| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0316/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/319 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/319
2019 11 05 2019/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч М.Гансувд,
хохирогч Б.Даянжалбуу, Б.Лхагвадорж,
шүүгдэгч Н.Г,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох 1934000990175 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт Н.Г, Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 53 дугаар байр 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, Бухимдах шинж хэмээх сэтгэцийн эмгэгтэй/хх-37-42/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Н.Г нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтэний хонхорхой” гэх газар байрлах Р.Даянжалбуугийн гэрт 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Даянжалбууг шалтгаангүйгээр зодож улмаар түүний чихийг хасаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн өдөр Б.Лхагвадоржийг малын бэлчээрт байхад нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “Долгорсүрэн гэдэг хүн манайхтай айл. Энэ хүнийг буулгах гээд ирж байхад Долгорсүрэн чи архи дарс уудаг чамайг хашаандаа буулгахгүй гээд тэгээд байж байсан. Манайхтай ойрхон байсан болохоор эмээ та намайг хашаандаа буулгачихаач би малаа тууж ирчихээд энэ айлд ирэхэд хашаандаа буулгахгүй байна. Манай ээжтэй ярьж байгаад манай хашаанд буусан. Тэгсэн энэ хүн манай ээжийн хайртай малыг зардаг байсан. Манайтай айл байхад Долгорсүрэн гэдэг айл энэ юмаа хэнээс хариулахгүй байнга тэгээд зарж байх юм аа гэж хэлж байсан. Хонь малаа үзэхэд хонь байхгүй байсан. Тэгээд би хонь мал яасан юм болоо гэж хэлсэн. Даянжалбуугийн эх нь гэж Гиймаа гэж хөгшин байгаа. Тэр хүн миний хүүг битгий цагдаад хэлээрэй. Би хонийг нь өгье гэхэд ээж тэр үед нь өнгөрөөсөн. Би нодлин хонь мал харж байсан ч гэсэн чи цагаан сараар нутгийн айлаар явъя гээд шувуун фабрик гээд газар руу хамт явсан. Энэ хүнтэй явж байхад дэлгүүр орсон. Тэгсэн миний өвчин хөдлөөд тэр айл үүрч авчираад унтуулсан. Өглөө босоход Даянжалбуу алга болсон Шувууны төвөөр яваад хайж байхад байхгүй байсан. Маргааш нь хот руу явчихаад ирж байсан. Миний эцгээс надад өгсөн миний ташуур, шүрэн толгойтой даалинтай хөөрөг алга болсон байсан. Энэ залууг авсан юм болов уу гэж бодож байсан. Төмөрсүх гэдэг хүний бэр нь цуг явж байсан залуугаа аваад ир бид хоёр нүүрээ харж байгаад хэлж ярьж болох юм гэсэн. Даянжалбуу нь агсам согтуу тавьдаг хүн намайг зүгээр мордоод явах гэж байхад юм яриад миний өөдөөс топпи шидэхэд би тэгсэн. Манай хүүг цагдаад битгийн хэлээрэй гээд байсан эх нь бас өөр хүн салгасан. Төмөрсүх ахын бэр, Отгонсүх гээд хүнийг яриулмаар байна асуултад чинь хариулна” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа мэдүүлэхдээ: “Дүү маань их мундаг хүн байсан. Төрсөн оноо ч мэддэггүй болчихдог юу ч санадаггүй байсан. Тэрийг энэ хүмүүс маш сайн мэдэж байгаа. Даянжалбууд би маш их гомддог. Зүгээр л манай дүүг явуулсан бол манай дүү хэзээ ч хүн зоддоггүй. Хэзээ ч хүн барьж авч зоддоггүй. Энэ хүмүүс топи шидсэн байгаа. Хоёрдугаарт, би дүүгээ Японы аппаратап оруулж байгаа. Өмнө нь манай дүү улсад хүний адуу малыг сургадаг байсан. Тэгж байгаад гэмтсэн. Одоо бол жишээ нь хурал хийж байхад 4, 5 унадаг болсон. Дүүгээ Солонгос гарган эмчилж байж ийм болгосон. Энэ хүмүүс сарын цалинг өгчихөөч гээд бид нар маллая гэсэн. Даянжалбуу архи уухаараа манай ээж, энэ хоёрыг зүгээр суулгадаггүй байсан. Цонхон дээр ирж нүдээд, хашаа руу чулуу шидээд муу баячууд минь гэдэг байсан. Тайван байлгасан байсан бол ийм юм болохгүй байсан” гэв.
Хохирогч Б.Даянжалбуу мэдүүлэхдээ: “.. Би ажлаасаа ирчихээд айлын үнээ сааж байсан. Саачихаад баасаа аваад 11, 12 цаг гээд ирэхэд манай дүүг аваад явна гэсэн. Чи хонь хариулдаг хүн аваад явлаа гээд хэрүүл болсон. Би гэртээ байж байсан морьтойгоо ирээд намайг 2, 3 удаа ташуурдсан. Тэгээд барилцаж авахад миний чихээс хазсан” гэв.
Хохирогч Б.Лхагвадорж мэдүүлэхдээ: “...Хонь дээр байхад морьтой ирээд цохисон “ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-08 тал/, хохирогч Б.Даянжалбуугийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-09 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/, бусдад зодуулж гэмтсэн гэх Базаррагчаа овогтой Даянжалбуугийн биед хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16 тал/, хохирогч Б.Даянжалбуугаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-19 тал/, хохирогч Б.Лхагвадоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-22 тал/, гэрч Д.Дашдэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-26-27 тал/, гэрч С.Гэнэмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28 тал/, гэрч О.Сарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29 тал/, гэрч С.Энхтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1604 дугаар дүгнэлт /хх-32 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №1250 дугаар дүгнэлт /хх-35 тал/, №460 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-37-42 тал/, Н.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн илтгэх хуудас /хх-61 тал/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Н.Ариунболдын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-62 тал/, гэрч С.Сурмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-104 тал/, гэрч Л.Одхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-105 тал/, гэрч Ц.Ононгоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-106 тал/, №1172 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-108-112 тал/, хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-114-115 тал/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-116 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-117 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-118 тал/, Н.Г өвчний түүх /хх-120-177 тал/, шүүгдэгч Н.Г хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Г нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтэний хонхорхой” гэх газар байрлах Р.Даянжалбуугийн гэрт 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Даянжалбууг шалтгаангүйгээр зодож улмаар түүний чихийг хасаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн өдөр Б.Лхагвадоржийг малын бэлчээрт байхад нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Даянжалбуугийн: “ ...Тэгэхэд Тулга уяатай байсан морин дээрээ очоод морио унаад эргэж ирээд чамайг ална гээд надруу дайрсан тэгэхээр нь би гэр лүүгээ зугатаагаад орсон юм тэгтэл Тулга мориноосоо буугаад чамайг ална гэж хэлээд манай гэрт ташуураа бариад орж ирээд миний толгой руу ташуурдсан ахиад цохих гэхээр нь би барилцаад авсан юм тэгсэн Тулга нь миний баруун талын чихнээс хазаад авсан юм би болъё өвдөж байна гэж хэлэхэд тавихгүй байсаар байгаад миний чихийг тасартал нь хазаад тасархайг нь газар хаясан тэгээд миний чихнээс цус гараад байхаар нь би өөрөө гэрээсээ зугатааж гараад манай хажуу талд байх Долгорсүрэн гэх айлд очоод тэндээс цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-18тал/,
Хохирогч Б.Лхагвадоржийн: “ ...Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цаг өнгөрч байхад би малын бэлчээр дээрээ хонио хариулаад явж байсан юм тэгэхэд Гнь гартаа мод барьж ирээд тэр модоороо миний толгой болон нүүр хэсэг рүү зодож эхэлсэн тэгээд намайг зодож байгаад Г нь өөрөө яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Гэрч С.Гэнэмаагийн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн орчим байсан байх манайхаар Гирсэн бөгөөд манай бага Лхагвадорж хонинд явсан байсан болохоор ГЛхагвадоржийг дагуулан шувуу орж ирнэ гэхээр нь явуулахгүй хонио харна гэж хэлсэн чинь уурлаад орой би дагуулаад ирнэ ш дээ гэж хэлж байсан юм. Тэгээд Гөөрөө мотоциклио асаагаад явна гэхээр нь манай хүү Даянжалбуу явуулахгүй гэсэн чинь муудалцаад эхэлсэн тэгээд морин дээрээ мордоод Даянжалбуугийн араас хонины хашаа руу морьтойгоо орох гээд дайраад байсан. Тэгээд би хашаа руу морьтойгоо орох гэлээ хашаа хороо эвдчихэв гэж хэлсэн чинь яадаг юм муу гуйлгачингуудын юмыг эвдсэн ч яадаг юм гэж хэлсэн. Тэгээд Даянжалбуу зугатаагаад гэрлүүгээ орсон араас нь Гочоод гэрийн хаалганы цоожийг эвдсэн тэгээд Даянжалбуу гэрээсээ гараад иртэл үсдэж аваад доош нь дараад шууд л чихийг нь хазчихсан байсан. Тэгээд би болиоч наадахаа аллаа ш дээ гэж хэлээд ойртох гэсэн чинь ойртуулахгүй байсан. Тэгээд би ухаан алдаад юу болсноо санахгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-08 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/, бусдад зодуулж гэмтсэн гэх Базаррагчаа овогтой Даянжалбуугийн биед хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1604 дугаар “1. Б.Даянжалбуугийн биед баруун чихний дэлбэнгийн эдийн дутагдал бүхий хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-32 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №1250 дугаар “1. Б.Лхагвадоржийн биед зүүн нүдний ухархайн дотор хананд хугаралтай , дух, зүүн хөмсөг, уруул, хацарт оёдол тавигдсан шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-35 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн илтгэх хуудас /хх-61 тал/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Н.Ариунболдын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-62 тал/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-116 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-117 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-118 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г-г сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй тул эмнэлгийн чанартай арга хэмжээг хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Г шүүх сэтгэц эмгэг судлалын №460 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын №1172 дугаар дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой талаар дүгнэлт гарсан. Иймээс шүүгдэгч Н.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн хуулийн тасагт 3 жилийн хугацаагаар хэрэглэх” саналыг,
-шүүгдэгчийн өмөөгөлөгчөөс: “Би дүүгээ хэвийн байдалд оруулах гэж өөрийн амьдралаа орхиж дүүдээ эмчилгээ хийлгэж байгаа, харьцангуй эмчилгээ авч байгаа, Дүү минь өөрийг нь оролдохгүй бол хүнд гэмтэл учруулахаар хүн биш. Дүүг минь миний асрамжид үлдээж, намайг дүүгээ асран хамгаалах боломжоор хангаж өгнө үү?” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Г нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэвч шүүгдэгч Н.Г нь тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, бухимдах шинж хэмээх сэтгэцийн эмгэгтэй өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын №460 дугаартай дүгнэлтээр/хх-37-42 тал/, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын №1172 дугаар “Н.Г сэтгэцийн эмгэг сэдэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой болно” гэх дүгнэлт /хх-ийн 112 тал/ зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “ Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үнэлт дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Гнь Сэтгэц эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1-д “Сэтгэцийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн шаардлагатай үйлчилгээ авах, асран халамжлуулах” эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүл мэндийн байгууллагад сэтгэл заслын эмчилгээг эмчийн тогтоосон хугацаанд 3 жилийн хугацаанд тогтмол хийлгүүлэхийг асран хамгаалагч С.Энхтуяад даалгах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9 д “.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно” гэж зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7-д “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно” гэж зааснаар 3 жилийн хугацаатайгаар авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дахь хэсгийн 7-д зааснаар дээрхи хугацаанд прокурор хяналт тавьж уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас учирсан төлбөрт шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.Даянжалбууд 300000 төгрөг, хохирогч Б.Лхагвадоржид 1100000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар нь хохирлын баримт гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирогч нарт гаргуулах хохирол төлбөргүй байна.
Харин хохирогч Б.Даянжалбуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн 1934000990175 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ташуурын хугархай модыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Н.Г бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан, бусдын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Н.Г-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар Н.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг эмчийн тогтоосон хугацаанд тухайн бүрт нь сэтгэцийн эмнэлгийн тусгай тасагт сэтгэл заслын эмчилгээ хийлгүүлэхийг асран хамгаалагч С.Энхтуяад даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Прокурор хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даянжалбуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай ташуур 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ