Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/327

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

хохирогч Э.Туяацэцэг,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох 1934008730384 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А.А, Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар баг 19-42  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.А нь архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн” зоогийн газарт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э.Туяацэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирсэн. Тэгээд гэр рүүгээ явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд чамайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж Туяацэцэг гэдэг хүн мэдээлэл өгсөн гэсэн. Цагдаа журмын хашаанд миний машиныг хийсэн. Тэгээд ажил дээрээ ирээд Туяацэцэгт чи эмэгтэй хүн байж нэгнийгээ ингэдэг нь яаж байгаа юм бэ гэж хэлээд хацар руу нь 2 алгадаад үсдсэн” гэв.

              Хохирогч Э.Туяацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. А.А гал тогоонд орж ирээд Туяа гээд дуудахаар нь очтол толгой руу цохиод үсдсэн. Дахиж цохиод өшиглөсөн. Цагдаад чи согтуугаар машин жолоодож явсан гэж мэдүүллээ гэж янз янзаар доромжилсэн. Тэгэхээр би дуудлага өгсөн” гэв.

            Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-05 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-07 тал/, “Дөлгөөн” зоогийн газрын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-08 тал/, хохирлын баримтууд/хх-09 тал/, хохирогч Э.Туяацэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-13 тал/, гэрч Ш.Нансалмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, гэрч Ч.Гэрэлтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16 тал/, гэрч М.Мандалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-19 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №709 дугаартай дүгнэлт /хх-24-25 тал/, “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо/хх-26 тал/, А.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-39 тал/, А.А-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, А.А-гийн эзэмшлийн 5721391271 тоот дансны хуулга/хх-56 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.А нь архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн” зоогийн газарт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э.Туяацэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

Хохирогч Э.Туяацэцэгийн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ буюу “Дөлгөөн” зоогийн газарт байж байхад оройн 19 цаг өнгөрч байхад А нь ирээд намайг гал тогоонд ороод ир гэсэн тэгэхээр нь би гал тогоонд ортол А нь үгийн зөрөөгүй намайг цохиж, үсдэж өшиглөж чи Мандал гэдэг цагдаад  согтуу машин барьж байна гээд хэлсэн байна тэрэнд биеэ үнэлдэг гэж элдвээр хэлж цохьж зодсон тэгээд би цагдаад хандан дуудлага өгсөн байгаа”  гэх мэдүүлэг /хх-12 тал,

Гэрч Ш.Нансалмаагийн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ орой 19 цаг өнгөрч байхад би зааланд сууж байтал Гэрэлтуяа намайг дуудахаар нь өрөөнд ортол Туяацэцэг сандал дээр сууж байсан А зогсож байсан тэгсэн А уурлаад Туяацэцэгийг цохих гэхээр нь би салгасан. Тэгээд Туяацэцэг гараад явсан ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч Ч.Гэрэлтуяагийн: “ ...Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ орой 19 цаг өнгөрч байхад Туяацэцэг, Нансалмаа нарын хамт байтал гаднаас А орж ирээд Туяацэцэг намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодож яваад байна гэж хэлсэн байна би цагдаад баригдчихлаа гэж хэлээд байж байтал зааланд Туяацэцэг орж ирсэн тэгтэл А уурлаад Туяацэцэгийг барьж аваад гараараа хацар луу нь цохиод үснээс нь гараараа бариад хөлөөрөө өшиглөөд байсан тэгэхээр нь би боль гэж хэлээд салгаад тэгээд Нансалмаа эгч орж ирсэн. Тэгтэл удалгүй Туяацэцэг цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг/хх-16 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №709 дугаартай “1.Э.Туяацэцэгийн биед тархи доргилт, толгой, зүүн шуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-25 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

 Хохирогч Э.Туяацэцэгийн биед тархи доргилт, толгой, зүүн шуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч А.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг

 

Шүүгдэгч А.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч А.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.А-д торгох ял оногдуулсан болно.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.А нь хохирогчид 600000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 600000 төгрөг төлсөн, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ