| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0125/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/125 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/125
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох 1916003020152 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ж багийн 00 тоотод Г.Т-тэй үл ялих зүйлээр маргалдан хавсарч унаган зодож хүзүүний урд хэсэг болон хоёр эгэмд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2019 оны 09 дүгээр сарын 22-нд шөнө гэртээ байж байгаад Б ахын дүүгээс нь би чихэвч авах ёстой байсан болохоор тэр газарт очсон. Тэнд Т, Б ах 2 хоорондоо маргалдсан байсан. Би салгаад явах гэтэл Т намайг Б-ийн шээсээ чи хүн өмөөрч байхаар намайг өмөөрөөч гэсэн. Тэгэхээр нь би зүгээр гэрээс нь гараад явсан. Араас гарч ирээд шээсээ гээд орилохоор нь эргэж хартал намайг өшиглөсөн. Тэгэхээр нь цээжнээс нь барьж аваад хавсраад унагаачихсан. Тэгээд дээр нь гарахад Т-ийн эхнэр нь манай нөхрийг битгий зод гэхээр нь хашаанаас нь гараад явсан гэв.
Хохирогч Г.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Б бид хоёр хоорондооо муудалцаж байгаад Б намайг баруун гараараа хамарлуу 2 удаа цохисон. Араас Б-ийн эхнэр Г миний баруун чихний ар талд жижигхэн чулуу авч шидэж миний чихний ар талд оносон. Б-ийг ороод ирэхээр нь би Б-ийн шээс байна гэж хэлсэн чинь Б намайг боож миний хоёр эгэмд цус хуруулсан. Мөн намайг хавсарч унагасан Б-ийг манай эхнэр С надаас салгасан..." гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Т намайг Б-ийн шээс гэж хэлэхээр нь би та бас тэгэж болохгүй шүү гэж хэлээд явах гэхэд намайг араас чи муу Б-ийн шээс гээд араас хараасан. Намайг эргэж хархад Т өшиглөхөөр нь би гараараа хаагаад, цээжнээс нь заамдаж аваад газар хавсарч унагаад дээр гархад Т-ийн эхнэр гэх танихгүй эмэгтэй манай нөхрийг битгий цохиоч гэж хэлхээр нь би Т-г орхиод явсан” гэх мэдүүлэг /хх-26-27-рт/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Т, Б хоёр гэрээс гараад явсан. Би араас нь гарахад Б хашаанаас гараад явах гэж байтал Т араас нь Б-ийн шээс гэж чарлаад Б-ийн араас өшиглөх гээд хөлөө өргөж байхад нь Б боогоод хавсараад газар унагасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/
Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Гэрт ороод нэг пиво задлаад Т-д өгсөн чинь агсам тавиад байсан. Б, Т-г гэрийн баруун орон дээр дарж унагаад байж байтал Б, Б-ийг яв, яв гэж хэлэхэд Б гараад явсан. Б-ийг гэрээс гараад явж байхад Т араас нь өшиглөхөд Б эргэж хараад боогоод хавсарч газар унагасан. Тухайн үед Т-ийн эхнэр манай нөхрийг битгий зодооч гээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас
Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн "... Манай нөхрийн хүргэн ахынх нь хүүхэд хоолойг нь боогоод хавсарч унагасан..." гэх мэдүүлэг /хх-21-рт/,
2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 293 дугаартай "...Г.Т-ийн биед хүзүүний урд хэсэг болон хоёр эгэмд цус хуралт, хамрын нуруу, баруун чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 36-37 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ж багийн 0-00 тоотод Г.Т-тэй үл ялих зүйлээр маргалдан хавсарч унаган зодож хүзүүний урд хэсэг болон хоёр эгэмд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хохирогч Г.Т-ийн мэдүүлэг, гэрч Б.С, Г.Б, Г.Г мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хүний биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 293 дугаарт дугаартай дүгнэлт, зэрэг яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Дээрхи үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд прокуророос ирүүлсэн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Ц.Б-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон зүй бус харьцаан зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ц.Б нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Ц.Б-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн шүүгдэгч нь 21 нас хүрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, 8.7 дугаар зүйлийн 1,2-т зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА