Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 420

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч  Г.Яндаг,

Шүүгдэгч Т.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Т.Цд холбогдох эрүүгийн 1918007300501 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М овогт Т.Ц /РД: /, Булган аймгийн Хангал суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны залгагч мэргэжилтэй, ............... эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл 2, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Даас “хүүхдийг нь улсын цэцэрлэгт оруулж өгнө” гэж хэлэн 240.000 төгрөг авсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...Цгийнд 240.000 төгрөгөөр тохирч засварын ажил хийхдээ 100.000 төгрөгийг урьдчилгаа болгож авсан. Үлдэгдэл 140.000 төгрөгөө засварын ажил дуусахаар өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. Мөн хүүхдээ улсын цэцэрлэгт оруулмаар байна гэхэд Ц нь “надад таньдаг найдвартай хүн байгаа. 300.000 төгрөгөөр оруулж өгнө” гэхээр нь би Цд 100.000 төгрөг өгөөд “танаас авах засварын ажлын хөлс 140.000 төгрөгийг нэмээд, 60.000 төгрөгийг нь сүүлд нь өгье” гэж хэлсэн. Тэгтэл Ц нь “60.000 төгрөгийг нь би аргалаад өгчихнө” гэхээр нь би 100.000 төгрөгийг Цд өгсөн. Тэгсэн одоо болтол хүүхдийг цэцэрлэгт оруулж өгөөгүй. Миний 240.000 төгрөгийг залилсан. Ц нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн... гэх хохирогч Д.Дын мэдүүлэг /хх-ийн 13-15/,

- ...би 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ц эгчид 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Ц нь манай нөхөр бид 2-т засварын ажлын хөлсөнд 140.000 төгрөг өгөх ёстой байсан. “Хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гээд манай хүү Тэмүгэгийн төрсний гэрчилгээг авсан... гэх гэрч У.Зийн мэдүүлэг /хх-ийн 20/,

- ...Дын хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гээд 240.000 төгрөг авсан. Тэгтэл цэцэрлэг бүтээгүй. Би мөнгийг нь үрчихсэн байсан тул тухайн үед мөнгийг нь буцааж өгч чадаагүй... гэх шүүгдэгч Т.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21/

- Шүүгдэгч Т.Цгээс 4501001044 дугаартай Болууд овогт Дын Тэмүгэгийн төрсний гэрчилгээг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8, 11/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Дд 240.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Дын “...Ц нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, хохирогчийн ХААН банк дахь 5112014411 тоот дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Цгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэг байгууллагад хамт ажилладаг Д.Даас “хүүхдийг нь улсын цэцэрлэгт оруулж өгнө” гэж хэлэн бэлнээр 100.000 төгрөг авч, Д.Даар хийлгэсэн засварын ажлын хөлс болох 140.000 төгрөгийг өгөлгүй, нийт 240.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ............... эмнэлэгт асрагч ажилтай, сард дунджаар 700.000 төгрөгийн цалин авдаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30/, шүүгдэгчийн ХААН банк дахь 5046336667 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-27/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Цгийн цалин хөлс, бусад орлого, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Цд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР