| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2408 04050 0040 |
| Дугаар | 2025/ХШТ/86 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ХШТ/86
Ж.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 656 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаар магадлалтай Ж.Ц-д холбогдох 2408 04050 0040 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор 2025 оны 06 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Ж-ийн Ц, (РД: ...).
Холбогдсон хэргийн талаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 656 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ш овгийн Ж-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Манайх ам бүл 5, нөхөр, 1-6 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Би 2018 оны 06 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл 5 жил “Д” ХХК-д эм савлагч, жор баригчаар ажиллаж, сард 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Мөн 2024 оны 12 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хувиараа “Х онлайн шоп” ажиллуулж, бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан борлуулж, хүргэлтээр бараа бүтээгдэхүүнээ зарж, хувийн бизнес эрхлэн, сард дунджаар 2-3 сая төгрөгийн орлого олдог. Миний дансны хуулгаар нотлогдоно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, урьд хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй. Би хүүхдээ санаатай цохих, зодох санаа огт байгаагүй. Тухайн үед л ийм болчимгүй үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байна. Би нөхөр, хүүхдүүдтэйгээ тайван харилцаатай, эвтэй, найртай амьдардаг, хэн хэндээ хүндэтгэлтэй харьцан, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа. Шийтгэх тогтоол, магадлалд намайг эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэсэн нь Эрүүгийн хуульд байхгүй үндэслэлээр хүндрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэсэн нь цалин орлоготой хүнд л торгох ял оногдуулна гэсэн ойлголт биш байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Манай нөхөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумд байрлах компанид жолооч, тэсэлгээчнээр ажилладаг тул 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг учраас би хүүхдүүдээ харж, сургууль, цэцэрлэгт нь зөөдөг. Одоо хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг амарсан тул гэртээ гурван хүүхдээ хараад, хувиараа бараа, бүтээгдэхүүнээ зарж, борлуулах ажлаа хийдэг тул манай нөхөр ажлаар явсан үед харах хүнгүй учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй болж, гурван нялх хүүхэд гэртээ хараа хяналтгүй үлдэж, идэх хоол ундгүй, хэцүү байдалтай үлдэх болоод байна. Миний охин 1 настай, хөхөөр хооллодог тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байна. Иймд надад оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн 450 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх “шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаас ажилгүй хүнд торгох ял оногдуулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. Тэрээр гэр бүлийн гишүүдтэйгээ хэвийн харилцаатай, гурван хүүхдээ хараад гэртээ байдаг бөгөөд нөхөр нь 14 хоногийн хугацаагаар ажилдаа явсан үед амьдралаа авч явдаг. Хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал хөхүүл хүүхдээ тэврээд ажиллах болж байна. Шүүгдэгч нь эхээс ганцаараа, түүний эцэг нас барсан тул туслах хүн байхгүй. Иймээс шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Прокурор Ж.Ц-д холбогдох хэргийг хянаад, яллах дүгнэлт үйлдэхдээ түүний бага насны буюу 5 настай хүүдээ гар хүрч, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтуудад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгчийн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг орхигдуулж, зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Мөн хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хохирогч хүүхдэд гар хүрсэн тохиолдол нь нэг удаагийн буюу анхны тохиолдол биш, жилийн өмнө мөн гар хүрч зодож байсан үйл баримт хэрэгт авагдсан байна. Энэ хэргийн хувьд, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь онцлог нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг хүүхэдтэй зүй бус харьцах, хүч хэрэглэх явдлыг нь таслан зогсоох, давтан гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу шүүгдэгчийн зан үйлийг өөрчлөх буюу хүүхэдтэй хүмүүжлийн эерэг аргаар зөв зохистой харьцах мэдлэг, мэдээлэл олж авч, зан үйлээ засах сургалтад хамрагдах талаар үүрэг хүлээлгэх нь илүү оновчтой. Иймд хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохируулж эрүүгийн хариуцлагыг оногдуулаагүй гэж дүгнэж байгаа учраас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Ж.Ц-д холбогдох хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байна.
3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж.Ц нь гэртээ төрсөн хүү, 5 настай Э.Т-ийг “өмдөндөө шээсэн” гэх шалтгаанаар толгой, нүд хэсэгт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүгүй тогтоожээ.
4.Шүүгдэгч нь бага насны хүүхдээ “өмдөндөө шээсэн” гэх шалтгаанаар толгой, нүд хэсэгт нь цохисныг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, шийдэл нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүгдэгчийн ургийн овгийг буруу бичсэнээс гадна хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь хуульд нийцжээ.
5.Хүүхдийн бие бялдар, оюун ухаан нь гүйцэд төлөвшөөгүйн улмаас насанд хүрсэн хүнтэй харьцуулахад өөрийн хийсэн үйлдэл, хэлсэн үгийнхээ учир холбогдлыг ойлгох чадвар хомс, үзэл бодлоо илэрхийлэх боломж, өөрийгөө хамгаалах чадвар, илэрхийлэмж дутмаг, эмзэг, мэдрэмтгий байдаг онцлогтой.
Иймээс хүүхэд төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт шаардлагатай байдаг бөгөөд аливаа зүй бус, хариуцлагагүй үйлдэлд нь насанд хүрсэн хүнтэй адилтган, ижил түвшинд хариуцлага хүлээлгэх болон хүчирхийллийн аргаар хүмүүжүүлэх явдлыг хориглодог.
Хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал, зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх үйл ажиллагаа бөгөөд аз жаргал, хайр халамж, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих нь хүүхдийн бүрэн, өв тэгш хөгжлийг хангадаг болохыг дэлхий даяар хүлээн зөвшөөрч Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай Конвенцуудыг баталснаас гадна манай улс дотооддоо Хүүхдийн эрхийн тухай хуулийг баталж, даган мөрдөж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. ... бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой” гэж заасан бол Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр “... эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах ...” явдлыг хориглосон.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах”, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд ... бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт ... -аас нийгмийн бүх орчинд хамгаалагдах” эрхийг давхар баталгаажуулжээ.
Харин хүүхдийн эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхэдтэй хамгийн ойр байж, тэдэнтэй анхдагч харилцаанд ордгийн хувьд хүүхдийн ашиг сонирхолд харшлах, хүмүүжил, ёс суртахуун, бие бялдарт сөргөөр нөлөөлөх, хор хохирол учруулах аливаа үйлдэл хийхийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх”, 10.1.2 дахь заалтад “хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх”, 10.1.3 дахь заалтад “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, 10.1.7 дахь заалтад зааснаар “хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах” үүргийг тус тус хүлээдэг.
Хэрвээ эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд зохих журмын дагуу хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зогсоох, таслах эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд баталгаажуулсан ба хүүхдийн эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна эцэг эх байх эрхийг хасах хүртэл арга хэмжээ авахаар Гэр бүлийн тухай хуульд заасан байдаг.
Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан (хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр), хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг эх байх эрхийг шүүх хасаж болно” гэжээ.
6.Шүүгдэгч нь бага насны буюу 5 настай хүүхдээ цохисон шалтгаанаа “Өглөө босоод хэн шээсэн юм бэ гэхэд мэдэхгүй гээд байхаар нь алгадсан” гэж тайлбарласан бол насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд “Тухайн үед ээж нь юунаас болж зодсон талаар мэдэх үү” гэсэн асуултад “Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би уг нь үймүүлээгүй, томоотой байсан юм” гэж мэдүүлж байсан нь тэрээр ямар шалтгаанаар өөрийнх нь бие халдаж, цохисныг мэдэхгүй, учир холбогдлыг нь ойлгоогүй байсныг илэрхийлж байна.
7.Шүүгдэгч Ж.Ц-аас бага насны гурван хүүхэдтэй, гэр бүлийн нөхцөл байдал, ажил эрхлэлтийн талаар дурдаж, “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан ба уг гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмуудыг удирдлага болгодог.
Эрүүгийн хариуцлага нь нийгмийн харилцааг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод чиглэгддэг эрх зүйн үр дагавар бүхий институци юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бүхий, хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх “хуульд захирагдах” зарчмын үндсэн шалгууруудын нэг бөгөөд хуульд заасан ялын төрлүүдээс тухайлан сонгосон үндэслэл, тусгай ангид заасан интервалаас ямар хэмжээг сонгон авсан шалтгаанаа заавал тайлбарлахыг шаарддаг.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болохоо шийтгэх тогтоолдоо тусгажээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд прокурор “... Ж.Ц-аас ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй. ... Шүүгдэгч нь хүүхдийнхээ мөнгийг аваад торгох ялыг биелүүлэх боломжтой тул торгох ял оногдуулах нь зүй зохисгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргаж байсан байх ба давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч нь тогтмол ажил хийдэг, цалин орлого олдог гэсэн түүнийг нотолсон хууль ёсны баримтгүй”-ээс гадна шүүгдэгчид оногдуулсан ял нь хуульд заасан зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэж, анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь шүүх торгох ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт этгээдийн хувийн байдал, цалин хөлс болон бусад орлого олох боломж, хөрөнгийг харгалзахаас гадна уг ял биелэгдэх бодит боломжтой эсэх, ял халдаахгүй байх буюу бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх зүй зохист харьцааг харгалзан үздэг.
Шүүгдэгч Ж.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Би “Х онлайн шоп” ажиллуулж, эмэгтэй бэлэн хувцас зарж борлуулдаг ба дансны хуулгаар нотлогдоно. Үүнийг гомдолдоо хавсаргаж байна” гэж дурдсан боловч баримтыг хавсарган өгөөгүй, тэрээр хөрөнгө орлого олох боломжтой эсэх нь баримтаар тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч нь бага насны хохирогчийг урьд зодож байсан талаар насанд хүрээгүй хохирогч, гэрч Б.Б, Б.О нар мэдүүлснээс гадна өөрөө ч хүлээн зөвшөөрөн мэдүүлж ирсэн ба тухайн үед бага насны хохирогчийн нуруу хэсэгт олон тооны хөхрөлт бүхий гэмтэл учирсныг харуулсан гэрэл зургууд хэрэгт авагдсан байна.
Хэдийгээр тухайн үед дээрх асуудал нь эрх бүхий байгууллагаар шалгагдан шийдвэрлэгдээгүй боловч энэ хэрэг нь бага насны хохирогчийн биед халдсан анхны тохиолдол биш гэж үзэхээр байх тул шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод илүү нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.
Иймд түүний гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой биш боловч цаашид анхаарах шаардлагатай дараах алдаа, дутагдлыг тэмдэглэж байна.
8.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа (хавтаст хэргийн 10 дахь тал) мэдүүлэг авсан цаг хугацааг тодорхой тусгаагүй, бичилгүй орхигдуулснаас гадна түүнээр гарын үсэг зуруулаагүй орхигдуулжээ.
Мөн гэрч Ө.О-ээс шөнийн 00 цаг 10 минутад мэдүүлэг авч эхэлж, 12 цаг 40 минутад дууссан гэсэн нь ойлгомжгүй болсон байна.
8.2.Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13, 17 дахь хэсгүүдэд заасан “... хувийн нууц халдашгүй байх ...” иргэний эрх, “... хувь хүний нууцыг хуулиар хамгаалах ...” зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 онд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийг баталж, хүний эмзэг болон нууцад хамаарах мэдээллийг тодорхойлсон.
Хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг хаалттай явуулж болох ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тусгагдсан байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг “нээлттэй” хийсэн гэж, шийтгэх тогтоолд “хаалттай” хийсэн гэж зөрүүтэй тусгагджээ.
8.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд ийнхүү хугацаа тогтоосны ач холбогдол нь хэргийн оролцогчид шүүх хуралдаанд бэлтгэх, баримт материал танилцуулах, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгож, мэтгэлцэх боломжоор хангагдах эрхтэй байдагт оршино.
Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь тодорхой бус, баримтыг хэрэгт хавсаргаагүйг цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР