| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0402/Э |
| Дугаар | 421 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 421
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч В.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт В.Цд холбогдох эрүүгийн 1918006980478 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт В.Ц /РД: /, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч В.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч В.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 08 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс бэлэн мөнгө авахаар үйлчлүүлж байсан иргэн Ц.Мн “бэлэн мөнгөний машинаас авах гэсэн мөнгө маань гарч ирсэнгүй” хэмээн ойлгож гарсны дараа бэлэн мөнгөний машинаас гарч ирсэн 3.000.000 төгрөгийг авсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч В.Ц: Надад хэлэх зүйл байхгүйн. Миний буруу байсан байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Ц.Мн өгсөн: ...Тэгэхээр нь Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 5.000.000 төгрөг авах гэтэл “гүйлгээ амжилтгүй” гэх алдаа заасан. Тэгэхээр нь дахиад 3.000.000 төгрөгөөр гүйлгээ хийхэд 3.000.000 төгрөг гарч ирсэн. Тэгээд дахиад 3.000.000 төгрөгөөр гүйлгээ хийтэл бэлэн мөнгөний машин алдаа заасан. Тэгэхээр нь картаа аваад хажуугийн бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийхэд алдаа заагаад болохгүй байсан. Тэгээд анх 3.000.000 төгрөг авсан бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийхэд дахиад алдаа заахаар нь гараад явсан. Тэгээд гар утсандаа ирсэн зурвасыг үзтэл миний данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаагийн зарлага гарсан байхаар нь буцаж бэлэн мөнгөний машин ороод 2, 3 хүнээс асуухад мэдэхгүй гэхээр нь банк руу явсан. Тэр орой нь банкнаас “таны ард зогсож байсан өвгөн таны мөнгийг авчихсан байна” гэж хэлсэн. Тэр хүн миний мөнгийг тоо ёсоор нь авч ирж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Шүүгдэгч В.Цы яллагдагчаар өгсөн: ...бэлэн мөнгө авах гэтэл бэлэн мөнгөний машинаас баахан мөнгө гараад ирсэн. Ойр орчимд надаас өөр хүн байгаагүй. Эзэн нь ирж авч магадгүй гээд хэсэг хүлээсэн боловч ирэхгүй байхаар нь нөгөө мөнгийг нь аваад гэр лүүгээ явсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ХААН банкнаас над руу яриад манай гэрийн хаягийг асуугаад “таны урд үйлчлүүлсэн хүний мөнгийг аваад явсан байна” гэж хэлэхээр нь би “тийм ээ мөнгийг нь огт үрээгүй байгаа” гээд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах ХААН банкны салбарт тоолж хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
...Ц.М нь тус бэлэн мөнгөний машинаас холдож 3 дахь бэлэн мөнгөний машин дээр очиход ногоон өнгийн гадуур хувцастай үл таних хүн Ц.Мн үйлчлүүлээд орхиод явсан бэлэн мөнгөний машин дээр очиж карт хийх үйлдэл хийхэд мөнгөний машин нээгдэж мөнгөн дэвсгэрт гарч ирэхэд тус үл таних хүн мөнгийг авч байгаа бичлэг байв... гэх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,
Хохирогч Ц.Мн ХААН банк дахь 0000000000 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-13/,
“Дархан зах”-д байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч В.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 08 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах “Хаан банк”-ны АТМ-ээс бэлэн мөнгө авахаар үйлчлүүлж байсан иргэн Ц.Мн “бэлэн мөнгөний машинаас авах гэсэн мөнгө маань гарч ирсэнгүй” хэмээн ойлгож гарсны дараа бэлэн мөнгөний машинаас гарч ирсэн 3.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул В.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Мн “...Тэр хүн миний мөнгийг тоо ёсоор нь авч ирж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон хүсэлт /хх-ийн 17-18, 46/, нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч В.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч В.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэврийн зээлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, ХААН банкны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5045/788 дугаартай албан бичиг /хх-ийн 34/, шүүгдэгчийн 0000000 дугаартай тэтгэврийн дэвтэр /хх-ийн 36-40/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч В.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.
Шүүгдэгч В.Цы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч В.Цы тэтгэврийн хэмжээ, бусад орлого, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт В.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Цд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Цд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР