Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/101

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-эд холбогдох эрүүгийн 1904001830106 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Г.

 Улсын яллагч                                              Д.А.

 Шүүгдэгч                                                 М.Т- нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр...........аймгийн..........суманд төрсөн, ........., ...................... .......... боловсролтой, мэргэжилгүй, ........., ам бүл г........, ....., .... оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ө- овгийн M- Т- /РД:...../

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.Т- нь ............оны ............дүгээр сарын .........-ний шөнө .......цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн .........дугаар хороо,................ тоотод байрлах хохирогч Л.Б-ийн гэрт “мотоциклоо өгчихгүй муу хуншгүй өвгөн, ямааны мөнгө өг” гэж маргалдан улмаар халуун тогооны тагаар хохирогч Л.Б-ийн толгойн тус газарт 2-3 удаа цохисны улмаас 4*0,2 см хэмжээтэй шарх, баруун болон зүүн гарын сарвуу ар хэсэгт мөн тогооны тагаар цохисны улмаас хаван бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.Т-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос ямааныхаа мөнгийг нэхэж, хэрүүл маргаан үүссэн. Бид хоёр ноцолдсон бөгөөд халуун тогооны тагаар толгой руу нь цохьсон. Тухайн үед хохирогч бид хоёр хоёулаа халамцуу байсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ...........оны ..........дүгээр сарын ........-ний орой гэртээ хэвтэж байхад ...........цагийн үед Т- гаднаас ганцаараа архи уучихсан орж ирсэн. Тэгээд намайг “хуншгүй өвгөн, би 7 хоног явган хонь хариулж байхад, мотоциклоо өгчихгүй” гээд над руу дайрсан. Тэгэхэд нь би “би чамд зөндөө л тус болж байсан, мотоцикл чинь дундуураа салчихсан байхад гагнаад хүртэл өгч байсан” гээд маргалдаж байхад Т- “тэгвэл чи надаас авсан ямааны мөнгөө өгөхгүй муу хуншгүй өвгөн” гээд намайг боогоод авсан. Тэгээд бид хоёр дээр доороо орж баахан заамдалцаж ноцолдож байгаад үүдний хэсэгт ирээд би ухаан орж гараад байсан. Тэгж байхад Т- намайг нэг юмаар толгой гар луу цохиод толгойноос цус гарсан. Анх Т- манайд орж ирээд надтай маргалдаад шууд намайг заамдаад боогоод авсан тэгэхээр нь би салгах гэж бид хоёр нилээн удаан дээр доороо орж ноцолдсон. Тэгээд гэрийн үүдний хэсэгт очиход Т- миний толгой, шанаа хэсэг, гарын шуу руу нэг юмаар нилээн олон удаа цохьсон. Манай халуун тогооны таг ирмэгүүд шамбийж хэлбэрээ алдсан байсан, Т- намайг тэр тогооны тагаар зодсон байх. Т- 2019 оны 9 сарын 26-ны өдөр манай эхнэр Туяагийн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр 150.000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24/

Мөрдөн байцаалтад гэрч Д.О-ын мэдүүлсэн: “..............оны ...........дүгээр сарын .........-ний өдөр манай хаалгыг хүн нүдсэн. Би босоод хаалга онгойлгоход Б-ийн нүүр нь цус болчихсон зогсож байсан. Тэгээд намайг гэрт хүн зодчихлоо гэж байсан. Б-э ахын толгой нь хагараад цус гарчихсан, нүүр нь цус болчихсон бас хоёр гар нь шуу хэсгээрээ пэмбийгээд хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.С-ийн мэдүүлсэн: “...Тэр орой манайх амрах гээд орондоо орчихсон байхад манай хаалгыг хүн нүдээд байсан. Манай нөхөр босоод хаалга тайлаад гадаа байж байснаа орж ирээд “Б-э ахыг хүн зодсон гэнээ тэгээд толгойноос нь цус гарчихсан байна гээд ус аваад угааж өгөхөөс” гээд гарсан. Би цагдаа дуудсан. Манайд Б-э ах орж ирээгүй, цус нөжтэй нялх хүүхэдтэй айлд орохгүй ус аваад ир гэсэн гээд манай нөхөр л гадаа уулзсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №09шэ/223 дугаартай дүгнэлтэд: “Л.Б-ийн биед духны зүүн хэсэгт язарсан шарх, баруун болон зүүн гарын сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш- гэжээ. /хх-ийн 43/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Ш-гийн мэдүүлсэн: “...Хохирогч Л.Б-ийн биед учирсан духны язарсан оёдолтой шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун болон зүүн гарын сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан талаарх “...Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайн 30 тоотод Б-э зодуулсан байна...” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 2/

Хохирогч Л.Б-ийн нүүр болон гар хэсгийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 5/

Шүүгдэгч М.Т-ийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “М.Т-ийн согтуурлын зэрэг 1.08 хувьтай” гэжээ. /хх-н 6-7/

Хохирогч Л.Б-ийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Л.Б-ийн согтуурлын зэрэг 0.051 хувьтай” гэжээ. /хх-н 5/,

Хохирогч Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 14,16-ны өдрүүдэд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтэд “Т- нь эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн, бид хоёр эвлэрсэн, гомдол саналгүй, би ажил ихтэй тул шүүх хуралд суух боломжгүй” гэжээ. /хх-н 84-85/

Цагдаагийн албан хаагч а/а Л.Х….. “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний орой 22 цаг 30 минутад жижүүрээс 2 дугаар хороонд зодуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу д/а O-ын хамт 2 дугаар хороо Уурхайчдын 41 тоотод очиход 60 орчим насны эрэгтэй хүн толгой, нүүрэн хэсэг болон хоёр гар нь гэмтэл авсан байна. Б-ээс хэнд зодуулсан талаар асуухад “намайг Т- орж ирээд боож унагаад зодсон, юугаар зодсоныг мэдэхгүй байна, би ухаан алдсан байсан” гэж мэдүүлсэн...” гэжээ. /хх-ийн 8/

Шүүгдэгч М.Т- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 68/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 71-76/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 65/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 66/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч М.Т- нь ..............оны ............дүгээр сарын ............-ний орой ..........цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчин хэсгийн 41 тоотод байрлах хохирогч Л.Б-ийн гэрт “мотоциклоо өгсөнгүй, хуншгүй өвгөн, ямааны мөнгө өг” гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар халуун тогооны тагаар хохирогч Л.Б-ийн толгой болон зүүн, баруун гарыг нь хэд хэдэн удаа цохисны улмаас түүний духны зүүн хэсэгт 4*0,2 см хэмжээтэй язарсан шарх, баруун болон зүүн гарын сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хохирогчтой ноцолдож байхдаа халуун тогооны тагаар толгой руу нь цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Л.Б-ийн “Т- гаднаас ганцаараа архи уучихсан орж ирсэн. Тэгээд намайг “хуншгүй өвгөн, мотоицклоо өгсөнгүй, ямааны мөнгө өг” гээд намайг боосон, миний ухаан орж гараад байсан. Т- намайг нэг юмаар толгой гар луу цохиод толгойноос цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-24/, гэрч Д.О-ын “Б-э ах хүнд зодуулчихлаа гээд толгой нь хагараад цус гарчихсан, нүүр нь цус болчихсон бас хоёр гар нь шуу хэсгээрээ пэмбийгээд хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Д.С-ийн “Манай нөхөр босоод хаалга тайлаад гадаа байж байснаа орж ирээд Б-э ахыг хүн зодоод толгойноос нь цус гарчихсан байна гээд ус аваад угааж өгөхөөс гээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39/, шинжээч эмч Ө.Ш-гийн мэдүүлсэн “хохирогч Л.Б-ийн биед учирсан духны язарсан оёдолтой шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун болон зүүн гарын сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн гэмтлүүд нь  гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №09шэ/223 дугаартай дүгнэлт /хх-ийн 43/, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Т-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Л.Б-э, гэрч Д.О-, Д.C- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч М.Т- нь хохирогч Л.Б-этэй мөнгө төгрөгний асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

Иймд М.Т-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн духны зүүн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Т- нь хохирогчийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн байна. /хх-н 24, 84-85/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

М.Т- нь “ам бүл ганцаараа амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, мал малладаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр хамгийн сүүлд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба уг хугацаа нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна. М.Т- нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардал болох 250.000 төгрөгийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас М.Т-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.Т-эд     500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

 Шүүхэд М.Т- нь торгуулийн ялыг хэрхэн төлөх талаар санал хүсэлт гаргаагүй байх тул уг торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө- овгийн M- Т-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө- овгийн M- Т-ид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг М.Т-ид мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Т-ид мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.Т-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Т- нь хохирогч Л.Б-ийн эмчилгээний зардалд 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг төлснийг дурдсугай.
  7. М.Т-ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА