| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2016/10940/И |
| Дугаар | 182/ШШ2016/00961 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2016/00961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Мо ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ми ХХК /-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 21,213,685 төгрөг гаргуулах, хариуцагч Ми ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Анхжаргал, Т.Билгүүн, хариуцагчийн төлөөлөгч О.Нямаа, Я.Отгондаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Мо ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч У.Анхжаргал, Т.Билгүүн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Мо ХХК-ийн эзэмшлийн ** улсын дугаартай Киа спортэж маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн ажилтан Ж.Сүхбаатар жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замаас гарч замын хажуугийн далан руу унаж онхолдон зам тээврийн осол гаргасан бөгөөд зам тээврийн ослын улмаас 35,356,141 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий хөндлөнгийн байгууллага болох Ухаа Шүрт Консалтинг ХХК-ийн 2015 оны 06 сарын 04-ний өдрийн 2076, 2079 дугаартай “Авто машин техникийн хохирлын үнэлгээний тайлан”, зам тээврийн осол гаргасан болохыг Замын цагдаагийн газрын 2015 оны 05 сарын 22-ны өдрийн акт, 7/128 тоот тодорхойлолт зэргээр тус тус тогтоосон. Мо ХХК нь 2015 оны 05 сарын 13-ны өдөр 15/114 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хариуцагчтай нэг жилийн хугацаатай байгуулсан. Бидний зүгээс ослын улмаас учирсан 35,356,141 төгрөгийг даатгалын гэрээний дагуу олгохыг хүссэн боловч Ми ХХК нь Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ үндэслэн 2015 оны 06 сарын 30-ны өдөр 15/04 тоот дүгнэлт гаргуулан Ж.Сүхбаатарыг 97,3 км/цагаас доошгүй хурдтай явсан гэж даатгалын гэрээний 6.6.2 дах хэсэгт "Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлтээр тогтоогдсон, мал, амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгоно” гэж заасныг үндэслэн нийт учирсан хохирлоос 14,142,456 төгрөгийг олгосон. Ми ХХК нь өөрсдийн хамтран ажиллах гэрээтэй Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаагаар дүгнэлт гаргуулан нөхөн төлбөрийг 40 хувиар тооцож олгосон нь үндэслэлгүй байна. Мо ХХК нь даатгалын хураамжийг цаг тухайд нь бүрэн төлсөн бөгөөд даатгалын тохиолдол бий болсон тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын гэрээний 6.2 дах хэсэгт “Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно" гэж заасны дагуу Ми ХХК-иас нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 21,213,685 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ми ХХК шүүхэд гаргасан тайлбар болон төлөөлөгч О.Нямаа, Я.Отгондаваа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Ж.Сүхбаатар нь Киа спортэж ** автомашиныг жолоодож явсан гэх зам тээврийн ослын акт гэх баримттай танилцаж автомашины тоормосны мөрийн эхлэлээс онхолдсон газар хүртэлх зайг гаргаж үзэхэд 7,0 метр өнхөрсөн байгаа нь автомашин маш их хурдтай явсан гэдгийг илэрхийлж байсан. Мөн актад замын байдлыг “...шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах асфальт замд үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын байдал тогтуун байсан” гэж тодорхойлсон атлаа ослын шалтгааныг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалт буюу “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж тэмдэглэж замд ямар аюул саад гарсан нь тодорхой биш, эргэлзээтэй байсан. Ж.Сүхбаатарын ирүүлсэн энэ баримтаар даатгуулагч хохирол гарахад хэр хэмжээний гэм буруутай байсан эсэхийг тогтоож нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байсан тул Даатгалын тухай хуулийн 8.4.4 дэх “шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт” гэсэн заалт болон даатгалын гэрээний 11.3.4 дэх “даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал гаргуулан авах” гэсэн заалтаар даатгагчид олгосон эрхийн дагуу “зам тээврийн осол хэргийн шийдвэр болон бусад холбогдох баримт”-ийг ирүүлэхийг даатгуулагчаас хүсэхэд энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан учир бид ирүүлсэн баримт бичгийн хүрээнд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд даатгалын гэрээний 11.3.6 дах заалт буюу “даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт, тодорхойлолт гаргуулах” гэсэн заалтыг үндэслэн мэргэжлийн туслалцаа авч дүгнэлт гаргуулахаар автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын зөвлөх инженер-эксперт А.Цэцэгмаад хандан автомашины хурдыг тодорхойлуулахад Ж.Сүхбаатар нь хурд хэтрүүлсэн нь дүгнэлтээр тогтоогдсон тул хохирлын дүнгийн 40 хувь буюу 14,142,456 төгрөгийн нөхөн төлбөр, даатгалын гэрээнд заасан ачиж ирсэн зардал 600,000 төгрөгийг түүнд олгож даатгалын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэв.
Ми ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Сүхбаатар нь даатгалтай Киа спортэж ** автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж улмаар уг автомашинд 35,356,141 төгрөгийн хохирол учирсан гэж даатгалын сангаас нөхөн төлбөр авахдаа нотлох баримт болгон ирүүлсэн Ховд аймгийн цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн үйлдсэн “зам тээврийн ослын акт”-ыг үндэслэн хохирлын 40 хувь буюу 14,142,456 төгрөг дээр автомашиныг ачиж ирсэн зардал 600,000 төгрөгийг нэмж бүгд 14,742,456 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Гэтэл Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 5/34 тоот албан бичигт Ж.Сүхбаатар нь 2015 оны 05 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт Киа Спортэж маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгаж шийдвэрлэсэн тохиолдол байхгүй” гэсэн хариу ирүүлжээ. Цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн үйлдсэн гэх “Зам тээврийн ослын акт” нь даатгалын сангаас их хэмжээний нөхөн төлбөр авах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдээд байна. Иймд Мо ХХК-ийн эзэмшлийн Киа спортэж ** автомашины нөхөн төлбөрт олгосон 14,742,456 төгрөгийн буцаан гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Мо ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа; Мо ХХК-ийн эзэмшлийн Киа спортэж ** автомашины нөхөн төлбөрийг 40 хувиар бодож олгосон 14,742,456 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Мо ХХК нь хариуцагч Ми ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 21,213,685 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ми ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч даатгалын нөхөн төлбөрт төлсөн 14,742,456 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
Нэхэмжлэгч Мо ХХК нь хариуцагч Ми ХХК-тай 2015 оны 05 сарын 13-ны өдрөөс 2016 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамж төлсөн байна.
Даатгалын гэрээний 6.2.Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгохоор тохиролцсон байна.
Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутагт 2015 оны 05 сарын 22-ны өдрийн 06 цаг 20 минутын үед Мо ХХК-ийн эзэмшлийн ** улсын дугаартай Киа спортэж маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн ажилтан Ж.Сүхбаатар жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замаас гарч замын хажуугийн далан руу унаж онхолдон зам тээврийн осол гарган, ослын улмаас 35,356,141 төгрөгийн хохирол учирсан болох нь Замын цагдаагийн газрын Зам тээврийн ослын 2015 оны 05 сарын 22-ны өдрийн дүгнэлт, Ухаа Шүрт Консалтинг ХХК-ийн 2015 оны 06 сарын 04-ний өдрийн 2076, 2079 дугаартай Авто машин техникийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 84-85, 20-31 талд/-гаар тогтоогдсон байна.
Хариуцагч Ми ХХК нь татгалзсан үндэслэлээ “Мо ХХК-ийн эзэмшлийн ** улсын дугаартай Киа спортэж маркийн тээврийн хэрэгсэл осолд орох үедээ 97,3 км цагаас доошгүй хурдтай явсан болох нь Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хүрээний зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 15/04 дүгнэлтээр нотлогдоно” гэж маргаж /хх-ийн 72-74 талд/ байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд “** улсын дугаартай Киа спортэж маркийн автомашин ослын үед зам дээр гарсан мөрийн тухай тодорхой бүрэн мэдээлэл уг иргэний хэрэгт авагдаагүй, автомашин буусан далангийн өндрийг тэмдэглээгүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй” гэсэн дүгнэлтээр няцаагдаж байна.
Ми ХХК нь А.Цэцэгмаатай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлт гэж үзэхгүй талаар нэхэмжлэгч маргаж байгааг буруутгах үндэсгүй байна.
Хариуцагч Ми ХХК нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт “Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээгээр олгох үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ми ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 21,213,685 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мо ХХК-нд олгох үндэстэй.
Хариуцагч нь Дамино ХХК-ийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн автомашины зах зээлийн үнийг 28,000,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 заасан шаардлагыг хангаагүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Ми ХХК нь Мо ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт төлсөн 14,742,456 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний 6.2.Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу даатгуулагч нь даатгалтай Киа спортэж ** автомашиныг жолоодож яваад зам тээврийн ослын улмаас учирсан 35,356,141 төгрөгийн хохирлын 40 хувь буюу 14,142,456 төгрөг, автомашиныг ачиж ирсэн зардал 600,000 төгрөгийг нэмж бүгд 14,742,456 төгрөгийн нөхөн төлбөр олгосон талаар талууд маргахгүй байна.
Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 5/11 дугаартай прокурорын шаардлагад “...Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад М.Алтангэрэл нь 2015 оны 05 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэрт Мо ХХК-ийн эзэмшлийн ** улсын дугаартай автомашиныг Ж.Сүхбаатар нь жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх дуудлагын дагуу хэргийн газарт очиж үзлэг хийсэн боловч дээрх гомдол, мэдээллийг Цагдаагийн газрын гомдол, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж шалгаагүй дарагдуулсан нь Улсын ерөнхий прокурорын 2015 оны 08 сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх ажлын аргачилсан зааврын 1.1.8 дах заалт буюу гомдол, мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгэн, хяналт тавих прокурорын газрын цахим бүртгэлд нэн даруй бүртгүүлнэ гэснийг зөрчсөн байна” гэжээ.
Хариуцагч нь цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн үйлдсэн гэх “Зам тээврийн ослын акт нь даатгалын сангаас их хэмжээний нөхөн төлбөр авах зорилгоор даатгагчид хуурамч баримт бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр Мо ХХК-нд олгосон Киа спортэж ** автомашины 14,742,456 төгрөгийн нөхөн төлбөрийг буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл цагдаагийн ахмад М.Алтангэрэл мөрдөн байцаах ажиллагааны дээрх журам зөрчсөн үйлдэлд даатгуулагч буруугүй, хуурамч баримт бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3, 116, 118, 73.1 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, даатгалын тухай хуулийн 8 джгаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ми ХХК-иас 21,213,685 /хорин нэгэн сая хоёр зуун арван гурван мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мо ХХК-д олгож, хариуцагч Ми ХХК-ийн 14,742,456 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,020 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ми ХХК-иас 264,020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мо ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 231,662 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ