Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 40

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Я.Туул

                                                                          Д.Буянжаргал

  Оролцогчид:

                                   Прокурор                            А.Энхтуяа

Ялтны өмгөөлөгч               Г.Амартүвшин

                                   Ялтан                                 Т.Гантулга

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Нацагдорж, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчууд овогт Төмөрсүхийн Гантулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000009 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум 1 дүгээр баг,  1-5 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Харчууд овогт Төмөрсүхийн Гантулга  /РД:МП91010216/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан Б.Энхбаярын далны доод хэсэгт нэг удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч уушиг, өрц, бүдүүн гэдсийг дайран нэвт гэмтээн амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Анхан шатны шүүх Т.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 38 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Харчууд овогт Төмөрсүхийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “танхайн сэдэлтээр бусдын  биед хүнд гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгыг 04 жил 06 сар 01 хоногийн хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгад оногдуулсан 04жил 06 сар 01  хоногийн хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлж,

-Шүүгдэгч Т.Гантулга нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж, 

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж явсан цагаан эрээн өнгийн ноосон цамц 1 ширхэг, пудволк 1 ширхэг, хутганы хугархай ажлын хэсэг 1 ширхэг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,… шийдвэрлэжээ.

                   

 Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 …Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрхи зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж 04 жил 06 сар 01 хоногийн хорих ялыг оногдуулсан байна. Өмгөөлөгчийн хувьд хавтас хэрэгт танилцаад түүнд авагдсан гэрчүүдийн болон хохирогч нарын өгсөн мэдүүлгээр энэ гэмт хэрэг нь санаатай бус болгоомжгүйгээр үйлдэгдсэн буюу гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан нөхцөл байдал байгааг хэргийг шийдвэрлэхдээ шүүх анхаарч үзээгүй байна.

 Анх энэ хэрэгт мөрдөн байцаагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг үүсгэсэн ба улмаар ялыг өөрчилж 96.2.1 буюу танхайн сэдэлтээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн байна.

Дээрхи зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдээгүй, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл, шалтгаан байна. Үүнд:

1.Энэ гэмт хэргийг танхайн сэдэлттэйгээр үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй...

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолын 5.3-т “...Танхайн сэдэлт гэж ...нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоон өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямарч шалтгаангүй эсхүл ялимгүй үйлдлийг шалтаг болгосныг хэлнэ. Танхайн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчих хэлбэрээр илэрнэ...” гэж тайлбарласан ба хэрэг гарсан өдөр байсан гэрч н.Гансувд, н.Батхүү, н.Ууганбаяр, н.Одгэрэл, хохирогч н.Энхбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр Т.Гантулгын гэрт болон гадаа ямар ч маргаан, зодоон, хэрүүл гараагүй гэдэг нь нотлогдсон байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ “...хутгатай байгааг мэдэж түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор өмнүүр нь орсон Б.Энхбаярыг түүний үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэж хохирогчийн даланд хутгалсан болох нь ...тогтоогдсон” гэж үзсэн байна. Шүүх энэ дүгнэлтийг хэрэгт огт авагдаагүй мэдүүлгийг иш үндэс болгож санаачлагаараа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж дүгнэсэн байна.

Учир нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр Гантулга хутга л барьж гарч ирсэн болохоос хэн нэгэн рүү дайраагүй, ямар нэгэн үг хэллэгээр сүрдүүлээгүй, барьсан хутгаараа түрий барьж далайж сарвайгаагүй байхад шүүх яагаад ...өмнүүр нь орсон Б.Энхбаярыг хутгалсан... гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хэний өмнүүр орж хутгалуулсан гэдгийг тодорхойлоогүй байна.

2.  Хохирогчийн өгсөн мэдүүлгийг нарийвчлан авч судлан дүгнээгүй...

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээрээ ...хутгатай байна гэхээр нь өөдөөс очоод 2 гарыг өргөтөл унаж байхдаа намайг хутгалсан гэсэн мэдүүлэг, Шүүх хуралдааны өмнө ирүүлсэн хүсэлтдээ... хэн нэгэн хутгатай байна гэж хэлэхээр нь гарыг нь барьтал хамт уначихсан гэх мэдүүлгээс харахад Гантулга яг хэн нэгнийг гэмтээе, хутгалья гэсэн субьектив санаа байхгүй, харин болгоомжгүй байдлаар халтирч унах явцдаа  /тухайн үед цастай байсан/ гэмтлийг учруулсан байх нөхцөл байдал харагдаад байна. Иймээс хохирогчийн мэдүүлгийг дахин тодруулж болсон үйл явдлыг нарийвчлан тогтоолгохыг хүсч байна.

3. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаанд туршилт хийлгэх шаардлагатай гэсэн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй.

Хэргийн нөхцөл байдлын талаар гэрч нар харанхуйд болсон үйл явдал болохоор сайтар нарийвчлан хараагүй ба зөвхөн шүүгдэгч, хохирогч 2 тодорхой мэдүүлсэн байдаг ба тухайн мэдүүлгүүд нь бүгд унаж байхдаа хутгалагдсан гэсэн учраас энэ байдлыг тодруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай юм.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дээрхи ажиллагаануудыг хийлгүүлэх хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

…Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжилсний үндсэн дээр шүүхийн бичиж хийсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “...шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх...” хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Т.Гантулгын үйлдэл нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэж байна. Гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгдсэн, хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэсэн аль ч хэлбэрт таарахгүй. Харин ч Т.Гантулгын гэрээсээ хутга авч гарсан нь нийгэмд өөрийнхөө хийж байгаа үйлдлийг ухамсарлан, ойлгож байгаа санаатай үйлдэл. Тухайн гэмт хэргийн улмаас н.Энхбаярын биед хутганы ажлын хэсэг нэвтэрч ороод хүнд гэмтэл учирсан.  Ажлын хэсэг байхгүй хутга цаашаа явна гэж өмгөөлөгчийн яриад байгааг сайн ойлгохгүй байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын туршилтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж хэлээд байна. Ямар ч шаардлага байхгүй. Туршилтын ажиллагаагаар ямар үйлдлийг тогтоох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд “...Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай бол...” гэж заасан. Тэгэхээр энэ хэрэг дээр ямар ч шаардлага байхгүй. Шаардлагатай бол туршилт хийж болно гэж заасан байгаа. Тэгэхээр шүүхээс дүгнэсэн нь зөв байна. Туршилт хийх ажиллагааны гол зорилго нь гэрч хохирогчийн мэдүүлгийн үнэн зөвийг туршиж шалгах ажиллагаа байдаг. Хэрэгт шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэм буруутай болох нь хангалттай нотлогдсон учраас ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

 

 Т.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан Б.Энхбаярын далны доод хэсэгт нэг удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч уушиг, өрц, бүдүүн гэдсийг дайран нэвт гэмтээн амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 38 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Харчууд овогт Төмөрсүхийн Гантулгыг “танхайн сэдэлтээр бусдын  биед хүнд гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 04 жил 06  сар 01  хоногийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

Ялтан Т.Гантулгын өмгөөлөгч Г.Амартүвшингийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад:

Ялтан Т.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан Б.Энхбаярын далны доод хэсэгт нэг удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч уушиг, өрц, бүдүүн гэдсийг дайран нэвт гэмтээн амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Энхбаяр /хх-ийн 23-25-р ху/, гэрч М.Ууганбаяр /хх-ийн 29-р ху/, Д.Гансувд /хх-ийн 30-31-р ху/, Ж.Одгэрэл /хх-ийн 32-33-р ху /, Г.Нармандах /хх-ийн 34-р ху/, П.Туяа /хх-ийн 35-р ху/, С.Ариунзаяа /хх-ийн 36-37-р ху/, Ц.Лхамцэрэн /хх-ийн 38-р ху/, Н.Төмөрсүх /хх-ийн 39-р ху/, Б.Батхишиг /хх-ийн 40-41-р ху/  нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 66 тоот дүгнэлт /хх-ийн 43-р ху/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Өвчний түүхийн хуулбар /хх-ийн        49-71-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ¹16 тоот дүгнэлт /хх-ийн 75-79-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын     02-ны өдрийн 11 тоот дүгнэлт /хх-ийн 84-85-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт …Шүүх ял  оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ…” гэж заасны дагуу түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

         Т.Гантулга нь хамт архи уусан Б.Батхүү, М.Ууганбаяр нарын  “…хөөгдчих юм байна л даа…” гэсэн үгээр шалтаглан  зориуд санаатайгаар тэдний хойноос хутга авч   гаран  тухайн үед түүнтэй маргалдаж ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа үүсгээгүй, түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор барьж авсан Б.Энхбаярын далны доод хэсэгт нэг удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч уушиг, өрц, бүдүүн гэдсийг дайран нэвт гэмтээж амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурьдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх  тул түүний энэ үйлдлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх  хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Гантулгын өмгөөлөгч Г.Амартүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Гантулгын өмгөөлөгч Г.Амартүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                                Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ