Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2016/00947

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Л- ийн нэхэмжлэлтэй
 
Хариуцагч:  Са ХХК /регистрийн дугаар 2068966/-д  холбогдох 

29,435,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Л-, өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар  оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгч Ч.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Са ХХК-тай 2012 оны 8 сарын 27-ны өдөр Худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 байр 612 тоот хаягт байршилтай 20.16 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай талбайн 1 м.кв-ын үнэ 4,583,091 төгрөгөөр тооцож нийт 110,505,024 төгрөгийг бэлнээр төлж худалдан авсан. Гэтэл 20.16 м.кв талбайн хэмжээнээс 5.37 м.кв талбайг дутуу шилжүүлсэн тул үнэ 29,435,118 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Са ХХК-ийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Л нь Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 8 сарын 27-ны өдөр байгуулж 110,505,024 төгрөгийг бүрэн төлж үйлчилгээний талбайг худалдан авсан. 2016 оны 5 сарын 13-ны өдөр дээрх талбайгаа Бьюлдингс техноложи ХХК-иар хэмжүүлсэн бөгөөд тухайн хэмжилт дутуу биет байдлын доголдолтой, үйлчилгээний талбай хүлээлгэж өгсөн гэх боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй гэж хууль тодорхой зохицуулж өгсөн. Гэтэл тухайн үед худалдан авагч доголдолтой эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй. Бьюлдингс техноложи ХХК нь сууцны өрөө тасалгаанд хэмжилт  хийхдээ MNS:6529 стандартын дагуу хэмжилт хийж ямар багажаар хийсэн эсэх талаар дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Ч.Л- хариуцагч Са ХХК-д холбогдуулан дутуу шилжүүлсэн 5,37 м.кв талбайн үнэ 29,435,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

    Хариуцагч Са ХХК нь талбайг хэмжихдээ MNS 6058:2009 стандартыг үндэслэн дүгнэлт гаргаж, энэхүү стандарт нь айлын орон сууцны талбайн хэмжилт хийхэд зориулагдсан хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Л- болон хариуцагч Са ХХК-ийн хооронд “Худалдан авагч нь үйлчилгээний заалны төлбөрийн 100 хувь буюу 100,459,115 төгрөг, НӨАТ 10,045,909 төгрөг бэлнээр төлж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 6 дугаар давхрын 612 тоот, нийт 20.16 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг 110,505,024 төгрөгөөр үнэлэн Са ХХК-иас худалдан авч 2012 оны 8 сарын 27-ны өдөр “Худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”  байгуулагдсан байна.

 Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

Талууд гэрээний дагуу Ч.Л-д өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021729 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 байр 612 тоот хаягт байршилтай 20.16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн байна.  

 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба зохигчид орон сууцны талбайн хэмжээг тодруулж цэвэр талбай 16.92 м.кв, дундын өмчлөлийн талбай 3.24 м.кв нийт 20.16 м.кв-ыг олгохоор тохирч 2014 оны 4 сарын 04-ний өдөр гэрээг дахин байгуулжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдагч нь биет байдлын доголдолгүй...хөрөнгө...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...үүргийг...хүлээнэ” гэж, 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “Худалдан авагч...энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь....дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Са ХХК нь нэхэмжлэгч Ч.Л-д Чингэлтэй дүүргийн 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 байр, 612 тоот хаягт байршилтай 20.16 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай цэвэр талбай 16.92 м.кв талбайн хэмжээнээс 2.13 м.кв-ээр дутуу шилжүүлсэн нь Бьюлдингс техноложи ХХК-ийн 2016 оны 5 сарын 13-ны өдрийн Олон нийт иргэний барилгын норм дүрмийн дагуу талбайн хэмжээг тогтоосон баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолсон гэж үзнэ. 

Харин хариуцагч Са ХХК нь талбайг хэмжихдээ MNS 6058:2009 стандартыг үндэслэн дүгнэлт гаргасан. Энэхүү стандарт нь айлын орон сууцны талбайн хэмжилт хийхэд зориулагдсан гэж маргаж байгаа боловч татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

Иймд хариуцагч Са ХХК-иас 2.13 м.кв талбайн үнэнд илүү төлсөн /2.13 м.кв х 1 м.кв-ын үнэ 4,583,091 төгрөгөөр тооцож/ 10,613,983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,821,016 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118.-д заасныг удирдлага болгон  
                                                                                                           ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4.-т заасныг баримтлан хариуцагч Са ХХК-иас 10,613,983 /арван сая зургаан зуун арван гурван мянга есөн наян гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,821,016 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,126 төгрөгийг улсын орлогод хэвэр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184,774 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.
  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ