Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 398

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П” ХХК /РД:********/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“П” ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн шалгасан Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах, “П” ХХК-ийн 2010-2012 оны НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ************* тоот актыг хүчингүй болгуулах мөн “П” ХХК-ийн 2010-2015 оны НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Г.Та, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц, хариуцагч Ч.С, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“П” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“П” ХХК-ийн зүгээс дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8892 тоот захирамжаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах боломжтой байхад шууд шүүхэд хандсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Манай компанийн зүгээс шүүгчийн захирамжийн дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр актуудыг хүчингүй болгох тухай гомдлыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 94.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1, Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1 дэх хэсэгт тус тус байгууллага нь гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй байна. Хэрвээ уг хугацаанд шийдвэрлэх боломжгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 94.4-д заасны дагуу уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж гомдол гаргасан этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар бидэнд уг хугацааг сунгасан талаар мэдэгдээгүй, утсаар лавлахад гомдол хугацаа сунгасан тухай шийдвэр гараагүй гэсэн тул манай компанийн гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор дууссан байна. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 14.2-т “...гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. 

1.2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* тоот актыг бүхэлд  нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай.

“П” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст НӨАТ төлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээ авсан ба түүнээс хойш НӨАТ-ын тайлангаа сар бүр хуулийн дагуу гаргасаар ирсэн. Компани нь 2010-2012 онуудад НӨАТ шингэсэн доорх хэмжээний борлуулалт болон худалдан авалт хийж 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах 426,408,571.43 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлттэйгээр тайлан гаргасан. 

Харин Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нар нь татварын хяналт шалгалт хийхдээ тус компанийн 5,609,869,396.80 төгрөгийн худалдан авалтыг өөрсдийн үзэмжээр ангилсны үндсэн дээр 4,586,754,900.00 төгрөгийг газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зарцуулсан байна гэж үзсэн. 

Улмаар энэхүү газрын тосны хайгуулд зарцуулсан гэх 4,546,754,900.00 төгрөгийн худалдан авалтад ногдох 4,586,754.900.00 төгрөгийн НӨАТ-ыг хасч тайлагнах ёсгүй байсан гэж үзэж 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ************* тоот актыг үйлдсэн юм. Уг актаар манай компанийн төсвөөс буцаан авахаар тайлагнасан 426,408,571.43 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлтийг тэглэснээс гадна 32,267,200.00 төгрөгийн нөхөн татвар, 9,680,160.00 төгрөгийн торгууль буюу нийт 41,947,360.00 төгрөгийг “П” ХХК-аар нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Ийнхүү үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар худалдан авахдаа төлсөн НӨАТ-ыг хуулийн дагуу хасч тайлагнасныг байцаагчид үгүйсгэж байгаа нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /цаашид “НӨАТ-ийн тухай хууль” гэнэ/ болон бусад Монгол улсын татварын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж татвар төлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хохироож байна. Иймд “П” ХХК-ийн зүгээс дараах үндэслэлүүдээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

А. ”П” ХХК нь худалдан авалтад төлсөн НӨАТ-аа тус хуулийн 14.1.1-т заасны дагуу хасалт хийж тайлагнасан нь үндэслэлтэй. 

НӨАТ төлөгч нь өөрийн борлуулалтын үндсэн дээр цуглуулсан төсөвт төлөх НӨАТ-аасаа үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар худалдан авалт хийхдээ төлсөн НӨАТ-аа хасч зөрүүг нь улсад төлөх хэрвээ илүү төлөлттэй байх тохиолдолд түүнийгээ төсвөөс буцаан авдаг хуулийн зохицуулалттай. 

Тодруулбал, НӨАТ-ын хасалт хийхтэй холбогдсон харилцааг НӨАТ-ын тухай хуулийн 14.1-т “Иргэн, хуулийн этгээд ... дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”, 14.1.1-т “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж маш тодорхой зохицуулжээ. 

Тодруулбал, НӨАТ-ын хасалт хийхтэй холбогдсон харилцааг НӨАТ-ын тухай хуулийн 14.1-т “Иргэн, хуулийн тэгээд ...дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”, 14.1.1-т “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж маш тодорхой зохицуулжээ. 

Тиймээс “П” ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-аа дээрх хуулийн зохицуулалтын дагуу хасч тайлагнасан болно. Харин хариуцагч татварын улсын байцаагчдын хувьд хуулийн ямар нэгэн үндэслэлгүйгээр компанийн дээрх НӨАТ-ын хасалтыг үгүйсгэж акт тогтоосон болно. 

Б.НӨАТ-ын хасалт хийхийг хязгаарласан зохицуулалтад “П” ХХК-ийн худалдан авалтууд хамаарахгүй байна. 

НӨАТ-ын тухай хуулийн 14.1.1-т заасан хасалтыг хийхийг хязгаарласан цөөн тооны зохицуулалтыг тус хуулийн 14.2-14.4-т дараах байдлаар нэг бүрчлэн заасан байна. Үүнд: 

- ...анхдагч түүхий эдийг импортолсон буюу худалдан авч зуучлан борлуулсан бол, 

- Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол, 

- Суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан авсан,

- Хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан бараа, үйлчилгээ худалдан авсан бол, 

- Тус хуулийн 13 дахь зүйлд заасан буюу НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж худалдан авалт хийсэн зэрэг болно. 

Өөрөөр хэлбэл дээр зааснаас бусад бүх тохиолдлуудад аж ахуйн нэгж нь өөрийн үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар худалдан авалт хийхдээ төлсөн НӨАТ-д тооцогдож байна. Энэхүү хасагдахгүй НӨАТ-ыг “П” ХХК нь хуулийн дагуу хасалт хийхгүйгээр тайлагнасан болно. 

“П” ХХК-ийн хувьд 2010-2012 онуудад худалдан авалтад төлсөн НӨАТ-аас ердөө 2,880,354.15 төгрөгийн НӨАТ нь хувьдаа болон ажилчдын хэрэгцээнд хамаарч байгаа буюу тус хуулийн 14.4.2-т заасны дагуу хасагдахгүй НӨАТ-д тооцогдож байна. Энэхүү хасагдахгүй НӨАТ-ыг “П” ХХК нь хуулийн дагуу хасалт хийхгүйгээр тайлагнасан болно.

Харин үлдсэн худалдан авалтад төлсөн 558,106,585.53 төгрөгийн НӨАТ-ыг компани өөрийн 1,316,980,141.05 төгрөгийн борлуулалтад ногдуулсан 131,698,014.11 төгрөгийн НӨАТ-аасаа хасалт хийж, 426,408,571.43 төгрөгийг төсвөөс буцаан авахаар тайлагнасан болно. Гэтэл хариуцагч татварын байцаагчид хуульд заагаагүй үндэслэлээр буюу өөрийн үзэмжээр хасагдахгүй НӨАТ-ыг тодорхойлсны үндсэн дээр акт тогтоосон байна. 

В. Худалдан авалтад төлсөн НӨАТ-аа тухайн сар бүрд нь хасч тайлагнах нь татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг.

Аж ахуйн нэгж нь өөрийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хасч тайлагнах нь нэг талаасаа хуульд заасан эрх боловч нөгөө талаасаа “татварыг үнэн зөвөөр тодорхойлох” татвар төлөгчийн үүрэгтэй салшгүй холбоотой юм.

Учир нь НӨАТ-ын тухай хуулийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварын тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд заавал тушаахаар зохицуулсан.

Харин энэхүү борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ гэдэгт НӨАТ-ын тухай хуулийн 7.3.3, 7.4.11-т заасны дагуу НӨАТ-ын “хасалт хийх” хамаардаг. Иймд татвар төлөгч нь сар бүрийн 10-ны өдрийн дотор тухайн сарын худалдан авалтад төлсөн НӨАТ-аа зайлшгүй хасалт хийж тайлагнах үүрэгтэй байна. 

Мөн НӨАТ-ын тухай хуулийн 8.1.1-т бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт татвар ногдуулна, мөн тус хуулийн 10.2.3-т бараа ажил үйлчилгээг худалдан авсан өдрөөр НӨАТ ногдуулах  хугацааг тогтооно гэж заасны дагуу “П” ХХК нь НӨАТ шингэсэн худалдан авалт хийх бүртээ НӨАТ ногдуулж түүнийгээ тайлагнах үүрэгтэй.

Ийнхүү “П” ХХК нь худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг тухай бүрт нь хасалт хийж тайлагнан дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад татварын байцаагч нар үндэслэлгүйгээр буруутгаж ************* тоот актыг үйлдсэн байна. 

Г. “П” ХХК нь НӨАТ-ын падаан дээр үндэслэж НӨАТ-ын хасалтыг хийсэн.

2006 оны НӨАТ-ын хуулиар НӨАТ-ыг бүртгэх, тайлагнах ажиллагааг тухайн бараа ажил, үйлчилгээг борлуулж буй худалдагчийн бичсэн “падаан” дээр үндэслэж хийхээр зохицуулжээ. Тиймээс НӨАТ-ын падаан нь худалдан авагч аж ахуйн нэгжийн хувьд түүний худалдан авсан бараа, үйлчилгээний төрөл, үнэ, тоо хэмжээ болон түүнд төлсөн НӨАТ-ын хэмжээг тодорхойлсон НӨАТ-ын хасалт хийх үндсэн баримт бичиг, үндэслэл болдог.

“П” ХХК-ийн 2010-2012 онуудад хасалт хийж тайлагнасан бүх НӨАТ нь давхардсан тоогоор худалдагч нийт 1680 компаниас авсан НӨАТ-ын падаанаар баталгаажиж байгаа ба мөн тэдгээрт заасан үнийн дүнтэй бүгд тулж байгаа болно.

Түүнчлэн, дараах хууль тогтоомжуудын дагуу НӨАТ-ын хасалтын хэмжээгээр НӨАТ-ын падаан бичүүлж авсан даруйдаа буюу тухайн сардаа тодорхойлж тайлагнахаар байна. 

Тодруулбал, НӨАТ-ын тухай хуулийн 15.2-н дагуу Сангийн сайдын 2009 оны 12  дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 6.3-т “...НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлно” гэж заажээ. 

Мөн Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23\59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хэрэглэх заавар”ын 8-д “...худалдан авсан татвар төлөгч нь ...худалдан авалтын хасалт хийх нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгана” гэж хасалт хийх хугацааг мөн тодорхой зааж өгчээ. 

Тиймээс “П” ХХК худалдан авагчдын бичсэн 1680 падаануудад үндэслэн хасагдах НӨАТ-ын хэмжээгээ сар бүр тодорхойлж тайлагнасан ба харин татварын байцаагчид дээрх хууль тогтоомжийг үл хайхран үндэслэлгүй акт гаргасан байна. 

Д.Татварын байцаагчийн актын тооцоолол нь үндэслэлгүй, алдаатай хийгдсэн 

Татварын улсын байцаагчийн акт нь агуулгын хувьд хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна актын зөрчлийн дүн, түүнд үндэслэж гаргасан нөхөн татвар зэрэг нь бүхэлдээ тооцооллын алдаатай, хоорондоо зөрчилдөөнтэй, буруу байна. Актын тогтоох хэсгийн 1-т “...Газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авалтад төлсөн ...нийт 4,586,754,900.00 төгрөгийн ...худалдан авалтаас хасч татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил 458,675, 500.00 төгрөгийн нөхөн ногдуулах...” гэжээ.

Дээр дурьдсан 458,675,500.00 төгрөгийн нөхөн татвар гэх зүйл нь манай компанийн худалдан авалт хэлбэрээр төлсөн НӨАТ-ын нэг хэсэг юм. Гэтэл татварын байцаагчид худалдан авалтаар дамжигдан улсын төсөвт нэгэнт төлөгдсөн уг татварыг нөхөн татвар хэлбэрээр дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь татварыг давхардуулан ногдуулахгүй байх зарчимд үл нийцэж байна. 

Мөн актын тогтоох хэсгийн 1-т “...2012 оны 12 дугаар сарын 31-ний нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар гарсан төсвөөс буцаан авах илүү 426,408,200.00 төгрөгийг хасч 32,267,300.00 төгрөгийн нөхөн татвар нөхөн татвар, 9,680,200.00 төгрөгийн торгууль ногдуулах гэжээ”.

Манай компани 2010-2012 онуудад нийт 426,408,571.43 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлттэй гэж тайлан гаргасныг татварын байцаагчид буруу гэж үзсэн атлаа актын тогтоох хэсэгтээ уг илүү төлөлтийг хүлээн зөвшөөрч актаар тогтоосон 458,675,500.00 төгрөгийн нөхөн татвараасаа хасч тооцоолсон байна. 

Мөн актад бичигдсэн зөрчлийн дүн болон нөхөн татварын хэмжээ нь хоорондоо зөрүүтэй байдаг. Тодруулбал, актын тогтоох хэсгийн нэгт 4,586,754,900.00 төгрөгийн зөрчилд ...32,267,300.00 төгрөгийн нөхөн татвар гэж бичсэн байхад тогтоох хэсгийн хоёр 322, 672,000.00 төгрөгийн зөрчлийн хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй байдаг. 

2. “П” ХХК-ийн 2010-2012 оны НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ************* тоот актыг хүчингүй болгож, 2010-2015 оны НӨАТ-ын илүү төлөлтийн баталгаажуулалтын акт гаргахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухай.

Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нар “П” ХХК-ийн 2010-2012 оны НӨАТ-ын илүү төлөлтийн баталгаажуулалтын ************* тоот актыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан.

2006 оны НӨАТ-ын тухай хуулийн 15.1.1, 15.4 болон Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 3.1-т “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ ...харьяалах татварыг албанд бичгээр гаргах бөгөөд энэхүү  хүсэлтийг үндэслэн татварын алба баталгаажуулна” гэж заасан байдаг. Гэтэл “П” ХХК-иас хүсэлт гаргаагүй байхад татварын улсын байцаагч нар дээрх баталгаажуулалтын актыг гаргасан байгаа нь хууль зөрчиж байгаа тул үүнийг хүчингүй болгуулахаар “П” ХХК нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Түүний дагуу бидний хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр НМТЗ-ийн албан бичгээр “Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалд заасан журмын дагуу баталгаажуулах хүсэлтээ гарган, НӨАТ-ын илүү төлөлтийн баталгаажуулалтаа хийлгэнэ үү” гэсэн хариуг бидэнд өгсөн. Өөрөөр хэлбэл, НМТЗ нь уг албан бичгээрээ татварын улсын байцаагч нарын гаргасан ************* тоот акт нь хууль зөрчин зарсан болохыг хүлээн зөвшөөрч, биднийг хүсэлтээ гарган шинээр акт гаргуулахыг зөвлөсөн. 

Дээрх НМТЗ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 01/190 тоот албан бичгийн дагуу “П” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хандан “П” ХХК-ийн 2010-2015 оны НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг гаргасан. 

Гэвч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн зүгээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/1753 тоот албан бичгээр ************* тоот актын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн үндэслэлээр НӨАТ-ын баталгаажуулалтыг хийхээс татгалзсан тухайгаа манай компанид мэдэгдээд байна. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн зүгээс НМТЗ-ийн шийдвэрийг биелүүлэхгүй, хуулиар хүлээсэн НӨАТ-ын илүү төлөлтийн баталгаажуулалт хийх үүргээ биелүүлэхгүй байна. 

Иймд шүүхээс Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн *************, ************* тоот актуудыг тус тус хүчингүй болгож мөн манай компанийн 2010-2015 оны НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 

“...Хяналт шалгалт хийх журам зөрчигдсөн талаар: Татварын ерөнхий хуулийн 47.5-д “татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж заажээ. 

Гэтэл хариуцагч нар нь 2015 оны 06 дугаар сард “П” ХХК-ийн татвар төлөлт ногдуулалт, төлөлтийг шалгах болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах талаар хяналт шалгалт хийхдээ “П” ХХК-д “огт” мэдэгдээгүй.

Ийнхүү урьдчилж мэдэгдээгүй, хяналт шалгалтад татвар төлөгчийг оролцуулаагүйн улмаас “П” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах” эрхээ эдэлж чадаагүй юм.  

Удирдамж, томилолтгүйгээр татварын хяналт шалгалтыг хийсэн талаар: Татварын ерөнхий хуулийн 30.1.1-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг татварын улсын байцаагчид шууд хориглосон байна. Тиймээс татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалт эхлэхээсээ өмнө зайлшгүй удирдамж, томилолтыг батлуулсан байх шаардлагатай ба Татварын ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.3.7-д заасны дагуу татварын хяналт шалгалтыг Татварын хяналт шалгалт хийх томилолтод заасан хугацаанд эхлүүлэх ёстой. 

Гэтэл татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий хоёр актыг үйлдэх талаар хяналт шалгалтын удирдамж, томилолтгүйгээр эхлүүлсэн байдаг. 

Ийнхүү татварын улсын байцаагчид хуульд заасан журмыг зөрчиж хяналт шалгалт хийснээрээ дээрх хуулийн зохицуулалтаас гадна Татварын ерөнхий хуулийн 14.1-д заасан “ татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, 251.1-д заасан “Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана”, 30.1-д ...татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 30.1.6-д заасан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл  хүндэтгэх гэсэн заалтуудыг шууд зөрчсөн байна. 

 

Иймд шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан материаллаг хууль зүйн үндэслэлээс гадна эдгээр хууль зүйн үндэслэлийг давхар харгалзаж маргаан бүхий актуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүсье.

Хариуцагч Ч.С, Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй ******** регистрийн дугаартай “П” ХХК-ийн 2010 оноос 2012 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татварын улсын байцаагчийн ************ тоот актыг үйлдсэн. 

Дээрх актыг татвар төлөгч эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл /ТМТЗ/-д хандсан. НТГМТЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 103 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн ************ тоот актанд бичигдсэн НӨАТ-ын илүү төлөлтийн баталгаажуулалтыг тусад нь, бусад төрлийн татварын зөрчлийн актыг тусад нь гаргахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ************* тоот татварын улсын байцаагчийн акт мөн ************ тоот нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баталгаажуулалтын актыг салгаж шийдвэрлэсэн. 

Тус Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно ...14.7 Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно.” гэж заасныг үндэслэн “П” ХХК-ийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан 2010 оноос 2012 оныг дуустал хугацаанд худалдан авалтын 4,586,754,900.00 төгрөгийн төлбөрт төлсөн 458,675, 490.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтаас хасч төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнан 426,408,300.00 төгрөгийн илүү төлөлт үүсгэсэн нь үндэслэлгүй гэж үзэн татварын үлдэгдлийг тэг болгож, зөрүү 32,267,200.00 төгрөгийн нөхөн татварыг, 9,680,160.00 төгрөгийн торгуультай нийт 41,947,360.00 төгрөгийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн актыг үйлдсэн. 

Уг 458,675,490.00 төгрөгийн бууруулсан үлдэгдэл нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарсан худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтыг хасч тооцсон бөгөөд энэ нь 2010-2012 онд олсон татвар ногдох орлоготой холбоогүй, худалдан авалт гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг бууруулан баталгаажуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Ч.С,  Ц.М 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 

“2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* тоот татварын улсын байцаагчийн акт, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ************* тоот НӨАТ баталгаажуулалтын актыг тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын тоцоололд тайлбар хийх нь:

Татвар төлөгчийн 2010 оны 05 дугаар сараас 2012 оны 12 дугаар саруудад татварын албанд НӨАТ тайлангаа хугацаанд нь ирүүлсэн. Дээрхи тайлангуудад 2010 онд НӨАТ ногдуулах борлуулалтын орлого 375,368.5 мянган төгрөгт 37,536,8 мянган төгрөг ногдуулж, худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд 1,146,514.5  мянган төгрөгийн худалдан авалтанд 114,651,.5 мянган төгрөгийн НӨАТ төлсөн, үүнээс хуулийн дагуу хасагдахгүй 1 344,2 мянган төгрөгийг хасч, төсвөөс буцаан авахаар 75,770,5  мянган төгрөг, 2011 онд НӨАТ чөлөөлөгдөх орлого буюу хүүгийн орлого 1 635 060,6 мянган төгрөг, НӨАТ ногдуулах борлуулалтын орлого 486 267.3 мянган төгрөг 48626.7 мянган төгрөг ногдуулж, худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд 346 6390,0 мянган төгрөгийн худалдан авалтанд 346 639,0 мянган төгрөгийн НӨАТ төлсөн, үүнээс хуулийн дагуу хасагдахгүй 721,4 мянган төгрөгийг хасч, төсвөөс буцаан авахаар 297290,9 мянган төгрөг, 2012 онд НӨАТ ногдуулах борлуулалтын орлого 455 344,4 мянган төгрөгт 45 534,5 мянган төгрөг ногдуулж, худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд 955 772,7 мянган төгрөгийн худалдан авалтанд 99 577,2 мянган төгрөгийг НӨАТ төлсөн, үүнээс хуулийн дагуу хасагдахгүй 695,8 мянган төгрөгийг хасч, төсвөөс буцаан авахаар 53 346,9 мянган төгрөгөөр тус тус тайлагнан тайлангаа татварын албанд цахимаар болон цаасаар баталгаажуулан ирүүлсэн байна. 

Хяналт шалгалтыг тус компанийн ********************* байранд байрлах оффист газар дээрхи шалгалтыг ерөнхий нягтлан бодогч тооцооны нягтлан бодогчид хамтран хийж зардлын ангилал, задаргаа, ерөнхий журналын бичилт, татварын албанд илгээсэн баталгаажуулсан тайлангуудыг үндэслэн дараах тооцооллыг гаргаж шийдвэрлэсэн. Тухайн үед татвар төлөгч хяналт шалгалтанд шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн программаас файл, анхан шатны баримт материалыг хүлээлгэн өгч хүснэгтэнд гарын үсэг нь зуруулан баталгаажуулан авч байсан. НӨАТ худалдан авалтын дэвтрийн тусгай тэмдэглэлд төлбөр нь харилцах дансаар болон кассаар, зориулалт нь захиргаа болон хайгуул, үндсэн хөрөнгө худалдан авахад гэдгийг нягтлан бодогчид өөрсдөө ангилан гаргаж өгснийг бид ерөнхий журналын гүйлгээтэй тулган баталгаажуулсан болно.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг бууруулан баталгаажуулсан үндэслэлтэй гэж үзэж байна. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийг хариуцагчаар татсан “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг дараах тайлбарыг өгч байна. 

Татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нар 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************ тоот актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт үйлдсэн. 

Дээрх актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын 458,675,490.00 төгрөгийн буцаан авалтыг бууруулж, зөрүү 426,408,300.00 төгрөгийн зөрчилд 32,267,200.00 төгрөгийн нөхөн татвар, 9,680,160.00 төгрөгийн торгууль, нийт 41,947,360.00 төгрөгийг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно...”, 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно” гэж тус тус заасны дагуу шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Татварын улсын байцаагч нарт олгогдсон томилолт, удирдамж нь “бүрэн” шалгалт хийгдэхээр олгогдсон тул нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт буюу буцаан авалтыг шалгасан. Энэхүү шалгалтын дүнд дээрх зөрчил илэрсэн ба зөрчлөөр илэрсэн илүү төлөлт, буцаан олголтын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайн зөрчилд дахин шалгалт хийгдэх боломжгүй юм. Иймд татвар төлөгчийн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ. 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

“П” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нарт холбогдуулан  “П” ХХК-ийн 2010-2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ************* тоот акт, “П” ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал шалгаж  2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* тоот актыг тус тус  хүчингүй болгуулах”, 

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан “П” ХХК-ийн 2010-2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан  акт гаргахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 “П” ХХК-иас маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд уг зөвлөл нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаар тогтоолоороор  маргаан бүхий захиргааны актыг хэвээр баталж, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч гомдлыг хянан шийдвэрлэхээр зохицуулсан холбогдох хуулиудад заасан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд ханджээ.

Шүүх маргаан бүхий хоёр захиргааны актын хууль зүйн агуулга, үндэслэл ижилхэн тул хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, доор дурьдсан үндэслэлээр нэгтгэн дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нар “П” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт явуулж 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ************* тоот актаараа “П” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын төсвөөс буцаан авах 426,408,300 төгрөгийн үлдэгдлийг бууруулж, “00” төгрөгөөр баталгаажуулсан, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* тоот актаараа  мөн хугацааны “П” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт явуулж 4,586,754,900 төгрөгийн төлбөрт төлсөн 458,675,490 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтаас хасч төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнан 426,408,300 төгрөгийн илүү төлөлт үүсгэсэн нь үндэслэлгүй гэж үзэн 32,267,200 нөхөн татвар, 9,680,160 төгрөгийн торгууль, нийт 41,947,300 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК-иас шүүх хуралдаан дээр “...Манай компани худалдан авалтад төлсөн НӨАТатвараа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1–д заасны дагуу хасалт хийж тайлагнасан нь үндэслэлтэй. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хамаарахгүй байгаа. НӨАТ-ын хасалт хийхийг хязгаарласан зохицуулалтад “П” ХХК-ийн худалдан авалтууд хамаарахгүй, татварын байцаагчийн актын тооцоолол нь үндэслэлгүй, алдаатай хийгдсэн. Хүсэлт гаргаагүй байхад татварын улсын байцаагч нар дээрх баталгаажуулалтын актыг гаргасан нь хууль зөрчиж байгаа тул маргаан бүхий актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах...” гэж маргажээ. 

Хариуцагч нар  шүүх хуралдаан дээр  “...ашигт малтмалын хайгуул гэдэг бол уул уурхайн үйлдвэрлэлийн нэг хэсэг буюу нөөцийг олж илрүүлэх эхний үе шат. Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой орлого олоогүй байгаа учраас худалдан авалтыг нь хасаагүй. 456.675.500 төгрөгийн хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтыг нь хасахгүй гэсэн учраас тайлагнасан 426,408,200 төгрөгийн илүү гэж тайлагнасан дүнг 0 төгрөг болгоод  зөрүү 32,267,200 төгрөгт нь  оногдох зөрчил нь 322,672,000 төгрөг...” гэж тайлбарлажээ. 

2.Нэхэмжлэгч “П” ХХК нь Газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл бүхий хуулийн этгээд  бөгөөд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутагт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй , татварын хяналт шалгалтад хамруулсан /2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал/ хугацаанд нэхэмжлэгч газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээндээ 4,586,754,900 төгрөг зарцуулжээ. 

Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “хайгуул” гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг; ойлгоно гэж томьёолон тодорхойлжээ.

Дээрхээс үзвэл хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш, энэ утгаараа хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч нь болж байна.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх талаар зохицуулсан бөгөөд энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “... үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, ... худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний  зориулалтаар  өөрөө шууд импортолсон бараа, ажил үйлчилгээнд төлсөн/ нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох/”-оор заасан байх тул энэ  тохиолдолд, нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаанд зориулсан 4,586,754,900 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг “...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа” гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн өөрийн хайгуулын үйл ажиллагаанд зориулан “...“М” ХК, “Хэт” ХХК, “Н” З, М ХХК, “П” ХХК...”  гэх мэт компаниудаас худалдан авсан бараа, ажил үйлчилгээний эцсийн хэрэглэгч нь нэхэмжлэгч “П” ХХК болох бөгөөд эдгээрт зарцуулсан мөнгөн хөрөнгө нь хайгуулын үйл ажиллагааны зардалд тооцогдохоор байна.

Өөрөөр хэлбэл “П” ХХК нь хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг бүтээсэн татвар ноогдох бараа бусдад борлуулаагүй , ажил үйлчилгээг эрхлээгүй тул хайгуулын үйл ажиллагааны зорилгоор худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийн дагуу хасалт хийлгүүлэх боломжгүй юм. 

Энгийнээр хэлбэл борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна. 

Харин хайгуулын үйл ажиллагаанд хамааралгүй бусад татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний худалдан авалт болон бусад борлуулах зорилгоор авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг уг заалтын дагуу хасуулах эрхтэй болно.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, мөн хуулийн 14.1.13-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэжээ.

Үүнээс үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, олборлолтын үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн  үйлдвэрлээгүй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортод  гаргаагүй “П” ХХК-ийн өөрийн үйл ажиллагаанд зориулж бусад этгээдээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий ************* тоот актын Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт 458.000.000 төгрөгийн зөрчил, 2 дахь хэсэгт 322.000.000 төгрөгийн зөрчил гэж бичсэн. Зөрчлийн дүн зөрүүтэй, тооцоолол нь үндэслэлгүй, алдаатай хийгдсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир ************* тоот актын тогтоох хэсгээс үзэхэд тогтоох хэсгийн 1-д заасан 458,675,500 төгрөгийн хайгуул үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтыг нь хасахгүй гэсэн учраас нэхэмжлэгчийн өөрийнх нь 2012 оны эцсийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй гэж тайлагнасан 426,408,200 төгрөгийг “0” /тэг/-лээд зөрүү 32,267,200 төгрөгийн нөхөн татварын зөрчилд 322,672,000 төгрөг гэж тайлбарлан бичжээ. 

Энэ нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалын  7.3-д “акт, дүгнэлт нь Тэмдэглэх, үндэслэл бүхий Тогтоох хэсэгтэй байх бөгөөд акт, дүгнэлт нь холбогдох хавсралтуудын хамт хүчинтэй байна”, 7.4.2-д “...Тогтоох хэсэгт актын тухайд: “...Монгол Улсын татварын хууль тогтоомж зөрчсөн татварын төлөгчид хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалт, төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, алданги, хүү, торгуулийн дүн, төлбөрийг хүлээн авах Татварын алба, банкны нэр, дансны дугаар, төлбөр хийх хугацааг, дүгнэлтийн тухайд: хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах үндэслэл, зөрчлийн дүн, хэлбэрийг бичнэ” гэж заасантай нийцсэн байна.

Мөн энэ журмын 6.4.1-д Татварын хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөнд”-нд заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэнэ”, 6.4.6-д “Татварын хяналт шалгалтыг иж бүрэн буюу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг бүрэн шалгах, илүү төлөлтийг баталгаажуулахад “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах журам”-ын дагуу хийнэ” гэжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч байгууллагаас “П” ХХК-д дээрх журамд заасан иж бүрэн шалгалт явуулсан байх бөгөөд ингэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах журам -ын 2.3-д “НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хийхдээ өмнөх шалгалтаар баталгаажуулсан үлдэгдлээс хойшхи тайлангийн хугацааны баримтад тулгуурлан шалгалтыг хийх...үйлдэгдээгүй бол тухайн этгээдийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацааны татварын ногдуулалт, төлөтийг шалгана...”, 2.5-д “НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалтаар НӨАТ ногдох борлуулалтын орлгогын хэмжээг бууруулсан эсвэл худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг илүү тооцсон зэргээс шалтгаалан татварын дутуу төлөлт гарвал “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан акт”-ын зэрэгцээ илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн “Татварын улсын байцаагчийн акт”-ыг зохих журмын дагуу үйлдэнэ” гэж заасныг баримтлан хэрэгжүүлэн ажилласан байх тул нэхэмжлэгчийн “...хүсэлт гаргаагүй байхад татварын улсын байцаагч нар дээрх баталгаажуулалтын актыг гаргасан нь хууль зөрчиж байгаа...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. 

3.Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан “П” ХХК-ийн 2010-2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 15 дугаар зүйлийн  15.1.1-д “нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харъяалах татварын албанд бичгээр гаргах”; 15.1.3-д “харъяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан хянаж, үлдэгдлийг нь баталгаажуулан, саналаа татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх”, 5.1.4.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2. 15.1.3-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 7 хоногт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухайгаа албан татвар төлөгчид бичгээр мэдэгдэж, албан татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, харилцагчийн банкны дансны дугаар, буцааж өгөх албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг тодорхойлсон саналыг ажлын 2 хоногт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; гэжээ.

Энэ хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам -д заасны дагуу НӨАТ-н илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргажээ .

Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс “...************* тоот актын марган эцэслэн шийдвэрлэгдээгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч П” ХХК-ийн 2010-2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн баталгаажуулалтыг хийхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна. 

Учир нь энэхүү шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт Сүхбаатар дүүргийн дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нарын “П” ХХК-ийн 2010-2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ************* тоот акт, “П” ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал шалгаж  2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* тоот актуудыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоосон тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан энэхүү шаардлагыг хангах  боломжгүй гэж үзлээ. 

Энэхүү шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах үндэслэлийн хүрээнд хянасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын “...процессын алдаа байсан гэдгийг тогтоосон. Гэхдээ хүчингүй болгуулах шаардлагаа дэмжинэ. Тэр талаар ярина гэхдээ илт хууль бус акт гэж маргахгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.  

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.13, 14.4-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Ч.С нарт холбогдуулан гаргасан “П” ХХК-ийн 2010-2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ************* тоот акт, “П” ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал шалгаж  2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* тоот актыг хүчингүй болгуулах”, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан “П” ХХК-ийн 2010-2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан  акт гаргахыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР