Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 409

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Д.Шт холбогдох эрүүгийн 1918000000426 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Д.Ш /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Ш нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах брак байруудын орчим Ч.Хыг газарт унагаан дээрээс дарж, түүний халааснаас Самсунг Нөт-2 загварын гар утас, 1200 төгрөгийг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Шын өгсөн: ...Би автобусанд суух гэж байхад хохирогч ирсэн. Хохирогчоос “ганц юм авч ууя” гэж мөнгө нэхсэн. Би согтуу байсан болохоор энэ хэргийг үйлдчихлээ... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ч.Хын өгсөн: ...тэр залуу “ганц юмны үнэ байна уу?” гэж асуухаар нь би “мөнгө байхгүй” гэж хэлээд босоод явсан. Тэгсэн тэр залуу босож ирээд “дээрэмдээд авдаг юм” гэж хэлээд намайг барьж аваад газарт унагаасан. Тэгээд миний өвөр лүү гараа явуулаад 1200 төгрөг, автобусанд суудаг картыг авахаар нь би “картыг нь буцаагаад өгчих” гэж хэлэхэд миний картыг буцааж өгсөн. Тэгсэн тэр залуу миний нөгөө талын дотор халааснаас гар утас, бичиг баримтыг авахаар нь би зууралдаж байгаад бичиг баримтаа авсан. Тэгээд тэр залуу миний гар утсыг аваад зам хөндлөн гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Иргэний нэхэмжлэгч Б.Згийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш манай гэрт ирээд гар утас 30.000 төгрөгөөр зарна гэхээр нь би “надад 30.000 төгрөг байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Ш нь “20.000 төгрөгөөр авчхаач, би гэр лүүгээ харих гэсэн юм” гээд шалаад байхаар нь би худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Ц.Цийн өгсөн: ...Эмийн сан орохоор явж байтал манай байрны ард төв замын хажуу талд өвсөн дунд нэг настай өвгөнийг нэг залуу дараад хэвтэж байсан. Би тэр залууг “болиоч, цагдаа дуудлаа шүү” гэхэд тэр залуу босоод ирсэн. Тэгсэн чинь доор нь байсан өвөө босож ирээд нөгөө залууд “би чамд 1200 төгрөг өгсөн. Ахынхаа гар утсыг өгчхөөч” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу шинэ баригдсан байрны урд нэг залуутай уулзаад цаашаа явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Шүүгдэгч Д.Шын гэрч болон яллагдагчаар өгсөн: ...би араас нь очоод “мөнгө байгаа биз дээ?” гэхэд “1200 төгрөг байна” гэж хэлсэн. Би “тэр мөнгөө өгчих” гэж хэлэхэд нөгөө ах мөнгөө харуулчхаад буцаагаад халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би халааснаас нь мөнгийг нь авах гээд зууралдсан чинь нөгөө ах бид 2 газарт унасан. Тэгээд би халааснаас 1200 төгрөгийг нь аваад босох гэтэл гар утас нь газарт уначихсан байхаар нь утсыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30, 33/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, 35 дугаар брак байр гэх газар байх... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

Иргэний нэхэмжлэгч Б.Згаас гялгар өнгийн хавтастай, шилэн дэлгэц нь хагарсан цэнхэр өнгийн гар утсыг хураан авч, хохирогч Ч.Хт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ч.Хын эзэмшлийн Самсунг нөт-2 загварын гар утас 50.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Шын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах брак байруудын орчим Ч.Хыг газарт унагаан дээрээс дарж, түүний халааснаас Самсунг Нөт-2 загварын гар утас, 1200 төгрөгийг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Д.Шыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Хт 51.200 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Зд 20.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч нь гар утсаа буцаан авсан, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б.Згийн “...Д.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20.000 төгрөг өгсөн. Миний бие нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх өргөдөл /хх-ийн 87/, иргэний нэхэмжлэгч Б.Згаас гялгар өнгийн хавтастай, шилэн дэлгэц нь хагарсан цэнхэр өнгийн гар утсыг хураан авч, хохирогч Ч.Хт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/, хохирогч Ч.Хын ХААН банк дахь 0000000000 дугаарын дансанд 5000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг /хх-ийн 93/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Д.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхийн хамт амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Д.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Шыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Шт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбатын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР