Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/326

 

                                                                           

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1902007300273 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Т.Б, Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн аграномын ангийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг Хушаат сум Орхон баг 4-5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Нарт сургалт, судалгааны төвийн орчимоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 16.5 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сургалт судалгааны төвийн оюутны амралтын байранд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Төв аймаг Булган суманд уртын дадлага хийсэн. Дадлага хийхдээ өөрт хэрэгцээтэй зүйлсээ бүгдийг нь авч явсан. Би тамхи татдаг тамхиа чадах хэмжээгээрээ авч явсан гэхдээ 5 сар хэрэглэж хүрээгүй хааяа захиж татдаг байсан. 9 сар болох гээд хүүхдүүд хичээл сонголтоо хийнэ гээд явсан тэгээд хүмүүсээс тамхи асуутал тамхигүй байсан. Би тэр хавьд тийм ургамал ургадаг гэдгийг мэдэж байсан хэрэглэж болохгүй гэдгийг нь мэдэж байсан. Тамхигүй болчихоод татчихдаг юм билүү гэж бодоод татсан. Хашааны гадна мал хажуугаар нь яваад уначихсан байхаар нь аваад уутанд хийж сонингийн цаас олоод хашааны гадна татсан 2 удаа сорсон их гашуун байсан болохоор нь буцаж байрлуугаа ороод нуусан байсан. Маргааш өглөө нь цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд байранд чинь нэгжлэг хийнэ гэсэн тэгээд би надад байгаа гэж хэлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тайлбар /хх-04 тал/,  Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол/хх-05 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-07 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-08 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-09 тал/, хэргийн газрын үзлэгээр хураагдсан гялгар ууттай өвс мэт зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, Т.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-13 тал/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/хх-14 тал/, Т.Бгийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-15-16 тал/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-17 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-18 тал/, гэрч Ч.Гэрэлт-Одоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-19 тал/, гэрч Т.Солонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4941 дугаар дүгнэлт /хх-23-24  тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4935 дугаар дүгнэлт /хх-26-27  тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1062 дүгнэлт/хх-30-31 тал/, Т.Б-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, Т.Б-гийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас/хх-55 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/46 дугаартай албан бичиг, хавсралт/хх-76-80 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Нарт сургалт, судалгааны төвийн орчимоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 16.5 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сургалт судалгааны төвийн оюутны амралтын байранд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Ч.Гэрэлт-Одын: “ ...Манай дүү хар тамхины хэрэгт холбогдсон талаар нь мэдсэн. Дүүгээсээ ямар учиртай энэ хэрэгт холбогдсон хэзээнээс эхлэн энэ зүйлийг татаж хэрэглэсэн талаар нь асуухад тухайн дадлага хийж байгаа газар нь өөрөөс нь өөр тамхи татдаг хүн байдаггүй бэлэн тамхиа дууссан учраас сонирхож тамхины оронд өвч ургамалыг нэг удаа татаж хэрэглэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06-07 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-08 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-09 тал/, хэргийн газрын үзлэгээр хураагдсан гялгар ууттай өвс мэт зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, Т.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-13 тал/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/хх-14 тал/, Т.Бгийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-15-16 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-18 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4941 дугаартай “1. Шинжилгээнд “Т.Б нас 21 2019.09.04” гэж хаягласан 70 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Т.Б нас 21 2019.09.04” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. 3.Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /хх-23 тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4935 дугаартай “1Шинжилгээнд ирүүлсэн “Т.Б хэргийн газраас хураагдсан 16,5 грамм өвс” гэж хаягласан гялгар ууттай бор хүрэн өнгийн ургамал мэт зүйл 16,5 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Т.Б хэргийн газраас хураагдсан 16,5 грамм өвс” гэж хаягласан гялгар ууттай бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. 3.Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /хх-26 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Нарт сургалт, судалгааны төвийн орчимоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 16.5 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сургалт судалгааны төвийн оюутны амралтын байранд хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т.Бг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Нарт сургалт, судалгааны төвийн орчимоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 16.5 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Сургалт судалгааны төвийн оюутны амралтын байранд хадгалсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

           Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэт бусад хүчтэй нөлөө үзүүлдэг, “мансууруулах эмийн тухай” 1961 оны Конвенц, “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно.

          

           НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис” гэжээ.

            

            Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад шүүгдэгчид ял оногдуулах зүйл анги нь ялын интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж хянан шийдвэрлэсэн болно.

        

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16,5 грамм/шинжилгээнээс ирсний дараа 15.5 грамм болсон/ ургамалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 

 

              Шүүгдэгч Т.Б нь уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овогт Т.Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б нь шүүхээс тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт шүүгдэгч Т.Б нь уг хэргийн улмаас 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15.5 граммын хатсан өвс ургамалыг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ