Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0544

 

Л.Г нарын 4 иргэний нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу  Л.Г, Б.Г, Э.М, В.Э нарын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 б/, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, 09/03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 17550 /Арван долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг олгосугай” шийдвэрлэжээ.

        Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжпэгч нарыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам биелүүлэх шаардлагагүй, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3, 54.1.8 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах байсан.

        ... Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, маргаан бүхий тогтоол нь захиргааны актын гадагш чиглэсэн шинжийг хангасан эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн.

        ... Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхээр тогтсон, 2020 оны ээлжит бус есдүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудал. Холбогдох тооцоо судалгаа, тогтоолын төслийг нийт төлөөлөгч нарт тараасан ч Монгол Ардын намын нэр бүхий төлөөлөгч нар зориуд хурлын материалыг аваагүй байтал материал тараасан байна гэж үндэслэх хэсэгтээ дурдсан атлаа үүний эсрэг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

        ... Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх асуудал нь сумын хурлын онцгой бүрэн эрх, хууль тогтоогч тусгайлан хэрхэн хэлэлцэх процесс ажиллагааг хуульчлаагүй байхад анхан шатны шүүх хурлын төлөөлөгчийг халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх асуудлыг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

        Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч  Л.Г, Б.Г, Э.М, В.Э нараас “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, 09/03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хуралдаанаар Хурлын Тэргүүлэгч Д.У-өөс хувийн шалтгаанаар Тэргүүлэгчээс чөлөөлөгдөх тухай хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулж, “Д.У-ийг Тэргүүлэгчээс чөлөөлж, Хурлын Тэргүүлэгчдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь Хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тэмдэглэл[1]-д тодорхой тусгагджээ.

        Дээрх товлогдсон хуралдаанд 31 төлөөлөгчийн 30 нь хүрэлцэн ирснээр 96.7 хувийн ирцтэй хуралдаан эхэлж, Хурлын Тэргүүлэгч Д.У-ийн “албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлт[2]”-ийг хэлэлцэх явцад Монгол Ардын намын төлөөлөгч нар Хурлыг орхин гарсантай холбогдуулан Тэргүүлэгч Д.У-өөс “Хурлын Тэргүүлэгчдийг бүгдийг чөлөөлж, дахин сонгууль явуулах тухай” санал гаргасныг 16 төлөөлөгч дэмжиж, Хурлыг орхин гарсан 14 төлөөлөгчийг эсрэг санал өгч, татгалзсанд тооцон Тэргүүлэгч  Л.Г, Б.Г, Э.М, В.Э нарыг Хурлын Тэргүүлэгчээс тус тус чөлөөлжээ.

        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б/-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй/-д заасны дагуу Хурлын Тэргүүлэгчид, төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхээ эдлэхдээ 24.3 /Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй/-д зааснаар зайлшгүй холбогдох саналаа шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах, энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар зохицуулжээ.

        Өөрөөр хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх асуудлыг хэлэлцүүлэхэд хуулийн дээрх зохицуулалт нэгэн адил үйлчлэнэ.

        Гэтэл Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Тэргүүлэгч  Л.Г, Б.Г, Э.М, В.Э нарыг Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлогдоогүй, Тэргүүлэгч Д.У-өөс хуралдааны явцад гаргасан горимын саналаар тухайн асуудлыг шинээр хэлэлцэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Хурлын хуралдааны тэмдэглэл, гэрч Д.Улам-Өрнөхийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ.

        Үүнээс үзвэл  Л.Г, Б.Г, Э.М, В.Э нарыг Тэргүүлэгчдээс чөлөөлсөн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, түүнийг үндэслэн гаргасан мөн өдрийн 09/03 дугаар тогтоолууд дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчжээ.

        Иймд энэ талаар гаргасан “хэлэлцэх асуудал, тогтоолын төслийг тараасан боловч  Монгол Ардын намын төлөөлөгч нар зориуд хурлын материалыг аваагүй” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

        Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 /нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага/-д заасан захиргааны байгууллагад хамаарах бөгөөд Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгосон Хурлын шийдвэр нь захиргааны акт мөн.

        Тодруулбал, хариуцагчийн маргаан бүхий тогтоолуудаар нэхэмжлэгч нарыг Хурлын Тэргүүлэгчдээс чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосноороо захиргааны актын шинжүүдийг агуулсан гэж үзнэ.

        Иймд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг хангасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 /Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна/ дэх хэсгийг баримталсан, улсын тэмдэгтийн хураамжийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч энэ нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                        ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

                                                        ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

                                                        ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 


[1] Хэргийн 9-13 дахь талууд.

[2] 1 дэх хавтсын 62 дахь тал.