Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/102

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А­­­- холбогдох эрүүгийн 1904001480103 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Ц

 Шүүгдэгч                                                  Б.А……нар оролцов.

 

Монгол улсын иргэн, …оны … дүгээр сарын …-ны өдөр ….. аймгийн ….. суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс…… , …. настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, групптэй, ам бүл .., эхнэр,…. хүүхдийн хамт…………, ………, …..овгийн Б…..ийн А…… /РД:ПБ……../

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.А­­­- нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их-Шар” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.O­­­- тоглож “тамхилъя” гэж хэлээд гараараа түүний бэлэг эрхтнээс базаж түүний биед зүүн төмсөгний няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.А­­­-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Их шар гурилын дэлгүүр дотор тэр хүүхэдтэй тоглоод “тамхилъя” гээд төмсгийг нь базсан. Би хувиараа таксинд явдаг, O­­­- тухайн хүнсний дэлгүүрт ачигчийн ажил хийдэг. Би “Их шар” дэлгүүрээс гурил будаа авахад O­­­- ачиж зөөж өгдөг байсан. Тухайн дэлгүүрээр хааяа орж гарахдаа O­­­-ыг “авгай авах болж байна уу? тамхи нь том болж байна уу?” гэх зэргээр тоглодог байсан. O­­­- ч гэсэн “ах пиво ууя” гэдэг байсан. Хохирол төлбөрт 1.050.000 төгрөг өгсөн. Би өөрийн буруугаа ойлгож байна, цаашид ийм алдаа дахин гаргахгүй. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.O­­­-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би “Их-Шар” гурилын дэлгүүрт ажиллаж байсан. Дэлгүүрийн эзэн Д…..а ах дэлгүүр дээр гурил ирэхээр дууддаг байсан. Нэг өдөр дэлгүүрт Д­­­- ах, дэлгүүрийн үйлчлэгч ногоо зардаг Т...... нарыг байхад Д­­­- ахын найз А­­­- ах дэлгүүрт орж ирээд миний араас “том байна уу, жижиг байна уу” гэж хэлээд төмсөгнөөс гараараа чанга базсан. Тэр үед миний төмсөг аймар их өвдсөн. Би А­­­- ахад төмсөг өвдөөд байна гэж хэлэхэд А­­­- ах миний хэлснийг тоолгүй дэлгүүрээс гараад явчихсан. Тэр оройдоо миний төмсөг хавдсан. Төмсгөө базуулахаас өмнө төмсгөөр өвддөггүй байсан. А­­­- ах хааяа дэлгүүрт орж ирэхээрээ над руу “тамхилъя” гэж хэлээд миний бэлэг эрхтэнд гараараа хүрч тоглодог байсан. Би төмсгөө гэмтээсэн талаар хүмүүст нуугаад хэлээгүй, яагаад гэвэл би ичээд байсан. Би хамгийн анх 1 дүгээр хорооны өрхийн эмнэлэг дээр 2019 оны наадмын үеэр очиж эмчид төмсгөө үзүүлээд дараа нь хагалгаанд орж нэг төмсгөө авахуулсан. Тэр эмч миний талаар манай ах дүү нарт хэлсэн. А­­­- ах миний төмсөгнөөс базах үед миний төмсгөөр аймар их өвдсөн. Би тухайн үед “ёо ёо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Г­­­-ийн мэдүүлсэн: “...O­­­- дэлгүүрийн бараа ачигчийн ажил хийдэг байсан. А­­­- нь манай дэлгүүрээр орж гараад л явдаг. 2019 оны 7 дугаар сард наадмын дараахан O­­­-ын эгч нь манай дэлгүүрт орж ирээд “манай дүүгийн төмсгийг гэмтээсэн байна, одоо хагалгаанд орох гэж байна” гэж хэлээд А­­­-ийн гар утасны дугаарыг нь аваад явсан. А­­­-, O­­­- нар тоглосон байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Х­­­-ны мэдүүлсэн: “...Миний төрсөн дүү Б.O­­­- нь Багануур дүүргийн “Хар хорин” дэлгүүрийн хажуугийн гурилын дэлгүүрт ажилладаг. 2019 оны 7 дугаар сард /өдрийг нь мэдэхгүй/ дэлгүүрийн эзэн Д­­­-гийн найз А­­­- гэгч манай дүүгийн төмсгийг базаж биед нь гэмтэл учруулсан байна лээ. Одоо манай дүүгийн биеийн байдал тааруухан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Манай дүү хэл муутай ярьж чаддаггүй учраас 70 хувийн групптэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Д­­­-ийн мэдүүлсэн: “...Дэлгүүрийн гаднаас А­­­- орж ирээд O­­­- дээр очоод “алив тамхилъя” гэж хэлээд O­­­-ын салтаа руу гараа явуулж байсан. Тэгтэл O­­­- “ёо ёо” гэж байсан. O­­­-, А­­­- хоёр хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй,  тамхилъя гэж тоглож байгаад төмсгийг нь гэмтээсэн байх. Удаагүй А­­­- дэлгүүрээс явсан. А­­­- тоглож байгаад тийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.М­­­-ийн мэдүүлсэн: “...Хорооны эмнэлгээр орж Оюун эмчтэй уулзсан тэгтэл Оюун эмч надад “O­­­- над дээр ирж үзүүлсэн, O­­­-ын төмсөг нь хавдаад аягүй том болчихсон” талаар хэлсэн. O­­­- Багануурын эмнэлэгт хагалгаанд орсон. O­­­- надад төмсгөө гэмтээсэн талаараа хэлээгүй, надаас ичсэн байх, ах нартаа хэлсэн байх...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Д­­­-хүүгийн мэдүүлсэн: “...А­­­- дэлгүүрийн үүдээр орж ирээд O­­­-ын урдуур өнгөрөхдөө түүний эмзэг эрхтэн орчим нь “алив нэг тамхилъя” гэж хэлээд гараараа хүрсэн. Тэр үед O­­­- А­­­-ийн гарыг хоёр гараараа хааж байсан. Дэлгүүрт ямар ч маргаан болоогүй. Урд нь А­­­-, O­­­- нар тоглодог байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33/

Мөрдөн байцаалтад гэрч Д.О.....ийн мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байхад O­­­- гэдэг эрэгтэй ирж биеэ үзүүлсэн. Тухайн өдөр O­­­- надад зовиураа хэлэхдээ хэвлий орчмоор өвдөж байна гэж хэлсэн. Тэр өдөр төмсөг өвдсөн талаар огт дурсаагүй. Би түүнд шинжилгээ хийлгээд буцаад ир гээд явуулсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дахин над дээр O­­­- ирж биеэ үзүүлсэн. Тэрээр мөн зовиураа хэлэхдээ хэвлий орчмоор өвдөөд байна гэж хэлж байснаа миний энэ өвдөөд байна гэж хэлээд эмзэг эрхтнээ заасан. Би түүний биед үзлэг хийхэд нэг төмсөг нь /аль төмсгийг нь санахгүй байна/ хавдаад улаан хүрэн өнгөтэй болчихсон байсан. Би түүнээс яагаад гэмтсэн талаар асуухад надаас болсон асуудлаа нуугаад ч байгаа юм уу, надад үг хэлээгүй. Би түүнийг мэс заслын эмчид үзүүлэх талаар хэлээд өрөөнийхөө цонхоор эмнэлгийн хүлээн авах орох замыг зааж өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр O­­­- над дээр эгчтэйгээ хамт ирсэн. Төмсөг гэмтэж хавдсан тохиолдолд хөндүүрлэх, гишгэж алхах үед зовиурлах, хэвлий орчмоор зовиур үүсэх магадлалтай...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40/

Шинжээч эмч Ө.Ш­­­-ийн мэдүүлсэн: “...Хохирогч Б.O­­­-ын эрүүл мэндэд учирсан зүүн төмсөгний няцрал гэмтэл нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг хохирогчийн төмсгөнд цохих, цохигдох, базах, нидрэх гэх мэт гадны биет хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.O­­­-ын зүүн төмсөг гэмтсэнээс болж мэс засалд орж зүүн төмсгийг авсан. Дээрх зүүн төмсөгний гэмтэл нь ердийн явцаар эдгэрэх боломжгүй мэс засалд орох шаардлагатай гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 72/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн №09шэ/184 дугаартай дүгнэлтэд: “Б.O­­­-ын биед зүүн төмсөгний няцрал, /төмсөг авагдсан байдал, хагалгааны дараах шарх/ гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, тухайлбал: базах, цохих, цохигдох гэх мэт. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох журмын 3.5.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 69/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай дүгнэлтээр “хохирогч Б.O­­­- нь сэтгэцийн хувьд өвчтэй байна. Болсон үйл явдлыг өөрийн сэтгэхүйн хүрээнд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай. Б.O­­­- нь одоогоор оюун ухааны хүндэвтэр хэлбэрийн хомсдол эмгэгтэй байна. Б.O­­­- нь хэрэг хариуцах чадваргүй болно...” гэжээ. /хх-ийн 76-77/

Хохирогч Б.O­­­-ын өвчний түүх, мэс заслын тэмдэглэл. /хх-ийн 42-68/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х­­­-ны шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “миний бие нь А­­­-ээс эмчилгээ болон өмгөөлөгчийн зардалд 1.050.000 төгрөг авсан тул гомдол саналгүй. Би ажилтай байгаа болохоор шүүх хуралд оролцох боломжгүй тул бидний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ./хх-н 128,135-136/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...ПБ....... регистрийн дугаартай Шар тоосынхон овгийн Бүргэдийн А­­­-...” гэжээ. /хх-ийн 94/

Шүүгдэгч Б.А­­­- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 97/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.А­­­- нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их-Шар” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.O­­­-т “тамхилъя” гэж хэлээд гараараа түүний бэлэг эрхтнээс базаж түүний биед зүүн төмсөгний няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А­­­-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Их шар” гурилын дэлгүүр дотор O­­­- тоглоод, тамхилъя гэж хэлээд төмсгийг нь базсан” гэсэн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад хохирогч Б.O­­­-ын “А­­­- ах дэлгүүрт орж ирээд миний араас “том байна уу, жижиг байна уу” гэж хэлээд төмсөгнөөс гараараа чанга базсан. Тэр үед миний төмсөг аймар их өвдсөн. Тэр оройдоо миний төмсөг хавдсан бөгөөд хурдан алхахад өвдөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/,

-насанд хүрээгүй гэрч Г.Г­­­-ийн “2019 оны 7 дугаар сард наадмын дараахан O­­­-ын эгч нь манай дэлгүүрт орж ирээд “манай дүүгийн төмсгийг гэмтээсэн байна, одоо хагалгаанд орох гэж байна” гэж хэлээд А­­­-ийн гар утасны дугаарыг нь аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

-гэрч Б.Х­­­-ны “2019 оны 7 дугаар сард дэлгүүрийн эзэн Д­­­-гийн найз А­­­- гэгч нь манай дүүгийн төмсгийг базаж биед нь гэмтэл учруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

-гэрч Л.Д­­­-ийн “А­­­- дэлгүүрт орж ирээд O­­­- дээр очоод “алив тамхилъя” гэж хэлээд салтаа руу нь гараа явуулж байсан. Тэгтэл O­­­- “ёо ёо” гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26/

-гэрч Ц.М­­­-ийн мэдүүлсэн: “...Өрхийн эмч Оюунтай уулзахад “O­­­-ын төмсөг нь хавдаад том болчихсон” талаар хэлсэн. O­­­- надад төмсгөө гэмтээсэн талаараа хэлээгүй, надаас ичсэн байх...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30/

-гэрч Ц.Д­­­-хүүгийн мэдүүлсэн: “...А­­­- дэлгүүрт орж ирээд O­­­-ын урдуур өнгөрөхдөө “алив нэг тамхилъя” гэж хэлээд түүний эмзэг эрхтэнд гараараа хүрсэн. Тэр үед O­­­- А­­­-ийн гарыг хоёр гараараа хааж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33/,

-гэрч Д.Оюунгэрэлийн мэдүүлсэн: “...O­­­- нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үзүүлэхдээ хэвлий орчмоор өвдөж байна гэж хэлэхээр нь шинжилгээ хийлгээд буцаад ир гээд явуулсан. 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дахин үзүүлэхдээ хэвлий орчмоор өвдөөд байна гэж хэлж байснаа миний энэ өвдөөд байна гэж хэлээд эмзэг эрхтнээ заасан. Би түүний биед үзлэг хийхэд нэг төмсөг нь хавдаад улаан хүрэн өнгөтэй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40/,

-хохирогч Б.O­­­-ын биед зүүн төмсөгний няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн №09шэ/184 дугаартай дүгнэлт /хх-ийн 69/,

-шинжээч эмч Ө.Ш............ нь гаргасан дүгнэлтийнхээ агуулга, үндэслэлийг тайлбарласан “...Б.O­­­-ын эрүүл мэндэд учирсан зүүн төмсөгний няцрал гэмтэл нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг хохирогчийн төмсгийг базах, нидрэх гэх мэт гадны биет хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн төмсөгний гэмтэл нь ердийн явцаар эдгэрэх боломжгүй мэс засалд орох шаардлагатай гэмтэл” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 72/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй гэрч Г.Г........, гэрч Б.Х­­­-н, Л.Д........., Ц.М­­­-, Ц.Д­­­-хүү, Д.О......... нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.2, 25.3 дахь зүйлүүдэд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан, бусад гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийн үнэн зөвийг давхар баталсан байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтийнхээ үндэслэл болон агуулгыг тайлбарлан мэдүүлсэн байна.

 

Иймд дээрх нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтууд гэж дүгнэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А­­­-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг дүгнэхэд шүүгдэгч нь “хохирогчийн төмсгийг базах” үйлдлээ “тамхилах” гэсэн тоглоом наргиа болгон ойлгож, түүний улмаас хохирол учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч  тухайн хор уршгийг зориуд хүсч үйлдээгүй байна.

Иймд Багануур дүүргийн Прокурорын газраас Б.А­­­-ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Б.А­­­-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед зүүн төмсөгний няцрал бүхий хүнд хохирол учирсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.O­­­- нь шүүх сэтгэцийн шинжилгээний төлбөр 55.000 төгрөг, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсний төлбөр 150.000 төгрөг, “Дакал фарма” эмийн сангаас 2.675 төгрөгийн эм тариа, “Эн Ар Би” эмнэлгийн лабораторийн үйлчилгээний төлбөр 270.000 төгрөг, Багануур Улаанбаатар хооронд шатахууны төлбөр 71.200 төгрөг нийт 548.875 төгрөгийн баримт ирүүлжээ. /хх-н 7-11/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х­­­-ны шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “миний бие нь А­­­-ээс эмчилгээ болон өмгөөлөгчийн зардалд 1.050.000 төгрөг авсан тул гомдол саналгүй. Би ажилтай байгаа болохоор шүүх хуралд оролцох боломжгүй тул бидний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-н 128, 125-126, 135-136/ Иймд шүүгдэгч Б.А­­­-ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгч Б.А­­­- эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Б.А­­­- “шулуун гэдэсний өмөн 3 дугаар үе шат өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, группэд байдаг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Улсын яллагчаас Б.А­­­- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүхээс оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын ноцтойг харгалзан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж эдлүүлэх үндэслэлтэй байх боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлжээ. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардал болох 1.050.000 төгрөгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Б.А­­­- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зохистой гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д шүүгдэгчид эрх хасах ял зайлшгүй оногдуулахаар  заасан. Гэвч шүүгдэгч А­­­-ийн үйлдэлд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай эрхийг үндэслэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн шинж байхгүй тул эрх хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял хэрэглээгүй ба харин шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээг сонгож хэрэглэсэн болно.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч .............. овгийн Б..... ийн А­­­-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ........ овгийн Бүргэдийн А­­­- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Шар тоосынхон овгийн Бүргэдийн А­­­-ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  4. Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.А­­­-  мэдэгдсүгэй.
  5. Б.А­­­- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А­­­- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А­­­- нь хохирогч Б.O­­­-ын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 1.050.000 төгрөг төлснийг дурдсугай.
  8. Б.А­­­- холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА