Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 39

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                Б.Батзориг

Шүүгчид                          Я.Туул

                                                                       Д.Буянжаргал

  Оролцогчид:

                                  Прокурор                         Л.Энхтайван

Хохирогч                         М.Цацралмаа

                                  Түүний  төлөөлөгч          Б.Энэрэл

                                  Шүүгдэгч                         Д.Чулуунцэцэг

                                  Түүний  өмгөөлөгч         М.Гансүх

                                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000362 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

      Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сант суманд 1970 оны 02  сарын 24-нд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч, эдийн засагч  мэргэжилтэй, ам бүл 4, охин хүргэн, зээ хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг 122 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нягтлан бодогч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэг /РД:МЛ70022409/        

 

 Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Д.Чулуунцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэргийн 243” дугаар ангийн урд талд төв асфальтан зам дээр “Тоёота Кролла Аxio” маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М.Цацралмааг мөргөж осол гарган, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.  

 

Анхан шатны шүүх Д.Чулуунцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 32 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор:  

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан “Жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэгт тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

…-Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол гарсан нөхцөл байдлыг харуулсан камерын бичиглэлтэй диск 1 ширхэг, сүүлд өмгөөлөгчийн хүсэлтээр хуулбарласан шүүх хуралдааны бичлэг хийсэн диск 1 ширхэгийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хавтаст  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.Чулуунцэцэгийн №478774 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний эзэмшигчид буцаан олгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Чулуунцэцэгээс 557.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг 3 дугаар хэсэг, 024 тоотод оршин суугч Өөлд овогт Мандахын  Цацралмаад олгож, нэхэмжлэлийн дүнгээс 557.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Чулуунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

1.Уг хэрэг Сүхбаатар сумын 7-р багийн 3-р хэсэгт байрлах Хилийн Цэргийн 0243-р ангийн урд уулзварт буюу манай гэрээс 10 м орчим ойрхон гарсан бөгөөд би тухайн нутаг дэсвгэрт 15 жил амьдарч байгаа бөгөөд тухайн орчин маань бүрэн камержсан, явган хүний гарцын байршил зэргийг сайн мэднэ. Тухайн хэрэг гарсан нөхцлийн хувьд ч өдрийн 13 цагийн орчим гарсан хөл хөдөлгөөн ихтэй төв зам ба эвдрэл гэмтэл бэртэл учраагүй тул надад энэ хэргийг санаатайгаар нуун далдлах ямар ч зорилго шаардлага байхгүй. Уг хэрэг гарснаар нийтийн эзэмшлийн зам талбай эвдэрч гэмтээгүй, автомашинд эвдрэл гэмтэл гараагүй, хохирогч гэх эмэгтэй өөрөө “Надад гэмтэл бэртэл учраагүй, Би зүгээр ээ” битгий цагдаад хэлээрэй гэж гуйхад нь би энэ хүн өөрөө сонсголын аппаратгүй гарцгүй газраар зам хөндлөн гарсан зэргээсээ болоод л гуйж байна гэж бодоод өрөвдсөн төдийгүй, эмнэлэг цагдаа дуудах уу? гэхэд зүгээрээ дуудахгүй гэсний улмаас бид өөр хоорондоо харилцан ярилцаж гэрийг нь заалгаж гэрт нь хүргэж тусалсан. Гэтэл энэ хүн харилцан ярилцаагүй би дүлий юу ч сонсоогүй гэж намайг гүтгэж байна. н.Цацралмаа нь хүний хэлсэнийг өөдөөс хараад амны хайрцагаар сайн ойлгодог бас ярьж байсан. Надтай чөлөөтэй ойлголцож ярьсан. Олон улсын худалдааны төвийн лангуун дээрээ ч хэлмэрч туслахгүйгээр ойлголцоод худалдаа арилжаагаа хийдэг. Энгийн сургуульд сурч бичиг үсгийн боловсрол эзэмшсэн тухайгаа шүүх хуралд охин нь хэлсэн. Би н.Цацралмаад утасны дугаараа өгөхөд, нэр ажлаа зааж өгөхөд, өөрөө цагдаад битгий хэлээрэй гээд миний гарыг атгаад гуйгаад байсан. Энэ хүн сандарч яваад дахиад эрсдэлд өртөх вий гэсэн болгоомжлолоор гэрт нь хүргэсэн. Дархан-Уул аймгийн “Саран Элит’’эмнэлэг рүү охин н.Энэрлэнгийн хамт авч явж тус эмнэлэгийн эмч Б.Сэлэнгээд: Энэ хүнийг шүргэсэн тухайгаа би өөрөө хэлж үзүүлэн төлбөрийг төлж шаардагдах бүх шинжилгээг хийлгэн хариуг нь авч элэгний архаг өвчний үед хийгдэх нөхөн сэргээгдэх эмчилгээг “Эмчлүүлэгсдийн карт”-нд бичүүлж ирсэн. Мөн хөлний рентген зургийг авахуулан дахиж өөр зураг шинжилгээ хийлгэх үү? мөрний зургаа авхуулах уу?, гэж М.Цацралмаагаас асуухад үгүй ээ мөр зүгээр гээд авхуулаагүй. Тухайн үед хөлний шагай хэсэг хавдаргүй хөхрөлт няцралт байгаагүй. Үүнийг “Саран Элит” эмнэлгийн үзлэгийн баримт нотлоно. Надад энэ хэргийг санаатай нуун далдлах зорилго шаардлага шалтгаан байхгүй ээ.

2.М.Цацралмаа нь анхан шатны Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин 2 удаа хүсэлт гаргасан боловч Шүүх эмнэлгийн 3 удаагийн дүгнэлтээр М.Цацралмаагийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд элэгний архаг өвчин нь шүргүүлснээс үүдэн доргилт хүндрэл учраагүй элэгний өвчин нь өвчнийхөө үе шатны дагуу явж байгаа гэсэн дүгнэлт удаа дараа гарсан. Гэвч хохирогч гэх эмэгтэйн охин хавтаст хэрэгт байгаа хүчин төгөлдөр бус баримт болох элэгний нөхөн сэргээгдэх эмчилгээнд хэрэглэгддэг уурагны үнийг нэхэмжилсэн төдийгүй ээжийгээ элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулмаар байна. Гэвч бие нь тааруу байгаа тул Алтанбулаг суманд очиж элэгний бариа хийлгүүлэх зардалд 1,500,000 төгрөгийг эхний ээлжинд, цаашид Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх зардалд 1,000,000 төгрөг төлөхийг шаардаж удаа дараа утсаар болон мессежээр мөнгө нэхэж мөнгө өгсөн тохиолдолд өргөдлөө татаж авна гээд байгаа зэрэг нь үнэхээр үнэнд нийцэхгүй байсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорт шилжсэн үеүдэд би эвлэрэх саналыг дэмжиж М.Цацралмаад 1,000,000 төгрөгийг өгөөд эвлэрэх гэсэн боловч цаашид элэгний эмчилгээ хийлгэх зардлаа нэмж надаас 2,500,000 төгрөг нэхсэн учраас эвлэрэх боломж олдоогүй. Анхан шатны шүүх хурал дээр нэмж цалин нэхэмжилсэн. Мөнгө өгөхийг шаардсан мессежүүд нь хавтаст хэрэгт байгаа. Анхан шатны шүүх хурлаас элэгний эмчилгээний зардлыг нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үнэн бодит шийдвэр гэж үзэхгүй байна.

3.Анхан шатны шүүх хурал дээр нэмэлт нотлох баримт болгож ирүүлсэн М.Цацралмаагийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 сарын    21-ний өдөр хүртэлх хугацаанд шүргүүлснээс болж биеийн байдал муудсны улмаас ажиллаагүй гэх тодорхойлолтыг үнэн зөв эсэх талаар дахин шалгуулах хүсэлтэй байна. Учир нь Анхан шатны шүүх хурал дээр энэ нэхэмжлэлийн тодорхойлолтыг нэмэлт нотлох баримт болгож авчирсан тул би хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ нотлох боломж олдоогүй шүүх хурал үргэлжилсэн. М.Цацралмаа нь хэрэг гарснаас хойш ажлаа хийж байсан бөгөөд 2016 оны 11 сарын дундуур охин Б.Энэрлэнгийн цалингийн зээлийг “ХААН” банкинд батлан дааж гарын үсэг зурж нотариатаар батлуулан зээл авсан бөгөөд улмаар Улаанбаатар хот руу бараандаа явж үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ талаар д/ч Наранбаатараас мэдээлэл авсан ба “ХААН” банкны зээлийн эдийн засагч гэрчилнэ. “Саран Элит” эмнэлгийн эмч Б.Сэлэнгээгийн эмчилгээний заалтын дагуу Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт элэгний нөхөн сэргээх эмчилгээг хийлгэсэн. 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр М.Цацралмаа нь өөрөө хальтирч унаад гараа хугалсан. Эдгээр тус тус шалтгаануудаас үүдэн ажлаа хийгээгүйн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр ажиллах боломжгүй байсан шалтгаанууд нь эмчлүүлэгсдийн карт болон нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүхүүдээр нотлогдоно.

Иймд дахин шалгуулах хүсэлтэй байна. 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Чингис зочид буудалд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцож шүр шүрэн эдлэлээ худалдан борлуулж байсан. Арилжаа худалдааны ажлаа зөвхөн Сэлэнгэ аймагтаа бус Улаанбаатар хотод хүртэл хийж, бараа материалдаа явж байсан мөртлөө энэ хугацаанд шүргүүлснээс болж бие муудан ажлаа ч хийж чадаагүй амьдрал хүндэрсэн гэх мэтээр шүүх хуралд ярьж хуурамч баримт бүрдүүлж цалингаа надаас нэмж нэхэмжилж байгаа нь үнэнээс хэтэрхий хол бас хуурамч худалч ичмээр үйлдэл болсон. Улаанбаатар хотын үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа зураг мэдээ мэдээлэл коммент сэтгэгдэлүүд нь бүгд олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан байгааг одоо ч үзэж нотлож болно. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хурал эхлэх үед дохионы хэлний багш н.Мөнх-Ундрал нь М.Цацралмааг дохионы хэл мэдэхгүй байгааг шүүгч болон шүүх хуралд оролцогчдод хэлсэн. Гэтэл дохионы хэлний хэлмэрч н.Мөнх-Ундрал өөрөө 01 дүгээр сарын 03-ны өдөр М.Цацралмаа нь гараа хугалсан бичих боломжгүй үед нь байцаагч д/ч н.Наранбаатартай дохионы хэлээр М.Цацралмаагаас 2 цаг байцаалт авч хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.  Дохионы хэлний хэлмэрчтэй байцаалт эхэлсэн цагийг надад утсаар хэлж бас дууссан цагийг хэлж 2 цагийн төлбөрийг байцаалт дууссан даруйд би д/ч Наранбаатарын шаардсаны дагуу  mobile bank-аар н.Мөнх-Ундралын дансанд шилжүүлсэн. Дохионы хэл мэдэхгүй хүнээс дохионы хэлээр байцаалт авсан нь хуурамч байцаалт, хэрэг мөрдөлт гэж үзэж дахин шалгуулах хүсэлтэй байна. Эс бол М Цацралмаа нь шүүх хуралд дохионы хэл мэдэхгүй гэж худал мэдүүлсэн байж болзошгүй байсан. Намайг гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй байхад надаас байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулан төлүүлсэнд гомдолтой байна. Дохионы хэл мэдэхгүй байгаа тухайгаа шүүх хурал дээр хэлсэн шүүх хурлын видео бичлэг хавтас хэрэгт байгаа. Мөн дохионы хэлны багш н.Мөнх-Ундралд шилжүүлэн өгсөн 2 цагийн байцаалтын хөлс болох 60,000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт байгаа. Тухайн үед М.Цацралмаа нь өөрөө битгий цагдаад хэлээрэй гэж гуйгаад байсан ба биед нь гэмтэл бэртэл учраагүй байсан тул надад эрүү үүсгүүлэн шалгуулж төрийн албан хаагч хүн байж гэх нэрийдлээр надаас хохирлоосоо үлэмж их хэмжээний мөнгө төгрөг нэхэж нотолгоогүй баримт цуглуулан нэхэмжилсэн гэж бодохгүй байна. Харин түүний охин энэ явдлыг далимдуулан мөнгө төгрөг их хэмжээгээр тасралтгүй нэхэж надаар гаргуулах санаа агуулж байна. Түүгээр  ч барахгүй ээжийн минь элэг нь задарсан байхаа. Элэг шилжүүлэн суулгамаар байна гэж хэлээд байгаа тул миний хэрээс хэтэрсэн хэрэг болохоор би тохиролцож мөнгө төгрөг өгөлгүй шүүх хурлаар орж шийдүүлэхээр болсон.

Дээрх шалтгаануудаас үндэслэн анхан шатны шүүхийн 32 дугаар шийтгэх тогтоолоор надад ногдуулсан шийтгэлийг хүчингүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Хэрэг бүртгэлтийн шатанд байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт бүр хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн ба шүүхийн шатанд энэ талаар өмгөөлөгчөөс тавьсан санал, хүсэлтэнд ач холбогдол өгөлгүй, хууль бус нотлох баримтанд үндэслэн шийдвэр гаргасан.

Үүнийг эрүүгийн хавтас хэрэгт цугларсан нотлох баримт тус бүр дээр дүгнэлт хийх замаар тайлбарлавал:

1.Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол.

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа Д.Чулуунцэцэгт холбогдох гэмт хэргийн тухай гомдол мэдээллийн материалыг хянан үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. …Дээд шатны буюу аймгийн прокурор Ж.Мөнхжаргал нь хяналтын прокурорын шийдвэрийг М.Цацралмаагийн гомдлын дагуу хянасан гэх боловч М.Цацралмаагийн гомдол нь хавтас хэрэгт авагдаагүй, ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг хянасан нь ойлгомжгүй байгаа нь хуулинд заасан үндэслэл журмын дагуу биш харин тухайн асуудалд хэт нэг талыг барьж, эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тодорхой байна.

2. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М.Цацралмааг цагдаагийн газарт гаргасан гомдолтой нь холбогдуулан тайлбар авахад Б.Энэрэл гэх хүн байлцсан ба Б.Энэрэлийг ямар үндэслэлээр тайлбар авахад оролцуулсан нь тодорхойгүй. М.Цацралмаагийн тайлбарт “..гэрийнхэндээ хэлээгүй 3 хоносон, 14 хоногийн дараа манай охин Б.Энэрэл намайг мөргөсөн жолоочтой уулзаад Дархан -Уул аймаг явж эмнэлэгт үзүүлсэн” гэжээ. Харин Б.Энэрэлийн тайлбарт “.... 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үеэл эгч Цасчихэр надад мэссэжээр манай ээжийг машинд мөргүүлснийг хэлсэн, үүнээс 2 хоногийн дараа /2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж таарч байна/ тэр хүнтэй утсаар холбогдсон” гэсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байдаг.

3.Хавтас хэрэгт амбулаториор эмчлүүлэгсдийн карт авагдсан бөгөөд хэзээ, хэн гэдэг эмчид, аль эмнэлэгт үзүүлсэн болох нь тодорхойгүй, эмчийн гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүйн зэрэгцээ уг бичвэрт ямар гэмтлийн талаар бичсэн нь ойлгомжгүй байдаг.

4.2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 462 тоот шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр. Сэлэнгэ нэгдсэн эмнэлэг, гэмтлийн эмчийн үзлэг гэж эмчийн гарын үсэг тамга тэмдэггүй, 11.03 гэснийг 2016 оны 11 дүгээр сарын 03 гэх зэргээр дээрх баримтыг шууд таан дурьдаж дүгнэлтээ гаргасан ба хохирогч М.Цацралмааг яг хэдийд эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн талаарх нотлох баримт байхгүй, шүүх хуралдааны явцад М.Цацралмаа, түүний охиноос энэ талаар тодруулж асуухад тэрээр тайлбарлаж, мэдүүлж чаддаггүй нь шүүх хуралдааны тэмдэглэл бичлэгээс тодорхой харагдана.

5.2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр М.Цацралмааг хохирогчоор тогтоосон бөгөөд энэ үеэс байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчлүүд эхэлдэг. Тухайлбал хх-ийн 91 дэх талд улсын өмгөөлөгч Д.Даваасүрэн нь М.Цацралмаад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “улсын өмгөөлөгч гэж ...төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зуйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэг бухий, Хуульчийн эрх зуйн байдлын тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтанд буртгэгдсэн. Хууль зуйн туслалцааны төвийн хуульчийг хэлнэ" гэж түүний эрх зүйн байдлыг тодорхойлсон байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур хууль зүйн туслалцаа үзүүлэх”, 17.2.2-д “энэ хуульд зааснаас өөр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх”-ийг хориглоно гэж заасан. Өмгөөлөгч Д.Даваасүрэн нь хохирогчийг байцаахад оролцож, цаашлаад хх-ийн 66 дахь талд шинжээчийн дүгнэлттэй танилцаж санал хүсэлт гаргасан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцсан ба түүнийг ийнхүү байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулснаар хэрэгт авагдсан нотлох баримтууд нь бүхэлдээ хууль зөрчсөн, нотлох баримтаар үнэлэх боломжгүйд хүрсний зэрэгцээ хохирогч М.Цацралмаан болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг тайлбарыг хэрэг бүртгэлт шүүхийн шатанд өгөөгүй.

6.2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Мөнх-Ундрах гэх хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилсон байна. Хохирогч М.Цацралмааг байцаахад Ч.Мөнх-Ундрахыг оролцуулсан байдаг ба түүнд байцаалт эхлэхийн өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хуулийг сануулаагүй нь тэрээр үнэн зөв хэлмэрчилсэн нь эргэлзээтэй бөгөөд шүүх хуралдаанд мөн л Ч.Мөнх-Ундрахыг хэлмэрчээр оролцуулахад хохирогч М.Цацралмаа нь дохионы хэл мэдэхгүй гэж хэлж мэдүүлсэн нь хэрэг бүртгэлтийн шатанд М.Цацралмаа нь хэрхэн мэдүүлгээ өгсөн нь дахин эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн болно.(2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан видео бичлэгээс тодорхой харагдана)

7.2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч Б.Батчулууны мэдүүлэгт “...ээж тэр эмэгтэйд анхааруулж сигналаа 2 удаа дарж, тоормосоо гишгэсэн, тэр эмэгтэй цагдаа дуудаад хэрэггүй, би таныг танина гэсэн, ...ээж саяны эмэгтэйд утасныхаа дугаарыг өгчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлгийг шүүх ямар үндэслэлээр үнэлээгүй нь тодорхойгүй байна.

8.Д.Чулуунцэцэг нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Замын цагдаагийн тасагт дүгнэлт гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгосон байх ба хуулийн дээрх заалтууд нь шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх тухай заалтууд байна. Тогтоолд шинжилгээг Замын цагдаагийн тасаг гэж дурьдсан ба ямар байгууллагад харъяалах Замын цагдаагийн тасаг болох нь тодорхойгүйн зэрэгцээ уг тасаг нь шүүхийн шинжилгээний байгууллага мөн эсэх нь ч ойлгомжгүй юм. Түүнчлэн уг шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолыг тэр даруйд бус шинжээчийн дүгнэлт гарсны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Чулуунцэцэгт танилцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан эрхийг нь хязгаарлан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

9.Дээрх хууль бус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Сүхбаатар дүгнэлт гаргасан бөгөөд хэрэг бүртгэлт явуулсан цагдаагийн дэслэгч Л.Наранбаатар, дүгнэлт гаргасан цагдаагийн ахмад С.Сүхбаатар нар нь нэг байгууллага, нэг тасаг, нэг өрөөнд ширээний наана, цаана ажил үүргээ явуулдаг бөгөөд нэг байцаагч нь хэргийг мөрдөж нөгөө нь дүгнэлт гаргах байдлаар ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж болохоор байна. Уг дүгнэлтээр явган зорчигч М.Цацралмаа нь ЗХД-ын     3-д заасан “явган зорчигчийн үүрэг: явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц явна гэснийг зөрчсөн” гэж дүгнэсэн байхад дан ганц Д.Чулуунцэцэгийг буруутган эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэнд хэргийн газрын үзлэгийн схем зургийг үндэслэсэн ба уг схем зураг нь камерын бичлэгт бичигдсэн нөхцөл байдалд тулгуурлан хийгдсэн зураглал байдаг. Камерын бичлэгт бичигдсэн зураглал нь тухайн замын нөхцөл байдал дахь хэмжээс болон ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтооход бодитой нотлох баримт болж чадахгүй тул уг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь буруу гэж үзнэ.

Д.Чулуунцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...баруун гар тал руу эргэх гэж байхад нэг эмэгтэй миний явах гэж байсан замаар хөндлөн гарах гэж байгаа бололтой зогсож байхаар нь би машин өнгөрүүлээд гарах гэж байгаа юм байна гэж бодоод машиныхаа дохиог баруун гар талруугаа өгөөд сигналаа 2 удаа дараад эргэж байх үед нөгөө эмэгтэй чигээрээ цаашаа хараад зам хөндлөн алхаж машины зуун урд талаар шүргэгдээд унасан”. гэрч Б.Батчулууны “...нэг эмэгтэй зам хөндлөн гарах гэж байгаа бололтой замын баруун талд зогсож байгаад ээжийг машиныхаа жолоог баруун талруу эргүүлээд уулзвар руу орох уед тэр эмэгтэй гэнэт машины урдуур гарч ирээд мөргөгдөөд газар унасан” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан ба жолооч Д.Чулуунцэцэгээс үл шалтгаалах байдлаар явган зорчигч М.Цацралмаа тээврийн хэрэгсэлд шүргэгдсэн байна.

Замын цагдаагийн зохицуулагчийн дээрх дүгнэлтэнд “...ЗХД-ын 1.5. замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.2.жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан" гэж дүгнэсэн нь хэргийн талаар гэрч болоод сэжигтэн нарын мэдүүлэгтэй тохирохгүй, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байдаг.

Мөн шинжээч С.Сүхбаатарыг байцаасан тэмдэглэлд /хх-ийн 106 дахь тал/ “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл дээр “зам тээврийн осол нь” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, ...явдал гэж тодорхойлсон байдаг. Шинжээч эмчийн 462 тоот дүгнэлтээр иргэн М.Цацралмаагийн биед мөр, шагайн үений орчим зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо гэж гарсан тул дээрх нь зам тээврийн осол мөн гэж үзэж дүгнэлтийг гаргасан” гэж мэдүүлснээс үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.5-д зааснаар хууль хэрэглэх, хуулийн зуйл хэсэг, заалтыг тайлбарлуулж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

10.2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн дэслэгч Л.Наранбаатар нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар бичсэн мэдэгдэлдээ: Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг “Хилийн цэргийн 0243” ангийн урд талын авто замд явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэл тавигдаагүйн улмаас явган зорчигч, жолооч нар зам тээврийн осол, гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй байгаа тул дээрх замд явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэл тавьж байрлуулах, хийж гүйцэтгэхийг Сүхбаатар сумын 7 дугаар багийн засаг дарга, нийгмийн ажилтан нарт даалгасан байдлаас үзэхэд тухайн осол гарахад Л.Чулуунцэцэгийн үйлдэл бус замын тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй нөхцөл байдлаас үүссэн байгааг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоосон байна.

         11.Д.Чулуунцэцэгт холбогдох гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн материалыг хяналтын прокурор А.Энхтуяа хянаад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 528 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхдээ Д.Чулуунцэцэгт Захиргааны хариуцлагын тухай хуулинд заасны дагуу арга хэмжээ авахыг Л.Наранбаатарт даалгасан бөгөөд үүний дагуу Д.Чулуунцэцэгт мөн хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд тухайн үйлдэлд нь зөвхөн нэг удаа хариуцлага хүлээлгэх хуулийн зарчим үйлчлэх ёстой гэж үзнэ.

12.2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Энэрэл гэх хүнээс гаргасан “462 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд элэгний өвчлөлд гэмтэл авсан эсэх талаар хариу дүгнэлт гараагүй байна” гэх хүсэлтийг цагдаагийн дэслэгч Л.Наранбаатар хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 -д заасан "хүсэлтийг боломжтой бол шууд, боломжгүй бол түүнийг гаргаснаас нь хойш 5 хоногийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэх заалтыг баримтлан хүсэлтийг хангах тухай тогтоол үйлджээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102 дугаар зүйлд зааснаар байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нь тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгах тогтоох, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх болон шүүгчид гаргах эрхтэй гэж заажээ.

Харин Б.Энэрэл нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш болох нь хэргийн материалаас харагдах ба тэрээр хэрэг бүртгэлт болон шүүн таслах ажиллагааны явцад хуулийн ямар зүйл заалтын дагуу олгогдсон эрх эдэлж оролцоод байгаа нь ойлгомжгүй хэвээр байсаар хэргийг шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл Б.Энэрэл нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш байтал түүний цагдаагийн газарт гаргасан хүсэлтийг хангасан, анхан шатны шүүхээс шүүн таслах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох тухай гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч Б.Энэрэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон захирамж байхгүй атал тэрээр мөн л шүүх хуралдаанд биечлэн оролцож ирсэн нь туйлын ойлгомжгүй байгаа юм.

Мөн Б.Энэрэл нь М.Цацралмаагийн охин болох нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн түүний төрсний гэрчилгээний хуулбараар тодорхой болсон ба харин үүнээс өмнөх цаг хугацаанд хийгдсэн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогчтой ямар харилцаа холбоотой болох нь тодорхой байдлаар оролцож ирсэн байдаг.

Түүнчлэн М.Цацралмаа нь хөгжлийн бэрхшээлтэй буюу дүлий, сонсголын бэрхшээлтэй болохыг нотолсон баримт хэрэгт огт байхгүй болно.

Хавтас хэрэгт дээрх байдлаар хууль зөрчиж цуглуулсан баримтыг анхан шатны шүүх үндэслээд гаргасан шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу хуулийн бүх  шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслээгүй, нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлээгүй юм.

Энэхүү нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байсан боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн санал, хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй байгааг шийтгэх тогтоолдоо дурьдаагүй, яагаад үнэн зөв гэж үзсэн үндэслэлээ ч дурьдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан “...шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхойлно” гэснийг зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт М.Цацралмаагийн хөгжлийн бэрхшээлтэй буюу хэлгүй, дүлий байдал нь осолд өртөхөд нөлөөлөх магадлалтай ч жолооч аюулгүй байдлыг хангаж явах чиг үүргээ дутуу биелүүлснээс түүнийг мөргөсөн гэж үзэх нь зохимжтой гэж шүүх үзэв гэж дүгнэсэн нь хууль зүйн  үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн

95.2-д заасан “....шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ./хэрхэн дүгнэх нь зохих, зохихгүй тухай яригдахгүй юм/

Тогтоолын тодорхойлох хэсэгт “..Д.Чулуунцэцэг нь ослын дараа хохирогчийг эмнэлэгт хүргэх талаар хэлэхэд хохирогч М.Цацралмаа нь тэгэх шаардлагагүй гэсэн санал тавьсныг хүлээн авч, эмнэлэг зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл Д.Чулуунцэцэг нь “Саран Элит” эмнэлэгт М.Цацралмааг үзүүлэхдээ эмнэлгийн ажилтанд осол болсон талаар хэлж мэдэгдсэн байдаг бөгөөд шүүхээс зохих байгууллага албан тушаалтан гэдгийг чухам юу гэж ойлгон Д.Чулуунцэцэгийг буруутгасан нь тодорхойгүй, гэмт хэргийн субьектив санаа зорилго тогтоогдоогүй байгаа юм.

Мөн тодорхойлох хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 462 тоот “М.Цацралмаагийн элэгний өвчин нь архаг хууч өвчин тул түүнд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй”, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 230 тоот “авто ослын улмаас элэгний хатуурал өвчинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Элэгний хатуурал өвчин өөрийн эмгэг жамын дагуу явагдаж байна” гэх дүгнэлтүүд буюу Д.Чулуунцэцэгийн үйлдэл холбогдлоос үүсээгүй, шалтгаант холбоогүй үйл баримтыг дурьдсан атлаа М.Цацралмаа нь осолд өртөхөөс өмнөх олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тухай бүр тооцож 1.114.800 төгрөгийн нэхэмжлэлийг хангагдах үндэслэлтэй гэжээ.

Хохирогчоос 1.114.800 төгрөгийг нэхэмжлэхдээ үүнд 2016 оны 11 дүгээр сарын 01-с 2017 оны 01 дүгээр сарын 01 хүртэл 2 сарын мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 384800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-с 02 сарын 21-г хүртэл 2 сарын мөнгө 480000 төгрөг, өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа авсны хөлс 250000 төгрөг гэж тооцоо гаргасан байдаг боловч ямар ажил хөдөлмөр эрхэлж, сард хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлж байсан зэргээр бусад байдлаар орлого олж байсан болохыг нотолсон баримт огт байхгүй байхад шүүхээс уг нэхэмжлэлийн чухам алийг нь үнэлж, ямар нотлох баримтанд үндэслэж хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч, сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардпыг хохирогчид төлөх үүрэгтэй гэснийг баримталсан боловч уг зардлуудын чухам алийг нь Д.Чулуунцэцэгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.4-т “....нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд хөрөнгийн хохирлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурьдана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Эцэст нь дүгнэвэл Д.Чулуунцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, шүүн таслах ажиллагаа нь нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, хууль бусаар цуглуулсан нотлох баримтанд үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулсан, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзээгүй, дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай заагаагүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Мөн Д.Чулуунцэцэгт урьд авсан захиргааны арга хэмжээ хүчин төгөлдөр байгаа байдал, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй тухай хуулийн заалтыг баримтлан Д.Чулуунцэцэгийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн үндэслэл шаардлагыг хангасан зөв шийдвэр учраас дэмжиж оролцож байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлын 11 дэх хэсэгт Чулуунцэцэгт холбогдох хэргийн материалыг хяналтын прокурор А.Энхтуяа хянаад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 528 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхдээ Чулуунцэцэгт захиргааны хариуцлагын тухай хуулинд зааснаар хариуцлага тооцохыг н.Наранбаатарт даалгасан бөгөөд үүний дагуу торгуулийн арга хэмжээ авсан гэсэн байна. Энэ баримтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн охины хувьд хэн ч байсан төрийн хуулиас зугтаж чадах ч тэнгэрийн хуулиас зугтаж чадахгүй гэдгийг хатуу хэлмээр байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Чулуунцэцэгт холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Чулуунцэцэг нь авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь тогтоогддог. Уг ослын улмаас иргэн Цацаралмаагийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэмтэл учирсан. Зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд шилжүүлсэн байгаа.  Зохих байгууллагад мэдэгдээгүй гэдэг нь тогтоогддог. Зам тээврийн ослын тухай мэдэгдэх ёстой гэдгийг хүн бүр мэдэх ёстой. Цацралмаагаас байцаалт авахдаа охиныг нь байлцуулсан нь хууль зөрчөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй учраас мэдүүлэг авахын тулд охиныг нь оролцуулсан. Шинжээчийн дүгнэлтээр Цацралмаад үүссэн гэмтэл өөрчлөгдөөгүй. Шинжээч нь хууль дүрмийн дагуу дүгнэлтээ гаргасан.

 …Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагддаг. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

 

Д.Чулуунцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэргийн 243” дугаар ангийн урд талд төв асфальтан зам дээр “Тоёота Кролла Аxio” маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М.Цацралмааг мөргөж осол гарган, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар 216.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 32 дугаартай шийтгэх тогтоолоор Дуудан овогт Дамдинсүрэнгийн Чулуунцэцэгийг “Жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,… шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна.

 

Д.Чулуунцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Хилийн цэргийн 243” дугаар ангийн урд талд төв асфальтан зам дээр “Тоёота Кролла Аxio” маркийн 81-94 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М.Цацралмааг мөргөж осол гарган, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч М.Цацралмаа /хх-ийн 39-40-р ху/, хохирогчийн төлөөлөгч Б.Энэрэл        /хх-ийн 169-183-р ху/ нарын хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Батчулуун /хх-ийн 49-50-р ху/, Б.Батцэцэг /хх-ийн 51-р ху/, Г.Цогжавхлан /хх-ийн 52-р ху/, шинжээч эмч Т.Насанжаргал /хх-ийн 67-р ху/ нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг/хх-ийн 52-р ху/, Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 119 тоот дүгнэлт /хх-ийн 55-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 тоот дүгнэлт /хх-ийн 65-р ху//, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 230 тоот дүгнэлт /хх-ийн 112-р ху/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /28-30-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-р ху/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /32-р ху/, Камерын бичлэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-р ху/  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв,  анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэж ял шийтгэл оногдуулсан байна.

Үүнд: Д.Чулуунцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын     31-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн Гурван Талт Үндэсний Хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 240.000 /хоёр зуун дөчин мяаган төгрөг/  байхаар шинэчлэн тогтоосон байхад анхан шатны шүүх Д.Чулуунцэцэгт торгох ял оногдуулахдаа  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “…Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно…” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд ялтан торгох ялаас ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг  дурьдалгүй орхигдуулан Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн зөрчил гаргажээ.

 

     Шүүгдэгч Д.Чулуунцэцэг болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Чулуунцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 176 дугаар зүйлийн 176.3 дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэг үүсгэхийг үндэслэлгүйгээр татгалзсан байвал дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэн харьяаллын дагуу шилжүүлнэ…” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 528 тоот тогтоолыг хүчингүй болгож,  эрүүгийн хэрэг үүсгэх тухай  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Прокурорын тогтоол нь /хх-ийн 1-р ху/ хууль зөрчөөгүй, хэрэг бүртгэлтийн явцад нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу явагдсан, мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

 

Харин Д.Чулуунцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт  “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй”, 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн…”  гэж заасны дагуу Д.Чулуунцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Цацралмаа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд ажилгүй байсан 04 сарын хугацаанд олох байсан орлого 864,800 төгрөг, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны төлбөр 250.000 төгрөг, нийт 1.114.800 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх …осол гарсан нөхцөл байдалд явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдлыг харгалзан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувийг жолоочид хариуцуулах нь зүйтэй … гэсэн дүгнэлт хийж, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй боловч энэ тохиолдолд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэг “…Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно…” гэсэн заалтыг баримтлах шаардлагатай байжээ.

 

  Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг тооцохдоо өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны төлбөр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  энэ зардал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй  байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Д.Чулуунцэцэгээс хохирогчийн 04 сар ажилгүй байх хугацаанд олох байсан орлогын 50 хувь болох 432.400 төгрөг гаргуулан хохирогч М.Цацралмаад олгож, нэхэмжлэлээс ажилгүй байсан 04 сарын хугацаанд олох байсан орлогын 50 хувь 432.400 төгрөг, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны төлбөр 250.000 төгрөг, нийт 682.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  32 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чулуунцэцэг болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Чулуунцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

5 дугаар заалтыг:

“5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Д.Чулуунцэцэгээс 432.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг 3 дугаар хэсэг, 024 тоотод оршин суугч Өөлд овогт Мандахын  Цацралмаад олгож, нэхэмжлэлийн дүнгээс  682.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын  бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чулуунцэцэг болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Д.Чулуунцэцэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                            Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

                                                                                             Д.БУЯНЖАРГАЛ