| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0170/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогч: Ч.Т,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Чны Бт холбогдох 1935000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 15-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй Т овогт Чны Б / РД:........................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Бын гэрт 2019 оны 9 дүгээр сарын 20-нд хохирогч Ч.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ч.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Бын гэрт 2019 оны 9 дүгээр сарын 20-нд хохирогч Ч.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг архины шилээр цохьсон болох нь
Хохирогч Ч.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “1980 оны үед миний "аав Ч Наранбулаг сумын нутаг "Тэрэм хад" гэх газарт өвөлждөг байсан. Тухайн үед уг өвөлжөөнд аавын мал байхгүй байсан тул өөр газар руу нүүсэн байдаг юм. Аавыг өвөлжөөнөөс нүүсэн хойгуур нь Бийн аав Чн гэх хүн миний аавын өвөлждөг "Тэрэм хад гэх "газарт өвөлждөг болсон. Б аав болон миний аав хоёр "Тэрэм хад"-ын өвөлжөөний газрыг булаазалдаж байгаагүй. Үүнээс хойш Б бид 2-ын аав нас барсаны дараа Б бид хоёр 2011 оноос эхэлж "Тэрэм хад" гэх газрын өвөлжөөг булаацалдаж анх удаа маргалдсан. Тэгээд би Бт “Тэрэм хад” гэх газрын ойролцоо байдаг "Хүйтэн буурь" гэх газарт бууж өвөлжөө гэж хэлсэн чинь Б зөвшөөрөөгүй юм. Үүнээс болж Б бид 2 хааяа, хааяа ам зөрж маргалддаг байсан. 2019оны 9 дүгээр сарын 20-нд би унагатай гүү хайж олж аваад гэр рүүгээ явах замдаа Б гэх айлд ортол уг айлд Баттөмер архи уусан байж таарсан юм. Б бид өвөлжөө, бууцны асуудлаа ярьж маргаж эхэлж байтал Б ууж байсан архины шилээрээ 1 удаа цохьсон. Би Бт цохиулсаны улмаас сумын эмчид үзүүлж 15.000 төгрөгийн эм авсан. Сумаас аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэхийн тулд 50 литр бензин машинд хийж ирж үзүүлсэн Аймгийн төвд ирээд айлаас эмнэлэг, эмнэлэгээс айлруу явах таксинд 20.000 төгрөг болсон Одоо аймгаас сумруу явах 20.000 төгрөгийн зардал, сумаасаа Тариалан суманд очиж бариачид толгойгоо бариулах зардалд 50,000 төгрөгний зардал, өмгөөлөгчийн хөлсөнд 250,000 төгрөгний аардалд тус тус гаргуулж авна. Надад эмний 15,000 төгрөг, 50 литри бензиний 107,000 төгрөг, таксины 20,000 төгрөг, аймгаас сум буцах 20,000 төгрөг, бариачид бариулах 50,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 250,000 төгрөг буюу 462 000 төгрөгний хохирол учирсан. Би хохиролоо барагдуулчихвал гомдолгүй болно. Надад учирсан хохиролд эхний ээлжинд 110.000 төгрөг авч бай гээд бэлэн өгсөн. Үлдсэнийг нь удахгүй өгнө гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-7, 9-10-р тал/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Б надаас насаар ах хүн тул хүндлээд 1 шил 0,5л архи гаргаж өгсөн. Аав маань ганц хоёр хундага уусан. Эхнэр бид хоёр уугаагүй. Удалгүй Т гэх хүн ирж, манай аавтай мэнд ус мэдэлцээд байж байтал Т, Б хоёр хоорондоо ам зөрсөн зүйл ярьсан. Үргэлжлүүлээд өтөг бууц яриад маргаж эхэлсэн ба маргалдаж байгаад Б тойруулж байсан архины шилээ аваад Тийн нүүр хэсэг рүү цохьсон чинь Тийн хамраас цус гарч эхэлсэн. Би шууд Бийг дагуулж гараад “Та Тийг цохиж муухай зүйл хийлээ, та одоо манайхаас яв” гэж хэлээд гэр рүү нь буцаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,
Гэрч Б.Үийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хадам аав Бтай ярилцаж байтал Б Т рүү хандаад хэрүүлийн чанартай зүйл хэлээд байсан. Улмаар Т хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн ба гэнэт архины шил аваад Тийг цохьсон. Тийн хамарнаас цус гарсан. Б Тийн хажууд дахин суугаад маргалдах гээд байхаар нь манай нөхөр түүнийг гэр рүү нь буцаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б Бт нэг шил архи гаргаж өгсөн. Уг архийг Б өөртөө хундагалаад уусан бөгөөд би хувааж уулцсан. Архи талдаа орж байтал энэ айлд Т гэх хүн ирсэн. Би Ттэй мэнд ус мэдэлцээд байж байтал Б бид хоёрт хандаад нэг нутаг усанд золгодог ямар учиртай юм бэ гэсэн зүйл ярьж байснаа Т рүү хандаад өтөг бууцны асуудал ярьж маргаан эхлүүлсэн. Гэтэл Б Тийг архины шилээр цохьсон. Т нүүрээ дараад доошоо харсан ба хамраас нь цус гарсан. Тэгтэл Б Бийг дагуулаад гарсан. Бэр Ү Тийн цусийг тогтоогоод цэвэрлээд байсан. Б орж ирээд Тийн хажууд суугаад дахин хэрүүл хийх гээд байхаар нь Б Бийг гэрээс дагуулж гараад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Д.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ч.Б бид хоёр 1986 онд гэр бүл нэг гэрт орон хамт амьдарч байгаа 3 хүүхдийн эцэг, эх болсон. Манайх Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багт мал маллаж амьдардаг. Миний нөхөр хааяа шалтгаан гарсан, найз нөхөд, ах дүү нартайгаа уулзсан, ирсэн үед л архи уудаг, мал маллах ажил хийгээл байж байдаг ба урьд нь хэрэгт орж байгаагүй. Миний нөхөр энгийн, даруу, төлөв зантай ба 2019 оны 9 дүгээр сарын 20-нд багийн хуралд оролцохоор явсан ба хурлаас тараад айлд байж байтал Ч.Т гэх хүн ирж Ч.Бтэй "өтөг, бууц, газар"-ын маргаан хийгээд, хэл амаар доромжлоод байхаар нь уурлаад архины шилээр цохьсон байсан. Ч.Тийн булаацалдаад, маргалдаад байгаа газарт Бийн ээж нь амьдардаг ба миний нөхөр Бт хамааралгүй газар юм. Гэтэл Ч.Т Бийн ээжээс асуух ёстой өтөг бууцны асуудлаа Бөөс асууж хэрүүл маргаан гаргах гээд байдаг юм. Ч.Т нь миний нөхөр Бийн аав Чн гэх хүний өвөлжөөний газар болох "Тэрэм хад" гэх газрыг одоо булаацалдах гээд л байгаа юм. Уг газрын нарийн учрыг нь би бас сайн мэддэггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сумын төвийн соёлын төвд манай багийн иргэдийн хурал болж би очиж оролцсон. Уг хурал тарсаны дараа гэрлүү буцах замдаа "мал асуух" гээд багийн иргэн Б.Бын гэрт 17-16 цагийн үед очсон. Уг айлд намайг очиход Б өөрөө болон түүний аав Б, эхнэр 3 нь байсан. Би уг хүмүүстэй ярилцаад байж байтал Б надад 1 шил архи гаргаж өгөхөөр нь би архийг тойруулж Бтай хувааж уугаад байж байтал гаднаас Т 19 цагийн үед ирсэн. Т гэрт байсан хүмүүстэй мэнд усаа мэдэлцсэний дараа надтай өвөлжөөний бууцны талаар ярилцаж эхэлсэн. Уг яриа гэнэт маргаан болон хувирч Т бид 2 хоорондоо маргалдаж, Т намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрч би тойруулаад ууж байсан архины шилээр Тийн нүүрний хэсэгт 1 удаа цохьсон чинь хамарнаас цус гарсан. Тэгсэн чинь Б намайг гэрээс авч гараад "Тийн хамарнаас цус гарчлаа, дахин хэл ам гарч магадгүй байна та одоо яв," гэж хэлэхээр нь би явсан. Би эндээсээ шууд гэрлүүгээ явсан. Ийм л зүйл болсон. Хэрүүл маргааны улмаас уурандаа Ч.Тийг архины шилэээр цохьсон нь миний буруу.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 662 дугаартай шинжээчийн “Ч.Т-н биед хамар ясны хугарал, хамрын муруйлт, хамрын нуруунд зулгаралт, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хамрын муруйлт, хамрын нуруунд зулгаралт, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/-ээр хохирогч Ч.Тийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Б энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж нүд хамар орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ч.Тийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р тал/-аар нотлогдсон.
Хохирогч Ч.Т 462.000 төгөргийн нэхэмжлэл гаргасан боловч 101.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-ийн 76-р тал/, прокурорын хяналтын шатанд “Ч.Б надад эхний ээлжинд 110.000 төгрөг авч бай гээд бэлэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/, шүүхийн шатанд “Бөөс бензиний зардалд 106.000 төгрөг хүлээн авсан” гэсэн тодорхойлолт /нотариатаар баталгаажуулсан/ гаргаж өгсөн байх тул хохирогчийн 462.000 төгрөгийн нэхэмжлэлээс 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 216.000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ч.Хгийн өгсөн: “Ч.Б одоогоор эхнэрийн хамт 2-лаа амьдарч байгаа ба жилийн 4 улиралд малаа маллан амьдардаг малчин өрх юм. Даруу төлөв зантай, багийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, нийгмийн идэвхи оролоогоор бусдыгаа манлайлан аливаа ажилд оролцдог. Малаа тогтмол сайн өсгөж 2006 онд мянгат малчин, 2019 оны 2-р сард сумын сайн малчин болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч Я.Хын өгсөн: “Ч.Б бид хоёр 1973-1981 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сүмын дунд сургуульд нэг ангид 8 жил хамт суралцсан насан багийн найзууд ба одоо ч гэсэн найзалсаар байгаа гэр бүлийн найзууд юм. Миний найз Б сургуульд байхдаа сайн сурдаг хүүхэд байсан ба даруу төлөв, бусадтай нийтэч зантай спортоор хичээллэдэг байсан. Одоо ч гэсэн Б даруу төлөв нийтэч багын зан нь хэвээрээ байгаа. Хааяа шалтгаан гарсан үед л архи уудаг ба уусан үедээ элдэв янзын асуудал гаргаж байгаагүй. Мөн Б нь Наранбулаг сумын аварга малчин бөгөөд ядарсан хүмүүст туслаж туслах малчинаар авч дэмжин гэр, мал өгч байсан. Бас улаан загалмайн үйлст тогтмол дэмжлэг үзүүлж байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гэрэл зураг, 1 ширхэг CD, амбулаториор эмчлүүлэгчийн картыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Ч.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Чны Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн 462.000 төгрөгийн нэхэмжлэлээс 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Ч.Тд 216.000 төгрөгийн хохирол төлснийг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэрэл зураг, 1 ширхэг CD, амбулаториор эмчлүүлэгчийн картыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ