| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2017/00740/и |
| Дугаар | 001/ХТ2018/00296 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/00296
Д.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01619 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02249 дүгээр магадлалтай,
Д.Тын нэхэмжлэлтэй
Ч.Бд холбогдох
120 700 000 төгрөг гаргуулах, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 150 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2013 онд Ч.Баас цувуулж авсаар 150 000 000 төгрөгийг зээлсэн. Улмаар 2013 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэл нийт 270 700 000 төгрөгийг Ч.Бд эргүүлэн төлсөн. Ч.Баас 150 00 000 төгрөгийг зээлэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хүү, алдангийн талаар тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй. Иймд Ч.Бд үндэслэлгүйгээр төлсөн 120 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулсан болон тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 2013 онд Д.Ч.Баас 150 000 000 төгрөг зээлэхээр амаар тохиролцоо хийсэн. Ингэхдээ мөнгийг бөөнөөр аваагүй ба Ч.Б тус мөнгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Харин Д.Т нь 2013 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд Ч.Бд нийт 271 700 000 төгрөгийг буцаан дараах байдлаар төлсөн. 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 онд 30 200 000 төгрөг, 2015 онд 48 000 000 төгрөг, 2016 онд 173 000 000 төгрөг, бэлнээр 15 500 000 төгрөг, бүгд 271 700 000 төгрөг буцаан төлсөн байна. Гэтэл Ч.Б нь 2015 оны 1 сард Д.Таас 150 000 000 төгрөг нэхэж шахалтанд оруулан Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ч.Б нь Д.Тд 150 000 000 төгрөг зээлдүүлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн хүү тохироогүй тул хүү нэхэмжлэх эрхгүй. Иймээс талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны зээлээ халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэж байна. Мөнгө зээлүүлж эхэлснээс хойш 2 жилийн дараа тус гэрээг байгуулсан бөгөөд 150 000 000 төгрөг нь Хамтран ажиллах гэрээний үндсэн хөрөнгө оруулалт биш юм. Иймд 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.Т, Ч.Б нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хариуцагч Ч.Б бүх баримтаа шүүж үзснээр 150 000 000 төгрөг биш, 103 400 000 төгрөгийг авсан гэдгийг олж мэдсэн ба баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс өөрөөр Ч.Баас мөнгө аваагүй бөгөөд харин 4 удаагийн гүйлгээгээр Ч.Бд 271 700 000 төгрөгийг буцаан төлсөн. Хэдийгээр 103 400 000 төгрөгийг авсан байгаа боловч 150 000 000 төгрөг авсан гэж хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасантай маргахгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохиролцоогүй атлаа зээлийн хүү, Хамтран ажиллах гэрээний ашигт тооцон 270 700 000 төгрөг авсан байна. Хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, тодорхой үр дүнд хүрэх зорилго байгаагүй, гэрээ хэрэгжээгүй бөгөөд Ч.Б сүрдүүлсний улмаас байгуулсан. Мөн Бат-Өрнөхөд өгөх ёстой 42 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хас банкнаас 126 000 ам долларыг жилд 13,2 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан байсан бөгөөд Д.Т нь намайг мөнгөтэй байгааг мэдэн 150 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сараас эхлэн зээлэхдээ би авто засварын газар ажиллуулдаг ба уг засварын газраа өргөтгөж гаднаас машин оруулж ирнэ, тиймээс зээлээ найдвартай төлнө, хамтран ажиллаж ашгаа хуваасан ч болно гэсэн. Би түүний явуулж байгаа үйл ажиллагааг нь мэдэж байсан учир итгээд 150 000 000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь миний данс руу хааяа мөнгө хийсээр 2 жил болоход 25 000 000 төгрөг төлсөн байсан. Би банкнаас өндөр хүүтэй долларын зээл аваад зээлийн хүүгээ ч төлж чадахгүй байдалд орсон тул Д.Ттай тооцоо нийлж, одоо үлдсэн мөнгөө шаардсан. Гэтэл Д.Т одоо өгөх боломжгүй байна, хамтран ажиллая гээд гуйгаад байсан тул 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Тус гэрээний 1-д хамтран ажиллах чиглэл, хамтын үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал, гэрээний хугацаа зэргийн талаар тохиролцсон. Мөн гэрээний 3.1-д Хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал олсон орлого, өр авлага, бусад зүйлс нь талуудын дараах өмчлөлд байна. Б талаас А талд цэвэр ашгийн 30 хувийг олгоно гэж заасан. “Хамтран ажиллах гэрээ” нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй. Тэрээр надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоор хамтран ажиллая гэж гэрээ байгуулан, хууран мэхэлсэн гэж үзэж байна. Тиймээс Д.Т надаас биш, би түүнээс мөнгө авах ёстой. Д.Т нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.1-д заасан цэвэр ашгийн 30 хувийг өгч байснаа хөрөнгө оруулсан 150 000 000 төгрөгийг төлсөн гэж эндүүрч байна. Тиймээс гэрээний ашиг гэж өгсөн мөнгөө буцаан шаардах үндэслэлгүй. Миний бие 150 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч бид хоорондоо хүү төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Миний данс руу шилжүүлсэн мөнгөнөөс Бат-Өрнөхөд 40 298 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талууд 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Тус гэрээг талууд өөрсдийн хүсэлт зоригийн дагуу байгуулсан, миний зүгээс шахаж шаардсан зүйл байхгүй, харин тэрээр өөрөө гуйгаад байсан тул би арга буюу зөвшөөрсөн. “Хамтран ажиллах гэрээ”-ний хугацаа нь дуусаагүй байгаа бөгөөд гэрээний дагуу 30 хувийн ашгийг Д.Т надад өгч байсан. Харин тэрээр үндсэн хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд, миний оруулсан хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг Д.Таас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү төлөх асуудал байхгүй. Мөн зээлийн мөнгийг шилжүүлэн авсны дараа хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн ба уг гэрээ хэрэгжээгүй тул ашиг, орлого хуваах асуудал яригдахгүй. Тиймээс Д.Тын Ч.Бд төлсөн 270 700 000 төгрөгийг зээлийн гэрээний хүү болон Хамтран ажиллах гэрээний ашиг гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд, үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01619 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Ч.Баас 40 202 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80 498 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хариуцагч Ч.Бы нэхэмжлэгч Д.Тд холбогдуулан гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 669 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баас 1 266 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгож, хариуцагч Ч.Бы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02249 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Бы төлсөн 1 266 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн хяналтын гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн №183/ШШ2017/01619 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн №210/МА2017/02249 тоот магадлалаар хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар “...Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж доорхи үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн би гомдлоо доорх үндэслэлээр гаргаж байна. Үүнд: 1. Тус иргэний хэрэг 2017 оны 03 сарын 15-ны өдөр үүссэн /XX 26 ху/, нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримтад хариу тайлбар өгөх хугацааг 4 хоногоор тогтоож хариуцагчийн тайлбар өгөх хуулиар олгогдсон хугацааг зөрчсөн, ИХШХШТХ-ийн 72.2-т шүүгчээс хугацааг тогтоож болохоор заасан боловч шүүгчээс 4 хоногт багтаан хариу тайлбар өгөх шаардлагатай гэсэн үндэслэл, баримт бичиг байхгүй байгаа юм. /хх 27 ху/ 2. 2017 оны 06 сарын 09-ний өдрийн “Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийн захирамжлах хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэхээр заасан байна. Гэвч 120 700 000 төгрөг гаргуулах тухай хэрэг маргаан юм. Энэ нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа гаргасан гэж үзэж байна. /хх 106 ху/ 3. 2017 оны 06 сарын 13-ны өдрийн №15 тоот хүсэлтийг шийдвэрлэсэн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн №06749 тоот захирамжийн 2-т Гэрч Бурмаа, Д.Түвшинтулга, Г.Бат-Орших, Ч.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулахаар захирамжилсан боловч гэрч Г.Бат-Оршихын мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй байхад буюу захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. /хх 119 ху/ 4. ИХШХШТХ-ийн 71.1-т иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногт хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар 2017 оны 05 сарын 15-ны өдөр хэргийн хугацаа дууссан байх бөгөөд мөн хуулийн 71.2-т тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгана гэж заасныг зөрчин зөвлөгөөний тогтоол гаргалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. 5. Нэхэмжлэгч Д.Т нь Ч.Баар дамжуулан бусдаас их хэмжээний мөнгө зээлээд түүнийгээ төлөөгүй болох нь эрүүгийн хэрэгт хууль сануулагдан авсан гэрчийн мэдүүлгүүд болох нотлох баримтуудаар нотлогддог. Т.Бат-Өрнөхөөс 102 313 000 төгрөгийг зээлж аваад Ч.Баар дамжуулан өгсөн байтал шүүхээс 40 298 000 төгрөг өгсөн гэж хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн нэхэмжлэгч Ч.Бы эхнэр буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бурмаагийн эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт “... 2013 онд Ч.Баас 150 000 000 төгрөг зээлж авсан” гэж байдаг бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг гүйцэд үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. 6. “Ажил гүйцэтгэх гэрээ” нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд 2 талын хүсэл зоригийн үүднээс хийгдсэн, тус үйл ажиллагааг Д.Т нь явуулж байсан учраас харилцан тохиролцон хийгдсэн хэлцэл юм. Шүүхээс дүр үзүүлэн хийсэн гэдгээ нэхэмжлэгч талаас нотлоогүй байхад шүүх дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч Ч.Быг ИХ-ийн 492.1,1-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүх ИХ-ийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар зохигч талууд 2015.01.30 өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус гэрээ нь харилцан тохиролцож бодитой байгуулагдсан гэрээ учраас хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Т хариуцагч Ч.Баас 150 000 000 төгрөг зээлж 270 700 000 төгрөгийг төлөхдөө 120 700 000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж, Ч.Баас буцаан гаргуулах, түүнтэй байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг, хариуцагч хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хоёр шатны шүүх зохигчдын мэтгэлцсэн асуудлын зарим хэсгийг бүрэн тодорхойлж, дүгнэж чадаагүй, маргааны үйл баримт, гэрээний үүргийг үндэслэлтэй дүгнэж чадаагүй байх тул зөвтгөх боломжтой гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...хариу тайлбар гаргах хугацааг хуульд зааснаас доогуур тогтоосон, ...иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжид өөр хэргийг хэлэлцэхээр заасан, ...нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг бүрэн хангаагүй, ...хэргийн хугацааг сунгаагүй, ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, 40 202 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, ...хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж хуулийг буруу тайлбарласан...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн байна.
Шүүх хариуцагч Ч.Баас ...40 202 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг зөрчсөн тул Д.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангана.
1.Хэрэгт байгаа баримтаас үзвэл Д.Т нь Ч.Баас 150 000 000 төгрөгийг зээлж авсан, буцааж 270 700 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид тайлбар гаргасан байхад шүүх зөвхөн мөнгө шилжүүлсэн баримтад тулгуурлан нэхэмжлэгч 103 400 000 төгрөгийг зээлж авсан, 230 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Д.Т нь нэхэмжлэлдээ “...150 000 000 төгрөгийг зээлж авсан...” талаар дурдсан, энэ талаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, хариуцагч нь 270 700 000 төгрөгийг авсан, гэхдээ энэ нь хамтран ажиллах гэрээний дагуу авсан ашиг гэж тайлбар гаргасан баримт хэрэгт авагдсан /хх-91, 161/ ба шүүх зохигчдын мэтгэлцээний хүрээнээс өөрөөр дүгнэлт хийх үндэслэлгүй юм.
Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна. Зээлийн хүү тохирсон боловч гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тооцох үндэслэлгүй хэдий ч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, хүүг төлсөн тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.” гэж заасан тул нэгэнт биелүүлсэн үүргийг буцаан гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй болно. Шүүх уг шаардлагад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй байжээ. Энэ талаар буюу ...40 202 000 төгрөгийг гаргуулсан шийдвэрийг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
2.Зохигчид 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний асуудлаар маргаж, нэхэмжлэгч уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн бол хариуцагч гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа, гэрээний дагуу нэхэмжлэгч ашиг өгч байсан гэж мэтгэлцсэн байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. 2015 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн зохигчдын бичгээр байгуулсан гэрээнд “...Ч.Б нь 2013.08.01-нд 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, зохигчид нь хамтран автомашин сэлбэг захиалга, худалдаа, кузов, агрегат засварын газрын үйл ажиллагааг эрхлэх, Ч.Б нь ашгийн 30 хувийг авах тохиролцоо...” тусгагдсан боловч талуудын хооронд хамтран ажиллах зорилго байгаагүйгээс гадна нэхэмжлэгч тайлбартаа “...худалдагч ажиллуулсан боловч Д.Т худалдагчаа больчих, чамд хүү болгоод сар бүр 7 500 000 төгрөг өгье гэж тохироод мөнгийг өгч байсан...” /хх-91, 161/ гэснээс үзэхэд хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй байна. Зохигчдын тайлбараар хамтран ажиллах зорилго байгаагүй, Ч.Б нь зээлсэн 150 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцааж авах зорилгоор гэрээг байгуулсан, хууль зүйн үр дагавар үүсгээгүй шинж нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд хариуцагч нь уг гэрээний дагуу ашиг авах үндэслэлгүй бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу 270 000 000 төгрөгийг авсан гэх татгалзал үндэслэлгүй, улмаар сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгчээс хүлээж авсан 270 000 000 төгрөгөөс Бат-Өрнөхөд нэхэмжлэгчийн төлөх ёстой зээл буюу 40 298 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтыг зохигчид хэн аль нь маргаагүй байна. Дээрх үүргийг хасч тооцоход хариуцагч нь 2013 онд 150 000 000 төгрөгийг зээлдүүлж, 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын хооронд хүүгийн хамт нийт 230 402 000 төгрөгийг буцааж авсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлсэн тул үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байна.
Иймд Д.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2017/02249 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01619 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсгийг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлээс 120 700 000 төгрөг гаргуулах шаардлагыг болон нэхэмжлэгч Д.Таас 150 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтад “...хариуцагч Ч.Баас 1 266 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгож...”, гэснийг хасч өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 1 266 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА