| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0157/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/330 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.12.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
-улсын яллагч И.Мөнхцэцэг,
-хохирогч Ц.Эрхэмбат,
-шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж-д холбогдох эрүүгийн 1934000000162 эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Замт хэсгийн 1-15 тоотод оршин суух хаягтай, С овгийн Н Ж гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Ж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Аадгайн даваа гэх газраас иргэн Ц.Эрхэмбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1421660 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Дамжин гэх газраас иргэн Ц.Эрхэмбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1950000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Ж нь 2017 оны 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Туудан гэх газарт иргэн Ц.Эрхэмбатын малыг маллаж байхдаа өөрийн хариуцсан малнаас 2 тооны адууг Нямлхагва, Мөнхчулуун нарт худалдаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад 1801667 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2 адууг маллаж байхдаа авсан. Нөгөө 4 адууг дараа нь авсан” гэв.
Хохиогч Ц.Эрхэмбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирол төлбөрөө барагдуулчихвал гомдол саналгүй. Түрүүнд 5 сард шүүх хурал болох гэж байхад ээж аав нь манай хүүг шоронд суулгачихна бид нар 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5.000.000 гаруй төгрөг төлнө гэсэн. Тэрнээс хойш ямар ч төлсөн юм байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, хохирогч Ц.Эрхэмбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-03 тал/, гэрч С.Цолмонгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-04 тал/, гэрч Б.Рагчаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-05 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Ц.Эрхэмбатын өмчлөлийн 2 тооны адууны үнэлгээний тайлан/хх-08-14 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-30 тал/, Төв Ц.Эрхэмбатын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-31-32 тал/, хохирогч Ц.Эрхэмбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34-37 тал/, гэрч Д.Мөнхчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-38-41 тал/, гэрч Ж.Энхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-42-44 тал/, гэрч Д.Өнөболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-46 тал/, Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Ц.Эрхэмбатын өмчлөлийн 4 тооны адууны үнэлгээний тайлан/хх-48-54 тал/, шүүгдэгч Н.Жы хувийн байдлыг тогтоосон баримтууд, шүүгдэг Н.Ж-ын ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-73 тал/, гэрч Б.Нямлхагвагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-74-75 тал/, Мал тэжээвэр амьтадын тооллого/хх-81-89 тал/, хохирогч Ц.Эрхэмбатаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-211 тал/, гэрч Б.Рагчаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-212 тал/, гэрч Д.Дашдаваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-213-214 тал/ хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Н.Ж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Аадгайн даваа гэх газраас иргэн Ц.Эрхэмбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1421660 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Дамжин гэх газраас иргэн Ц.Эрхэмбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1950000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Н.Ж нь 2017 оны 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Туудан гэх газарт иргэн Ц.Эрхэмбатын малыг маллаж байхдаа өөрийн хариуцсан малнаас 2 тооны адууг Нямлхагва, Мөнхчулуун нарт худалдаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад 1801667 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
Хохирогч Ц.Эрхэмбатын мэдүүлсэн: “...би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр санаж байна манай адуу Угтаалцайдам сумын нутаг Аадгай гэх газарт бэлчээрт байсан тэгээд би 2018 оны 02 дугаар сарын дундуур адуугаа харах гээд Жаргалант сумын нутаг Загдал 4 дүгээр багийн нутаг Туудан гэх газарт очиход манай хүрэн азаргатай 10 гаран тооны адуунаас 2 тооны адуу алга болсон байсан тэгээд би хайгаад олоогүй юм. Хул шүдлэн үрээ, сартай хонгор хязаалан үрээ байсан имгүй зөв талын гуяан дээрээ хөзрийн дөрвөлжин тамгатай адуу байгаа. Ж манай адууг 2015 оноос 2017 оны 11 дүгээр сар хүртэл маллаж байсан” гэх мэдүүлэг /хх-03 тал/, ... Би 4 тооны адуугаа алдаад нэг жил гаран болж байна тэгээд цагдаад хандсан юм. 2017 оны 11 сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг Туудан гэх газраас 4 тооны адуу алдсан Хүрэн халзан хөгшин бүдүүн гүү, Хээр бүдүүн гүү, Засмал дэлтэй хүрэн соёолон гүү, Хүрэн үрээ хязаалан настай алдсан 4-лээ зөв хаа гуян дээрээ хилтэй босоо дөрвөлжин тамгатай имгүй. Миний адууг тухайн үед Ж гэдэг хүн малладаг байсан тэгээд тэрнээс хойш адуу мал хаяад сураггүй алга болсон” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,
Гэрч С.Цолмонгэрэлийн мэдүүлсэн: “ ... Би 2018 оны 03 дугаар сард Улаанбаатар хот руу би ээжтэйгээ уулзах гээд явсан тэгээд Рагчаа гээд найзтайгаа уулзах гээд тэдний найз охин болох эмэгтэйгийн гэрт нь ирсэн гэрт нь Жагаа, Өнөө, Рагчаа найз охинтойгоо байсан. Тэгээд Жагаа, Өнөө 2 хоорондоо нэг адуу зарахаар болсон юм шиг байна лээ би яг юу ярьсаныг нь мэдэхгүй байна. Жагаагийн данс руу Өнөө 300000 мянган төгрөг хийсэн. Тэгээд Улаанбаатар хотоос бид нар гараад Угтаалцайдам сумруу явахдаа Өнөөгийн ахынд нь очиж хөдөө хоносон өглөө нь Угтаал сум ороод сумаас чанх хойшоо нэг айлд очсон хэн гэдэг айлд очсонг мэдэхгүй байна. 2 гэртэй эхнэр нөхөр 2 байсан. Тэгээд Ж адуугаа хөөж ирэхээр морь унаад явсан. Жагаа хүрэн азрагатай 10-аад тооны Цэндпүрэв гэдэг хүний адууг тууж ирээд 2 тооны адуу барьж аваад тэр айлын гадаа гаргаад махаа ачаад буцаад хот явсан. Хотод очоод Өнөө гэртээ махаа буулгасан цаашаа яваад би маргааш нь сумандаа ирсэн. Рагчаагийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан өөрөө бариад явсан. Цэндпүрэв гэдэг хүний адууг малладаг байсан. Угтаал болон Цээлийн нутгаар малладаг байсан тэдний адуунаас 2 адуу гаргасан. Нэг адуугаа Өнөөд зарсан эхлээд 300000 мянган төгрөг авсан дараа нь хэдийг авсан хэдээр тохирсонг мэдэхгүй байна. Нөгөө адууны махыг бэлгэнд Охиноо гээд Рагчаагийн найз охинд өгсөн. Хоёулаа хул адуу байсан нэг нь шүдлэн байц нөгөөх нь хязаалан байц байсан. Тамганы нэрийг нь мэдэхгүй байна хөзрийн дөрвөлжин шиг тамга байсан зөв талын гуяандаа. Тэр айлдаа үлдээсэн ширийг нь авч яваад замдаа Угтаал суманд зараад шатахуун хийсэн хэдээр зарсан гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-04 тал/,
Гэрч Б.Рагчаагийн мэдүүлсэн: “...Би 2018 оны 03 дугаар сарын дундуур би УБ хотод толгойтод найз охин болох Отгонцэцэг гээд эмэгтэйгийн гэрт нь Цолмонтой цуг байсан. Тэгсэн Ж надруу залгаад найзуудтайгаа 21-р хороололд байна хүрээд ир гэсэн. Тэгээд бид 3 очсон тэгтэл нэг марк 2 машинтай гудманд найзуудтайгаа байсан. Өнөболд гэх залууд адуу зарна гээд хоорондоо ярьсан байсан. Тэгээд намайг машинтай яваад өгчих очоод ачаад ирье гэсэн. Тэгээд Цолмон болон найз охинтойгоо Өнөболд, Ж бид 5 явсан. УБ хотоос өдөр гарсан. Төв аймгийн Угтаалцайдам сумруу гараад Өнөболд гэх залуугийн ахынд Атарын урд хөдөө очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Угтаал сумруу явсан сумын төвөөс чанх хойшоо дайраад гарсан тэгээд ямар нэртэй газар гэдгийг мэдэхгүй байна нэг айлд очсон тэгээд очоод Ж айлаас морь унаад адуу авчирахаар явсан. Тэгээд 2-3 цагийн дараа эргэж ирээд адуугаа олоогүй гээд тэр айлын залууг адуунд явуулсан тэгээд тэр нь 10 гаран тооны адуу авчирсан тэгээд тэндээс нэг хүрэн даага болон шар шүдлэн үрээ барьж аваад тэр 2 адууг тэр айлынхаа гадаа янзалсан тэгээд би өөрийнхөө тээврийн хэрэгслийн багажинд ачаад Угтаал сумын төв ороод хоёр арьсаа нэрийг нь мэдэхгүй дэлгүүрт 20000 мянган төгрөгөөр өгсөн тэгээд машиндаа бензин хийсэн тэгээд цагдаагаас бичиг авахгүй юм уу гэж асуутал одоо гайгүй орой болсон юм чинь мөн хулгайн адуу биш юм чинь гэж хэлээд тэгээд Улаанбаатар хот руу давхиад Сонсголон ороод Өнөболдын гэрт нь буулгасан тэгээд би гэртээ харьсан. Би хулгайн адуу гэдгийг мэдэхгүй байна өөрийнхөө адуунаас авч байна гэж хэлсэн. Би явахдаа 40000 мянган төгрөгөөр шатахуун хийсэн надад анх явахдаа нэг хонь өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-05 тал/,
Гэрч Д.Мөнхчулууны мэдүүлсэн: “ ...2017 оны 12 дугаар сард санагдаж байна яг хэдний үед гэдгийг нь санахгүй байна. Би сумандаа ажил дээрээ байсан адуундаа явж байгаа гээд ирсэн. Театра гээд залуутай цуг ирсэн. Тэгээд би ажил тараад нэг шил архи авч өгөөд сургуулийн цаашаа айлд очиж хонолоо гээд явсан. Маргааш нь манай гэрт Жагаа нөгөө хүнтэйгээ цуг ирсэн би ажил дээрээ очоод тэгээд мөнгө хэрэгтэй байна семинарт явах гэсэн юм байна уу гэхэд та зүгээр хямдхан 400000 мянгад гүү ав гэсэн тэгээд би авахаар болоод зогсож байхад Нямлхагва цэнхэр портертой ирсэн. Би ах нь Жагаагаас адуу авах гэсэн юм яваад өгөөч гэсэн тэгээдз зөвшөөрөөд явсан. Тэгээд тэр хоёр хоорондоо наймаа хийсэн. ...Тэр хооронд Жагаа яваад адуугаа хурааж ирсэн гараад хартал хүрэн зээрд азрагатай 30-аад тооны адуу байсан тэгээд Энхбатын хашаанд хашаад надад хүрэн гүү барьж өгсөн. Засмал дэлтэй хүрэн гүү барьж өгсөн. Нямлхагвад хүрэн үрээ барьж өгсөн эмнэг үрээ байсан” гэх мэдүүлэг /хх-40 тал/,
Гэрч Ж.Энхбатын мэдүүлсэн: “ ...Тэгээд өдөр би гэртээ ганцаараа байхад Жагаа гэх залуу ганцаараа адуугаа туугаад манай гадаа ирээд хонины цагаан хашаанд хашаад араас нь Сүмбэр сумаас Чука гэх залуу Нэмэхээ гэх залуутай мөн Улаанаа гэх 3 залуу цэнхэр өнгийн портертэй ирсэн тэгээд Жагаа хашаанд ороод хүрэн зүсмийн адуу 2-ыг барьсан тэгээд нөгөө адуугаа машинд ачуулаад Сүмбэр сумын чиг явсан. Жагаа тэр өдөртөө манай гэрт надтай хоноод маргааш өглөө нь явсан. Адуугаа тэгээд тэндээ орхисон. Угаасаа адуу нь манай тэр хавиар байдаг. Жагаа миний өөрийн адуу гэж хэлсэн. Хүрэн азаргатай нилээн өтгөн адуу 30-аад тооны адуу байсан. Дан бараан адуу байсан. Дараа нь Эрхэмээ гээд ах манайд идэшнийхээ адууг авах гээд манай ард ирсэн тэдний адууг Гүүеээ гээд ах хардаг болсон гээд бөөгнүүлээд адуу аваад явсан би тэр үед Жагааг миний адуу гээд 2 адуу ачуулаад явсан гэж хэлсэн” /хх-43 тал/,
Гэрч Д.Өнөрболдын мэдүүлсэн: “ ... 2018 он гараад удаагүй байсан санагдаад байна он сараа сайн санахгүй байна ямар ч байсан адуу зарах гэж байна авах хүн байна уу гэхээр нь би тухайн үед манайх идшээ хийгээгүй байсан ба ар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад нэг адуу авахаар болсон юм. Тэгээд би Жд чи өөрөө дөхүүлж өгөх юм байгаа биз дээ гэхэд надад унаа тэрэг байхгүй гэсэн ба би өөрийн таньдаг дүү Рагчааг гуйж түүний приус маркийн машинтай Рагчаа, Цолмонгэрэл, Ж Рагчаагийн найз охин гээд нэг хүүхний хамт Төв аймгийн Угтаалцайдам сумаар дайраад хөдөө айлд очсон тэгээд Ж морьтой явж 8-9 орчим тооны адуу тууж ирээд 2 тооны багавтар адуу бариад тэр айлынхаа гадаа гаргаад машиндаа ачаад Улаанбаатар хот орж ирсэн. Тэгээд би Жд махны мөнгө болох 300000 төгрөгийг бэлнээр өгч байсан юм” /хх-46 тал/,
Гэр Б.Нямлхагвагийн мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 болон 12-р сарын үеэр яг хэдэн сар гэдгийг санахгүй байна. Манай Төв аймгийн Сүмбэр суманд ирчихсэн байсан. Би сумын төвд машинтай явж байгаад таарсан тэгээд бид 2 уулзаад дэмий ярьсан би 1-2 шил архи авч өгсөн тэгээд би адуу малны хэрэг байна ахдаа ганц адуу байвал хэрэглүүлээч гэсэн. Тэгтэл нэг үрээ байгаа та 300000 мянгаар ав гэсэн. Тэгээд би Жаргалсайхны унаж байгаа морийг нь машин дээрээ ачаад Ж болон Мөнхчулуун бид 3 Сүмбэр сумын Туудан гэх газарлуу Жаргалсайхны адуу руу явсан тэгээд Энхбат гэдэг айлын гадаа очсон гэрт нь Энхбат өөрөө байсан тэгээд Ж хүрэн голдуу 10 гаран тооны адуу тууж ирээд Энхбатын хонины хашаанд хийж байгаад хүрэн үрээ, болон хүрэн гүү барьсан тэгээд би хүрэн үрээг нь авсан Мөнхчулуун нөгөөхийг нь авсан” /хх-74 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Ц.Эрхэмбатын өмчлөлийн 2 тооны адууны үнэлгээний тайлан/хх-08-14 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-30 тал/, Төв Ц.Эрхэмбатын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-31-32 тал/, Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Ц.Эрхэмбатын өмчлөлийн 4 тооны адууны үнэлгээний тайлан/хх-48-54 тал/, Мал тэжээвэр амьтадын тооллого/хх-81-89 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Аадгайн даваа гэх газраас иргэн Ц.Эрхэмбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1421660 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Дамжин гэх газраас иргэн Ц.Эрхэмбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1950000 төгрөгийн хохирол учруулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь 2017 оны 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Туудан гэх газарт иргэн Ц.Эрхэмбатын малыг маллаж байхдаа өөрийн хариуцсан малнаас 2 тооны адууг Нямлхагва, Мөнхчулуун нарт худалдаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад 1801667 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
“Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна” гэж хуульчилсан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Н.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Ж нь бусдын малыг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг түүнд хуульд заасан ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал хүсэлт гаргасан тул шүүх тэдгээрийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд завсарлуулсан.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Н.Ж нь гэмт хэрэг үйлдэж хохирол 5173327 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь ХААН банкны гүйлгээний баримт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ж-аас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Н.Ж-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр сарын 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр сарын 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан 560 /таван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ж-д авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ