Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 169

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

            Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бын Бт холбогдох  1935003460177 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын   22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, фермерчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Давст сумын 3-р багт оршин суух М овогт Бын Б / РД:.................................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал гэх газарт 2019 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч А.Бийг гал өгсөнгүй гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж шүдийг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал гэх газарт 2019 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч А.Бийг зодсон болох нь

хохирогч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Завхан аймгаас Увс аймагт 2019 оны 8 дугаар сарын 10-ны үед ирж Увс аймгийн Тариалан сумын нутаг "Бор хавцал" гэх газарт гар аргаар алт олборлох ажиллагаа хийхээр болсон. Уг газарт 2019 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө нүхэн дээр ажиллаж байтал согтуу үл таних хүн ирсэн. Уг согтуу хүн надтай цуг ажиллаж байсан Нгаас тамхи нэхээд олж ир гэж ойролцоох хүмүүс рүү явуулсан. Н яваад тамхи олж ирээд тэр залууд өгтөл надаас тамхи асаах гал асуухаар нь би байхгүй гэдгээ хэлсэн чинь тэр залуу олж ир гээд байсан. Улмаар тэр залуу бид 2 тамхи асаах галнаас болж хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэр залуу тамхиа газар руу шидчээд намайг авч өг гэхээр нь би авч өгсөн. Тэгсэн чинь тэр залуу дахиад тамхи газар руу шидчээд намайг авч өг гэхээр нь чадахгүй гэсэн чинь намайг ална гээд миний хувцаснаас барихаар нь би зөрүүлээд хувцаснаас барьсан. Бид нар тухайн үед нүхнээс гаргаж овоолон тэгшилсэн шорооны дээр байсан юм. Тэр үед Н хажуунаас тэр залуу бид 2-ыг салгах гэсэн чинь нөгөө танихгүй залуу миний амруу мөргөхөөр нь бид 2 хувцаснаасаа барьцалдсан байдлаараа шорооны дагууд газар руу унасан. Унасан даруйд би өөрийгөө хамгаалаад тэр залууг газарт дараж хөдөлгөөнийг хориглож хэвтсэн ба амнаас цус гараад байхаар нь хэлээрээ амны доторхыг мэдрээд үзтэл миний урд үүдэн 1 шүд унасан байсаныг цус нулимж хаяах үед унасан шүд давхар хаягдсан. Энэ үед бас нэг үл таних залуу бид 2-ын хажууд миний хувцаснаас татаж босгохоор нь би шууд зугатаасан юм. Учир нь намайг мөргөсөн залууг би газарт хөдөлгөөнийг хориглоод хэвтэж байхад "ална" гээд хэлээд байсан тул дахиад намайг цохиж магадгүй гэж бодоод зугатаасан юм. Уг асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Би тэр газраас холдоод гэртээ очсон. Миний араас Н гэрт ирхээр нь "намайг мөргөсөн залууг аль гэр рүү орж байгааг нь мэдчих" гээд явуулсан. Маргааш өглөө нь Натай цуг нүхэн дээр очиж шөнө цусаа нулимсан газарт шүдээ хайж олж аваад намайг мөргөсөн залууг Нагаар заалгуулан олж авч уулзсан чинь Давст сумын гаралтай гэх "Око" гэх нэртэй хүний нөхөрлөлд ажиллаж байсан Б гэх хүн байсан. Миний шүд унасан хохиролыг барагдуулж өгөхөөр болсон ба нөгөөдөр нь надад 100.000 төгрөг өгсөнийг нь би буцаагаад өөрт нь өгсөн. Үүнээс хойш Быг шүдний хохиролыг барагдуулж өгөхийг нь хүлээгээд Бтай уулзахаар нь "өгнө, хүлээж бай" гээд л яваад байхаар нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11-р тал/,

Гэрч Н.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын эхээр Орхон аймгаас Увс аймгийн Тариалан суманд ирж "Бор хавцал" гэх газарт ажиллахаар болсон. Миний араас Б Завхан аймгаас ирсэн. Уг газарт гар аргаар алт олох ажил хийж байсан ба 2019 оны 8 дугаар сарын 26-27-ны шөнө Б бид 2 нүхэн дээр ажиллаж байсан. Шөнийн 03-04 цагийн хооронд байх үл таних залуу нэлээн өндөр зэргийн согтолттой ирж надаас тамхи асуусан. Би тамхи татдаггүй тул нөгөө залуу: "тамхи байхгүй" гэдгээ хэлсэн чинь тамхи олоод ир гэсэн. Би яваад ойролцоо хүмүүсээс 1 ширхэг тамхи олж ирж нөгөө залууд өгсөн. Нөгөө залуу тамхи авчаад тамхи асаах гал асуухаар нь "байхгүй" гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь надтай цуг байсан Боос бас гал асуусан чинь "гал байхгүй" гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу миний авч ирж өгсөн тамхийг газар руу шидээд Бийг авч өгсөн чинь Б тамхийг авч өгсөн. Нөгөө залуу дахиад тамхиа газарт шидээд Бийг авч өг гэсэн чинь Б "авч өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Улмаар Б нөгөө залуу 2 хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ хувцаснаас заамдалцаж барьцалдсан чинь нөгөө залуу Бийн амруу шууд мөргөсөн. Уг асуудал нүхнээс гаргаж овоолон тэгшилсэн байсан шорооны дээр болсон ба нөгөө залуу Бийг мөргөх үед тэр 2 шорооны ирмэг захын дагууд газар руу унаад Б нөгөө залуугийн дээр нь гараад суусан байсан. Яг энэ үед бас нэг үл таних залуу ирээд Бийг татаж босгосон. Быг таньдаг залуу байсан юм шиг байсан. Б шууд зугатаасан. Бийг мөргөсөн залуу газраас босоод Бийн араас хөөе гэсэн боловч уусан архины согтолтондоо болоод чадаагүй юм. Би ч мөн тэр газраас гэр рүү явах гэж байгаад нөгөө 2 залууг хаашаа явж, аль гэр рүү орохыг нь араас дагаж явж харсан чинь манай гэрийн ойролцоох гэр рүү орсон. энэ 2 залуугийн гэрийг мэдчээд би шууд гэртээ очсон чинь Б ирсэн байсан. Бийн амнаас цус гарсан байсан тул ус хийж өгч цэвэрлүүлсэн. Б намайг явуулж "мөргөсөн залууг хаана байгааг мэдчих" гэхээр нь гэрээс гараад нөгөө 2 залуугийн очсон гэррүү дөхөж очиж гаднаас харсан чинь Бийг мөргөсөн залуу гэртээ байж байсан. Би буцаж гэрт очоод унтаж амарсан. Маргааш нь өглөө Б бид 2 нүхэн дээр очоод Б шүдээ хаясан газраас хайж олж авсан. Тэгээд Бийг мөргөсөн залуугийн гэр рүү дагуулж очиж уулзуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Гэрч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын эхээр Бын хамт Увс аймгийн Тариалан сумын нутаг "Бор хавцал" гэх газарт гар аргаар алт олох ажил хийхээр очиж Б гэх хүний нөхөрлөлд ажиллаж эхэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нь Б бид 2 нүхэн дээр ажилаад 19 цагийн үед ээлжнээс бууж гэртээ очиж хоолоо идсэн. 20 цагийн үед хоолоо идчээд Б бид 2 гэрээс гарч хоорондоо ярилцаад мөнгөө нийлүүлж архи авч уухаар болсон. Бид 2 тухайн газарт байх айлуудаар явж архи хайж байгаад айлуудын урд захад байсан үл таних айлд орж үл таних хүнээс 1 шил "Ерөөл" гэх нэртэй 0,75л хэмжээтэй архи 20 000 төгрөгөөр худалдаж аваад гэрт очиж уусан. Уг архи дуусхаар нь бид 2 ярилцаад дахин 1 шил архи авахаар болоод гэрээс гарч нөгөө архи авсан айлд очиж гуйж байж дахин 1 шил "Ерөөл" гэх нэртэй 0,75л хэмжээтэй архи 20 000 төгрөгөөр аваад гэрийн зүг явсан. Манай нутгийн А гэх хүн тусдаа хүмүүстэй ажиллаж байсан ба байрлаж байсан гэр нь манай гэрийн урд байсан тул Б бид 2 сүүлд авсан архиа аваад Агийн гэрт орсон. А гэртээ амраад байж байсан ба архи уухгүй гэхээр нь Б бид 2 авсан архи хувааж уусан Архи бараг дуусч байхад Б бид 2 архиндаа маш их согтсон тул уухаа болиод гэр рүүгээ явахаар болж Агийн гэрээс гараад би түрүүлээд гэр рүүгээ явсан Б надаас салаад цаашаа эргээд явсан ба хаашаа явсаныг нь би мэдээгүй. Би гэртээ ирээд шууд унтсан. Маргааш өглөө нь би унтаж байгаад босооод ажилд гарахдаа "Быг урд шөнө хүний шүд мөргөж унгасан гэдгийг мэдсэн. Б бид хоёр Агийнд 2 дахь архийг хувааж ууж байхдаа маш их согтсон тул дуусгаж чадахгүй шилний ёроолд 2-оос 3 хуруу хиртэй архи үлдээгээд гарсан юм. Тухайн үед Аагийн гэрээс гараад би гэр рүүгээ түрүүлээд явсан. Миний араас Быг ирж байгаа байх гэж бодоод гэртээ очоод унтсан юм. Гэтэл Б Агийн гэрээс гараад тамхи хайж хүний нүхэн дээр очихдоо танихгүй хүмүүстэй маргалдаж байгаад хүний шүд мөргөж унагасан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

Гэрч А.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 26-нд гэртээ амарч байтал 23 цагийн үед манай сумын Б гэх залуу архи ууж нэлээн согтсон, Ерөөл гэсэн нэртэй 0.75л нэг шил архи барж манайд ирсэн. Хажуудаа миний үл таних 1 залуутай ирсэн. Би тэр архинаас уугаагүй. Архи дуусахаас 4-5 хуруу хиртэй үлдээгээд явсан. Шөнө гэрээс гараад хартал Б үл таних хүнтэй шорооны дээр барьцалдсан байсан ба салгах гээд гүйгээд очих хооронд л тэр 2 шорооны дагуу унасан. Тухайн үед гадна орчин харанхуй байсан тул тэр 2-ыг нэг нэгнийхээ биед халдсан эсэхийг нь хараагүй. Тэр хоёр руу гүйгээд хажууд очиход Б нөгөө хүний доор дээшээ хараад хэвтэж байсан, нөгөө хүн нь Бын хөдөлгөөнийг нь хориглосон байдалтай хувцасыг газар руу дараад байж байсан. Б нөгөө хүнд "намайг босголдоо" гэсэн зүйл хэлж байсан, нөгөө хүн нь юу ч ярихгүй байсан. Тэр 2-ын сэтгэл хөдлөл нь ямар байсан нь тухайн үед мэдэгдэхгүй байсан. Би тэр 2-ын хажууд очоод нөгөө хүнийг татаж босгосон, нөгөө шууд зугатаасан хугацаа нь маш богино хугацаанд болсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Би А.Бтой цуг Увс аймгийн Тариалан сумын нутагт "Бор хавцал" гэх газарт гар аргаар алт олборлох ажил хийж байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ээлжинд нүхэн дээр ажлаад оройн ээлжнээс бууж амарсан. 2019 оны 8 дугаар сарын 27-нд шөнө унтаж байтал Б гэрт орж ирсэн ба "хүнээр шүдээ цохиулчлаа" гэсэн зүйл хэлсэн, амнаас цус гарсан байдалтай орж ирсэн. Бийн араас Н орж ирсэн. Би тэгээд унтаад амарсан. Маргааш нь өглөө би нүхэн дээр ажиллахаар гэрээс гараад явах гэж байтал Б шүд ийм болчлоо гээд амаа ангайлгаж харуулсан чинь дээд талын үүдэн 1 шүд унасан байсан. Б шүдийг нь мөргөсөн хүнийг олно гээд гэрт үлдсэн. Би ажилдаа гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч А.Пийн мөрдөн байцаалтад өгсөн: “А.Б бид нар Увс аймгийн Тариалан сумын нутагт "Бор хавцал" гэх газарт нэг нөхөрлөл болон гар аргаар алт олборлох ажил хийж байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө амарсан. Харин Б, Н 2 нүхэн дээр ажилласан. 2019 оны 8 дугаар сарын 27-ны шөнө унтаж байтал гаднаас Б гэрт орж ирсэн "хүнээр мөргүүлээд үүдэн 1 шүд уначлаа" гэсэн амнаас цус гарсан байдалтай байсан ба шүд нь асуудал болсон газар унасан гэсэн зүйл ярьж байсан. Тэхээр нь би Бийн амыг усаар угааж цэвэрлүүлээд ам болон шүдийг харсан чинь дээд талын үүдэн 1 шүд унасан, буйлны хэсэг нь цус болсон байсан Бийг гэрт хэдэн цагийн үед орж ирснийг мэдээгүй. Бийн араас Н орж ирхээр нь зөрөөд гэрээс гараад нүхэн дээр очиж багаж хэрэгсэлээ аваад гэрт ирээд Боос юу болсон талаар асуусан чинь "согтуу хүн ирээд тамхи асааж өг гэж байгаад мөргөөд шүд унагачлаа" гэсэн л зүйл хэлсэн. Бид нар ярилцаж байгаад унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь Б "мөргөсөн хүнээ олж ирнэ" гээд гарч яваад хэсэг хугацааны дараа танихгүй залууг дагуулж ирээд хоорондоо ярилцаж "унасан шүдний хохирол"-ыг барагдуулхаар болсон. тухайн үед миний гар утсаар Бийг мөргөсөн залуугийн зургийг болон Бийн зургийг дарсан. Тэгээд аймгийн төв орж Б цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах үед утас дээрээс дарсан зургаа угаалгуулж гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 05-нд тус аймгийн Тариалан сумын нутаг "Бор хавцал" гэх газарт гар аргаар алт олох ажил хийхээр очиж Б гэх хүний нөхөрлөлд ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2019 оны 8 дугаар сарын 26-нд өдрийн ээлжинд нүхэн дээр ажлаад 19 цагийн үед ээлжнээс бууж гэртээ очоод хоолоо идсэн. Тухайн үед надтай цуг найз Б хамт ажиллаж байсан ба бид 2 гэрээс гараад хоорондоо ярилцаж байгаад мөнгөө нийлүүлж архи авч уухаар болж тухайн газарт байх гэрүүдээс архи хайж яваад уг газарт байх олон гэрүүдийн урдуурхан байдаг үл таних айлд очиж гэрийн эзнээс нь гуйж байгаад 1 ширхэг 0,75л Ерөөл гэх архи 20.000 төгрөгөөр авсан. Миний ажиллаж байсан нөхөрлөлийн хүмүүс 2 гэрт хуваагдаж байрлаж байсан ба Б бид 2 архи аваад хүнгүй байсан гэр рүү орж архи хувааж уусан. Архи дуусхаар нь бид 2 гэрээс гарч архи авсан айл руу очиж дахин 1 ширхэг архи гуйгаад байж 20.000 төгрөгөөр аваад буцаж гэр рүүгээ очих замдаа манай гэрийн урд талд байсан А гэх нутгийн ахын гэрт орсон чинь А амраад байж байсан ба архи уухгүй гэхээр нь Б бид 2 өөрсдөө хувааж ууж эхэлсэн. Би уг архийг ууж байхдаа би маш их согтож эхэлсэн ба архи дуусах дөхөж байхад тамхи хайж гэрээс гараад ойролцоох нүхэн дээр ажиллаж байсан хүмүүс дээр очсон. Харин Бийг гэрээс гараад хаашаа явсаныг мэдээгүй. Уг нүхэн дээр үл таних хүмүүс байсан ба тамхи авах гэж байхдаа уг хүмүүстэй маргалдаж А.Б гэх хүнийг мөргөж шүдийг нь унагасан байна. Би уг нүхэн дээр очиж үл таних хүмүүсээс тамхи асууж байгаад маргалдаж А.Бийг мөргөх үед уусан архиндаа хэт согтсоноос болж хийсэн үйлдэлээ сайн санахгүй тасарсан байх. Нэг ухаан орсон чинь А ах намайг дагуулаад явж байсан. Би Агаас яагаад хамт явж байгаагаа асуусан чинь А "чиний дээр танихгүй ах гараад суугаад чамайг дарж байхад чинь салгаж аваад явж байна" гэсэн зүйл хэлсэн. Би сүүлийн архи ууж байгаад маш их согтсон байсан ба архины халуунд тамхи хайж гэрээс гарч явахдаа үл таних хүмүүс дээр очиж ийм хэрэг гаргасан байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 615 дугаартай шинжээчийн “А.Б-н биед үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний булгадар гэмтэл учирсан байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр хохирогч А.Бийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж шүд орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч А.Бийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар нотлогдсон. 

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Э.Бийн өгсөн: “Б.Б нь иргэний бүртгэлээрээ Давст сумын 3-р багт хаягтай боловч Давст сумын 2-р багт сумын төвд аав, ээжийн хамт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, хааяа алт олох ажлаар сум дамжиж явдаг. Аав,ээж нь өндөр настан хүмүүс байдаг. Эхнэр хүүхэд байхгүй. Б архи уусан үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх магадлалтай тул байнгын хяналт байлгаж, гадуур шөнө оройн цагаар явсан үед нь анхаарал хандуулж хяналт тавьдаг.Быг архи уусан явахыг харж байсан. Архи ууж согтсон үедээ гадуур сэлгүүцэн тэнээд яваад байдаг ба таарсан хүнтэйгээ хавирч маргаан үүсгэх гээд байдаг. Б архи уусан үедээ шөнө оройн цагаар айлруу орж 2 удаа дуудлага өгүүлж байсан. Б суманд сард 2-3 удаа архи уугаад байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, Гэрч Г.Агийн өгсөн: “Б.Б нь ааш зан сайтай, хүнд тусархаг, илүү дутуу зангүй, багаасаа хурдан морь унадаг уг чиглэлээр сонирхолтой, мал маллах чадвар сайтай ба одоо ч хурдан морь уяж сойж байгаа. Гэрийн ажил, хоол унд хийх цэвэрлэгээ үйлчилгээний ажилд сайн. Бын аав нь өвчтэй тул байнгын асарч туслаад байж байдаг. Гэрийнхээ санхүүг хариуцдаг тул янз бүрийн л хар бор ажил хийгээд явж байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бт нийтэд тустай ажил хийлгах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч хохиролд 299.800 төгрөг төлснийг дурдаж, хохирогч А.Б 299.800 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч М овогт  Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Бт  280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.

 

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч  Б.Бт  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь  хохиролд 299.800 төгрөг төлснийг дурдаж, хохирогч А.Б 299.800 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Бт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ