Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 381

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С, Ц.Б, Л.Э, Г.Б

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд  томилсон акт гаргах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Л овогтой Э нь 2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1034 дугаар тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан байдаг.

Д.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2010 онд анх ажилд орж улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1034 дугаар тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан байдаг.

Г.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 25-ны 221 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан байдаг.

Ц.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1765 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан байдаг.

С.С нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар Улсын бүртгэлийн төв архивын газрын даргаар анх томилогдон ажиллаж байгаад 2012 оноос Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын даргаар томилогдож ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн.

Нэхэмжлэгч нар нь Оюуны өмч, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалаар ерөнхий газрын бүх албан хаагчдыг ажлаас чөлөөлж буцаан томилохдоо нэхэмжлэгч нарыг эгүүлэн томилоогүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг удирдлага болгон нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн атлаа дээрх хуулийн үндэслэлээр ажилд томилохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Тухайлбал Засгийн газрын 2016 оны тогтоолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газартай 2016 оны 7 дугаар сард нэгтгэсэн боловч Засаг захиргааны нэгжийн түвшинд буюу Нийслэл болон дүүрэгт Улсын бүртгэлийн газар, хэлтсийн бүтэц, орон тоо хэвээр хадгалагдаж үлдсэн. Өөрөөр хэлбэл тус газрын шинэ зохион байгуулалтын бүтцэд нэхэмжлэгч нарын хариуцан гүйцэтгэж байсан албан тушаалын орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал нэхэмжлэгч нарын оронд өөр иргэдийг томилсон нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалт болон мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх зэрэг хуулийн хэм хэмжээг зөрчиж байна.

Дээрх асуудлаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын төрийн албаны зөвлөлд гомдол гарган хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ажил олгогчийг буюу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж дүгнээд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны  дотор албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангаж өгөхийг мэдэгдсэн боловч ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж байна.” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн газар татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсан.

Дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэр болон Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай А/16 тоот тушаалын дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалаар Аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн.

Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын хувьд бүтэц зохион байгуулалтаар дараах үндсэн өөрчлөлтүүд орсон. Үүнд:

• Тус газрын үндсэн нэгж болох Статистикийн хэлтэсгүй болсон.

• Захиргаа, удирдлагын хэлтэстэй болсон.

• Бүртгэл арга, зүйн хэлтэстэйгээр зохион байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь дүүрэг, хорооны бүртгэлийн болон улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй болж өөрчлөгдсөн байна.

С.С нь 2009 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2011 онд Улсын бүртгэлийн төв архивын газрын даргаар, 2012 онд НУБГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, дараа нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон тухайн албан тушаалдаа ажиллаагүй бөгөөд улмаар ажлаасаа чөлөөлөгдөн Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар УБСЕГ-ын НУБСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод мөн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/274 тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар томилогдсон байна. Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд томилогдсон эсэхийг тодруулах нь зүйтэй гэж хариуцагч тал үзэж байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан С.Сд бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дугаар тушаалаар олгосон бөгөөд С.С нь тэтгэлэг авах тухай асуудлаар удаа дараа ерөнхий газрын даргатай ирж уулзаж байсан бөгөөд тус байгууллагад гарсан бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, нэг удаагийн тэтгэлгийг хүлээн авсан юм.

Ц.Бын тухай: Иргэн Ц.Б нь анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1765 дугаар тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус хэлтсийн даргаар томилогдсон.

Г.Бийн тухай: Иргэн Г. Б нь анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр тушаалаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Л.Эын тухай: Иргэн Л.Э нь анх 2012 онд Улсын бүртгэлийн байгууллагад Тамгын газрын Мэдээлэл, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр, 2014 оны 383 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн төв архивын газрын Иргэний баримтын архивын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2014 оны 859 дүгээр тушаалаар Тамгын газрын Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, гадаад харилцааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2015 оны 389 дүгээр тушаалаар Иргэний бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгчээр, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон.

Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, 2015 оны 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/304 дүгээр тушаал, 2016 оны А/21 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг байгуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор Оюуны өмчийн газар татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" А/16 тоот тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны стратеги, үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн чиг үүргийг баталсан. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Б/37 дугаар тушаалаар аймаг, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтэс, түүний чиг үүрэг, бүтцийн тогтолцоог баталсан.

Хууль зүйн сайдын 2015 оны 04 дүгээр тушаалаар “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц”-ийг баталсан бөгөөд Нийслэлийн дүүргүүдийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс нь тухайн дүүргийн хэмжээнд хуульд заасан иргэний, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хөтлөх, статистикийн үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэх, дээрх бүртгэлтэй холбоотой үйлчилгээг иргэдэд үзүүлэх, Улсын бүртгэлийн гэрчилгээ олгох, хорооны улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/16 тушаалаар статистикийн үйл ажиллагаа чиг үүрэг бүхэлдээ хасагдаж, шинээр үндэсний энгийн гадаад паспорт олгох хүчинтэй хугацааг сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх чиг үүрэг нэмэгдэж, Үндэсний энгийн гадаад паспортыг шинээр олгох, хүчинтэй хугацааг сунгахад нэгжийн дарга баталгаажуулж гарын үсэг, тэмдэг дарах эрхтэй байхаас гадна тухайн үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай болно.

Тус газрын зүгээс Ц.Б, Г.Б, Д.Б, Л.Э нараас байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан, хуульд заасны дагуу өөр ажил, албан тушаалд ажиллах санал тавьсан боловч ажиллахгүй, Төрийн албаны тухай хуульд зааснаар 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн болно. Иймд Ц.Б, Г.Б, Д.Б, Л.Э нарт тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дугаар тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

Ц.Б, Г.Б, Д.Б нар нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар байгуулагдахад Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад мөн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/278, Б/279, 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/297 дугаар тушаалаар тус тус хэлтсийн даргаар томилогдсон байна.

Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд томилогдсон эсэхийг тодруулах нь зүйтэй гэж хариуцагч тал үзэж байна.

Иргэн Л.Э нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамд заасны дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдоогүй хэдий ч тус байгууллагаас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан, хуульд заасны дагуу өөр ажил, албан тушаалд ажиллах санал тавьсан боловч ажиллахгүй, Төрийн албаны тухай хуульд зааснаар 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дугаар тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

Иймд дээрх нэр бүхий иргэд нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, асуусан саналын дагуу өөр ажлын байр, албан тушаалд томилогдохгүй, хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч ажлаас чөлөөлөгдөхөө хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.С, Л.Э, Г.Бааатарзориг, Ц.Б нараас “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд  томилсон акт гаргах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх тухай “ 12 тогтоол , Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоол , Хууль зүйн дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалаар   Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдсанаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар  Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн, үүнд Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч С.С, Баянзүрх  дүүргийн  Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Ц.Б, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Г.Б, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Л.Э нар хамрагджээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/35 дугаар тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны нийт алба хаагчдыг чөлөөлсөн тушаалын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 дугаар “Ажилд томилох” тушаалаар  Нийслэлийн бүртгэлийн газрын, Б/39 дүгээр тушаалаар  Баянзүрх дүүргийн, Б/43 дугаар тушаалаар  Сонгинохайрхан дүүргийн, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар  Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, албан хаагчдыг томилохдоо нэхэмжлэгч нарын өмнө гүйцэтгэж байсан албан тушаалын орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал өөр иргэдийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн гэж маргажээ.

Хариуцагчаас “...дээрх нэр бүхий иргэд нь байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, асуусан саналын дагуу өөр ажлын байр, албан тушаалд томилогдохгүй, хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч ажлаас чөлөөлөгдөхөө хүлээн зөвшөөрсөн...” гэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлан үгүйсгэжээ.

2.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна, 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар шинээр байгуулагдсан бүтцийн дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүд нь даргатай байхаар батлагдсан бөгөөд тэдгээрийн албан тушаалын чиг үүрэг нь өмнөх Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга, дүүргийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил, албан тушаалаас чөлөөлөгдөж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа болон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдахын тулд өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг шилжсэн ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ гаргасан байх шаардлагатай.

Гэтэл Улсын бүртгэл, статистикийн газарт хийгдэж буй бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б нэхэмжлэгч С.С, Ц.Б, Г.Б, Л.Э нарын саналыг утсаар сонссон , түүнчлэн нэхэмжлэгч С.Стой дээрх асуудалтай холбогдуулан хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга биечлэн уулзсан болохыг үгүйсгээгүй  бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4.-т заасантай нийцсэн байна. 

Тодруулбал, утсаар ярьсан тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.Б “...бүртгэгчээр ажиллана гэж байхгүй. 6 сарын тэтгэмж авах тал дээр санал байна уу? Таныг зөвшөөрсөн тохиолдолд тэтгэмжийг хөөцөлдөх асуудал гарна? Тэгье тэгье...,   нэхэмжлэгч Л.Э “...Тэтгэмж авна гэвэл хэдий хугацааны ямар тэтгэмж авах вэ?, ...6 сарын тэтгэмж үү. Өгье гэвэл одоо тэгээд яахав дээ...,  нэхэмжлэгч Г.Б “...аан за ойлгож байна. 6 сарын тэтгэмж өгнө гэвэл тэр саналыг хүлээж авна...” , гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нараас бүтэц өөрчлөн зохион байгуулж, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсантай  холбогдуулан өмнө ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ хариуцагчид гаргасан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгч нарыг ажилд томилох тушаал гаргахгүй байгаа гэх эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөгдсөн тул нэхэмжлэгч нарт улсын бүртгэгчийн ажил санал болгосныг хүлээн аваагүй учир тэднийг ажлаас чөлөөлж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Сд 5.373.462 төгрөг, Г.БЦ.Б, Л.Э нарт тус бүрт 4.412.820 төгрөг буюу 6 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь дээр дурьдсан Төрийн албаны тухай хуульд заасныг зөрчөөгүй байна.

3.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заажээ.

Гэвч энэ тохиолдолд хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд буюу Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/250 дугаар “Ажилд томилох” тушаал  гаргаж Нийслэлийн бүртгэлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Г.А-ыг, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Жг, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Т.Булгантамирыг, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.А нарыг   томилсоныг буруутгах боломжгүй байна.

Учир нь эдгээр хүмүүс нь өмнө тухайн бүртгэлийн байгууллагадаа ажиллаж байсан болохыг дурдах нь зүйтэй .

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан. 

Тиймээс нэхэмжлэгч нар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас зарласан “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа газар, нэгжийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх, дүгнэлт гаргах шалгаруулалт” -д оролцох эрх нээлттэй болно. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч С.С, Г.Б,Ц.Б, Л.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,  27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С, Г.БЦ.Б, Л.Э нарын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэхэмжлэгч нарыг ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон акт гаргахыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуунp/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.БАТБААТАР