Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 398

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Д.М,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Г.Нт холбогдох эрүүгийн 1918005720439 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт Г.Н /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банк-санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” цэнгээний газарт Д.Мийн дух хэсэг рүү шар айргийн шил шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Нын өгсөн: Миний бие хохирогчийн нүүр рүү пивоны шил шидсэн ч байж болно, шидээгүй ч байж болно. Яг тэр хэсгийг л санахгүй байгаа. Э, На нар гэх гэрчүүд намайг шар айргийн шил шидсэн гэдгийг харсан болоод л тийм мэдүүлэг өгсөн байх. Миний үйлдлийн улмаас л хохирогчид уг гэмтэл учирсан. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Мийн өгсөн: ...Манай нөхөр найзтайгаа өөдөөс хараад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад гэнэт уг үйл явдал болсон. Миний тархинаас цус урсаад байсан. Манай нөхөр нэг охины гараас нь бариад явуулахгүй зогсож байсан. Тэгээд эмнэлэг ороод оёдол хийлгэсэн. Олон удаа нүүрний эмчилгээнд орж байж гайгүй болно гэж хэлсэн. Тэгээд ирж очих зардал, 14 хоног ажлаа хийгээгүй тул цалин, нийт 3,800,000 төгрөгийг өөрөөсөө гарч эмчлүүлсэн байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Наын өгсөн: ...найз М, Э бид 3 бүжгийн талбайд бүжиглэж байхад танихгүй 2 эмэгтэй муудалцаад байсан. Тэгээд тэр 2 эмэгтэйн нэг нь нэгийгээ түлхэхэд тэр эмэгтэй нь баганын цаана ороод буцаж гарч ирээд шууд шар айргийн шил шидэхэд найз Мийн дух дээр нь оносон. Тэгээд баахан цус гоожоод Э бид 2 шил шидсэн эмэгтэйг бариад авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Э.Эийн өгсөн: ...эхнэр М, найз Наын хамт бүжгийн талбайд бүжиглэж байхад хажууд танихгүй 2 эмэгтэй зодолдоод байсан. Тэгэхээр нь би эхнэрээ тэр 2-оос холдуулаад байж байтал цагаан өнгийн цамцтай эмэгтэй нь ширээ дээрээс шар айргийн шил шидэхэд нь эргээд харахад манай эхнэрийн духнаас цус гоожсон байсан. Тэгэхээр нь би шил шидсэн эмэгтэйг барьж аваад цэнгээний газрын хамгаалагчийг дуудаад “энэ хүн манай эхнэр лүү шар айргийн шил шидчихлээ. Цагдаад дуудлага өгнө. Энэ хүнийг битгий явуулаарай” гэж хэлээд эхнэрийгээ аваад эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Гэрч Э.Чын өгсөн: ...Н бүжиглэж байгаад 2 охинтой муудалцаж маргалдсан. Нын ярианаас түүний хөл дээр гишгэсэн гээд байх шиг байсан. Тэгээд муудалцаад бие биетэйгээ түлхэлцээд байхаар нь би салгаад Ныг ширээ дээр нь аваачаад тамхи татдаг өрөө рүү явсан. Тэгээд гараад ирэхэд нэг эмэгтэйн дух хэсгээс цус гарчихсан хажууд нь нэг ах суучихсан Н руу заагаад “энэ охин шар айргийн шил аваад шидчихлээ” гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч С.Мын өгсөн: ...ажлаа хийгээд бүжгийн талбай тойроод явж байтал хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би очтол намхан шар царайтай хүүхэн нүүрээ дарчихсан, цус гарчихсан байсан бөгөөд хажууд нь нөхөр нь гэх залуу нэг намхан охиныг гараас чинь барьчихсан байсан. Манай менежер Г “манайд ажиллаж байсан Чын найз хүүхэн нь энэ хүүхэн рүү шар айргийн шил шидчихлээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

“Д.Мийн дух хэсэгт язарсан шархтай байв. Шарх цэгцэлж оёдол тавив” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 689 дугаартай “Д.Мийн духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

“Д.Мийн дух болон зүүн нүдний эргэн тойрон зөөлөн эдийн хавантай...” гэх “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютер томографын оношилгоо /хх-ийн 24/,

“Капитал зууч” ХХК-ийн “эрэгтэй хүний цагаан өнгийн даавуун шинэ пүүз 1 хос, эмэгтэй хүний цагаан өнгийн хуучин пүүз 1 хос, эмэгтэй хүний цагаан өнгийн шинэ футболка 1 ширхэг, эмэгтэй хүний хүрэн өнгийн силкин материалтай хуучин хүрэм 1 ширхэг зэрэг нь 595.000 төгрөг” гэх хэрэг болох үед хохирогч Д.М болон түүний нөхөр Э.Энхтүвшин нарын өмсөж явж байсан хувцасны үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Нын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” цэнгээний газарт Д.Мийн дух хэсэг рүү шар айргийн шил шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Г.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мийн духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардал, Улаанбаатар Дарханы хооронд явсан тээврийн зардал, хэрэг болох үед өмсөж явсан хувцасны үнэ, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 3.800.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээтэй холбоотой зардал болох 1.020.552 төгрөг /хх-ийн 55, 57, 58, 59 дүгээр хуудаст авагдсан баримтууд/, Улаанбаатар-Дархан хоорондын тээврийн зардал 215.800 төгрөг /хх-ийн 56, 61, 118 хуудаст авагдсан баримтууд/, хохирогч болон түүний нөхрийн хэрэг болох үед өмсөж явсан хувцасны үнэ 595.000 төгрөг, нийт 1.831.352 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн болох нь “Хохирогч Д.Мт өгөх хохирлоос 500.000 төгрөгийг хүлээлгэж өгөв” гэх хохирлын мөнгө төлсөн баримт /хх-ийн 119/-аар нотлогдож байх тул шүүгдэгчээс 1.331.352 төгрөг /1.831.352-500.000=1.331.352/-ийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Д.М нь 2019 оны 8 дугаар сарын 11-ээс 24-ний хооронд ажилгүй байсан хугацааны цалин 1.190.000 төгрөгийг нэхэмжилж “Томм” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 015 дугаартай албан бичиг, ХААН банк дахь өөрийн 5119007553 дугаартай дансны хуулга зэргийг гаргаж өгсөн боловч “Томм” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, хохирогчийн дансанд орсон цалин гэх гүйлгээний дүн зөрүүтэй, өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн шууд хохиролд хамаарахгүй, 278.648 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нийт 1.968.648 төгрөг /1.190.000+500.000+278.648=1.968.648/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Н нь урьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн, цаашид хохирлоо төлөх боломжоор хангаж, шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэж, харин хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогч нь өөрийн гаргасан бодит хохирлоо ч шүүгдэгчээс гаргуулж чадаагүй байгаа тул шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Г.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Нт оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 1.331.352 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц овогт Д.М /РД:, утас: /-т олгож, хохирогчийн 1.968.648 /нэг сая есөн зуун жаран найман мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР