| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0179/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Оийн Мд холбогдох 1935004330206 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 16-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, боловсролгүй, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт оршин суух Т овогт Оийн М / РД:...................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Г.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч О.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Г.Хыг зодсон болох нь
Хохирогч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би дүү Оын хамт сумын төв орохоор болоод байж байтал гэрийн ард байсан манай шийр мал Өндөрхангай сумын нутаг "Үнэг боодог" гэх газарт очсон байхаар нь О бид 2 цуг явж манай малыг тууж гэр рүү дөхүүлсэн. О бид 2 манай малыг мотоциклиор туугаад явж байтал араас морьтой ирж надтай уулзхаар ирэхээр нь О мал туулгуулж явуулчаад Мтэй уулзсан чинь надад "яагаад хаваржаа идээд байгаа юм" гэж хэлж уурласан. Тэр хавийн айлуудын мал Мийн хаваржааны газраар дайрч өнгөрөн усанд ордог юм. Манай мал мөн л адил Мийн хаваржааны газраар дайрч усанд орсон. Үүнээс болж М надад уурлаж мориноосоо бууж ирээд намайг миний хувцас захаар боож газарт унагаачаад буцаж татаж босгохоор нь би өөрийгөө хамгаалаад Мийг цохих гэсэн чинь миний гар хүрээгүй юм. Тэгтэл М миний цээж, толгойны хэсэг рүү гараар цохиж зодсон. Тэр үед Мийн морь алдагдаад явсан байсан ба миний мотоцикль унаж яваад морь бариж авчаад миний мотоциклийг авч ирж өгч юу ч ярилгүй морио унаад шууд явсан. Тухайн үед явах гэсэн чинь миний толгой эргээд байхаар нь түр сууж амарч байгаад толгой эргэх нь хэвийн болохоор нь Оыг аваад сумын төв явсан. Би Мээр зодуулсаны улмаас миний биед гэмтэл үүссэн тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Би О.Мээр зодуулсаны улмаас сумаас аймаг орж эмнэлэгт эмчид үзүүлж эм тариа авч эмчлүүлсэн. Зодуулсаны улмаас надад эмнэлэгт эмчид үзүүлэх, эм тариа авах зардалд 400,000 төгрөг, сумаас аймаг явах, аймгаас сумруу явах унааны зардалд 100,000 төгрөгний зардал гарсан. Цаашид толгойгоо эмчлүүлэх эмчилгээний зардалд 500,000 төгрөг хэрэгтэй байгаа. Ингээд надад нийт 1,000,000 төгрөгний хохирол учирсаныг О.М бэлэн мөнгөөр бүдгийг нь өгч намайг хохиролгүй болгосон. Надад учирсан хохиролын талаар ямар нэгэн баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр ах Хын гэртэй ойролцоо байдаг. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хтай хамт сумын төв явахаар болсон. Сумын төв яьахаас өмнө Х малаа харчаад гэр рүү дөхүүлээд эргүүлье гэхээр нь би хамт явсан. Хын мал усны урд байхаар нь бид хоёр эргүүлээд туугаад явж байтал М морьтой ирсэн ба Хтай уулзаж хаваржаа идээд байна гэж хэлж уурлан ярилцаж байсан. Би Хын малын туугаад цааш явсан. Тэр хоёроос бага зэргийн хол зайд очоод эргээд хартал тэр хоёр нэг нэгнээ заамдаж байгаа юм шиг харагдсан. Тэгтэл М хөлөөрөө хавсраад Хүрэлбаартыг унагасан. Унасан даруйд М Хын толгой, нүүрний хэсэг рүү гараараа цохьсон. Тэгээд М намайг морь аваад ир гэсэн. Тэр хоёрыг зодолдож байхад түүний морь алдагдсан. Би Мийн морийг барих гээд чадахгүй байж байтал Хын мотоциклыг унаж ирээд морио барьж аваад буцаагаад мотоциклийг нь авч ирж өгөөд явсан. Би Х дээр ирэхэд тэр газарт хэвтэж байсан. хамраас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд би яаж байна гэхэд “толгой өвдөж байна” гэсэн. Бид хоёр хэсэг сууж байгаад Хын гэр рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Шүүгдэгч О.Мийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 10 дугаар сарын сүүлийн хэдэн хоног Г.Х малаа миний хаваржааны газраар дайруулан явж усанд оруулах, зарим үед бэлчээрлээд байсан. Би энэ байдлыг 7 хоног хиртэй хугацаанд хараад ажиглаад чимээгүй яваад байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Х малаа манай хаваржааны газарт бэлчээрлэж үлдээсэн байхаар би туугаад өөр чигт явуулсан. Тэгтэл Г.Х хажуудаа Отай цуг мотоцикльтэй ирээд малаа туугаад явж байхаар нь би араас морьтой очоод Г.Хтай уулзаж "чи 7-8 хоног миний хаваржааны газарт малаа байлгалаа, уг хаваржааны газрын өвс хавар манай малд хэрэгтэй ш дээ" гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлсэн. Г.Х миний хаваржааны газарт малаа бэлчээрлэсэн байж надтай маргалдаад байхаар нь миний уур хүрч Г.Хын толгой, нүүрлүү нь цохьсон. Ийм л зүйл болсон. Би Г.Хыг миний хаваржааны газраар мал бэлчээрлэж, бэлчээрийн өвсийг малдаа идүүллээ гэж уурлаж цохьсон. Учир нь хөдөөний малчидад хаврын хэцүү цагт хаваржааны газрын өвс сайтай байвал мал хорогдол багатай хаврыг давдаг юм. Би гэм буруугаа ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчоос уйчлалт гуйж учирсан хохиролд 1,000,000 төгрөгийн хохиролыг бэлэн мөнгөөр өгч барагдуулсан. Г.Х бид 2 хоорондоо ярилцаж учраа олж эвлэрсэн. Цаашид бид хоёрт ямар нэгэн асуудлаар үл ойлголцох зүйл гаргахгүй гэдэгт би итгэлтэй байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 734 дугаартай шинжээчийн “Г.Х-н биед тархины доргилт, хамар ясны хугарал, хүзүүний хэсэгт хөндлөн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 9-р тал/-ээр хохирогч Г.Хын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.М энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж толгой орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.Хын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/-аар нотлогдсон.
Хохирогч Г.Х прокурорын хяналтын шатанд “О.М надад учирсан хохиролыг барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 66-р тал/ гаргаж өгсөн, шүүгдэгч О.М нь хохирогчийн 5408060314 дугаар дансанд 1.000.000 төгрөг шийлжүүлсэн /хх-ийн 60-р тал/ хаан банкны шилжүүлгийн баримт байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Пгийн өгсөн: “Миний нөхөр даруухан, муухай зан араншин гаргаад байдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, цөөхөн хэдэн малаа маллаад л байж байдаг. Ямар учраас хохирогч Г.Хыг цохих болсоныг би ойлгохгүй байгаа юм. Нөхрөөсөө энэ талаар асуухаар нарийн зүйл хэлэхгүй хаваржаанаас болоод маргалдаж байгаад цохьчихлоо л гэж хэлээд байгаа юм. Нөгөө бэлчээрээс болж хүн зодож гэмтээсэнд уурлаж зэмлэж зөндөө загнисан. Миний нөхөр ажил төрөл нь бүтэхгуй, цалгардсан үед л түлхүү уурлаж харагддаг. Тэрнээс биш хир барагтаа уурлаад байдаггүй. Уурласан үедээ таг дуугүй болоод хүнтэй ч ярилцахгүй, юу ч хийхгүй суугаад байдаг. Уурласан үедээ хүмүүстэй маргалдаж зодож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/, Гэрч Х.Бын өгсөн: “Оийн бага залуу бөгөөд эхнэрийн хамт багтаа амьдардаг. Төлөв даруу зантай, урьд өмнө нь хүнтэй зодоон цохион хийж байгаагүй, багийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, бусдад тусархуу, нийтэч залуу байдаг. Энэ удаад хаваржааны газраас болж хүний биед халдаж гэмтэл учруулсан байна. Хөдөөний малчин хаваржааны бэлчээрийн өвс маш чухал хэрэгцээтэй байдаг тул бэлчээрийн өвсөө хамгаалах гэж байхдаа О.М Г.Хын биед халдсан байсан. Хын хадмынхаа мал маллаж байгаа залуу байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Оийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ