| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0163/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бын Чт холбогдох 1935003380174 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 27-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, хоёр дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 031 тоотод оршин суух, урьд өмнө нь ял эдэлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй М овогт Бын Ч / РД:....................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаангом сумын 7 дугаар багийн нутаг 9-12 тоотод байрлах иргэн Ц.Бийн хашаанаас 2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө түүний эзэмшлийн нэг тооны эм хонь хулгайлж 95.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
2019 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг 9-12 тоотод байрлах хохирогч Ц.Бийн хашаанаас 1 тооны эм хонь алдагдсан болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р тал/, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р тал/, хохирогч Ц.Бийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хохирогч Ц.Бийн 1 тооны хонийг шүүгдэгч Б.Ч хулгайлж авсан болох нь:
Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны орой Улаангом сумын 1 дүгээр баг Нүцгэний ширэг гэх газраас өөрийн мал дотроос хар нүдтэй цагаан зүсмийн 4 настай эм хонь, баруун чих нь цөгрөг сод имтэй 1 тооны хонь аваад өөрийн гэртээ 22 цаг 30 минутын үед өөрийн байшингийн шатнаас уяагаар уяад хонуулсан. Өглөө буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн орчимд босоод байшингийн шатнаас уясан хонио хартал байхгүй байхаар нь уг хонь байсан газраас хонь чирж явсан мөр үүссэн байхаар нь уг мөрийг дагаж явахад манай хашаанаас гараад гурван гудамжны нарийн гудамж гараад зүүн тийш эргээд доороосоо хоёр дахь хаалга руу ороод, уг хашаан дотор байсан амбаар руу орсон мөр байхаар хашааны эзэнтэй уулзаад болсон үйл явдлын талаар хэлж уг амбаар руу орж үзэхэд миний хулгайд алдсан хонь байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Гэрч Н.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн үед би Улаангом сумын 7 дугаар багт байрлах өөрийн гэртээ амарч байтал найз Ч гэх залуу согтуу орж ирээд надад хандан "би Тээлийн амралтаас найзуутайгаа архи ууж байгаад ирлээ. Хорхогны нэг хонио авч ирлээ танай амбаарт түр хийгээд тавьчихмаар байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Чын хамтаар гэрээс гараад хартал эвэртэй баруун нүдний орчимд хар өнгийн ноостой, мөн эрүү орчимд хар өнгийн ноостой, биеийн ерөнхий байдал цагаан өнгийн ноостой хонь байсан бөгөөд яг хэдэн насны ямар имтэй эсэхийг анзаарч хараагүй. Тэгээд уг хонийг Ч манай арын амбаар руу хийчихээр нь би Чт хандан “энэ хонийг хэзээ авах юм бэ би одоо ажилтай” гэж хэлэхэд 10 цаг өнгөрөөд ирж авна гэж хэлээд надаас таксины мөнгө байна уу гэхээр нь би 1500 төгрөг өгөөд явуулсан. Уг хонийг би хулгайн хонь байсныг мэдээгүй. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн үед манай гэрт үл таних хүн орж ирээд намайг чи манай хонь хулгайлчихсан байна гээд цагдаа дуудсан юм. Тэгээд би 2019 оны 8 дугаар сарын 29-ний оройны 20 цагийн үед Чын гэрт очоод чи хулгайн хонь авч ирсэн байна гэж хэлэхэд Ч нь надад би чамд худал хэлсэн юм. Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны орой Их наяд цогцолборт архи ууж байгаад харьж яваад гранд гэх нэртэй үйлчилгээний газрын хажууханд айлын хашаанд хонь байсаныг би авчихсан юм гэж хэлсэн тэгээд би мэдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17-18-р тал/,
Гэрч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн оройны 22 цагийн үед гэрээсээ гараад ганцаараа Их наяд цогцолбор орсон юм. Их наяд цогцолбор орход Ч их наяд цогцолборын үүдэнд ганцаараа тамхи татаад зогсож байсан. Тэгээд би Чтой уулзаад зогсож байтал Б ирээд бид 3 хамт Их наяд цогцолбор ороод нэг ширээ аваад бид 3 нийт 6 лааз сэнгүр гэх нэртэй пиво аваад уугаад бүжиглэсэн юм. Тэгээд хэсэг байж байгаад гадаа тамхи татах гээд бид 3 гарсан юм. Ч маш их халчихсан байсан юм. Тэгээд Ч би харилаа гээд Б бид хоёроос салаад яваад өгсөн юм. Маргааш нь надад Ч тэр орой би согтуу явж байгаад айлын хашаанаас мал хулгайлчихаж цагдаа шүүхээр явж байна гэж хэлсэн би тэгээд хаанаас ямар мал хулгайлсан юм гэж асуухад Гранд гэх нэртэй үйлчилгээний газрын дээд хашаанаас нэг хонь авчихаж гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/,
шүүгдэгч Б.Чын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Эхээс 8-уулаа айлын 5 дахь хүү болж төрсөн дээрээ 2 ах 3 эгчтэй, доороо 2 эрэгтэй дүүтэй. Бага насаа Улаангом суманд эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. 2004 онд Увс аймгийн Улаангом сумын ахлах 3-р сургуулийн 1-р ангид элсэн ороод 2016 онд 12-р ангиа төгсөж 2016 оны намар МҮИС-н гадаад худалдааны удирдлагийн ангид 4 сар суралцаж байгаад уг сургуулийн хуулийн ангид шилжиж 2017 оны 4 сар хүртэл суралцаад ар гэрийн шалтгаанаар жилийн чөлөө аваад гарсан юм. Тэгээд буцаж орж чадаагүй юм. Тэгээд гэртээ байж байгаад 2018 оны 11 сард хамаатны хүүхдтэй маргалдаж байгаад эрүүгээ өшиглүүлээд 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод эрүүний хагалгаанд орж байсан юм. Одоо эрүүндээ 4 хадаастай юм. Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн оройны 22 цаг өнгөрч байхад ганцаараа Их наяд цогцолбор орсон юм. Их наяд цогцолборлуу ороод 3 ширхэг сэрүүн гэх нэртэй лаазтай пиво уугаад байж байтал зүс таних ах таараад хамт нэг ширээнд сууж 0.75 л Соёрхол гэх нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 29-ний 01 цагийн орчим ганцаараа Их наяд цогцолбороос гараад гэрлүүгээ явж байсан тэгээд өглөө үүрэээр 05 цагийн орчим Гранд гэх нэртэй үйлчилгээний газрын хажууханд шороон дээр унтаж байгаад сэрээд бие засах гээд айлын хашааны буланруу явж байтал уяатай нэг хонь харагдсан юм. Тэгээд тэр хонийг аваад ойролцоо байдаг найз Згийн гэрт аваачиж амбаарт нь хийсэн юм. Тухайн үед би Зд Тээлийн амралтанд найзуудтайгаа амарч байгаад хорхогны нэг хонь үлдсэн аваад ирлээ гэж хэлээд үлдээгээд харьсан юм. Тэгэээд 2019 оны 8 дугаар сарын 29-ний 11 цагийн орчим хонийг буцааж өгөх гээд иртэл хонь байхгүй байсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байсан юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.
Гэрэгэ Эстимэйт ХХК-ны 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 19/151 дугаар “Эм хонь /4 настай/ нь 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов" гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр тухайн хонь 95.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Ц.Бийн 95.000 төгрөгийн, үнэлгээтэй, 1 тооны, 4 настай, эм хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Чд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ч урьд нь ял эдэлж байгаагүй болох нь эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ч.Сийн өгсөн: “Ч бид хоёр 2004 оноос хойш найзууд байгаа юм. Ч нь багаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Одоо аав, ээж 2 дүүгийн хамтаар Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутаг дэвсгэрт амьдардаг юм. Ч нь ямар нэгэн илүү дутуу зан гаргаад байдаггүй гэр бүлийн хүмүүжил халамж сайтай олон долоон аашгүй. Яг байгаагаараа байж чаддаг хүн чанар сайтай хариуцлагтай, эцэг эхийн хүмүүжил сайтай спорт урлаг гэх мэт олон талын авьяастай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хааяа нэг баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Найз нөхөд дундаа нэр хүнд сайтай хүүхэд юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/, Гэрч Ц.Дийн өгсөн: “Ч бид хоёр нэг хорооллын сайн найзууд юм. Ч бид хоёр 2016 оноос хойш найзууд байгаа юм. Ч нь үг дуу цөөтэй гэнэн цайлган хүн юм. Одоо аав, ээж 2 дүүгийн хамтаар Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутаг дэвсгэрт амьдардаг юм. Ч нь ямар нэгэн илүү дутуу зан гаргаад байдаггүй гэр бүлийн хүмүүжил халамж хүн чанар сайтай. Хариуцлагтай эцэг эхийн хүмүүжил сайтай олон талын авьяастай. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэж харагддаг юм. Хүмүүстэй харилцах яадвар сайтай хүний арга эв олох чавдартай ямар нэгэн зүйлд их тууштай зүтгэдэг. Хүнтэй харилцах чадвар өндөр боловсон зантай. Найз нөхөд дундаа нэр хүнд сайтай тусч хөдөлмөрч зантай юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-р тал/-ээр уг хоньд үзлэг хийж, хохирогч Ц.Бэд хүлээлгэн өгсөн байна. Мөн хохирогч Ц.Бэ прокурорын хяналтын шатанд “Б.Чоос надад нэхэмжлэх зүйл хохирол байхгүй боловч манай гаднаас хонь хулгайлсанд гомдолтой” гэсэн тодорхойлолт /хх-ийн 58-р тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Чоос гэмт хэрэг үйлдэж олсон хонины үнэ болох 95.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч М овогт Бын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Чоос гэмт хэрэг үйлдэж олсон хонины үнэ болох 95.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ