Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1122

 

 

 

 

 

 

 

 

 

                                                         Х.Ундрахын нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2016/01247 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Х.Ундрахын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ганбаярт холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Туул

 

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд ногдох хэсгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

нэхэмжлэгч, хариуцагч нараас 14.165.000 төгрөгийг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Туулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа

Хариуцагч Г.Ганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа         

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гүенбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч С.Цацралтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Би гэр бүлийн дундын эд хөрөнгө болох хөдлөх эд хөрөнгүүдийг хувиарлуулах талаар нэхэмжилсэн. Гэр бүл болсноос хойш бий болсон үл хөдлөх хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 10 тоотод байрлалтай 69.65 мкв талбай бүхий 69.65 м.кв талбай бүхий орон сууцыг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банктай лизингийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг зээлж авсан. Үүний урьдчилгаа төлбөрийг хариуцагч Г.Ганбаярын гэр бүлээс төлсөн. Энэ талаар маргахгүй. Харин хамт амьдарч байх хугацаандаа лизингийн төлбөрт төлсөн 22.087.597 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндсэлэлтэй учир өөрт буюу охинд ногдох хэсэг буюу 14.725.065 төгрөгийг гаргуулна. Мөн Х.Ундрах миний бие 68-03 УБЛ улсын дугаартай приус машиныг авахдаа цалингийн зээлээр авсан. Гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө учраас энэ машиныг хуваахыг зөвшөөрч байгаа. Ингээд нийт 17.825.065 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 562 тоот дүгнэлтээр гэр бүлийн дундын эд хөрөнгийн үнэлгээг 27.300.000 төгрөгөөр үнэлсэн. Тоёото Камри маркын авто машин нь Х.Ундрахын хувиарт хөрөнгө учраас гэр бүлийн дундын эд хөрөнгөд хуваагдахгүй учир 27.300.000 төгрөгнөөс хувиарт хөрөнгө Тоёото Камри машины үнэлгээ болох 15.000.000 төгрөгийг хасахад гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь 12.300.000 төгрөг юм. Энэ 12.300.000 төгрөгөөс өөрт ногдох хувь буюу 8.200.000 төгрөг дээр 17.825.065 төгрөгийг нэмээд Г.Ганбаяраас нийт 22.925.065 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ганбаяр шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Ундрахын өөрийн хуваарь хөрөнгө гээд байгаа Тоёото Камри авто машин бол гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн юм. Тиймээс ч Х.Ундрах эд хөрөнгөө үнэлүүлэхдээ энэ машиныг үнэлүүлсэн байх. Тоёото Камри гэх энэ машин нь 20.000.000 төгрөгийн үнэтэй машин байсан. Үүнээс 9.000.000 төгрөгийг нь манай ээж төлсөн. 4.000.000 төгрөгийг тус бүр 2 удаа өгсөн бөгөөд тухайн машиныг худалдаж буй хүнээс нь 1.000.000 төгрөгийг дутуу өгч зээлж авсан. Үлдсэн 1.000.000 төгрөгийг тухайн оны 9 дүгээр сард банкаар шилжүүлсэн. Ингээд 11.000.000 төгрөгийг Х.Ундрах бид хоёр хувааж цалингаараа төлдөг байсан. Тоёота Камри машины үнэлэгдсэн 15.000.000 төгрөгийг 3 хувааж, Х.Ундрахад ногдох хэсгийг нь өгнө. Байрны төлбөрт төлсөн мөнгөнөөс Х.Ундрахад ногдох 14.725.065 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Дээрээс нь тавилга болон 2 машины үнэ нийлээд 27.300.000 төгрөг болоод байгаа. Нэг машин нь 7.800.000 төгрөг, нөгөө  нь 15.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн учраас Х.Ундрахад 2 машиныг хоёуланг нь өгье. Тэгээд 27.300.00 төгрөгөө 3 хувааж Х.Ундрах болон хүүхэддээ өгөх нь 18.200.000 төгрөг болоод байгаа. Үүнээс нь хоёр машинаа хасуулна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хоёрыг машин авахад 4.000.000 төгрөг өгсөн. Х.Ундрахын ээж нь 15.000.000 төгрөгний зээл авч өгөөд нийт 19.000.000 төгрөг тушаасан. Тэгээд 1.000.000 төгрөгийг 9 дүгээр сарын 1-ний өдөр өгч, машин зарж байгаа хүнтэйгээ гэрээ хийсэн.  Төрийн банкнаас 1.200.000 төгрөг аваад Хаан банкин дээр очиж Х.Ундрахын нэрээр машин зарсан хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь Ундрахын ээж н.Алтангэрэлийн данс руу 4.000.000 төгрөгийг хүүдээ бэлэглэж байгаа юм гээд шилжүүлсэн. Ингээд би нийт 9.000.000 төгрөг өгсөн. 2014 оны 4 дүгээр сард энэ хоёрыг байр авахад нь би урьдчилгааг нь өгөөд байр нь хоосон болохоор нь би гарч яваад 5.165.000 төгрөгний тавилга авч өгсөн. Тиймээс би нийтдээ 14.165.000 төгрөгийг Х.Ундрах, Г.Ганбаяр нараас нэхэмжилж байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Ганбаяраас 12.125.065 төгрөг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг гаргуулан нэхэмжлэгч Х.Ундрахад олгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсгийг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан 14.165.000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.076 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.780 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганбаяраас 233.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ундрахад олгохоор шийдвэрлэсэн байна.  

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Туул давж заалдах гомдолдоо:... Шүүхийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч Х.Ундрах болон хариуцагч Г.Ганбаяр нарт 5.165.000 төгрөгөөр тавилга авсан гэж мебель тауны зарлагын баримт, Тод мебель дэлгүүрийн тооцооны хуудас зэрэг баримтаар тавилга худалдаж авсан гэж харагдаж байгаа боловч дээрх тавилгыг гуравдагч этгээд Л.Туул тооцоо хийсэн эсэх болон бэлэгчийг гомдоосон гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ" гэжээ. Гэтэл би нэхэмжлэгч хариуцагч нарын гэрт байгаа бүх тавилгыг авч өгсөн. Үүнээс баримттай 5.165.000 төгрөгийн тавилгын мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд тавилгыг худалдаж авсан тооцооны хуудсанд миний бие төлбөр төлж гарын үсэг зурсан байгаа нь тодорхой харагдаж байхад шүүх хэт нэг талыг барьж хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Х.Ундрах болон Г.Ганбаяр нарын маргааны зүйл болж байгаа тоёото камри маркийн 06-06 УНУ улсын дугаартай автомашиныг худалдан авахад нь Х.Ундрахын ээж Г.Алтангэрэл нь цалингийн зээл 15.000.000 төгрөгийг авч өгсөн. Тэр зээлийг миний хүү Г.Ганбаяр бэр Х.Ундрах нар cap, сард нь хамтран төлж байсан. Уг автомашин нь Г.Ганбаярын эзэмшлийн автомашин тухайн үедээ Г.Ганбаяр нь хөдөөний иргэний үнэмлэхтэй учир Х.Ундрахын нэр дээр автомашинаа бүртгүүлсэн байсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тоёото камри маркийн 06-06 УНУ улсын дугаартай автомашиныг Х.Ундрахын хуваарьт хөрөнгө гэж дүгнэсэн. Л.Туул миний бие хүүгийнхээ автомашины зээлийг барагдуулах зорилгоор хүүдээ бэлэглэж, 4.000.000 төгрөгийг 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Г.Алтангэрэлийн дансанд шилжүүлж зээлийг нь төлсөн. Энэ нь Хаан банкны орлогын мэдүүлэг зээл төлсөн баримт, Г.Ганбаярын өгсөн тайлбар зэргээр тогтоогдон нотлогдож байхад шүүх "нэхэмжлэгч хариуцагч нарт энэхүү мөнгийг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэв энэ автомашин нь Х.Ундрахын хуваарьт хөрөнгө бол би хүний хүүхдийн хуваарьт хөрөнгөд яагаад 4.000.000 төгрөг өгөх учиртай вэ гэдгийг шүүх анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд маш их гомдож байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2016/01247 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Харин хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х.Ундрах нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 10 тоотод байрлалтай 69.65 м.кв талбай бүхий орон сууцны үнэд төлсөн 22.087.597 төгрөгөөс өөрт буюу охинд ногдох хэсэг буюу 14.725.065 төгрөг гаргуулах, мөн “Тоёото Приус” маркийн автомашины үнэ 12.300.000 төгрөгөөс өөрт буюу охиндоо ногдох 8.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

хариуцагч Г.Ганбаяр орон сууцанд төлсөн мөнгөнөөс нэхэмжлэгчид болон охиндоо ногдох хэсэг болох 14.725.065 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, “Тоёото камри” маркийн автомашин нь гэр бүлийн дундын хөрөнгөнд хамаарах тул хоёр автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээнэ гэж маргажээ.  

 

Гуравдагч этгээд Л.Туул зохигчдоос автомашин авахад нь өгсөн 4.000.000 төгрөг, тавилга авч өгсөн 5.165.000 төгрөгийг тус тус гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/ 00634 дугаар шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн охин Г.Танхилыг эх Х.Ундрахын асрамжид үлдээж шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ./хх 128-130/

Дээрх шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгийг хуваах асуудлыг шийдвэрлэгдээгүй байна.

Талууд гэр бүлийн дундын хөрөнгөд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 10 тоотод байрлалтай 69.65 мкв талбай бүхий 69.65 м.кв талбай бүхий орон сууцны үнэд төлсөн 22.087.597 төгрөг, “Тоёото Приус” маркийн автомашин болон тавилга зэрэг нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байгаа талаар маргаагүй, харин нэхэмжлэгч “Тоёото камри” маркийн автомашиныг өөрийн хуваарьт эд хөрөнгө гэж, хариуцагч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тус тус маргасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Ундрах нь Ч.Батбаяртай 2012 оны 7 дугаар сарын 4-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Тоёото камри” маркийн автомашиныг худалдаж авсан гэрээний хуулбар хэрэгт авагдсан /хх 133/ байх бөгөөд тухайн автомашиныг зохигчид 2011 онд гэр бүл болсны дараа худалдаж авсан, нэхэмжлэгч уг автомашиныг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар “Тоёото камри” маркийн автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

           

            Анхан шатны шүүх энэ талаар хуульд нийцсэн зөв дүгнэлт хийж чадаагүйгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг буруу тодорхойлжээ.

 

 “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 562 дугаар автомашин болон тавилга, эд хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар зохигчдын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэлгээг 27.300.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд талуудын маргаж буй “Тоёото камри” маркийн 06-06 УНҮ улсын дугаартай автомашин 15.000.000 төгрөгөөр үнэлэгдэж нийт үнэлгээнд орж тооцогдсон байна. /хх 53-54/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 10 тоот орон сууцыг хариуцагчид үлдээж, хариуцагч орон сууцны үнээс нэхэмжлэгчид болон охинд 14.725.000 төгрөг ногдож байгаа талаар маргаагүй, мөн нийт хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 27.300.000 төгрөг болсон бөгөөд нэхэмжлэгчид болон охинд 18.200.000 төгрөг ногдож байгаа талаар маргаагүй байна. Иймд Х.Ундрах, охин нарт ногдож байгаа 32.925.065 /14.725.000+18.200.000/ төгрөгөөс хоёр автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэж байгаа тул түүний үнэ 23.800.000 төгрөгийг хасч хариуцагчаас 9.125.065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Л.Туулаас Г.Алтангэрэл гэдэг хүнд 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн баримт байгаа боловч гэрлэгчдийн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох машиныг авахад шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, “Мебел таун” гэсэн салбарын зарлагын баримтаар зохигчдыг гэр бүл болоход зориулж тавилга авч өгсөн гэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна гэрлэлт цуцалсан тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор тухайлан тохиролцоогүй байх тул түүний шаардлага үндэслэлгүй байна.

 

             Анхан шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, хуваахдаа тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Л.Туулын давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2016/01247 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Тоёото камри” маркийн 06-06 УНҮ улсын дугаартай автомашин, “Тоёото Приүс” маркийн 68-03 УБЛ улсын дугаартай автомашиныг тус тус нэхэмжлэгч Х.Ундрахын өмчлөлд үлдээж, хариуцагч Г.Ганбаяраас 9.125.065 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч Х.Ундрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “…233.575...” гэснийг “…160.951...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар  заалдах гомдол гаргахдаа Л.Туулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ         

 

                  ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР 

 

                                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО