Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

     Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Я.Дина,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Цийн Оад холбогдох 1935002730159 эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 19-01 тоотод оршин суух, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар 2 жилийн ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, мөн Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, мөн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар 19 хоног, нийт 1 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар шийтгэсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй Т овогт Цийн О /РД:.........................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

 Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Наран Буянт” хийдийн урд талын засмал замын эсрэг талд 2019 оны 7 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Ц.Бийн эд хөрөнгө болох 285.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Галакси нөүт 5 загварын гар утас, 200.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн. Мөн дээрэмдэх явцдаа хохирогчид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.

            I. Шүүгдэгч Ц.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай хохирол учруулах гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            Шүүгдэгч Ц.О нь Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Наран Буянт” хийдийн урд талын засмал замын эсрэг талд 2019 оны 7 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Ц.Бийн эд хөрөнгө болох 285.000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси нөүт 5 загварын гар утас, 200.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болон дээрэмдэх явцдаа хохирогчид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  болох нь эд мөрийн баримт / Самсунг Галакси нөүт 5 загварын гар утсыг шүүгдэгч/-аар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р тал/, таньж олуулах ажиллагаа /хохирогч Ц.Б-оор самсунг Галакси нөүт 5 загварын гар утас таниулсан/ явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-р тал/, эд зүйл /Самсунг Галакси нөүт 5 загварын гар утсыг хохирогч Ц.Бид/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21, 27-р тал/,

            хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд амьдардаг бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 09-нд Увс аймагт ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 13-нд ах, дүү, төрөл садангаараа Увс нуур явж амраад орой 21-22 цагийн үед ирээд Гашууны гол байдаг Ц ахын гэрт 0.75 литрийн 2 шил архи уучихаад хэвтэж амарцгаасан. Би 01 цагийн үед Ц ахын гэрээс гараад Д гэдэг найз руугаа залгасан боловч утас нь холбогдохгүй болохоор нь хадам ах Бгийн гэр лүү  алхаж явсан. Би Улаангомд ирээгүй арваад жил болсон болохоор төөрөөд галын дөрвөн замаар доошоо Цастогтох дэлгүүр рүү чиглэлтэй явж байгаад төөрсөнөө мэдээд буцаж алхаад явж байхад нэг намхавтар залуу, нэг өндөр залуу хоёр тааралдсан. Намхан залуу нь 2-3 орчим насны хүүхэдтэй явж байсан. Бид нар тааралдаад танилцахад намхан залуу нь намайг Тэсийн Б гэдэг. Би өнчин 3 хүүхэдтэй, халхын нутгаас ирээд 6 жил болж байна. Манай бага хүүхэд бие муутай гэж хэлж байсан. Намхан бор залуу нь жижгэвтэр биетэй, сааралдуу ханцуйтай цамцтай, саравхан малгайтай, малгайны өнгийг нь сайн санахгүй байна. Мөн гутлыг нь анзаарч хараагүй. Өндөр залуугийн хувцасыг нь анзаарч хараагүй. Тухайн хоёр залуутай шөнийн 02 цагийн орчим анх уулзсан шиг санагдаж байна. Тэр хоёр залуутай хамт байж байгаад пивоны мөнгө би тэр хоёр залууд өгөөд нэг нь хүүхдээ аваад надтай үлдээд нөгөөдөх нь яваад нэг 2.5 литрийн пиво аваад ирсэн. Бид гурав явж байхдаа пивоо бага багаар ууж дуусгаад яваад цохиулдаг газраа очсон. Тэгээд явж байхад намхан залуу өндөр залууг "хүүхэд чи хүргэчих үү" гэж хэлэхээр нь өндөр залуу замын эсрэг тал руу яваад удахгүй нөгөө хүүхдийг хүргэчихээд хүрээд ирсэн. Намхан залуу надад 40.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлэхэд намхан залуу чамд байгаа ш дээ гэж хэлээд намайг боож унагаагаад ноцолдоод эхэлсэн. Өндөр залуу нь боль, боль гэж хэлээд ойртоход намхан залуу нь намайг хавираад унагаасан. Би тухайн үед залуу хөл хугарчихлаа гэж хэлээд хэвтэж байхад миний гутлыг тайлж утсыг аваад өмдний карманаас мөнгө аваад явчихсан. Намхан залуу надтай ноолдож байхдаа миний хоолойг багалзуурдаад би амь тэмцээд бархирахад өндөр залуу нь чи хүн аллаа шүү дээ гээд намхан намхан залууг татаж байсан. Би зам руу мөлхөж гараад нөгөө хоёр залууг харах гэсэн боловч түрүүлээд яваад өгсөн байсан. Тухайн үед 03 цаг өнгөрч байсан байх гэж би бодож байна үүр хаяарч байсан. Би замаар явж байсан эмэгтэйг гуйж 05 цагийн орчим утсаар нь ярьж эгчийгээ дуудсан. Би 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр АТМ- ээс 200.000 төгрөг аваад өөрт байсан мөнгөө төгрөг нийлээд 320.000 орчим төгрөг болсон. Тэгээд 110.000 төгрөгөөр автобусны билет бичүүлээд үлдэгдэл 200.000 орчим төгрөг нь биед байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56, 57-60, 61-62-р тал/,

            Гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт өөрийн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай төрөл садан Дархан хотод амьдардаг. Энэ жил манай төрсөн дүү Ц.Б айлын найранд орохоор Дархан хотоос Увс аймагт 2019 оны 7 сарын 09-ний өдөр ирсэн. Тэгээд бид нар найрандаа ороод өчигдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим төрөл садангийн хүмүүсээрээ Увс нууранд очиж амраад 20 цагийн орчим Увс нуурын хөвөөнөөс хөдөлж 21 цагийн орчим Улаангом сумын "Гашууны гол"-д байх Цгийн гэрт ирж хоёр шил 0,75 литрийн архийг 10 орчим хүмүүс уугаад 00 цагийн орчим унтахаар хэвтсэн. Тухайн үед миний дүү Б "бие засаад ороод ирье" гэж хэлээд гараад явсан. Тэгээд аль нэг гэрт нь орж хоносон байлгүй гэж бодоод унтаад өгсөн дүү Б ч эргэж орж ирээгүй. Тэгтэл 2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн орчим Б утсаар залгаад "би галын дөрвөн замаар доошоо замын хажууд байна. Миний хөл хугарчихсан юм шиг байна. Би явж чадахгүй байна" гэж хэлэхээр нь очиж авсан. Намайг Бийн тэнд очиход Б ухаантай байсан. Би юу болсон талаар асуухад хүүхэд тэвэрсэн хоёр залуу байх шиг байсан надтай таараад юм ярьж байгаад яваад хүүхдээ хүргэчихээд хариу буцаж ирээд намайг багалзуурдаж унагаагаад хөлрүү өшиглөчихсөн. Б яа яа хөл хугарчихлаа гэж хэлэхэд нөгөө цохисон залуу нь гутлыг нь тайлаад хаячихаад яваад өгсөн. Тухайн үед хамт байсан нэг залуу нь "Бийг цохиж байхад нөгөө залуугаа боль боль" гэж хэлээд байсан гэж хэлсэн. Тухайн үед манай дүүгийн гутлын түрийнд байсан утас болон мөнгийг бас аваад явчихсан байсан. Дүү Б тэнд байж байгаад өглөө надруу хүний утсаар залгаж дуудсан. Тухайн хүмүүсийг манай дүү Б харвал танина гэж хэлж байсан. Манай дүү Бийг зүүн хөлний шилбэ хэсгээрээ хугарсан юм шиг байсан. Эмнэлэгт харуулаагүй. Б өөрөө бариачаар бариулаад эдгээмээр байна гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө манай авга дүү Х рүү Б ярисан байсан. Х, манай төрсөн охин Г, төрсөн дүү Д нар нь Ц.Бийг авахаар явсан байсан тухайн үед би мэдээгүй. Х удалгүй миний гар утас руу яриад Ц.Б ахын хөл нь хугарчихсан байна, одоо эмнэлэг явах уу? яах уу? гэж асуусан. Хаана байгаа талаар нь асуухаар эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн ба би гэрээсээ гараад эмнэлэгт очиход эмнэлгийн гадна автомашин дотор Б ёо ёо гээд ёолж байсан. Би Ц.Бтой ярилцахад хадам ахын гэр рүү явах гэж байхад хоёр залуу таарсан, таараад архи аваад өг гэхээр нь 20.000 төгрөг өгсөн. 20.000 төгрөг өгөхөд түүгээр 1 том пиво авч уусан бөгөөд дахиад надаас мөнгө нэхсэн. Тэгээд надтай маргалдаад надтай зууралдаж байгаад миний хөл рүү өшиглөөд хугалчихсан. Хөл хугарчихлаа залуу гэхэд тоохгүй цаашаа явчихсан гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн төрсөн дүү Ц.Бийг харахад баруун талын нүдний хэсгээр хөхөрч хавдсан, зүүн талын хөлний шилбэ хавдаж хөхөрсөн байсан. Ц.Бийн хөлийг эмнэлэгт хэвтүүлж хагалгаа хийлгэхэд зүүн талын хөлний шилбэ хэсгээр 2 удаагийн хугаралтай байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 65-66-р тал/,

            Гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрөл садангийн хүмүүсийн хамт Увс нууранд очиж амраад тэндээсээ 21-22 цагийн үед Ц ахын гашууны голын гэрт бууцгаасан. Би тухайн үедядраад байхаар нь эгч Цгийн гэрт очсон. Тэгээд өглөө 05 цаг 11 минутанд 94618952 дугаараас миний  80636768 дугаарын утсанд дуудлага ирж авахад Б ярьж байсан. Б би хүнээр зодуулаад хөл хугарчихлаа, намайг ирж аваач би Намир гэдэг дэлгүүрийн урд зам дээр байна гэж хэлэхээр нь би өөрийн аав Дийн хамт машинтай ирэхэд Б урд зүгт харчихсан хөл нь жийлттэй сууж байсан. Би юу болсон талаар асуухад хүн мөнгө төгрөг нэхээд хоолой боогоод унагаагаад хөл хугалчихлаа. Карманд байсан мөнгө, гутлын түрийнд байсан утас аваад явчихлаа гэж хэлж байсан. Зүүн хөл нь ерөөсөө гишгэж чадахгүй өвдөөд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68, 70-71-р тал/,

            Гэрч З.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “О нь манай эхнэрийн эгчийн нөхөр бөгөөд бид базууд юм. 2019 оны 4 дугаар сарын 14-ний өдөр 18-19 цагийн үед архи уучихсан халамцуу манайд ирээд манайд байсан өөрийн охин Мөнхгэрэлд хар хөх өнгийн хэвийн ажиллагаатай “NOTE 5” загварын гар утас өгөөд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/,

гэрч  Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн  “Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороонд өөрийн ээж А, дүү Э нарын хамт ажиллаж амьдардаг бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн төрөл садангийн хүмүүсийн хамт Увс аймгийн Улаангом суманд ирсэн. Учир нь манай ах дүү нар ургийн баяр хийх гэж байсан болохоор би Увс аймагт ирсэн. Тэгээд ах дүүгээрээ Улаан уулны дээд талд байх ширгэн дээр гэр барьж тэндээ байрлаж байсан. Манай төрөл садангийн хүмүүс 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тухайн газарт ах дүү нарын цайллага хийсэн. Цайллага 23-24 цагийн орчим тарж хүмүүс гэр гэрлүүгээ явсан. Тэндээс манай үеэл болох О, Оын охины хамт би машинд дайгдаж яваад Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуулийн ойролцоо тухайн машинаас гурвуулаа буусан. Тухайн газраас би Оын охиныг би тэврээ О бид гурав аймгийн төврүү чиглэлтэй алхаж явсан. О бид хоёр архи, пиво авах гэж явж байсан. Тэндээ Оын охин бид хоёр үлдээд О архи зардаг газарлуу яваад ирье гэж хэлээд яваад удалгүй "хаалттай байна гэж хэлээд хүрээд ирсэн. Бид гурав Чингис зочид буудалруу эргэдэг уулзварын хажууд зогсож байхад төв зам талаас түрийтэй хар өнгийн гуталтай, Дархан аймгаас ирсэн гэж хэлсэн, 40 орчим насны запу . О, Оын охин бид гурвын хажууд хүрээд ирсэн. Оын охин гурав орчим насны хүүхэд байгаа юм. Тухайн үед бид нарын хажууд ирээд архи зардаг хүүхэнтэй газар байна уу гэж хэлээд Отай ярьсан. Тэгээд бид нар тухайн залуутай танилцсан. Би тухайн залуугийн нэрийг цээжлээгүй. Тухайн залуу гадуураа хар өнгийн түрийтэй гуталтай байсан. Дээгүүрээ юм өмссөнийг нь сайн санахгүй байна. Тэгтэл О доошоо архи зардаг дэлгүүр байгаа гэж хэлээд бид дөрөв тэндээс хөдлөөд би Оын охиныг тэврээд О, нөгөө Дарханаас ирсэн залуу хоёр миний ард талд яваад байсан. Бид нар Онцгой байдлын газрын аюулгүйн тойргийн чиглэлд явж байгаад би О болон нөгөө согтуу залуугаас салаад Оын хүүхдийг оруулж өгөхөөр Увс плаза төвийн гурван давхарт гарсан боловч зочид буудалд нь хүн харагдаагүй. Учир нь уг буудлыг Оын дүү О ажиллуулдаг болохоор Оын хүүхдийг үлдээчихье гэж бодож байсан. Тэгээд буудалд хүн байхгүй болохоор нь буцаж гараад урд талаар нь явж хашаа руу ороод Оын ээж Ц эгчид Оын хүүхдийг өгөөд гарсан. Тухайн үед цаг 02-03 цагийн орчим болж байсан гэж бодож байна. Ц эгчийн гэрт Ц эгч ганцаараа байсан. Намайг буцаад гараад ирэхэд О нөгөө согтуу залуутай пиво ууж байсан. Бид нар Онцгой байдлын урдуур доошоо явдаг замын эсрэг талд нь явган хүний зам дээр пиво ууж дуусгасан. Бид нарын замын эсрэг талд шинээр баригдаж байгаа барилга байсан. Тэгээд байж байхад О нөгөө залуугаас 40.000 төгрөг нэхэхэд нөгөө залуу нь би чамд архины мөнгө өгсөн биз дээ гэж хэлээд тэд зодолдоод газар унасан. Б дахин босож ирээгүй бөгсөөрөө газарт суучихсан, О зогсчихсон хоолойг нь боогоод 40.000 төгрөг нэхээд байсан. Би Оыг “Чи хүн аллаа. Одоо боль” гээд салгаад түлхээд аваад явахад нөгөө залуу газарт суучихсан босохгүй “Хөөе хөөе” гээд дуудаад үлдсэн. Би О тэр залуугийн халааснаас мөнгө, түрийнээс гар утас авч байхад хажууд нь байгаагүй тул хараагүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 74-75, 76-77-р тал/,

гэрч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн “2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө би гэртээ унтаж байхад өглөө үүрээр 4 цагийн үед Хгийн гар утас дугараад Х гар утсаар ярьсан тэгээд Х намайг дуудаж, нөгөө Ц.Б чинь хөлөө гэмтээчихсэн ирж ав гэж байна гэж хэлсэн бөгөөд Х, Д бид гурав Дийн приус-10 загварын автомашинтай яваад галын дөрвөн замаас зүүн хойд зүгт яваад замын урд талд Ц.Б нь хөл хөл гэж ёолоод, хөлөө бариад сууж байсан. Тухайн үед Ц.Бийн хоёр гутал нь хоёулаа тайларчихсан, хөл нүцгэн байдалтай, нэг хөл нь хугарчихсан гэж хэлсэн. Яагаад хөл чинь гэмтсэн юм гэж асуухад найрнаас тараад явж байгаад эхнэрийнхээ хамаатны айл руу явж байгаад 2 хүнтэй таараад тэд нар нь ганц юм аваад өг гэж хэлсэн тэгэхээр нь 20.000 төгрөг өгөхөд пиво авч ирсэн тэрнийг уучихаад байж байхад дахиад мөнгө нэхэхээр нь маргалдахад нэг нөхөр миний хөл рүү хавираад унагачихсан. Тэгтэл хөл хугарчихсан гэж хэлсэн. Гутал тайлаад гутлын түрийнд байсан гар утас, өмдний халаасанд байсан мөнгө аваад явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар Ц.Бийг автомашинд суулгаад баруун урд зүг рүү явж байхад автомашины дугуйны гадна талын хамер хагараад хийн гарчихсан. Тэгэхээр нь би О эгчтэй ярьж энэ талаар мэдэгдэхэд автомашин байхгүй хүүхдэд нь байгаа гээд Оын хүү Х руу залгаад хэлэхэд Х нь 54-38 УВХ улсын дугаартай, рогоЬох загварын автомашинтай Х ирээд Ц.Бийг суулгаад байж байхад О эгч араас ирсэн. Тэгээд бид нар Ц.Бийг аваад эмнэлэг рүү явсан. Тэгтэл Ц.Б нь бариачид бариулна гэхээр 4 зам гэх газарт амьдардаг, бариач Сгийн гэрт очоод Ц.Бийг бариулаад гарч ирэхээр нь Ц.Бийг Ц ахын гэрт хүргэчихээд би явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,

гэрч Ц.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 14-ны өглөө манай нагац дүү Г над руу ойролцоогоор 05 цаг 30 минутын үед гар утсаар залгаж Ц.Б нь шөнө явж байгаад хүмүүс хөлийг нь хугалчихсан байна, бид нар онцгой байдлын баруун урд талын аюулгүйн тойргоор доош яваад очиж аваад буцаж байхад автомашины дугуй хагарчихлаа гэж хэлсэн. Би өөрийн нөхөрт хэлэхэд манай нөхөр Ц нь чи яваад ир гэж хэлэхээр нь би төрсөн эгч Оноо гэгчийн автомашинаар Ц.Б, Х, Г нар байсан газарт очсон юм. Тухайн газар нь онцгой байдлын аюулгүйн тойргоос зүүн хойд зүгт яваад хойшоо харсан Намир гээд дэлгүүрийн баруун талд байсан. Би очиход Ц.Б автомашинд суучихсан байсан бөгөөд хөлөө бариад ёо ёо гээд ёолж байсан. Би очоод манай төрсөн эгч Оноо явчихсан. Удалгүй манай төрсөн хүү Х нь миний поробокс загварын автомашинтай ирсэн юм. Х ирээд Ц.Бийг миний автомашин руу суулгахад хөл их өвдөж байна гээд ёолоод байсан ба түүний баруун талын нүдний орчмоор хөхөрчихсөн, хоолойг нь боосон байдалтай, хоолойны арьс нь зулгарсан байдалтай байсан юмаа. Тэгээд бид нар Ц.Бийг аваад Улиасны хэв гэх газар руу бариачийн гэр рүү явсан. Улиасны хэв гэх газарт байрлах бариачийн гэрт очиход би барьж чадахгүй та нар эмнэлгээр явж эмчилгээ хийлгүүл гэхээр эмнэлэгийн гадна очиход Ц эгч ирсэн. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэнэ гэхэд Ц.Б дургүйцээд бариачийн гэрт очоод бариулна гээд тус аймгийн Улаангом сум Дөрвөн зам гэх газарт байрлах С гэгч бариачийн гэрт очоод Ц.Бийн хөлийг бариулаад түүний дараа манай гэрт ирсэн юм. Бид нар ямар шалтгааны улмаас чиний хөл хугарсан юм гэж асуухад Ц.Б хадам ахынхаа гэр лүү явж байгаад төөрчихсөн. Тэгтэл 2 залуу таарсан бөгөөд Б гэгч нь намхан, Э гэгч нь өндөр залуу байсан, намхан залуу нь өөрийгөө Тэс сумын Б гэгч байна гэж хэлээд танилцсан бөгөөд хамт архи, ууя гэхэд Ц.Б 20.000 төгрөг гаргаж өгсөн бөгөөд түүнийг аваад нэг ширхэг том пиво авч хувааж уусан түүний дараагаар Б гэгч нь мөнгө нэхсэн бөгөөд түүнээс болж маргалдаад зодуулсан талаараа хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81-р тал/,

гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 13-ны орой Ц.Б ямар зорилгоор Улаангом сум руу явсан болохыг мэдэхгүй байна. Намайг унтаж байхад явчихсан байна лээ. Сүүлд ямар зорилгоор Улаангом сум руу явсан талаар асуухад хадам ахынхаа гэрт очиж хонох гэж байсан гэж хэлсэн. Гашууны гол гэх газарт манай төрсөн хүү Хгийн найр, хуримын үйл ажиллагаа 2019 оны 7 дугаар сарын 10-нд болсон юм. Ц.Б нь манай төрсөн хүүгийн найранд орохоор ирсэн. 20219 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай гэр Гашууны гол байсан бөгөөд бид нар ах дүү нараараа Увс нуурын хөвөөнд амараад Гашууны голд ирчихсэн байсан юмаа. Ц.Б Увс нуур луу явахаас өмнө ирэхдээ АТМ-ээс мөнгө аваад билет бичүүлчихээд ирлээ гээд манай хадам эгч Цгийн хүү Бийн хамтаар ирсэн юм. Би хэдний билет, тасалбар бичүүлсэн талаар асуухад 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн билет Хар тэрмис гэх газраас суухаар бичүүлсэн гэж хэлсэн. Ц.Бид өөрт нь мөнгө байсан гэж бодож байна. Найр, хуримын ажилд ирж оролцохоор ирсэн хүн мөнгөтэй байсан байх, мөн хадмуудынхаа айлуудаар ороод буцаж дөхсөн байсан учраас ах дүү нараас нь мөнгө өгсөн байсан. Хичнээн төгрөг өөрт нь байсан талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83-р тал/,

гэрч Ц.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 14-ны өдөр өглөө ойролцоогоор 05 цаг 30 минутын үед манай хамаатны Г гэх эгч миний гар утас руу залгаад Бийн хөл хугарчихсан байна. Галын 4 замаас доош яваад 24 цагийн халуун усны хажууд хүрээд ир гэж хэлсэн Би босоод хувцасаа өмсөөд аавын саарал өнгийн поробокс загварын автомашинтай Галын 4 замаар доош яваад 24 цагийн халуун усны газрын урд талд очиход Ц Б нь Д ахын приус автомашин дотор хөлөө барьчихсан сууж байсан. Тухайн үед Ц.Б ах хоёр хөл гуталгүй, баруун талын нүд нь хавдчихсан хоолойны арьс нь зулгарчихсан байсан юмаа. Тухайн автомашины дугуй хагарчихсан байсан бөгөөд бид нар Ц.Б ахыг манай автомашинд суулгаад бариачийн гэр рүү яваад нэг бариачийн гэрт очиход эмнэлэгээр яв гээд 4 замд нэг бариачийн гэрт очоод хөлийг нь бариулаад манай аав Цгийн гэрт очсон. Ц.Боос болсон асуудлын талаар асуухад Ц.Б хоёр залуу таарсан бөгөөд 20.000 төгрөг өгөөд 1 ширхэг пиво авч уусан гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуугийн намхан өөрийгөө Б гэж танилцуулсан. Тэр 40.000 төгрөг нэхсэн бөгөөд Ц.Б ах яагаад зүгээр байж байгаад хүнд мөнгө өгдөг юм гээд маргалдахад Б гэгч нь зодолдож эхэлсэн тэр үед Өндөр залуу нь боль гэж хэлэхэд Б гэгч нь зүүн хөл рүү нь хавирч унагасан. Тэр үед хөл хугарчихсан. Түүний дараа гутлын түрийнээс унасан гар утас, өмдний халаасанд байсан мөнгийг Б гэгч залуу аваад тэд нар явчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85-р тал/,

шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Улаангом сумын нутаг Чандмань уулын баруун талд манай ах дүү нарын ургийн баярын үйл ажиллагаа болсон. Би тэнд очоод найз Этай уулзсан бөгөөд би тухайн үйл ажиллагаанд өөрийн хоёр настай А охинтойгоо хамт явсан. Э, би төрсөн охин Агийн хамтаар хамаатны хүний автомашинд дайгдаж 2019 оны 7 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 14-нд шилжих шөнө нэлээн орой харанхуй болчихсон байхад аймаг руу орсон бөгөөд тус аймгийн Улаангом сумын нутагт байрлах Цогцолбор 2-р сургуулийн урд талд буусан. Э, охин бид гурав буугаад такси барих гэсэн боловч байхгүй байсан. Э бид хоёр хоорондоо ярилцаад зам дагаад алхаж байсан, бид нар Голд гэх караокены газрын үүдний хэсэгт очоод би Чингис зочид буудал руу архи авч уухаар ороход хаалттай байсан. Буцаад Э байгаа газарт очоод хоорондоо юм яриад архи олдохгүй юм байна харъя гэж хэлж байсан. "Их наяд" баарны чиглэлээс Ц.Б нь гартаа 1 ширхэг лаазтай пиво бариад ирсэн. Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их орилдог, агсам тавихаар нэлээн ширүүн зан ааштай хүн байсан. Бид нар байсан газарт ирээд архи хаана зардаг юм, архи байна уу? хүүхэн байна уу? гэж асуусан бөгөөд бид хоёр бас архи хайж явна доошоо явъя гэж хэлээд Онцгой байдлын газрын урд талын уулзвар хүртэл явсан. Тэнд очоод "Увс плаза"- гийн хашаанд байрлах гэрт манай төрсөн охин А гэгчийг Э төрсөн ээж Цэд оруулж өгсөн. Э ороод гарч ирэх хооронд тэнд явсан явуулын хүнээс Ц.Б нь 20.000 төгрөгөөр 1 ширхэг 2 литрийн Боргио нэртэй пиво аваад байж байхад Э гараад ирсэн бөгөөд бид нар зүүн тийшээ буудал хайгаад буудалд орох гээд явж байсан. Замдаа пиво ууж байсан бөгөөд зүүн тийшээ яваад "Анар" зочил буудал ороход хашаан хаалга нь хаалттай, ажиллаж байгаа ямар нэг шинж байхгүй байсан. Бид үлдсэн пиво уусан. Пиво ууж байхдаа Ц.Боос буудлын мөнгө гээд 40.000 төгрөг өгсөн. Б 40.000 төгрөг өгөхдөө буудлын мөнгө, архины мөнгө би даана, та нар хүүхэн олж өг гэж хэлсэн. Тэгэхээр би бид нар хүүхэн олж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд пиво ууж дууссаны дараа Ц.Б бид хоёр маргалдаж эхэлсэн ба бид хоёр нэгнийхээ цамцны захаас заамдалцан, заамдалцаад маргалдаж байхад Э ирээд салгасан. Тэгээд маргалдахгүй гээд Эт хэлээд Э бие засахаар явахаар нь дахиад маргалдаж хоорондоо заамдалцаж тавихгүй болохоор нь би хавирч унагасан. Би Бийн дээр нь дараад унасан бөгөөд бид хоёр газар унаад барьцалдаж, зодолдсон. Ц.Б уначихсан байхдаа хоёр хөлөө жийж өшиглөхөөр нь би хөлөөс бариад авахад гутал нь сугарчихсан. Тэгтэл гуталнаас нь нэг мэдрэгчтэй гар утас уначихсан, нөгөө хөлийг бас барихад гутал нь сугарчихсан. Би гар утсыг газар унасан байхыг хараад авчихсан. Ц.Б газар хэвтчихсэн байсан бөгөөд өмдний халаас нь онгорхой дотор талын хэсэгт мөнгө байхаар нь би авчихсан. Тэгээд би Ц.Бтой маргалдаж, зодолдож байхад Э хол байсан бөгөөд ирээд намайг салгаад аваад явчихсан. Би намайг тавьчих гэхэд болохгүй гээд салгаад явсан. Э бид хоёр явж байхад араас Б нь орилж байсан бөгөөд юу гэж хэлж орилж байсныг би мэдэхгүй байна. Э бид хоёр Цастогтохоор урагшаа яваад Монтува ХХК-ны хажуугаар төв зам руу гараад такси бариад гэрэлтэй цонх гээд хүнсний дэлгүүрт очоод 1 шил 0.75 литрийн хэмжээтэй архи 1 ширхэг, нэрийг сайн мэдэхгүй байна, мөн 1 ширхэг тамхи авсан. Тухайн үед гэгээ орчихсон өглөө болж байсан бөгөөд Э бид хоёр хуучин наадмын талбай руу ороод 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг уусан. Би тэнд унтчихсан бөгөөд буцаад босоод ирэхэд Э гэгч нь явчихсан байсан. Тэгэхээр нь би унтаж байгаад дэлгүүр ороод ундаа, тамхи, 0.5 литрийн 1 шил архи авч уугаад архины талыг нь уугаад талыг нь шидчихсэн. Түүний дараа би өөрийн баз болох Бын гэрт очиход миний хамт амьдарч байгаа эхнэрийн том охин миний дагавар хүүхэд Мөнхгэрэл байсан бөгөөд би өөрийнхөө гар утас өгнө гэж хэлж байсан бөгөөд урьд өдөр нь гар утсаа гээчихсэн байсан бөгөөд Ц.Бийн гар утасны бүх зураг, бичлэгүүдийг устгаад өөрийн охин Мөнхгэрэл өгчихсөн. Тэгээд Бын гэрээс гараад би гэрлүүгээ явсан. Би Ц.Боос гар утас болон 200.000 төгрөг авсан. Хичнээн ширхэг ямар мөнгөн дэвсгэрт байсан талаар би сайн санахгүй байна. Ц.Б нь өөрөө надад 40.000 төгрөг  буудалд орно гээд буудлын мөнгө гэж өгсөн. Ц.Боос авсан мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ тамхи, архи, ундаа авсан, зарим мөнгийг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явахдаа гээчихсэн байсан. Би Ц.Боос авсан мөнгийг тоолж үзээгүй, Ц.Б нь надад хэлэхдээ халаасанд байсан 200.000 төгрөг авсан гэж хэлсэн. Би Ц.Бтой маргалдаж бид хоёр хоорондоо зодолдсон. Бас нэгнийхээ нүүр рүү цохилцсон. Тэр үед Э ирээд салгасан. Бид хоёр зодолдохоо болиод хоорондоо ярилцаж байгаад дахиад маргалдаад би зүүн талын шанааны хэсэгт 1 удаа цохисон, Ц.Б намайг бас цохисон ба бид хоёр заамдалцаад зосгож байхад би хавирч унагасан. Унах үед би Бийн дээр нь унасан, харин Б газар дээр дээшээ харсан байдалтай байсан бөгөөд намайг жийгээд байсан. Тэр үед би гутлыг татахад утас унаж ирснийг авсан, өмдний халаасанд байсан мөнгийг авсан. Ц.Б бид хоёрыг маргалдаж зодолдоход Э ирээд салгасан. Тэгээд бид хоёр маргалдахаа болиод хэсэг байж байхад зодолдоход Э ирээд салгасан. Бийн гар утас, 200.000 төгрөгийг дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хөлийг нь би санаатай хугалаагүй учраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрмдэх явцад л хөл нь хугарсан байх. Эыг тухайн үед хаана байсан, хаанаас ирсэн талаар би мэдээгүй, Б, Э, бид гурав гурвуулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.    

Шүүгдэгч Ц.О нь хохирогч Ц.Бийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа зүүн хөлний шилбэ рүү нь өшиглөж хугалсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 509 дугаартай: “Үзүүлэгч Ц.Бийн биед тухайн үед зүүн хөлийн шилбэний 2 яс хугарсан зөрөөтэй, тэр хэсэгт зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний зовхи хар хөхөрсөн, баруун өвдөгний орчимд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 94-р тал/-ээр  нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.О нь хохирогч Ц.Боос дээрэмдсэн Самсунг Галакси нөүт 5 загварын гар утас 285.000 төгрөгийн үнэтэй болох нь “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ий 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн УВ/19/101 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-р тал/-ээр,  бэлэн 200.000 төгрөг дээрэмдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

             Прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан”-ыг дээрэмдэх гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

             II. Шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Оын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Д.Цийн өгсөн: “манай хүү О нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яриа хурдан, хурц ширүүн болчихдог. Тамхи татдаг. Ямар нэг авъяас байхгүй, маш цэвэрч цэмцгэр, нямбай зантай. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87-р тал/, гэрч Ц.Оын өгсөн: “манай ах даруухан дөлгөөхөн зантай, дуугүй, хүний хэлсэн үгийг сайн биелүүлдэг, ажилсаг, тусархуу, эелдэг, боловсон, цэвэрч нямбай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Тамхи татдаг бөгөөд архи хааяа уудаг. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89-р тал/, гэрч Э.Мгийн өгсөн: “Манай хадам ах Ц.О нь дуугүй, дуу цөөтэй, даруухан, цэвэрч нямбай, эелдэг зөөлөн зан ааштай, хүний үгэнд сайн ордог, ажилсаг тусархуу, гэмт хэрэг, зөрчил холбогддоггүй, гэр зуур байдаг, эрхэлсэн ажилгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 90-91-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.Од Увс аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар 2 жилийн ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, мөн Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, мөн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар 19 хоног, нийт 1 жил 6 сар 19 хоногийн хорих ялаар шийтгэсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт /хх-ийн 128-р тал/  нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.       

 

Хохирогч Ц.Бд 285.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирогч шүүхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй. нэхэмжлэх хохирол байхгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн зэргийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Оад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тугай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж болно”, 2.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан  хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг хэмжээг тогтооно.

 

Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн биед байсан 200.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авч буй камерт бичигдэж үлдсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийвэрлэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Т овогт Цийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтд тустай ажил хйилгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 90  хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 /зургаа/ сар ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Оад оногдуулсан  1 жил 9 /ес/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Шүүгдэгч Ц.Од нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/  1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

            7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Оад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         

 

 

 

                                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ