| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0335/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/333 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-д холбогдох 1934009620438 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н.Х, Монгол улсын иргэн, 1994 оны 10 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Бугант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хэсэг Их дарь эх 3-148 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, ялыг 6 сараар хойшлуулж байсан гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Н.Х нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн З.Энхбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. .
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Н.Х-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч З.Энхбаатарын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-02 тал/, хохирогч З.Энхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06-07 тал/, гэрч Т.Өмөрхаанаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, гэрч Э.Хонгорзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-22 тал/, гэрч О.Дамдинсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-25 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12501 дугаар дүгнэлт /хх-28 тал/, “Мастер Үнэлгээ” ХХК-ны гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан/хх-30 тал/, Н.Х-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-42 тал/, жолоочийн лавлагаа /хх-50 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-60-61 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол/хх-62 тал/, шүүгдэгч Н.Х-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Х-эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Н.Х нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн З.Энхбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч З.Энхбаатарын мэдүүлсэн: “... Араас Өмөрхаан гарч ирээд юм ярьж зогсож байгаад бид 2 муудалцсан. Намайг түлхээд бид хоёр барьцалдаж аваад зодолдох гэж байтал гэрээс нөгөөдүүл гарч ирж бид хоёрыг салгасан. Тэгээд Х дундуур орж ирээд намайг нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд нөгөө хэд салгаад би Энхбаяртай цуг хот руу буцах гээд машинд нь суугаад явж байтал Өмөрхаан арын суудалд сууж явсан бид 2 бас муудалцаж хот руу явахаа больж буцаж Дамдинсүрэнтэй амралтанд ирж машин дотроо унтаж өглөө болгосон. Тэгээд сэрээд машинаа харсан чинь миний машины урд талыг эвдсэн байсан. Дамдинсүрэн явж байхад намайг миний машинтай ирж авсан ирэх замдаа машины урд гуперыг эвдсэн гэсэн. Тэгээд би машинаа бариад Батсүмбэрийн цагдаа дээр ирж гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/,
Гэрч Т.Өмөрхааны: “ ... Би тэгээд нэгнийх нь төрсөн өдөр болж байхад чи одоо больчих гэсэн тэгсэн би тоглож байхад над руу дайраад байна ш дээ би явлаа гээд машин руугаа явахаар нь чи согтуу машин барьж болохгүй гэсэн чинь намайг цохиод авахаар нь би түлхээд унагаасан тэгсэн. Араас нөгөө хэд маань гарч ирээд бид хоёрыг салгасан. Энэ үед Хайраат чи одоо больчих тэгэх үү гээд ярилцаж байснаа хоорондоо зодолдсон бид нар салгаж Энхбаатар бид хоёрыг найз Энхбаяр аваад хот руу явсан. Замдаа надтай маргалдаад байсан чинь Дамдинсүрэнг дуудаж Энхбаатарыг буцаад амралт руу өгч явуулсан” гэх мэдүүлэг/хх-13 тал/,
Гэрч Э.Хонгорзулын мэдүүлсэн: “ ... Тэгээд бид нар тэндээ наргиж, цэнгэж сууцгаасан тэр үед Дамдинсүрэн хотоос найз ирнэ гээд архи дарс уугаагүй байж байгаад нөгөө хотоос ирэх найз нь 00 цаг өнгөрч байхад ирээд тэгээд бүгдээрээ ууж сууцгаасан. Тэгж байтал Энхбаатар гэдэг залуу Хийг юм ярих болгонд нь л “дуугүй бай пизда минь гээд өдөөд байсан тэгээд ердөө болж өгөхгүй Энхбаатар бусад хүмүүс караоке дуулж байхад нь микийг нь салгаад тэр хавиар үймүүлээд бусдыг хоргоогоод байсан тэгсэн чинь манай нөхөр Х “ чи яагаад байгаа юм бэ зүгээр суу гээд Энхбаатарыг манай нөхөр Х хацар луу нь алгадаад авсан чинь Энхбаатар босож ирээд дээгүүр хувцасаа тайлж шидээд “манай аав амьд байхдаа намайг хэнд ч битгий дээрэлхүүлж байгаарай гэсэн гээд хоёулаа гараад үзчих үү гээд гадаа тэр хоёр гарч зодолдож эхэлсэн. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад Хийг гэрт оруулж Энхбаатарыг гадаа үлдээгээд гэрт орцгоосон. Энэ үед Энхбаяр Улаанбаатар хот руу Энхбаатар, Өмөрхаан хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч О.Дамдинсүрэнгийн мэдүүлсэн: “ ... Х нилээн ууртай гарч ирээд Энхбаатартай юм ярьж зогсож байснаа хоорондоо цохилцоод эхэлсэн. Тэгээд бас дахин салгаж Энхбаатарыг хот руу явуулсан. Замдаа Энхбаатар нөгөө найзтай маань муудалцаад байна гэхээр нь би Энхбаатарын машиныг унаад араас нь очихдоо буруу замаар орж гулгаж урьд гуперыг нь хагалсан. Очиход Энхбаатарыг аваад амралтын газар буцаж ирж машинд нь унтуулсан. Маргааш нь халамцуу намайг явъя гэхээр нь чи архи гарга тэгээд эд нарыгаа аваад явъя гэсэн чинь наадуулаа орхи хамт хоёулаа явъя гэсэн би явахгүй гэсэн чинь за та нар ийм зан гаргаж байгаа юм бол би машинаа унаад цагдаад очиж мэдэгдлээ гээд явсан” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12501 дугаар дүгнэлтэд 1.З.Энхбаатарын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэн, зүүн завж, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-28 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Х-ийн хохирогч З.Энхбаатарын эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэн, зүүн завж, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Н.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Н.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Х-эд сануулав.
Шүүгдэгч Н.Х-эд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ийг 500/таван зуун мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Х-ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Х-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ