Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

            Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт  Бийн Год холбогдох  19350033500178 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын   17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 18-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 7, эхнэр, таван хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт оршин суух Т овогт Бийн Г / РД:............................./.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнө хохирогч И.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнө хохирогч И.Быг зодсон болох нь

хохирогч И.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн хооронд би сумын төвөөс хөдөө мал хайхаар мотоцикльтойгоо яваж байсан ба сумын төвийн урд байх "цагаан хаалга"-ны ойролцоо Б.Гтой таарсан. Гтой мэнд усаа мэдэлцээд байж байтал Г нэг шил "Ерөөл" гэх архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Архи ч дуусаад бид 2 өөр, өөрсдийн мотоциклио унаад урагш "Бөгсийн худаг" гэх газар руу чиглээд явж байтал замд О гэх айл таарч уг айлд орсон. Уг айлд ороод цай идээ идээд байж байтал О нэг шил "Ерөөл" гэх архи гаргаж ирсэн ба бид 3 хувааж уусан. Архи ч дуусч Огийн гэрээс гараад Г бид 2 миний мотоцикльд суугаад, Гын мотоциклийг Огийнд үлдээгээд урагш "Дунд худаг" гэх газар руу явсан. Тухайн үед би мотоцикль бариад явж байтал миний ард сууж явсан Г янз бүрийн зүйл яриад үглээд л яваад байхаар нь би сонсоогүй юм шиг чимээгүй яваад байсан юм. Тэгтэл Гын ярих зүйл нь ихсээд улам үглээд байхаар нь би Гын үглээд байгааг нь болиулая гэж бодоод мотоциклио зогсоогоод бид 2 мотоциклиос буусан. Би мотоциклио данхраадаж тавиад Г руу эргээд хартал гэнэт л чулуугаар миний толгой руу нэг л удаа цохьсон. Тэхээр нь би Гыг дахиад цохиж магадгүй гэж бодоод айж сандраад тэр газраасаа шууд зугатааж яваад хээр түүрхэн хугацаанд ухаан алдаж хэвтэж байгаад сэрээд Огийн гэрт очсон. Миний толгой хагарсан байсан ба уг айлд толгойноос гарсан цусаа цэвэрлүүлчээд байж байгаад унтаж амарсан. Маргааш өглөө нь Огийнд Г ирсэн ба "чамайг хайгаад явж байгаад" ирлээ гэсэн зүйл хэлж байсан. Тэгээд бид 2 хоорондоо ярилцаж учраа олчоод гэр гэр рүүгээ салаад явсан. Үүнээс хойш 2019 9дүгээр сарын 01-нд сумын төв орж эмчид үзүүлж цэвэрлэгээ хийлгүүлсэн. Маргааш нь аймгийн төв орж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Миний толгой хагарсаны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Надад учирсан хохирол, хор уршгийн талаар Б.Г бид 2 амаар ярилцаад Б.Г мөнгөтэй болохоороо надад 300.000 төгрөг өгөхөөр болж тохиролцсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-р тал/,

Гэрч Л.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр 19-20 цагийн үед манайд Б, Г нар архи уусан байдалтай, тус тусдаа мотоцикльтой ирсэн. Тэг хоёр мал хайж яваад танайд ороод ирлээ гэж байсан. Би нэг шил архи гаргаж тэр хоярт гараж өгөөд бид гурвуул хувааж уусан. Архиа дуусаад тэр хоёр нэг мотоциклио үлдээгээд нэг мотоцикльд суугаад явсан. Шөнө Б манайд ирсэн ба би юу болсон талаар асуухад “Год цохиулчихлаа, айгаад гүйгээд ирлээ” гэж хэлсэн ба толгой нь хагарсан байдалтай цус гарсан байсан. Маргааш өглөө нь босоод цайгаа ууж байтал Г ирээд шөнөжин Быг хайж байгаад ирлээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед хувийн ажлаар Наранбулаг сумын төв өөрийнхөө мотоциклиороо ганцаараа орсон. 15 цагийн үед Хувийн ажлаа дуусгаад гэрлүүгээ явах болж замаараа дэлгүүр орж 1 тамхи, 1 шил 0,5л "Ерөөл" гэх архи аваад хөдөлсөн. Замдаа сумын төвөөс урагш гараад "Цагаан хаалга"-ны урд И.Бтай таарсан. Уг хүнтэй архи дэлгүүрээс авсан архи хувааж ууж дуусаад цугтаа мал харахаар болж "Бөгсийн худаг" гэх газарруу явсан. И.Б бас мотоцикльтой явж байсан тул өөр, өөрсдийн мотоциклио унаад явсан. "Бөгсийн худаг" явах замд 19-20 цагийн үед О буюу Балжинням гэх айл зам дагуу байж таарсан тул зогсоод уг айлд орсон. Уг айлд ороод цай, унд уусаны дараа О нэг шил "Ерөөл" гэх архи гаргаж ирхээр нь И.Б бид 2 хувааж уусан ба О архи уугаагүй юм. Архи дуусаад И.Б бид 2 хоорондоо ярилцаад миний мотоциклийг уг айын гадна үлдээгээд, нөгөө мотоциклиор явхаар болж 22 цаг өнгөрч байхад И.Б өөрийн мотоциклийг бариад би ард суугаад явсан. Би уг айлд уусан архинд маш их согтсон байдалтай гарч явсан ба замдаа 00 цаг өнгөрч байхад л байх "Дунд худаг" гэх газарт бид 2 зогссон. Тэр үед би И.Бтай архины халуунд маргалдаж газраас чулуу авч толгой руу нь цохиж гэмтэл учруулсан байсан. Би тухайн үед маш их согтсон байсан тул И.Б яг юуны талаар маргалдсанаа санахгүй байгаа юм. И.Б надаас чулуугаар цохиулсаны даруйд шууд зугатаагаад явсан. Би тухайн газарт болон ойролцоох газраар явж И.Быг хайгаад олоогүй тул буцаж мотоцикль дээр ирээд хээр унтаж амарсан. Өглөө буцаад О-гийн гэрт очсон чинь Б ирсэн байсан ба тэр 2 цай уугаад байж байсан. Би Бтай уулзаж уучлалт гуйгаад, шөнөжин хайгаад олсонгүй гэдгээ хэлж учраа олоод гэр гэр рүүгээ явсан юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн “И.Б-н биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт гэмтэл үүссэн байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд 2019.09.01-нд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 10-р тал/-ээр хохирогч И.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Г энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж толгой, нүд орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч И.Бын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/-аар нотлогдсон. 

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Т.Цгийн өгсөн: “Г бид хоёр 20116 онд гэр бүл болж амьдраад 5 хүүхдийн эцэг эх болоод амьдарч байна. 2019 оны 8 дугаар сард нөхөр маань сумын төв ороод ирнэ гээд яваад буцаж ирэхдээ хүн цохисон байна. нөхөр минт даруухан дуу цөөнтэй, амьдрал ахуйгаа авч явах гэж хичээж байдаг хүн. Хааяа нэг архи уудаг боловч хэл ам, хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/, Гэрч Э.Нын өгсөн: “Миний авга ах Г нь төрсөн цагаасаа мал маллаж ирсэн хүн байгаа юм. Эхнэр 5 хуухдийн хамт Наранбулаг суманд мөн л мал маллаж амьдардаг. Гэхдээ ах маань одоогоор өөрийн төрсөн эгч Тгийн мал маллаж байгаа. Архи бараг уугаад байдаггүй, ах дүү нартаа тусархуу, даруухан зантай, гэр бүлийнхэтэйгээ эвтэй хэрүүл маргаангүй сайхан амьдардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт  Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год 500  /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч  Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Год  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ