Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-т холбогдох 1934008270426 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Г.Д, Монгол улсын иргэн, 1956 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймаг Эрдэнэхайрхан суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг Борнуур сум 4 дүгээр баг Нартад гэх газар оршин суух хаягтай, урьд 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Октябрийн районы шүүхийн 37 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 127.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Лхагвацэрэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Л.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хохирогч Н.Лхагвацэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08 тал/, гэрч А.Эрдэнэбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11-12 тал/, гэрч Н.Батсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, Төв аймаг шүүхийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №703 дугаар дүгнэлт /хх-18 тал/, яаралтай тусламжийн хуудас/хх-10 тал/, Г.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31 тал/, шүүгдэгч Г.Д-н хувийн байдлыг тогтоосон баримтууд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Н.Лхагвацэрэнгийн гаргасан хүсэлт /хх-45 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Г.Д-н гаргасан хүсэлт /хх-46 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол/хх-52 тал/ зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Лхагвацэрэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Н.Лхагвацэрэнгийн гэрчээр мэдүүлсэн:  “...Тэгээд би ачсан ногоон тэжээлээс нь нэгийг машинаас буулгаад газар тавиад эргээд хартал миний нүүр лүү Доржваанчиг гэх хүн нэг удаа гараараа цохисон тэгээд би газар унаад хэсэг хэвтэж байгаад босоход нүдний шил хагарч унасан амнаас цус гарч байсан ба нэг шүд унасан байсан” гэх мэдүүлэг /хх-10 тал/,

Гэрч А.Эрдэнэбаатарын: “...Тэгтэл Лхагвацэрэн ах чи дэлгүүрээс үнэгүй юм авдаггүй биздээ хүний юм яагаад дураараа аваад байгаа юм бэ гээд машины ар дээр тавьсан байсан боодолтой ногоон тэжээлээс нэгийг нь татаад буулгасан тэгээд эргээд хартал Д чи хүний ачсан тэжээл буулгадаг хэн бэ гээд Лхагвацэрэн ахыг нүүр лүү нь гараараа цохиод унагасан тэгээд Лхагвацэрэн ах хэсэг хэвтэж байгаад босч ирэхэд амнаас нь цус гарсан нэг шүд нь уначихсан байсан” гэх мэдүүлэг /хх-12 тал/,

Гэрч Н.Батсайханы: “ ...Тэгтэл Лхагвацэрэн ах хүний юмыг дураараа авч болохгүй буулга гээд машины ар хэсэгт байсан боодолтой ногоон тэжээлийг буулгаад эргээд хартал Ваанчиг гуай Лхагвацэрэн ахыг цохиод унагасан тухай үед Лхагвацэрэн ахын амнаас цус гарсан нэг шүд нь унасан байсан” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №703 дугаар дүгнэлтэд 1.Н.Лхагвацэрэнгийн биед 25-р шүдний булгарал, зүүн хацарт цус хуралт, дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-18 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д-ийн хохирогч Н.Лхагвацэрэнгийн биед 25-р шүдний булгарал, зүүн хацарт цус хуралт, дотор салстад шарх бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Г.Д-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулж,

            шүүгдэгч  Г.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Д-т мэдэгдэв.

 

           Шүүгдэгч Г.Д-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Г.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ийг 500/таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Д-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ