Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0475

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Г.Д-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

 “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 48 дугаар зүйлийн 48.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1, 273.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийг тогтоох, баримтжуулах, шинж байдлыг харгалзах нь зүйтэй гэж дурдаад “Нэхэмжлэгч Г.Д нийтийн цэвэрлэгээний үеэр согтууруулах ундаа хэрэглэн, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.А зодолдсон болох нь гэрч Г.А мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал:

1.1. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нийтийн эдэлбэр талбайн болон ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэх, арчилгааг тогтмол хийх тухай” А/82 дугаар захирамжийн дагуу нийт алба хаагчдын хамт заагдсан байршилд нийтийн цэвэрлэгээ хийх үеэр согтууруулах ундаа хэрэглэн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.А-тай зодолдсон зөрчил гаргасан тул тухайн 2 алба хаагчид хоёуланд нь “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.

1.2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Д нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” заалтыг зөрчин сахилга, ёс зүйн зөрчил гаргасан байх тул Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.

1.3 . Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “ ... бусдын эрх , эрх чөлөөнд халдсан эсэхийг тогтоогоогүй байна ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна тухайлбал Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн удаа дараа /2 ба түүнээс дээш/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1-д зааснаар хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан тул сахилгын шийтгэл ногдуулсан. “Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ... энэ хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно” гэж заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273.2.1 дэх хэсгийг баримтлан маргаан бүхий актыг гаргасан нь хуулийн үндэслэлтэй юм.

1.4 Мөн Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “ ...Маргаан бүхий захиргааны актыг гардуулсан, танилцуулсан талаар нотлох баримт байхгүй гэж дурдаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна .

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн баталсан шалгалтын удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналт шалгалт хариуцсан байцаагч, хошууч Н.Б-ын Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар нэхэмжлэгч Г.Д асууж авсан тайлбарт

АС: Дэслэгч Н.Д, дэслэгч Г.А нарыг зодсон гэх асуудлын талаар ?

ХТ: Тийм зүйл байгаа. Би Н.Д-г 2019 оны цэргийн баяраар хэрэлдэж маргаагүй мөргөчихсөн. Г.Анхбаярыг бол нэг удаа алгадчихсан зүйл байгаа. Тэгээд газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдсон ... гэж маргаан бүхий захиргааны акттай танилцсан, мэдсэн талаараа мэдүүлсэн байдаг. Иймд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй байна. Түүнчлэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийн 10.1-д “Алба хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай салбар нэгжийн даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 14 хоногийн дотор гаргах эрхтэй.” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй тул Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаал, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 дүгээр тушаал тус тус хүчин төгөлдөр юм.

Анхан шатны шүүх Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1, 273.2.5, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм”-ийн 2.1.9, тус газрын даргатай байгуулсан “Сахилга хариуцлагын гэрээ”-ний 1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Г.Д нь нийтийн цэвэрлэгээний үеэр согтууруулах ундаа хэрэглэн, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.А зодолдсон зөрчил гаргасан гэж үзэж “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх “...Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийг тогтоох, баримтжуулах, шинж байдлыг харгалзах нь зүйтэй байжээ...” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.” гэж заасан байх ба маргаан бүхий захиргааны актыг гаргах үед нэхэмжлэгч Г.Д ээлжийн амралттай байсан болох нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын олгосон 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Ээлжийн амралтын хуудас”, гэрч Б.Ү-ын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул нэгэнт захиргааны шийдвэр гаргах тохиолдолд нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, оролцоог хангах хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн эхнэрт нь Г.Д-д сахилгын шийтгэл оногдуулсан болохыг дамжуулан хэлж нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг гаргахад хариуцагчаас Г.Д-д мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар маргаан бүхий акт гарсан өдрөөс бус нэхэмжлэгчид захиргааны байгууллагын шийдвэрийг мэдэгдсэнээс хойш эхлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах нь зүйтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ.

Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/625 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Д нь Цагдан хорих байрны даргын ажил, албан тушаалд томилогдсон ба Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан байх тул нэхэмжлэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга сахилгын шийтгэл оногдуулахаар байна.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгаа нь уг хэргийг маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн байх тул тус шийдэлд өөрчлөлт орох үндэслэл болохгүй.

Мөн нэхэмжлэгч Г.Д нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул бусад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаалын хууль зүйн үндэслэлтэй тухайд шүүх хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА