| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0255/Э |
| Дугаар | 412 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 412
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Эад холбогдох эрүүгийн 1918001090129 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Э /РД: /, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны теллерийн өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтэрч 80.000 төгрөг авсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Эын өгсөн: Хаан банкан дээр карт захиалах гэж очсон. Теллерийн өрөөнд хүн байхгүй болохоор нь ороод мөнгө авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Д.Цгийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны тооцооны төвийн теллер У нь 80.000 төгрөг дутсан талаар надад мэдэгдсэн. Тэгээд хяналтын камер шүүгээд үзтэл манай теллер өрөөнөөсөө түр гарсан хойгуур үл таних хүн өрөөнд нь орж шүүгээнийх нь араас мөнгө аваад гарч байгаа нь бичлэгт үлдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Хохирогч Д.Оийн өгсөн: ...Ц гээд манай ахлах теллер “захирлаа теллерийн касс зөрчихлөө” гээд хяналтын камерын бичлэг шүүж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ камерын бичлэг шүүж үзэж байтал манай теллерийн шүүгээнээс нэг үл таних залуу өглөө 11 цагийн үед 80.000 төгрөг авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч Б.Уийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 11 цаг 50 минутад сууж байсан ширээний араас 80.000 төгрөг алга болсон гэдгийг мэдсэн. Тэгээд ажил тарсны дараа хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 11 цаг 40 минутын үед намайг өрөөнөөсөө түр гараад ахлах теллерийн өрөө рүү баримт харах гээд орох зуур нэг үл таних залуу мөнгө авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Шүүгдэгч Ц.Эын яллагдагчаар өгсөн: ...би ороод ширээний шургуулгыг татаж үзэхэд мөнгө байхаар нь би базаж авч гарсан. Авсан мөнгөө тоолоход 80.000 төгрөг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Хохирогч Д.Цгоос гаргаж өгсөн хяналтын камерын 3 бичлэг бүхий сидийг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-13/,
“...Хаан банкны хулгайн бичлэг гэж хадгалагдсан бичлэгийг нээж үзэхэд камерын бичлэгт харагдах өрөөний хаалга онгорхой, үүдэнд нь саарал өнгийн гадуур хувцастай, хар өнгийн малгайтай залуу зогсож байх ба уг малгайтай залуу бичлэгийн 27 дахь секундэд өрөө рүү орж, өрөөнд байрлах ширээний шургуулгыг нээж хамгийн дээд талын шургуулгаас эд зүйл авч гарч байсныг тэмдэглэл болгон бичив” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Эын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны теллерийн өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтэрч 80.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Ц.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ХААН банкны Дархан-Уул аймаг дахь салбарт 80.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн болсон болох нь хэрэгт авагдсан ХААН банкны Дархан салбарын 0000000000 дугаарын дансанд 80.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг /хх-ийн 35/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ц.Э нь урьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхийн хамт амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эад оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эад өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР