэн. Тэгээд над дээр Тувагаар зөндөө юм хэлсэн би түний хэлийг мэдэхгүй байсан учир үйл хөдлөлөөрөө энгэрээ заагаад л юм хэлээд байсан. Би хэлийг нь мэдэхгүй байсан болохоор түүнийг орхиод цаашаа эргээд явж байтал хилийн цэргүүд ирээд бариад авсан. Цааш яасан талаар нь мэдэхгүй байна. ОХУ-ын хилийн тор дагаад цагаан газраар явж байгаад мод руу ороод ирсэн. Төөрсөн бол хилийн тор тулаад буцах ёстой байсан. Тэгэлгүй шууд хил зөрчөөд ороод ирсэн. Нартай тогтуун байсан. Хол ойрын эд юмс бүгд харагдаж байсан. Гол дээгүур татсан 2 метр өндөр орчим тор байгаа. Бас голын бусад газраар тор байгаа, турбогаар 2 улсын хилийг ялгасан байдаг.” гэх мэдүүлэг /хх-58-60-р тал/,
гэрч Б.Эы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би хилийн 0245 дугаар ангид 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн. Ажиллаад удаагүй байна. Өмнө нь хилийн 0285 дугаар ангид хилийн боомтын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх тасгийн дарга хийж байсан. Хил хамгаалах байгууллагад сургууль төгссөнөөсөө хойш 7 жил дахь жилдээ ажиллаж байна. Тухайн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хилийн 158 дугаар тэмдэгтийн чиглэлд зөрчил гарсан ба үүнтэй холбоотой ангиас надаар ахлуулсан тусгай томилгоот бүлэг ирж зөрчлийг шалгаж байх үед хилийн 130 дугаар тэмдэгтээр ОХУ-ын талаас морин уналгатай 1 хүн улсын хил зөрчиж саатуулагдсан талаар мэдэгдсэн уг мэдээллийн дагуу зөрчил гарсан гэх 130 дугаар тэмдэгт дээр ирсэн. Намайг ирэхэд хил зөрчигч ОХУ-ын Тува улсын иргэн нь хилийн 130 дугаар тэмдэгтийн чиглэлээр морин уналгатай улсын хил нэвтэрсэн байсан ба газар оронд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын хилийн инженерийн торон саадыг доогуур нь сөхөж орж ирсэн өөрөөр голын эрэг дээгүүр татсан 2 үе өргөст торны доогуур шургаж орж ирсэн ул мөр байсан. Тэгээд зөрчигчөөс ямар улсын иргэн болохыг асуухад ОХУ-ын Тува улсын иргэн Б М Н гэсэн хэлсэн. Тэгээд бид нар хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан ОХУ-ын Кызылийн хэсгийн бүрэн эрхт төлөөлөгчид албан захидлаар ОХУ-ын Тува улсын иргэн хил зөрчиж орж ирсэн талаар мэдэгдсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 30 минутанд хилийн 130 дугаар тэмдэгтийн зүүн талд ОХУ-ын Кызылийн хэсэгтэй хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалт хийсэн энэ уулзалтаар ОХУ-ын талаас хил зөрчиж орж ирсэн иргэний ул мөрийг хүлээлгэн өгч акт үйлдсэн, мөн хил зөрчигч ОХУ-ын талаас хил хууль бусаар зөрчиж орж ирсэн хүний паспортын хуулбарыг бидэнд өгсөн.” гэх мэдүүлэг /хх-61-63-р тал/,
гэрч Г.Чийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улиастай харуулын дарга Т 13 цагийн үед хилийн 130 дугаар тэмдэгтээр ОХУ-ын талаас морин уналгатай 1 хүн улсын хил зөрчиж саатуулагдсан талаар мэдэгдсэн уг мэдээллийн дагуу зөрчил гарсан гэх 130 дугаар тэмдэгт дээр очиж газар оронд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын хилийн инженерийн торон саадыг доогуур нь сөхөж орж ирсэн өөрөөр голын эрэг дээгүүр татсан 2 үе өргөст торны доогуур шургаж орж ирсэн ул мөр байсан. Тэгээд зөрчигчөөс ямар улсын иргэн болохыг асуухад ОХУ-ын Тува улсын иргэн Б М Н гэсэн хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 20 минутанд хилийн 130 дугаар тэмдэгтийн зүүн талд ОХУ-ын Кызылийн хэсэгтэй хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалт хийсэн энэ уулзалтаар ОХУ-ын талаас хил зөрчиж орж ирсэн 1 морьтой хүний ул мөрийг хүлээлгэн өгч акт үйлдсэн, мөн хил зөрчигч иргэний паспортын хуулбарыг бидэнд өгсөн. Энэ хүнд энэ баримт бичгээс өөр зүйл байхгүй. ОХУ-ын талаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болсон уулзалтаар энэ хүний талаар холбогдох баримт гэж энэ паспортын хуулбарыг өгсөн өөр юу ч өгөөгүй. Энэ паспортын хуулбарыг ОХУ-ын талаас бид нарт өгсөн овог нэрийг асууж тулгаж үзэхэд таарч байсан. Адуугаа хайж яваад хил нэвтэрч орж ирсэн талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-64-65-р тал/,
шүүгдэгч Б М Нийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би ОХУ-ын Шагонар хотод 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Эцэг эхээсээ хоёул. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Тэр одоо коллежид сурдаг. Манай аавыг Коля Н, ээжийг Э гэдэг тэр хоёр намайг 12 настай байхад нас барсан. Би өвөө эмээ дээрээ өссөн. Би Улуг Хем аймагт эмээтэйгээ мал маллаж байгаад эмээгийн садангийн хүмүүст хандлангийн ажилд туслахаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эмээтэйгээ хамт хилийн ойролцоо байдаг М В гэх айлд ирсэн. Тэгээд өдөрт нь өвсийг хадаад оройд нь адууг нь мандаг байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг өглөө босоход адуу хашаанаас нь гаргаад бэлчээрт явуулчихсан байсан 12 цагийн үед адуугаа хаана байгааг нь харахаар яваад Улаандаа гол дээр очиход адуу. Байхгүй байсан. Манай адуу энэ голоос ус уугаад мод руугаа орж бэлчээрлэдэг учир ирж харсан юм. Тэгээд ОХУ-ын хилийн ойролцоо адуугаа хайгаад олдохгүй болохоор нь Монголын тал руу харахад хилийн цаан 3 морьтой хүн байж байгаад намайг даллаж гараараа дуудсан. Тэгээд ОХУ-ын талаас Монголын тал руу нөгөө дуудсан хүн рүү явахад нэг шон унчихсан байсан. Монголын хил дээр ирэхэд гол дээгүүр татсан 1 тор байсан, түүнийг би морьтойгоо тонгойгоод гарсан. Тэгээд голоор гараад ирэхэд 2 морьтой хүн нь байхгүй байсан. Тэгээд нэг хүн байсан тэр хүнээс очоод адуугаа асуухад тэр хүн орос хэл мэдэхгүй байсан. Тэгээд тэр хүн цаашаа хонь руугаа явахад 2 цэрэг гарч ирээд намайг аваад явсан. Тортой шон уначихсан байсан дээгүүр нь гараад ирсэн. М ах надад нэг удаа хил адуу малаа явуулж болохгүй гэж хэлж байсан болохоос өөрөө орж болохгүй гэж хэлээгүй, учраас би хил нэвтрээд ороод ирсэн. Би хил нэвтэрч орох хориотой гэдгийг мэдэхгүй. Тэр өдөр нартай цэлмэг байсан. Би гол гаталж байхдаа Монгол Улсын хилийн тор гэдгийг мэдсэн. Тэгээд Монгол хүнээс адуугаа асууна гэж бодоод хилээр нэвтрээд ороод ирсэн. Би хууль бусаар хил нэвтэрсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б М Н нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хилийн боомт бус газар болох Монгол Улсын хилийн 130 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу боомт бус газраар хилээр нэвтэрч орж ирсэн үйлдэл нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б М Н нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилийн 130 дугаар тэмдэгтээр ОХУ-ын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б М Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б М Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б М Н нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хилийн 130 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хилээр хууль бусаар Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б М Н нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын иргэн, бөгөөд ОХУ-ын Бүгд НайрамдахТува улсын Улуг-Хем райны Пушкины 11 дүгээр байрны 27 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Энэ гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч Б М Н-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, түүний хувийн байдлыг харгалзан үзээд хуульд заасан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/185 дугаартай “Увс аймагт 3 настай орос адууны зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 10-р сарын байдлаар 500 000 /Таван зуун мянган/ төгрөг, Увс аймагт Орос хар эмээлний /хуучин/ зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 10-р сарын байдлаар 40 000 /Дөчин мянган/ төгрөг, Увс аймагт хазаарны /хуучин/ зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 10-р сарын байдлаар 25 000 /хорин таван мянган/ төгрөг, Увс аймагт ташуурны /хуучин/ зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 10-р сарын байдлаар 10 000 /Арван мянга/ төгрөг, Увс аймагт чөдөрний /хуучин/ зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 10-р сарын байдлаар 20 000 /Хорин мянган/ төгрөг, Увс аймагт ноггны /хуучин/ зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 10-р сарын байдлаар 15 000 /Арван таван мянган/ төгрөг, Увс аймагт Орос 2 нүдний дураншйн /БПЦ4 12x40 загварын, хуучин/ зах зээлийн дундаж үнэ цэнэ 2019 оны 10-р сарын байдлаар 120000 /Нэг зуун хорин мянга/ төгрөг болохыг тус тус тодорхойлов.” гэх дүгнэлт /хх-ийн 68-р тал/-ээр түүний гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь, түүний дагалдах хэрэгсэл, биедээ авч явсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3,4 дэх хэсгүүд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн морьны дагалдах хэрэгсэл болох 40.000 төгрөгийн үнэтэй ором эмээл, 25.000 төгрөгийн үнэтэй хазаар, 15.000 төгрөгийн үнэтэй ногт, 10.000 төгрөгийн үнэтэй ташуур, 20.000 төгрөгийн үнэтэй чөдөрийг тус тус хураан улсын орлого болгохоор Увс аймаг дахь ШШГГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б М Нийн биедээ авч явныг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хутга, дүнсэн тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, асаагуур, аман хуур, хоёр нүдний дуран, чүдэнзийг тус тус шүүгдэгч Б М Нид буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б М Н нь Монгол хэл мэдэхгүй тул Тува хэлээр мэдүүлэг өгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Тува хэлний орчуулагчаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын иргэн, Монгол улсад 8 жил амьдарч байгаа Тува, Монгол хэл сайн мэдэх О.Ог томилон шүүх хуралдаанд оролцуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар орчуулагчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулахаар хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.4-д “...орчуулагчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө байхаар тогтоосон байгааг тус тус үндэслэн орчуулагч О.Огийн шүүх хуралдаанд 3 цаг орчуулагчаар оролцсон, шийтгэх тогтоолыг Монгол хэлнээс Тува хэлэнд орчуулах хугацааг 5 цагаар тооцон, нийт орчуулагчаар ажиллах хугацааг 8 цагаар тогтоож, 152.380 төгрөгийн хөлсийг орчуулагч О.Од олгох үндэслэлтэй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ““Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б М Нийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 500.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, эр, буурал халзан зүстэй адууг хурааж, түүний үнээс орчуулагчийн хөлс 152.380 төгрөг гаргуулж орчуулагч О.Од олгож, үлдэх 347.620 төгрөгийг улсын орлого болгохыг Увс аймаг дахь ШШГГ-т даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлэх хүртэл морь битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Шүүгдэгч Б М Н нь энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б М Нийн энэ хэрэгт цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгийг торгох ялаас нь хасаж тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б М Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б М Нид 1450 /нэг мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б М Нийн энэ хэрэгт цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгийг торгох ялаас нь хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40.000 төгрөгийн үнэтэй ором эмээл, 25.000 төгрөгийн үнэтэй хазаар, 15.000 төгрөгийн үнэтэй ногт, 10.000 төгрөгийн үнэтэй ташуур, 20.000 төгрөгийн үнэтэй чөдөрийг тус тус хураан улсын орлого болгохоор Увс аймаг дахь ШШГГ-т хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хутга, тамхийг устгаж, асаагуур, аман хуур, хоёр нүдний дуран, чүдэнзийг тус тус шүүгдэгч Б М Нид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б М Нийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 500.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, эр, буурал халзан зүстэй адууг хурааж, түүний үнээс орчуулагчийн хөлс 152.380 төгрөг гаргуулж орчуулагч О.Од олгож, үлдэх 347.620 төгрөгийг улсын орлого болгохыг Увс аймаг дахь ШШГГ-т даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснар шүүгдэгч Б М Нид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ