Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00315

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2270 дугаар магадлалтай,

Д.Гийн нэхэмжлэлтэй

ЗТНОНӨААТҮГ-т холбогдох

9 сарын тэтгэмж 7 234 164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г би ЗТНОНӨААТҮГ-ын Автобус-1 баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар ажилд орж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/172 тоот тушаалаар 7 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.Г нь энэ байгууллагад насаараа ажилласан боловч Автобус-1 ОНӨААТҮГ-ын захиргаа, үйлдвэрчний хорооны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж уг тэтгэмжийг олгоогүй. Ажиллаж байх хугацааны 1 сарын дундаж цалин 803 796 төгрөг байсан учир хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5 заалтын дагуу 9 сарын тэтгэмж 7 234 164 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Д.Г нь хамтын гэрээний дагуу тэтгэмж олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Г нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар кондуктороор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/717 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Д.Гийг өндөр насны тэтгэвэрт гаргахад байгууллагаас 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 967 500 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/338 дугаар тушаалаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 баазын ҮЭХ-д мэдэгдсэн. Учир нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар тус Автобус-1 татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ЗТНОНӨААТҮГ байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т аж ахуй нэгж байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэсний дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. ЗТНОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 баазын ҮЭХ, Автобус-3 баазын ҮЭХ гэсэн 4 хороотой учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон энэхүү хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэсэн нь Нийслэлийн иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар ЗТНболон өөрчлөн байгуулагдснаар дээрх хуулийн заалтад нийцэж байгаа. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-д хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй энэ асуудлыг гацаанд оруулж байсан. 2016 оны 03 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн ЗТНОНӨААТҮГ-ын ажилчдын төлөөлөл 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж Эв нэгдэл үйлдвэрчний хороог шинэчлэн зохион байгуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын захиргаатай хамтын гэрээ байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХУД-ийн ЗДТГ-т бүртгүүлсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ЗТНОрон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7 234 133.6 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Гд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130 696 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2270 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын гомдолдоо: ЗТНОНӨААТҮГ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ миний бие Хан-Уул дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2270 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 -д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2270 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв. Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч ЗТНОНӨААТҮГ-т холбогдуулан хамтын гэрээнд заасан “өндөр насны тэтгэвэр тогтоолгоход байгууллагаас олгох тэтгэмж”- ийг дутуу тооцсон гэх үндэслэлээр 7 234 164 төгрөг гаргуулах нэхэмжлэл  гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Д.Г нь ЗТНОНӨААТҮГ-т 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс кондуктороор ажиллаж, нийт 7 жил 11 сар ажилласан, өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч буюу ажил олгогч нь Д.Гд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний, 967 500 төгрөгийн тэтгэмж олгосон гэж маргасан боловч Автобус нэг ОНӨААТҮГ болон тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 05, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээний 8.5-д заасан “...өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох...” заалтын дагуу тэтгэмжийг бүрэн олгоогүй байна.

Хамтын гэрээ, хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт нь хамтын гэрээг шинээр батлагдах хүртэл хугацаагаар байгуулагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан журмын дагуу ажил олгогч 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр уг гэрээний нэмэлт өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “ Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд хамтын гэрээний оролцогч буюу ажил олгогч Автобус-нэг ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор татан буугдаж, эрх, үүрэг нь ЗТНОНӨААЭҮГазарт шилжсэн нь хамтын гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Шинээр үүсгэн байгуулагдсан ЗТНОНӨААЭҮГазарт хамтын гэрээ шинээр байгуулагдаагүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 79.1, 79.7-д заасан зохицуулалтад нийцжээ. Д.Г нь өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш 2 сарын дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 9 сарын тэтгэмж гаргуулах шаардлагыг гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2017/06731 дүгээр шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан“ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлийг тусгаагүй боловч нэхэмжлэлийг татгалзаж, мэтгэлцсэн хэмжээнд “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” агуулгатай гомдол гаргасныг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2270 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 130 700 төгрөгийг  улсын орлогод  үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА