Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/331

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

насанд хүрээгүй хохирогч А.Тэгшжаргалын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Амгаланбаатар,

насанд хүрээгүй хохирогч Б.Амин-Одын хууль ёсны төлөөлөгч С.Батбаяр,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-т холбогдох эрүүгийн 1934004560382 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Я овгийн Д.Н, Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Манзушир өргөө 1 байр, 74 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Н нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолт” гэх газар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 88-98 ОРХ улсын дугаартай “Тоёото Ланд Круйзер Прадо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7/а заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч А.Тэгшжаргал, Б.Амин-Од нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу дахин ийм үйлдэл гаргахгүй гэм буруудаа гэмшиж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Тэгшжаргалын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө утас дуугарч утсаа авахад түргэний эмч байна та яаралтай ирнэ үү гэж хэлэхээр нь мэдсэн. Очиход машин онхолдсон байсан 2 хүүхэд гэмтэж эхнэр мөн гэмтсэн байсан. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Амин-Одын хууль ёсны төлөөлөгч С.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө над руу 2,3 удаа залгасан байсан. Тэгээд буцаагаад залгатал гэмтэл дээр байна. Осол гаргачихсан гэж хэлсэн. Тэгээд би очсон. Эмчилгээ хийлгээд манай хүүхэд 12 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

            Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03-04 тал/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал / хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-06 тал/, Төв аймаг Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Хоолтын даваа “Арга билиг” сувилалын газрын ойролцоо хойд талд нь  88-98 ОРХ улсын дугаартай автомашин онхолдож ЗТО гаргасан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт/хх-07-11 тал/, насанд хүрээгүй хохирогч А.Тэгшжаргалын хууль ёсны төлөөлөгч М.Амгаланбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-17 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Амин-Одын хууль ёсны төлөөлөгч С.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-22 тал/,  иргэний нэхэмжлэгч М.Амгаланбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №385 дугаар дүгнэлт /хх-31 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №384 дугаар дүгнэлт /хх-34 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №383 дугаар дүгнэлт /хх-36 тал/, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №67 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-38 тал/, Д.Нийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-50 тал/, шүүгдэгч Д.Н-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Н нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолт” гэх газар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 88-98 ОРХ улсын дугаартай “Тоёото Ланд Круйзер Прадо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7/а заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч А.Тэгшжаргал, Б.Амин-Од нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03-04 тал/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал / хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-06 тал/, Төв аймаг Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Хоолтын даваа “Арга билиг” сувилалын газрын ойролцоо хойд талд нь  88-98 ОРХ улсын дугаартай автомашин онхолдож ЗТО гаргасан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт/хх-07-11 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №385 дугаар “1.Б.Амин-Одын биед элэг задрал, хэвлийн цус алдалт, няцрал, тархинд цус хуралт, эд няцрал, духанд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт, баруун зүүн өвдөгөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-31 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №383 дугаар “1. А.Тэгшжаргалын биед суурь ясны хугарал, тархины няцрал, дух, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-36 тал/, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №67 дугаар шинжээчийн “Хариулт 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд “Toyoto land cruiser Prado3 88-98 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй(жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.  Хариулт 2. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд “Toyoto land cruiser Prado3 88-98 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй(жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэх дүгнэлт /хх-38 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Д.Н нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолт” гэх газар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө 88-98 ОРХ улсын дугаартай “Тоёото Ланд Круйзер Прадо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7/а заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч А.Тэгшжаргал, Б.Амин-Од нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Д.Н нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Д.Н-ийн №859285 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Я овогт Д.Н-ийг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 2 хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Д.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Д.Н-ийн №859285 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ