Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1121

 

 

 

 

 

 

 

 

 

                                               “Загал буурал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/02133 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч “Загал буурал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, компанийн улсын бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн, техникийн нөхцлийн баримт бичгүүд болон түрээсийн, ил зогсоолын, цахилгааны төлбөрийн нийт 18 162 700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

            Хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн барилгын суурийн ажлын зардлын 150 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч                                     Т.Болдбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                     Н.Мөнгөнтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч                                        Ц.Гансүх  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга             Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Загал буурал” ХХК-ийн захирал Т.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Загал буурал” ХХК нь “Өсөх ордон констракшн” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдөр 15/01 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр “Загал буурал” ХХК-д олгогдсон 21/0073 нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 0231473 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудлын хойд талд байрлах, үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл олгогдсон 872 м.кв газар дээр “Өсөх ордон констракшн” ХХК нь 600 м.кв буюу 30,0x20,0 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр зохих ёсоор барьж, улсын комист хүлээлгэн өгөх, “Загал буурал” XXК өөрийн газар дээрээ дээрх барилгыг бариулсны хариу төлбөрт орон сууц, үйлчилгээний талбайг авахтай холбоотой харилцааг зохицуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр манай компани өөрийн эзэмшил газрыг буюу тус газар дээрээ ажиллуулж байсан барилгын материалын модон дэлгүүрээ буулгаж, бусдад түрээслүүлж байсан автомашины ил зогсоол, түүхий эд авах цэгийн үйл ажиллагааг зогсоон, газрыг чөлөөлж өгсөн ба “Өсөх ордон констракшн” ХХК-ийн зүгээс 9 дүгээр сард барилгын суурийн нүхийг ухаж, ул бетон цутгах ажил хийсэн. “Өсөх ордон констракшн” ХХК суурийн нүх ухсаныхаа дараа санхүү, мөнгөний боломжгүй байна, дулаарахаар барилгын ажлаа эхлүүлнэ гэж хэлж байсан ч  2015 оны хавар болоход барилгын ажлаа эхлэхгүй байсан. Манай зүгээс 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 15/02 тоот “Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх талаар” гэсэн гарчигтэй албан тоотыг “Өсөх ордон констракшн” ХХК-нд өгсөн. Үүний хариуд “Өсөх ордон констракшн” ХХК-ийн зүгээс барилгын ажилд шаардагдах мөнгө, хөрөнгө байхгүй тул өөр компани олж, газар дээрээ барилга бариулах ажлаа бод гэсэн хариуг өгсөн. Үүний дараа “Өсөх ордон констракшн” ХХК нь 2015 оны 5 сарын 25-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу барилга барихаар 179.553.600 төгрөгийн зардал гаргасан, үүнийгээ нэхэмжилж байна гэсэн албан тоотыг өгсөн. Манай компанийн зүгээс уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийнхүү 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдөр 15/01 тоот “Хамтран ажиллах гэрээ” цуцлагдсан. Нэгэнт гэрээ хэрэгжихгүй болсон тул эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан боловч, чөлөөлж өгөхгүй, харин манай эзэмшлийн газрыг худалдаад авчихсан гэсэн яриа гарган 2014 оны 11 сараас хойш автомашины ил зогсоол хоногийн 2000 төгрөгөөр одоог хүртэл 24 цагаар ажиллуулан, орлогыг авч байгаа болно. Иймд “Өсөх ордон констракшн” ХХК-ийн хууль бус эзэмшлээс “Загал буурал” ХХК-ийн эзэмшлийн 21/0073 нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 0231473 тоот гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудлын хойд талд байрлах 872 м.кв газрыг чөлөөлүүлж, “Загал буурал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн болон техникийн нөхцөл баримт бичгүүдийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ манай компани бүрэн биелүүлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр эзэмшил газраа буюу тус газар дээрээ ажиллуулж байсан барилгын материалын дэлгүүрийн модон байшингаа буулгаж, бусад түрээслүүлж байсан автомашины ил зогсоол, түүхий эд авах цэгийн үйл ажиллагааг зогсоож газрыг чөлөөлж өгсөн. Харин “Өсөх ордон констракшн” ХХК нь барилгыг хэзээ барьж дуусгах тухайгаа тодорхой илэрхийлэхгүй, энэ тухай тохиролцохгүй, зээл, хөрөнгө оруулалт бүтвэл барина даа гэсэн утггатай зүйлийг ярьж, барилгыг өөрийн хөрөнгөөр барих үүргээ биелүүлээгүй шалтгаанаар гэрээ цуцлагдсан. “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.4-т "Барилга угсралтын ажил эхэлсэн боловч бүрэн баригдаж дуусахаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан, татгалзсан бол А тал газраа эзэмшиж чадаагүйн алдагдлаа тооцож дутуу баригдсан барилгын хэсгээс өмчилнө” гэж заасны дагуу 2011 оноос 2014 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр хүртэл иргэн н.Бадамсүрэнд газрынхаа тодорхой хэсгийг “авто машины ил зогсоол”, “түүхий эд авах цэг” зориулалтаар 1 сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлж байсан ба 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 13 сарын хугацааны түрээсийн төлбөрт 6 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. “Өсөх ордон констракшн” ХХК барилга барих нэрийдлээр газрыг чөлөөлүүлж авсны дараа 2014 оны 11 дүгээр сараас одоог хүртэл дур мэдэн авто машины ил зогсоол ажиллуулж байна.1 хоногийн 2000 төгрөгөөр жижиг машиныг, том машиныг 4 000 төгрөгөөр уг зогсоолд тавиулдаг. Хамгийн багаар 1 хоногт 15 жижиг машин тавьдаг гэж тооцон 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 354 хоногт 10.620.000 төгрөгийг нэхэмжилж байна.Автомашины ил зогсоол ажиллуулахдаа манай цахилгааны шитнээс цахилгаан авч шөнөжин гэрэл асаах, тен залгаж төлбөрийг манайх төлж байгаа учир 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд төлсөн цахилгааны төлбөрийн баримтыг үндэслэн 1.385.393 төгрөгийн 50 хувь болох 692 700 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн манай эзэмшлийн 2 тоннын зөөврийн усны савыг 350 000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож, барилгын талбайгаас аваад явсан тул мөнгийг нэхэмжилнэ. Ингээд нийт 18 162 700 төгрөгийг “Өсөх ордон констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цацралтуяа шүүхэд гаргасан тайлбар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өсөх ордон констракшн” ХХК “Загал буурал” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 15/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудалд байрлах 872 м.кв газар дээр үйлчилгээний талбай бүхий 12 давхар орон сууцны барилга барих, “Загал буурал” ХХК өөрийн эзэмшил газар дээр барилга бариулахаар хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу “Өсөх ордон констракшн” ХХК орон сууцны барилгыг холбогдох хууль, барилгын норм дүрэм, стандартын дагуу өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлыг 100 хувь удирдаж ажиллаж 2014 оны 5 дугаар сараас эхлэн барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн ба Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр зогсоосон ба 2015 оны хавар барилгын ажлыг үргэлжлүүлэх гэтэл манай улсад тулгараад байгаа эдийн засгийн хямралаас болж банкууд барилгын компаниудад зээл олгохгүй байсан зэрэг байдлаас шалтгаалж барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ талаар гэрээний талууд харилцан ярилцаад “Загал буурал” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжтой өөр компанитай ярилцаж байгаагаа илэрхийлээд одоогийн байдлаар барилгын суурийн ажилд зарцуулсан төсөв санхүүгийн тооцоог гаргаж өгөхийг хүссэн. Үүний дагуу барилгын суурийн нүх болон ул бетон цутгасан ажилд бодитой гарсан зардал болох 170 000 000 төгрөгийн тооцоог гаргаж өгсөн ба “Загал буурал” ХХК нь уг тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд байна. Манай талаас барилгын талбай дээрээс явах боломжтой эд зүйл болон хийгдсэн ажлын зардлыг бодитой гаргаж өгсөн байхад нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй гэж маргаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-ийн захирал Н.Баяраа  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 “Өсөх ордон констракшн” ХХК нь “Загал буурал” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 15/01 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, тролейбусны эцсийн буудалд байрлах 872 м.кв газар дээр үйлчилгээний талбай бүхий 12 давхар орон сууцны барилга барих, “Загал буурал” ХХК өөрийн эзэмшлийн газар дээр барилга бариулах, барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгснөөр “Загал буурал” ХХК 2 орон сууц болон барилгын үйлчилгээний талбайг авах зэргээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний дагуу “Өсөх ордон констракшн” ХХК орон сууцны барилгыг холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартын дагуу өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулахаар барилгын ажлыг 100 хувь удирдан ажиллаж 2014 оноос эхлэн барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түр зогсоосон байсан. Барилга барихтай холбоотойгоор барилгын ажлын зураг, бусад бүх дагалдах бичиг баримтыг “Өсөх ордон констракшн” ХХК-ийн зүгээс холбогдох хууль, дүрэм журмын дагуу бүрдүүлж, шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг авч 2015 оны хавар барилгын ажлыг үргэлжлүүлэх гэтэл манай улсад тулгараад эдийн засгийн хямрал, баригдсан орон сууцны борлуулалт муудсан мөн арилжааны банкууд барилгын компаниудад зээл олгохгүй байгаа зэрэг барилгын салбарын хүндрэлээс шалтгаалж барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон. Одоогийн байдлаар уг газар дээр барилгын суурийн ажил холбогдох зургийн дагуу хийгдсэн ба ажлын зардалд 170 000 000 гаруй төгрөгийн төсөв хөрөнгө зарцуулагдаад байгаа. Барилгын суурийн ажлыг газраас салгаж болохгүй ба уг суурийн ажил нь барилгын зураг төсөвийн дагуу хийгдсэн, барилгын талбай дээр байгаа бараа материал нь уг барилгад зориулагдахаар бэлтгэгдсэн байсан. Гэтэл “Загал буурал” ХХК газраас салгаж ав гэх шаардлага нь манай компанийг алдагдалд оруулахад хүргээд байна. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу барилгын суурийн ажилд зарцуулагдсан ажлын зардлын 150 000 000 төгрөгийг “Загал буурал” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Загал буурал” ХХК-ийн захирал Т.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“Өсөх Ордон Констракшн” ХХК 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн 15/01 тоот хамтран ажиллах гэрээний дагуу үйлчилгээний талбай бүхий орон сууцны 12 давхар барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барих ёстой байсан. Гэвч барилгыг барих хөрөнгөгөгүй, зээл авч чадахгүйн улмаас гэрээг дуусгавар болгоё, өөр компани олж, газар дээрээ барилга бариулах ажлаа бод гэсэн хариуг 2015 оны 5 дугаар сарын сүүлээр өгсөн ба энэ тухайгаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан байна. Хамтран ажиллах гэрээ “Өсөх ордон констракшн” ХХК-ийн үүргээ гүйцэтгэх боломжгүйн улмаас цуцлагдсан байтал гэрээ цуцлагдахаас өмнө хийгдсэн ажил болох барилгын суурийн нүх ухах, ул бетон цутгахтай холбогдон гарсан зардлыг “Загал буурал” ХХК дангаар хариуцах юм шиг нэхэмжилж байгаа нь хууль болон гэрээний заалтад нийцэхгүй байна. Хамтран ажиллах гэрээний 2.3-т зааснаар “Өсөх ордон констракшн” ХХК өөрийн хөрөнгөөр барилгыг бүрэн барьж дуусгах үүргийг хүлээж, харин “Загал буурал” ХХК барилга барих зөвшөөрөл олгогдсон эзэмшлийн газраа чөлөөлж өгөх, барилга баригдсаны дараа эзэмшлийн газраа нийтийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргийг гэрээний 5.1.2, 5.1.3-т зааснаар хүлээсэн юм. Бид 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр эзэмшил газар дээрээ ажиллуулж байсан барилгын материалын модон дэлгүүрээ буулгаж, бусдад түрээслүүлж байсан автомашины ил зогсоол, түүхий эд авах цэгийн үйл ажиллагааг зогсоон, газрыг чөлөөлж өгсөн. Харин “Өсөх ордон констракшн” ХХК барилгыг хэзээ барьж дуусгах тухайгаа тодорхой илэрхийлэхгүй, энэ тухай тохиролцохгүй, зээл, хөрөнгө оруулалт бүтвэл барина даа гэсэн утгатай зүйлийг ярьж барилгыг өөрийн хөрөнгөөр барих үүргээ биелүүлээгүй. Энэ шалтгаанаар гэрээ цуцлагдсан. Барилга барих нэрийдлээр газрыг чөлөөлүүлж авсны дараа 2014 оны 11 дүгээр сараас одоог хүртэл дур мэдэн автомашины ил зогсоол ажиллуулж, манай цахилгааны шитнээс цахилгаан авч, шөнөжин гэрэл асаах, халаагуур залгах зэргээр цахилгаан хэрэглэж, төлбөрийг манай компани төлж байгаа. Хамтран ажиллах гэрээ “Өсөх ордон констракшн” ХХК-иас болж цуцлагдсан учир гаргасан зардлаа нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна. Хамтран ажиллах гэрээний 5.1.3-т заасны дагуу уг газар нь “Өсөх Ордон Констракшн ХХК-ийн эзэмшилд бодитоор шилжсэн бөгөөд барилгын суурийн нүх ухсан байгааг “Загал буурал” ХХК-ийн захиалгаар хийгдсэн ажил үйлчилгээ гэж дүгнэж болохгүй. Хариуцагч байгууллага нь 12 давхар орон сууц барьж ашиг олохоор төлөвлөж суурийн нүхийг ухсан боловч санхүүгийн эх үүсвэргүй болж тухайн ажлыг хийх боломжгүй болсон ба гэрээний гүйцэтгэл байхгүй учраас ул бетон цутгасаныг мөнгөөр тооцож авах үр дагавар үүсэхгүй юм. “Загал буурал” ХХК өөрийнхөө өмчлөлийн газрыг эзэмшиж чадахгүй байна. Тухайн газрыг “Өсөх ордон констракшн” ХХК мэдэлдээ байлгаж автомашины зогсоол хэлбэрээр ашиглаж орлого олж байна. Тухайн цементэн суурийг “Загал буурал” ХХК ашиглах боломжгүй. Хариуцагч нь зээл авч чадаагүйн улмаас барилга барих боломжгүй болсон гэж байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт гэрээнээс татгалзсан явдалд аль нэг тал нь буруугүй бол хохирлыг арилгах эрх үүсэхгүй гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Өсөх ордон констракшн” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах, 872 м.кв талбай бүхий газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-д даалгаж, “Өсөх ордон констракшн” ХХК-иас “Загал буурал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн болон техникийн нөхцөл баримт бичгүүд болон 2 тоннын усны ёмкосыг гаргуулан “Загал буурал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 812 700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Загал буурал” ХХК-иас 150 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Өсөх ордон констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Загал Буурал ХХК-ийн төлсөн 318 970 төгрөг, хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-ийн төлсөн 907 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-иас 81 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Загал буурал” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: ...Талууд хамтран ажиллахаар тохиролцож 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр тодорхой хугацаа тохиролгүй “Хамтран ажиллах гэрээ"-г байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч "Загал Буурал" ХХК нь шүүхэд "Гэрээ цуцлах тухай" бус "Газар чөлөөлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж гэрээг цуцласан гэж тайлбарласан нь хариуцагч “Өсөх Ордон Констракшн" ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн юм. Ингээд хариуцагчийн зүгээс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж "Хэрэв нэхэмжлэгч тал хамтран ажиллахаас татгалзаж гэрээг цуцлаж байгаа бол бид хулээн зөвшөөрч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсан ч шүүх хангалгүй шийдвэрлэсэн юм. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч "Өсөх Ордон Констракшн" ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар 163 512 624 төгрөг барилгын суурийн ажилд зарцуулж хөрөнгө оруулсан байтал эзэмшил газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь хариуцагчийн хууль ёсны эрхийг хязгаарлаж байгаа нь харагдаж байхад "Өсөх Ордон Констракшн"ХХК-ийн татгалзал үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ийнхүү хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон шалтгаан нь “Загал буурал” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй буюу гэрээний 3.5-д заасан үндэслэл бий болоогүй байхад тухай газрыг ухаж, барилгын ул бетон цутгахад гаргасан зардлыг нэхэмжлэгч байгууллага хариуцах үндэслэлгүй байна. Гэрээний 3.4 дэх хэсэгт Барилга угсралтын ажил эхэлсэн боловч бүрэн баригдаж, дуусахаас өмнө хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан бол А тал газраа эзэмшиж чадаагүй алдагдлаа, Б тал оруулсан хөрөнгө оруулалтын алдагдал хохирлоо бүрэн тооцож дутуу баригдсан барилгын хэсгээс өмчилнө” гэж талууд тохисон байх боловч газар ухаж, ул бетон цутгасан байдлыг дутуу баригдсан барилгын хэсэг гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэжээ. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хамтран ажиллах гэрээнд хугацаа тохироогүй, барилга барих үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхаар тохиролцсоноос үзэхэд хариуцагч "Өсөх Ордон Констракшн" ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч гэрээнээс татгалзах саналыг дангаар гаргахад хариуцагч цуцлахыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл өгөөгүй байхад гэрээг шүүх цуцлагдсан, гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хөрөнгө оруулалт шийдэгдвэл гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжтой байсан. Шүүх зөвхөн гэрээний 3.5 дахь  заалтаар талуудын хариуцлагыг тодорхойлсон, гэрээний нөгөө талын эрх ашиг тодорхойлогдоогүй, үйл явдал, үр дагавар үүсээгүй мэтээр зөвхөн нэг талыг харж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт "Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан байх байдаг тул газар ухаж, ул бетон цутгахад гарсан зардлыг “Загал буура” ХХК хариуцах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзах санал гаргасан тал нь нэхэмжлэгч тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар хуулийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Загал буурал” ХХК хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, компанийн улсын бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн, техникийн нөхцөлийн баримт бичгүүд болон түрээсийн, ил зогсоолын, цахилгааны төлбөрийн нийт 18 162 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж,

Хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн барилгын суурийн ажлын зардалд 150 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 15/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр “Загал буурал” ХХК-ийн эзэмшил газар дээр “Өсөх ордон констракшн” ХХК нь өөрийн хөрөнгөөр барилга барих, баригдах барилгаас “Загал буурал” ХХК-д өгөхөөр тохиролцсон байна.

 

            Дээрх гэрээгээр нэхэмжлэгч “Загал буурал” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 440 тоот захирамжаар тус компанид олгогдсон 21/0073 нэгж талбарын дугаар, газар эзэмших эрхийн 0231473 тоот гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 13 дугаар хороо тройлейбусны эцсийн буудлын хойд талд байрлах, орон сууцны барилга барих зөвшөөрөл олгогдсон 872 м.кв газрыг холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх, хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК нь дээрх газар дээр 600 м.кв буюу 30.0х20.0 хэмжээтэй 12 давхар үйлчилгээний зориулалттай орон сууцны барилгыг барьж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт барилга барьсны хариу төлбөрт шинээр баригдах үйлчилгээний орон сууцны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай заалыг бүхэлд нь мөн тус барилгын 5 давхарын Б байрнаас 2 өрөө 1 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

            Хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “Загал буурал” ХХК-д хандан гэрээгээ цуцалж байгаа агуулга бүхий албан бичиг ирүүлсэн байх бөгөөд уг байдлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” тул нэхэмжлэгч “Загал буурал” ХХК нь хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-иас гэрээний дагуу өгсөн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

 

            Иймд анхан шатны шүүх “Өсөх ордон констракшн” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах, 872 м.кв талбай бүхий газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-д даалгаж, “Өсөх ордон констракшн” ХХК-иас “Загал буурал” ХХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын зөвшөөрлийн болон техникийн нөхцөл баримт бичгүүдийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч барилгын суурийн ажилд зарцуулсан ажлын зардалд 150 000 000  гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

 “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.5-д “А тал буюу “Загал буурал” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг барилга барихад зориулж бүрэн чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй, А талын буруутай ажиллагааны улмаас барилга барих боломжгүй болсон тохиолдолд А тал нь Б талд барилга барихад зарцуулсан хөрөнгийг бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон шалтгаан нь нэхэмжлэгч “Загал буурал” ХХК-ийн буруутай ажиллагаанаас болоогүй буюу гэрээний 3.5-д заасан үндэслэл бий болоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн дээрх газрыг ухаж, ул бетон цутгаснаас өөр ажил хийгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүхэд “…барилгын ажлаа үргэлжлүүлэх гэтэл эдийн засгийн хямралаас шалтгаалан банкууд барилгын компанид зээл олгохгүй байснаас шалтгаалж барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй болсон” гэсэн тайлбар гаргажээ.

 

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч байгууллагыг гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Загал буурал” ХХК нь ил зогсоолын, цахилгааны төлбөр, 2 ширхэг ёмкосны үнэ нийт 18 162 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлага нотлохоор “Загал буурал” ХХК-ийн иргэн Д.Бадамсүрэнтэй байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний дагуу Д.Бадамсүрэнгийн тус компанид мөнгө төлж байсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан /хх 119- 130/ байх боловч эдгээр баримтыг үндэслэн хариуцагч “Өсөх ордон констракшн” ХХК-аас дээрх мөнгийг гаргуулан олгох боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч байгууллагын гаргасан бичгийн нотлох баримт нь зөвхөн “Загал буурал” ХХК-ийн иргэн Д.Бадамсүрэн нарын хооронд байгуулсан эрх зүйн харилцааг нотлохоос бус дээрх гэрээ, мөнгөний баримтын жишгээр тооцож, хариуцагч байгууллага ашиг олсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч ил зогсоолын болон түрээсийн төлбөр нэхэмжилсэн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийвэр зөв болжээ. 

  

            Харин анхан шүүх тухайн маргаанд хамаарах  хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй, талууд гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцаах шаардлага гаргасан байхад өмчлөгчийн шаардах эрхийн заалтыг, гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол шаардсан байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасан хохирлыг тодорхойлсон заалтыг тус тус баримталсан алдаа гаргажээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/02133 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “…Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг” гэснийг  “… Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Өсөх ордон констаркшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                   ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                        Ц.ИЧИНХОРЛОО